Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

  2023           5             05                                                 2023/ДШМ/28

 

 

М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

           

            Прокурор А.Ариунтуяа

            Хохирогч Б.Т

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор М-д холбогдох эрүүгийн 2234000000582 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн харьяа Зүүнхараа тасгийн Моносхон цэцэрлэгийн эмч ажилтай,  ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр 2 дугаар баг, Ажилчдын байрны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт У М

 

М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбуурал” амралтын газрын ажилчдын байранд иргэн Б.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт У М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-г хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-гаас нийт 161.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.535.000 төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, миний эмчилгээний зардалд 3.535.000 төгрөгийг баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь: Шүүгдэгч М 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө ямар ч үндэслэлгүйгээр хаалганы цоож эвдэн дайрч орж ирэн гэрийн хаалга, эд хөрөнгийг эвдэн нурааж, уулгалан довтолж өөрөөсөө хүч чадал доройг мэдсээр байж намайг үсдэж миний дээр мордож 20-30 минут нүүр нүдгүй зодож нүүр маажиж, хамар мурийтал, гоо сайхныг маань алдагдуулж танхайрсан. Ингэж зодсоны улмаас миний ажлын чадварыг 10 хоног алдагдуулж нэг сарын цалингийн шагналын 330.000 төгрөгөөр хохирсон. Тухайн үед зодуулсны дараа Мг цагдаад мэдэгдэнэ гэж хэлэхэд “ингэхийг чинь мэдсэн бол гүйцээх байсан юм, чи бүх баримтаа бүрдүүлээд өг, би бол танил талтай хүн” гэж заналхийлж байсан бөгөөд зодож байхад хамт ажилладаг Г.Пүрэвсүрэн, Э.Энхжин эгч нар ирж салгасан. Тэд зодооныг салгаагүй бол би өдийд ямар ч байдалтай байх байснаа мэдэхгүй байна.

Дээрх хүмүүс гэрч болохоор байхад асуугаагүй. Мөн намайг цустайгаа хутгалдан зодуулж, аврал эрэн орилж байхад нөхөр Б.Очирбат нь “чи муу үхсэнээ хийгээд орилоод байгаа юм дуугүй бай” гэж даапаалаад сууж байсан төдийгүй туслах, салгах ямар нэг оролдлого хийгээгүйд гомдолтой байна.

Төв аймгийн прокурорын газраас шүүх рүү хэрэг шилжихэд намайг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. Харин сумын хэсгийн төлөөлөгч С.Энхмөнх ирж тогтоол өөрчлөгдсөн гэж хэлж гарын үсэг зуруулсан. Шүүгдэгч М нь хүн зодож гэмтээчхээд ганц ч удаа надаас уучлалт гуйгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Миний бие 22 настай, гэр бүл болоогүй, ажлын нөхцөл маань олон хүмүүст үйлчилдэг учраас хамрын муруйгаа засуулж хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай, нүүрэндээ сорвитой, муруй хамартай, гуншаа болох магадлал өндөр болсон. Би нүүрний сорвиндоо сорвины сайн гэсэн тос болгоныг түрхэж байгаа боловч арилахгүй байгаа тул шүүгдэгч Мгаас эмчилгээний 3.535.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. М нь намайг басамжилж, доромжилж миний нэр төрд халдсанд, мөн гэрийн эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байхад хэргийн газар үзлэг хийгээгүй хэрэгт хайхрамжгүй хандаж дутуу дулимаг ажилласан байхад хэргийг зөвхөн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж зүйлчилж шийдсэнд туйлын гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Ариунтуяа гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М хохирогчид эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг төлсөн байдаг. Хохирогч Б.Т хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж эмнэлгийн нэхэмжлэх гарган өгснийг хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх уг зардлыг жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Б.Тийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбуурал” амралтын газрын ажилчдын байранд амьдрах Б.Тийн гэрт орж, түүнийг өөрийн гэр бүлийн хүн болох Б.Очирбаттай хардан зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, эрүү, хамар, баруун зүүн чих, нуруу, хэвлий, зүүн хөх, цээж, баруун, зүүн тохойд зулгаралт, хамарт цус хуралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тийн хохирогчоор мэдүүлсэн “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил тараад хамт олноороо спорт зааланд тоглоод тэгээд орой 21 цагийн үед тарсан..., ...23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Б.Очирбат гэх ах миний гар утас руу залгаад “хаана байна” гэж намайг асуухад нь би “Пүүжээ эгчийн дүүгийнд байна” гэсэн чинь “аан” гэсэн тэгээд би “та яасан ирэх гэж байгаа юм уу” гэсэн чинь “би Баянбайгаль дээр ажилтай байна” гэсэн. ...нилээ байж байсан чинь Б.Очирбат ах орж ирсэн, тэгээд нөгөө нэг шил архиа бид гурав бараг уугаад дуусаж байсан сүүлийн 2-3 хундагыг Очироо ахад хийж өгөөд Очироо ах уусан. ...унтаж байсан чинь 6 цаг болж байхад миний гар утас дуугарч, харсан чинь Б.Очирбат ах залгаж байсан би утсаа авахгүй унтаж байсан чинь гэнэт гэрийн хаалга хүн нүдсэн..., ... “хаалганы цаанаас Очироо ах нь байна” гэсэн тэгээд би босож хаалгаа нээсэн чинь “ах нь жоохон архиа гартал танайд унтаж байгаад гэр рүүгээ харьяа эхнэр намайг алах байх” гэсэн тэгээд би хамт ажилдаг болохоор зөвшөөрсөн. ...Өглөө 07 цаг өнгөрч байхад би сэрээд “Очироо ахаа та явах болоогүй юм уу гадаа гэгээ орчихлоо” гэсэн чинь Очироо - хүний хөл хөдөлгөөн намжихаар ах нь явъя гэсэн. Тэгээд би унтаж байхад 09 цаг өнгөрч байсан байх, хүн манай хаалгыг нүдсэн тэгээд би 2-3 удаа “хэн бэ” гэж асуусан чинь хүн дуугарахгүй тэгээд би босоод хаалга тайлж өгөх гэхэд шууд хаалганы цоож эвдээд нэг эмэгтэй хүн орж ирсэн. Тэгсэн Б.Очирбат ах манай орон дээр сууж байхад нь шууд түлхэж унагаагаад над руу шууд дайрч үг хэлэхийн завдалгүй миний үснээс зулгааж шалан дээр унагааж дээр гарч суугаад миний үснээс ерөөсөө тавихгүй “чи муу ингэж банзалдаж явж байдаг юм уу” гэсэн, тэгэхээр нь би “эгчээ Очироо ах бид 2 яагаач үгүй та буруу ойлгоод байна” гэсэн чинь “чи муу дуугүй бай” гээд баруун гараараа миний толгой руу хэд хэд цохиж аваад миний үснээс зулгаагаад миний нүүр зүүн шанаа, баруун хацар зэрэгт маажиж нэлээд зодож цохисон чинь миний хамраас цус гарч би орилоод тавиач ээ гэсэн чинь хажуу талаар Очироо ах “чи муу үхсэнээ хийгээд орилоод байгаа юм бэ дуугүй бай” гээд байсан. Очироо ах тухайн үед архи нь гараагүй согтуу байсан ба эхнэр М нь намайг зодож доороо хийгээд дээр гараад зодоод байхад салгахгүй суугаад байсан. ...Тэгээд эгчээ та яагаад намайг зодоод байгаа юм бэ одоо больё гэсэн намайг огт сонсохгүй намайг улам цохиж зодоод байсан. Тэгсэн Пүүжээ эгч хүрээд ирсэн. Тэгээд Пүүжээ эгч хөөе юу болоод байгаа юм бэ яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ, хэл амаараа учраа олж болоогүй юм уу гээд М гэдэг эгчийг салгах гэсэн боловч салахгүй байсан. ...Тэгсэн Пүүжээ эгч та наад хүүхдээ ядаж тавьчих гэсэн тавихгүй байгаад байснаа Пүүжээ эгч нэлээд хэлсний эцэст миний үсийг тавьж над дээрээс буусан. Тэгсэн гаднаас Э.Энхжин эгч орж ирээд та яахаараа энэ охиныг зодож байгаа юм бэ гэсэн чинь, чи юу нь юм бэ гэсэн тэгсэн Э.Энхжин эгч би эгч нь байгаа юм гэсэн чинь тэр эгч дуугүй болсон..., ...Тэгээд би тэр өдөр гэртээ хонохоос айж хамт ажилладаг Э.Энхжин эгчийнд хоносон. Маргааш өглөө нь ажлаасаа чөлөө аваад Төв аймаг явах гээд гэртээ очсон чинь манай гэрийн гадна цоожийг эвдэж ороод манай гэрийн янз бүрийн юмнуудыг сүйтгэсэн байсан. Үүнээс хойш би огт гэртээ хариагүй намайг алж байж сална гээд байсан болохоор...” гэх[1],

Гэрч Б.Очирбатын “...унтах гэж байтал зөөгч Туул залгаад бид нар айлд байна гэхээр нь хүрээд очсон Г.Пүрэвсүрэн, Э.Энхжин, Туул 3 архи хувааж уугаад сууж байсан. Тэрийг хамт хувааж уугаад Туулыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд салхинд гараад согтоод нэг мэдсэн Туулынд унтаж байсан. 10 цагийн үед эхнэр Туулынд орж ирж Туулыг цохиж зодсон. Би болиулах гээд чадаагүй гэрийнх нь хамаг юмыг нь нураасан. Тэгээд намайг цохиж зодож байгаад түрүүлээд гэр рүүгээ би явсан. Хамт байсан Э.Энхжин, Г.Пүрэвсүрэн нар нь орж ирж эхнэр Мг тайвшруулсан...” гэх[2],

Гэрч Э.Энхжиний “...гэрээсээ гараад очтол Б.Тийнд нэг танихгүй эгч Г.Пүрэвсүрэн, Б.Т гурав байсан. Б.Тийг нөгөө эгч зодсон бололтой, хамраас нь цус гарчихсан, үс нь арзайчихсан, хувцсыг нь урчихсан байсан. Гэр дотор шалаар нь цус болчихсон, эд зүйл нь ундуй, сундуй байсан...” гэх[3],

Гэрч Г.Пүрэвсүрэнгийн “...Туулынд ороход М, түүний нөхөр Б.Очирбат нар байсан. М эгч Б.Тийг үсэдчихсэн газар мөргүүлээд, хэвлий гэдэс рүү давхар өшиглөөд байсан. Би тэгээд та одоо болиоч ярьж болдоггүй юм уу гэсэн, тэгсэн энэ муу манай нөхөртэй хоносон байна гээд үг авахгүй байсан...” гэх[4] мэдүүлгүүд,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 639 тоот “...Б.Тийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, эрүү, хамар, баруун, зүүн чих, нуруу, хэвлий, зүүн хөх, цээж, баруун, зүүн тохойд зулгаралт, хамарт цус хуралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт[5] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Төв аймгийн прокурорын газраас М-гийн үйлдсэн гэмт үйлдлийг хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн шүүгдэгч М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээнийх дотор ял оногдуулдаг учиртай.

Шүүхээс шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хохирогч Б.Т-ээс “...М нь гэрт орж ирэн эд зүйлийг эвдэн бусниулсан, тухайн хэрэг учрал болох үед байсан Г.Пүрэвсүрэн, Э.Энхжин нарыг гэрчээр байцаагаагүй, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй, анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хамрын муруйгаа засуулж хагалгаа хийлгэхэд шаардагдах эмчилгээний зардал 3.535.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

Мөрдөн байцаалтын шатанд Э.Энхжин, Г.Пүрэвсүрэн нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл хавтаст хэргийн 10, 12 дугаар талд авагдан прокурорын яллах дүгнэлт, түүний хавсралтад тусгагдсан байх ба түүнчлэн хэргийн 72 дугаар талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хохирогч Б.Т нь “хэргийн материалтай танилцлаа” гэж бичин гарын үсэг зурсан байх тул хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн материал танилцуулаагүй гэж үзэх боломжгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, учруулсан хохирол, хор уршиг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн зүйлчлэл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийг хүлээн зөвшөөрснийг ойлгодог бөгөөд шүүгдэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар огт марган, мэтгэлцээгүй байх тул түүнийг гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргадаг бөгөөд хэрэгт хохирогч хамрын муруйгаа засуулан эмчилгээ хийлгэсэн талаар баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно хэмээн заасан ч шүүгдэгч Мгийн тухайн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа гэж үзвэл эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээд энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад нь гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Мгийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан энэ гэмт хэргийг нь шүүхээр хянан шийдвэрлэхэд дээрх асуудлыг нэг мөр шалгаагүй гэх байдал нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Иймд хохирогч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой асуудлуудыг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглэн шийдвэрлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 535.000 төгрөгийг төлсөн байхад энэ талаар огт дурдалгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн 2234000000582 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М овгийн У М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай...” гэснийг,

“...Эрүүгийн 2234000000582 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М овгийн У М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Б.Тт 535.000 төгрөг төлсөн, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай...” гэж,

 

7 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн У Мгаас нийт 161.000 /нэг зуун жаран нэгэн М/ төгрөгийг гаргуулж,  Б овгийн Б-н Т-т олгосугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М овгийн У М-гаас 161.000 /нэг зуун жаран нэгэн М/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б овгийн Б.Т-т олгосугай...” гэж,

 

8 дугаар заалтад “...Хохирогч Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.535.000 /гурван сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг

 “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.535.000 /гурван сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧИД                                                                 З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

[1] хх-ийн 4-6 дугаар хуудас,

[2] хх-ийн 8 дугаар хуудас,

[3] хх-ийн 10-р тал

[4] хх-ийн 12-р тал

[5] хх-ийн 31-32 дугаар хуудас