Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 34

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч С.Пагамсүрэн,

шүүгдэгч И.Зинамядар (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Мянган овогт Ичинноровын Зинамядарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003200014 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 57 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ФВ71062310 дугаартай, Мянган овогт Ичинноровын Зинамядар нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-23 тоотод өөрийн эхнэр С.Пагамсүрэнтэй маргалдаж түүний баруун гарын булчин, гуя, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Зинамядар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Зинамядар нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-23 тоот гэртээ өөрийн эхнэр С.Пагамсүрэнг хоол хийгээд байж байхад нь “Төв аймаг ч шанага нь тав, шавхруу нь гурав” гэж хэлэхэд “чи намайг нутаг усаар минь доромжиллоо, ингэж доромжилж тоглодог юм уу” гэж уурлан хоорондоо хэрэлдэж маргалдан, улмаар С.Пагамсүрэнгийн гарт байсан хутгыг авах гэж байгаад өөрийнхөө гарыг зүссэн ба түүний баруун гарын булчин болон баруун шанаа, баруун гуянд нь 2-3 удаа цохиж тархи доргилт, баруун доод зовхи, баруун тохой, баруун шуунд цус хуралт, баруун шанаа, баруун зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Зинамядарын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө би ажилдаа явах гээд байж байтал манай эхнэр хоол хийж байсан. Би эхнэрийгээ Төв аймгийнхан ийм тийм гээд нутаг усаар нь тоглоод хэлчихсэн чинь эхнэр маань уурлаад хэрэлдээд байхаар нь эхнэрийнхээ баруун гар, шанаа, гуя руу нь цохьчихоод гараад явсан. Гэтэл намайг хадам ээж, дүү нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэний улмаас тэр өдрийнхөө үдээс хойш цагдаа дуудаад би очсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Намайг 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Би 2-3 сарын дотор хуваагаад төлөх боломжтой. Одоо би портер машинаар нүүрс зөөдөг ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Пагамсүрэнгийн өгсөн: “... хоол хийж байхад манай нөхөр миний хутгыг авахдаа гараа жаахан зүссэндээ уурлаад намайг цохьсон. Би уурласан. Бид хөгжлийн бэрхшээлтэй 3 настай хүүхэдтэй юм. Манай хүүхэд шөнө унтдаггүй, би хүүхдээ асраад их ядардаг. Энэ асуудалд миний буруу байгаа. Би хоол хийж байхад надаас манай нөхөр хутгаа авахдаа гараа зүссэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Пагамсүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... гэртээ байж байтал манай нөхөр Зинамядар намайг “Төв аймгийн шанага долоо” гэж хэлэхээр нь “чи намайг нутаг усаар минь доромжиллоо, ингэж доромжилж тоглодог юм уу” гээд уурласан чинь манай нөхөр “би тоглосон юм аа” гэхээр нь би тухайн үед хоол хийж байсан учраас гартаа хутга барьчихсан байсан чинь намайг “хутгаа хол аваарай” гэхээр нь “битгий хуц солиор” гээд хэрэлдэж байсан чинь өөрөө миний гараас хутга авах гэж ирнээс нь барьж авч гараа зүсчихээд намайг уурлаад баруун гарын булчин руу цохихоор нь гараараа хаасан чинь миний баруун шанаа руу цохьсон, тэгээд миний баруун гуянд 2-3 удаа цохьчихоод гараад явчихсан. Тэгэхээр нь би уурлаж гомдсондоо цагдаад мэдэгдсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 12-13 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/578 тоот:

1. С.Пагамсүрэн

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч И.Зинамядарын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... гэртээ байж байгаад эхнэртэйгээ тоглоод “Төв аймаг ч шанага нь тав, шавхруу нь гурав” гээд хэлчихсэн чинь манай эхнэр Пагамсүрэн уурлаад босч ирээд “чи хүн доромжиллоо” гэхээр нь “юун сүртэй юм” гэсэн чинь над руу хэрэлдэж байхдаа аяга шидсэн, гэхдээ хагарч бариагүй, тэгээд хоол хийж байсан хутгаа бариад над руу бүр дөхөж ирээд хэрүүл хийгээд барьж байсан хутгаараа чичилж яриад байхаар нь “чи наад хутгаа цааш нь байлгаач” гэсэн чинь бүр ойртож ирээд хэрүүл хийгээд байхаар нь би “наад хутгаа” гээд хутгыг нь шүүрч авах гэж байгаад өөрөө хутганд нь гараа зүсчихсэн. Тэгээд “чи гар зүсчихлээ” гээд уурандаа хэд хэдэн удаа шанаа, шуу, гуя хэсгүүдэд нь гараа атгаж байгаад цохьчихсон юм. Тэгээд би гараад явчихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 29-30 дугаар тал/,

            И.Зинамядарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/,

            И.Зинамядарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-36, 39-46 дугаар тал/,

          И.Зинамядарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас И.Зинамядарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч И.Зинамядар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Пагамсүрэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мянган овогт Ичинноровын Зинамядарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ичинноровын Зинамядарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Зинамядарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Зинамядар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Зинамядар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Пагамсүрэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол И.Зинамядарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ