Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 119/ШШ2024/0045

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн шүүгч Д.Сарангэрэл, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ********

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ********

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ********

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: ********

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ын хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ/202301715 дугаартай тендерт ********-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн захирал ********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******** нь “2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Үнэлгээний дүгнэлт”-ийг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар мэдэгдлийг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж маргасан.

2. Дээрх нэхэмжлэлийг тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119/ШШ2024/0011 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0265 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ын хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ/202301715 дугаартай тендерт ********-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” гэж өөрчлөн нэмэгдүүлж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

4. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301715 дугаартай “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/506 дугаартай тушаалаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан бөгөөд тус Үнэлгээний хороо нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.

5. Нэхэмжлэгч ********  “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэх нээлттэй тендерт оролцсон бөгөөд тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Бутлан ангилах төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/202301715 тоот тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн ********-ийн DDP-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 3.880.698.604.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэв.”гэж;

мөн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр  ********-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэн” гэж тус тус мэдэгдсэн байна.

6. Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ********-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, б-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй байхад тендерт шалгаруулсан нь илэрхий хууль бус байна.” гэжээ.

7. Нэхэмжлэгч ********-ийн захирал ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн Үнэлгээний хорооны бүх гишүүд 100 хувийн саналтайгаар манай компанийн тендерийг шаардлагад нийцэж байна гэж санал өгсөн байгаа. ********-ийн тендерт ирүүлсэн материал нь дутуу, тендерт тэнцээгүй гэсэн үндэслэлүүдийг бид өмнөх хуралд гаргаж ирсэн. Тэр дотор тоног төхөөрөмжийн тоос дарах систем, галын автоматжуулалтын систем, тоног төхөөрөмжинд тавигдах металл баригч, тоног төхөөрөмжийг ажиллуулж байгаа халуун болон дулаан үлээлгэх системийн талаарх материалаа огт ирүүлээгүй байсан. Огт ирүүлээгүй байхад шалгаруулчихаад манайх Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас ийм ийм материалыг гүйцэт шалгаагүй байна гэсэн. Сангийн яам ********-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичиг техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем”, б-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад  нийцсэн эсэхийг захиалагч хянаж үзээгүй байна гээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хариу өгсөн. Үнэлгээний хороо дахин хуралдаад ********-ийг энэ талаар тодруулга өгнө үү гээд мэдэгдэл өгсөн байсан. Тендерийн тухай хуулиар тендерийн агуулгад өөрчлөлт орохгүйгээр тодруулга авна гэж байгаа. Бид нар олон тендерт оролцож байгаа. Агуулгад өөрчлөлт оруулахгүй гэдэг нь юу вэ гэхээр тендерт ирүүлсэн материал ямар нэгэн үг, үсгийн зөрүүтэй, ирүүлсэн материал нь дотроо ямар нэгэн ойлгомжгүй байгаа зүйлийг тодруулж авахыг агуулгыг нь өөрчлөлт оруулахгүйгээр тодруулга авна гэж байгаа. Гэтэл тодруулгаар ирүүлсэн хариуд тендерийн материалд ирүүлээгүй материалаа тодруулгаараа явуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг гэхэд тендерийн материал ирүүлээд 09 цаг 10 минут гэхэд нээх ёстой. Нээсэн байдлаар ирсэн материалд дүгнэлт хийх ёстой болохоос биш байхгүй юмаа өг гээд тодруулга авах хүсэлт өгчихдөг. Гэтэл оролцож байгаа компаниас тодруулга ирүүлж байгаа нь энэ гээд байхгүй юмаа нөхөөд өгчихдөг. Хэрвээ тэгж болдог байсан бол материалаа дутуу өгөөд дараа нь тодруулгаар дутуу материалаа өгөөд компанийн хоорондын өрсөлдөөн, Тендерийн тухай хууль зэрэг нь яагаад үйлчлэхгүй, нэг газар нь илүү үйлчлээд байдаг юм бэ. Тухайн цагтаа ирсэн материалаа үзээд байхгүй бол байхгүй байна гээд дараагийн тэнцэж байгаа компани нь ямар байна шат дараалалтай явагдах ёстой. Өнөөдрийн хувьд хэд хэдэн шатны хуралд тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичиг, хуульч хоёртой бид нар урд урдаасаа хараад сууж байгаа боловч яг хууль бус тендерийг захиалдаг нөхдүүд нь цаанаа байж байдаг. Тэгээд орон даяар тендер зарлаад энэ захиалга өгсөн хүмүүсийн үйл ажиллагааг нуухын тулд ажлаа хийхээс өөр арга байдаггүй. Өмнө ганц нэг хуралд бас оролцож байсан. Наана нь бид нар хууль бус шалгаруулалт хийлээ гэж маргадаг боловч цаана нь албан тушаалтангууд байдаг. Байхгүй гэж тодруулга авчихаад ирсэн тодруулгад нь материал бас дутуу байгаа. Өмнөх хуралд нотлох баримтаар гаргаагүй, байхгүй баримтыг одоо нотлох баримтаар гаргаад ирж байгаа. Тэгээд шалгаруулсан тендерээ зөв гэж батлах гээд үзэж байна. Ийм хууль бус зүйл байж болохгүй байх гэж бодож байна.

Хоёрдугаарт хууль бус тендер шалгаруулаад тендерийн иж бүрэн материал ирүүлээгүй, тендерийн бичиг баримт шаардлага хангаагүй байхад зориуд шалгаруулаад гэрээ хийгээд явсан. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжөө авч ирээд ашиглалтанд өгсөн талаар акт авч ирсэн байна. Ер нь бол гаршсан, энэ маргаан шүүх дээр явж байг, та нар бараа материалаа нийлүүлээд явж бай. Тэгэхээр тендерт оролцож байгаа оролцогч нарын эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа. Бид нар зүгээр сууж байгаад цаас бүрдүүлээд авч ирээгүй. Би тендерт оролцохын тулд Солонгос улс руу яваад үйлдвэртэй нь танилцаад, Эрдэнэт үйлдвэрээс зарласан ийм тендерт тэнцэхээр тоног төхөөрөмжийг танайх үйлдвэрлэж чадах уу? чадсан байна тэгвэл би үүнийг сайжруулъя гээд бүх нөхцөл байдалтай нь тэр компани дээр танилцаад  тендерт шалгарсан тохиолдолд би танайхтай гэрээ хийж тоног төхөөрөмж авна гээд хуулийн дагуу зөндөө цаг хугацааг гаргаад тендерт оролцож байгаа. Энэ тендерт оролцох гэж байгаа зөндөө олон компанийн эрх ашгийг хөндөөд ийм хууль бус үйл ажиллагаа явуулчихдаг. Тэртээ тэргүй шүүхийн маргаан болоод зөндөө удна та нар энэ хооронд гялс тоног төхөөрөмжөө авч ирээд өгчих гэж хэлж байгаа. Ямар тохиолдол үүсч байна гэхээр нийлүүлэх байсан тоног төхөөрөмжөө нийлүүлж чадахгүйд хүрч байгаа. Мөн тендерт компаниуд оролцохдоо ижил тэгш оролцох байдлыг зөрчиж, тендерийн шалгаруулалтад нийцсэн компаниа шалгаруулдаггүй, нийцээгүй компани шалгарсан нөхцөл байдлыг газар авахуулж болохгүй гэдэг үүднээс бид шүүхэд хандсан. Иймэрхүү байдал үүсээд байх юм бол бид тендерт оролцоод ямар ч нэмэр байхгүй байна. Өөрсдийнхөө оролцуулах компанийг дэмжээд дутуу материалыг нь гүйцээж авч байгаад шалгаруулчихдаг нөхцлийг хичнээн тэр компани тоног төхөөрөмжөө нийлүүлээд ашиг олж авч байгаа ч цаашид бусад тендерт оролцож байгаа компаниудыг хохироохгүй байх үүднээс шүүхэд хандсан байгаа. Манай компани яагаад нэхэмжлэлийн шаардлагадаа ********-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах манайхтай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гээд байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгэнт хууль бус шийдвэр гаргаад хууль бус тендер шалгаруулсан учраас “Эрдэнэт үйлдвэр”-тэй дахиж гэрээ байгуулж бид нар энэ тоног төхөөрөмжөө нийлүүлнэ гэдгээрээ нийлүүлнэ. Үүнээс үүдэж улсад учирч байгаа хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрөө хариуцна. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдээ дэмжиж байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ тендерт олон компани оролцсон бөгөөд шаардлагад нийцсэн хоёр компани байгаа. ********, ******** хоёрын тендер шаардлага хангасан. Ингээд шаардлагад нийцсэн хоёр компаниа бага үнийн саналаар шалгаж авахаар гуравдагч этгээд шалгараад байгаа нөхцөл байдал байгаа. Бидний зүгээс юу гэж үзэж байна гэхээр гуравдагч этгээд өөрөө тендерийн хянан үзэх шатанд хасагдах ёстой байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ тендерийн баримт бичигт заасан материалаа бүрэн ирүүлээгүй ба тендерт оролцогчийн өгөгдлийн хүснэгтэд зааснаараа хасагдах үндэслэл болно. Хасагдах үндэслэл нь бүрдчихээд байгаа компанийг тэнцэж байгаа мэтээр оруулж ирж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Нийтдээ 10 төрлийн баримтыг ирүүлээгүй байна гэж бид үзсэн. Сангийн яам гомдол хянахдаа энэ баримтуудыг дурдсан байгаа. Энэ баримтуудаас Сангийн яам гомдол хянаад албан бичиг явуулахдаа шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан үзээгүй байна гэж байгаа. Тэгэхээр буцаагаад Сангийн яамны хариу ирсэний дараа Үнэлгээний хороо хуралдаад ирүүлсэн баримт нь шаардлагад хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гарах ёстой. Гэтэл Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг аваад үзэхээр шаардлагад нийцэж байна санал хураах уу гээд явсан байгаа. Ямар үндэслэлээр санал нийлээд байгаа, маргаад байгаа зураг нь мөн юм уу? биш юм уу? үзүүлэлтүүд нь байна уу? үгүй гэдэг талаар мэргэжлийн нарийн дүгнэлтүүд хийгээгүй нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргатай холбоотой асуудал нэхэмжлэлийн үндэслэлд бичигдсэн, нэхэмжлэлийн үндэслэл давж заалдах шатны шүүхээс буцаад хариуцагч нарийн бичгийн даргыг сольсонтой холбоотой тушаал хэргийн материалд оруулсан учраас энэ үндэслэлээс татгалзаад үргэлжлээд явж байгаа.

Хариуцагч тал үнийн зөрүү яриад хэмнэлттэй үр ашигтай байх зарчмыг барьж ажилласан гэж байна. Гэхдээ хэмнэлттэй байх зарчмыг баримтлахын тулд бусдын эрхийг зөрчиж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд албан бичгүүд захиргааны акт биш, захиргааны гэрээ биш гэж байна. Мэдэгдэл хүргүүлж байгаа албан бичиг нь өөрөө захиргааны актын шинжийг агуулдаг гэж хууль болон практикт тогтсон жишиг байгаа. Актаас улбаалаад худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа учраас актыг хүчингүй болгосон тохиолдолд гэрээг хүчингүй болгуулах зохицуулалт байдаг. Энэ бол хууль зүйн боломжтой. Нөгөөтэйгүүр нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх хугацаанд гуравдагч этгээд гэрээний үүргээ биелүүлээд тодорхой тоног төхөөрөмжийг суурьлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бол нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий актыг хууль бус байсныг шүүх өөрөө тогтоож шийдвэрлэж болдог. Үүнд нэхэмжлэгчийн ашиг сонирхол юу байна гэдгийг тайлбарлая. Нэгдүгээрт чөлөөт зах зээлтэй нийгэмд хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан зорилго нь өөрөө ашиг олох зорилготой. Тендерт оролцож байна гэхээр энэ тендерийн бараа материалыг нийлүүлээд үүнээс тодорхой ашгийг хүртэнэ гэсэн үг. Одоо нэгэнт гэрээ байгуулаад хэрэгжээд дууссан учраас энэ захиргааны шийдвэр биелэх боломжгүй гэж тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй. Юу вэ гэхээр 2 янзын хувилбар байж болно. Захиргааны шийдвэрийг биелүүлээд хууль бус байсан учраас дахин гэрээ байгуулаад шинээр худалдаж аваад явж болно, Хоёрдугаарт энэ актуудыг хүчингүй болгосноороо захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээс нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх үүсч байгаа. Энэ нь өөрөө нэхэмжлэгч компанийн ашиг сонирхол энд оршоод байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ашиг олох зорилготой, ашиг олох нь энэ маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар шийдэгдэнэ. Тиймээс хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг сонсохоор үйл явдал процессыг тайлбарлаж байгаа хэрнээ яг нэхэмжлэгчийн маргаад байгаа 10 төрлийн материал байхгүй байна. Үүнийг хэрхэн хянаж үзсэн нь тодорхойгүй байна. Тодруулгаар ирж байгаа агуулга нь өөрөө агуулгыг өөрчилж байна гэдэгт хариулт өгч маргахгүй байна. Үйл явдал процесс, зовлон жаргал яриад, хүүхдийн асрамжийн төвд хандив гэх мэт зүйл нь энэ маргаанд ямар ач холбогдолтой юм бэ. Тэгэхээр дараа дараагийн тайлбар дээрээ нэхэмжлэлд дурдсан энийг ингэсэн гэдгээ тайлбарлах нь зүйтэй. Гуравдагч этгээд тендерт нийцээгүй тендерийн материал ирүүлсэн байна. Үүнийг тодруулгаар нэмж аваад шалгаруулсан нь тогтоогдож байна.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “Шүүх бол хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой”. Тэгэхээр шийдвэр биелэгдэх үү? биелэгдэхгүй байх уу? нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээх үү? үгүй юу гэдгээс үл шалтгаалаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах, өмнө тайлбарласан хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “********-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өөрчилж, ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үнэлгээний хорооны шийдвэр нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдсан, хууль зөрчөөгүй, захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр эрх бүхий байгууллагаас гараагүй тул Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ******** ХХК болон ********-д хүргүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдлүүдийг хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ******** ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, ********- ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 119/Ш32024/0084 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актууд биелэгдсэн буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ******** ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ******** ХХК-ийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2024/02-10-0027 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 3.2-т Бараа нийлүүлэх хугацаа нь 8 сар байхаар талууд харилцан тохиролцож, худалдагч бутлан ангилах төхөөрөмжийг үйлдвэрийн газарт нийлүүлж суурилуулах ажил гүйцэтгэх хугацаа дуусаж байгаа ба гүйцэтгэл 70 хувьтай байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 оны) 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасны дагуу Захиалагч нь Үнэлгээний хорооны тендер хүчинтэй байх хугацаанд багтааж тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах шаардлагатай. Иймд ********-ийн тендерийг тендерийн хүчинтэй хугацаа дууссан атал хянан үзэж, тендерийг үнэлж, улмаар гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ. 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн тендер нь Амарбаясгалан гэж мэргэжилтэн дээр байж байгаад над руу хуваарилагдаад ирсэн. Тухайн тендер нээгдэхэд 11 оролцогч үнийн санал ирүүлсэн. 11 оролцогчоос хамгийн бага үнийн саналтай нь ********, хамгийн өндөр үнийн саналтай нь ******** байсан. Тэрбум төгрөгийн зөрүүтэй байсан. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагч тодруулга авч болно гэсэн заалт байгаа. Тэр заалтыг үндэслээд Сангийн яам дахин үнэлгээ хий гэсний дагуу дахин үнэлгээнд орохдоо захиалагчаар дамжуулж хуулийн дагуу тодруулга авъя гэж шийдвэрлэсэн байгаа. Тодруулга тухайн өдрийн 14 цаг 52 минутанд ирсэн. Тодруулга ирүүлэх хугацаа 15 цагаас хаагдах ёстой байсан боловч 14 цаг 52 минутад тухайн тодруулгууд ирсэн. Ингээд тухайн компанийн тендерийн баримт бичгийг би ганцаараа үздэггүй, нарийн бичиг рүү дайрч болохгүй. 7 хүн байгаа, 7 хүний дотор мэргэшсэн инженер 2, 1 докторант байгаа. Бүгд уул уурхайн мэргэшсэн инженерүүд байгаа. Энэ хүмүүс бүгд ороод болж байна, тодруулга нь шаардлагад нийцэж байна гэсэн. Хуульч Б.Сэр-Оддамба ч шаардлагад нийцэж байна гэж үзсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жилдээ 1200-1400 тендер зохион байгуулдаг. Хамгийн өндөр тендер явуулдаг. Аль болох алдчихгүй юмсан, хуулийн дагуу хийчих юмсан гэж тендер явуулдаг. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүх худалдан авах ажиллагаа нь Монгол улсын хараанд байгаа. Тэгэхээр алдаа гаргаж болохгүй бүх юмыг хуулийн дагуу хийх ёстой. Би Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажиллаж байгаа, мэргэшсэн инженер, докторант, уул уурхайн инженер мэргэжлээр ОХУ-д төгссөн, техникийн тал дээр мэдлэгтэй хүн байгаа. Гуравдугаарт бага үнийн саналаар бид нар уг барааг худалдан авч, хэмнэсэн мөнгийг өнөөдрийн байдлаар бүтэн өнчин хүүхдийн Энэрэл төвийн засварт зарцуулсан байгаа. Өчнөөн олон мэргэжлийн инженерүүд ороод бүх материалыг үзээд явж байхад миний хувьд гомдолтой байна.

Мөн тендерийн агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр тодруулга авна гэж хуульд заасан байгаа. Үнийн хувьд огт асуулга асуугаагүй. Агуулгын хувьд асуугаагүй, агуулга, техникийн тодорхойлолт гээд тусдаа пунктууд байгаа. Зөвхөн техникийн үзүүлэлтээр асуулга асуусан. Эцэст нь маргаан гарч магадгүй гэдэг үүднээс бид тодруулгыг тодруулж авсан байгаа. Тендерийн баримт бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2 янзаар зарладаг. Техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт, нөгөөх нь техникийн харьцуулсан хэлбэрээр тодорхойлсон байгаа. Харьцуулсан хэлбэрээр ирүүлсэн тодорхойлолтыг энэ компани ирүүлсэн, энэ дотор зураг, өгөгдлийн хэлбэрээр байсан уу? байсан, бичгийн хэлбэрээр ирсэн үү? ирсэн. Үүнийг бид тодруулгад хуулийн дагуу захиалагчаар дэлгэрүүлэх маягтай авсан. Техникийн тодорхойлолтыг харьцуулсан хэлбэрээр ирүүлсэн. Зураг, өгөгдлийн хэлбэрээр гэдэг нь зургаар эсхүл өгөгдлийн хэлбэрээр ирүүлнэ гэсэн үг юм.” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бутлан ангилах төхөөрөмжийн тухай шүүгч нарт танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Бутлан ангилах төхөөрөмж нь 1996 онд ОХУ-д үйлдвэрлэгдээд орж ирсэн байгаа. Тэгээд маш олон жил элэгдээд 2018 онд засвар хийгдсэн. Энэ нь ямар учиртай төхөөрөмж вэ гэхээр хайргыг бутлаад, тэсэлгээ хийхэд ашигладаг байгаа. Нөгөөтэйгүүр уул уурхайн зам засварт ашигладаг. Нэг ёсондоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байгаа. 2022 онд энэ техникийг авахаар техникийн даалгавар боловсруулагдаад 2023 онд энэ тендер сонгон шалгаруулалт 2 удаа амжилтгүй болсон. 2023 онд энэ зохион байгуулагдсан тендер шалгаруулалт маань амжилттай болох талаасаа техникийн даалгавар бусад шаардлагуудыг нилээн сайн хийгдэж зохион байгуулагдсан. Тендерийн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу хийгдсэн. Үнэлгээний хороо байнгын бус үйл ажиллагаатай ажлын хэсэг байдаг. Ажлын хэсэг нь өөрт оногдсон үйл ажиллагааны чиглэл, техникийн тодорхойлолтын дагуу тендерийг үнэлсэн. Өөрөөр хэлбэл хуульд заасан журмыг зөрчсөн асуудал байхгүй, нээлттэй явуулсан байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг 10 аад зүйл заалтыг Сангийн яам хянаж үзээд нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна, тодорхой нэг хэсгийг хянан үзэх шаардлагатай байна гээд даалгасны дагуу Үнэлгээний хороо дахиж үнэлгээг хийсэн байдаг. Сая манай мэргэжилтэн 11 компани оролцсоноос ******** хамгийн өндөр үнийн саналыг ирүүлсэн байгаа. Тендерийн хуулийн зарчим нь худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод, хэмнэлттэй байх зарчмыг баримталдаг. Манай Үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргаад 4 удаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг сольж өөрчилж нэмэгдүүлж, тодруулсан байгаа. Үүнээс харах юм бол өөрсдийнхөө хууль ёсны эрх, ашиг сонирхлыг яаж хамгаалах талаар тодорхой байр суурьгүй байна гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйл заалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр энэ албан бичгүүд нь мэдэгдлийн шинж чанартай, миний хувьд захиргааны акт гэж харахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78, СЭ-112-12/73 дугаартай мэдэгдлүүдийг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37.9-д Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулал олгох журмыг Сангийн яам батладаг. Тэгэхээр Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тушаалаар Үнэлгээний хороонд тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах өргөдөл мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана. Мөн тус журмын 3.13-т Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотойгоор тендерт оролцох болон бусад байгууллагуудтай харилцахдаа захиалагчаар дамжуулан харилцана гэж заасан. Тэгэхээр захиалагчаар дамжуулж Үнэлгээний хороо нь өөрийнхөө шийдвэрийг гаргадаг. Захиалагчийн гаргасан дээрх мэдэгдлүүд бол захиргааны актын шинжийг агуулаагүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заасан хүчингүй болгох нэхэмжлэл болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хувьд ********-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ гэрээ өөрөө Тендерийн хуульд зааснаар иргэний эрх зүйгээр зохицуулагдана гэсэн байдаг. Энэ гэрээ нь захиргааны гэрээ биш учраас хүчингүй болох нэхэмжлэлийн зүйл биш гэж харж байна. Гуравдугаар шаардлагын хүрээнд гэрээ байгуулахыг даалгах гэж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд тендерийн хуулийн дагуу заасан журмуудаар тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг. Тэгэхээр тендерийн хуулиас гадуур хууль бусаар ямар нэгэн компанийг шалгарсанд тооцоод гэрээ байгуулна гэдэг нь энэ хуулийг үгүйсгэж байгаа гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т ********-ийн тодорхойлоод даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдүүлэхээр захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан бол гэж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендер шалгаруулалтыг зохион байгуулаад холбогдох Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан, эс үйлдэхүйг гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-т эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох гэж заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахаар байна. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эс үйлдэхүй гаргаагүй учир даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй байна гэж харж байна. Мөн тендер шалгаруулалт нь хуулийн 5.1.2-т заасны дагуу Үнэлгээний хороо нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулаад гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг дуусгавар болгох үйл явцыг тендер шалгаруулалт гэж хэлнэ. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтаа зохион байгуулаад шийдвэр гарсан. Гэрээ байгуулагдаад гэрээг хүлээж авсан актыг сая нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр Үнэлгээний хорооны шийдвэр биелэсэн, эрх зүйн нөлөө дууссан байна. Эрх зүйн нөлөө дуусаагүй байх шаардлагыг бол тавьдаг, тэгэхээр эрх зүйн үр дагавар гарсан байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал өөрөө Солонгос улс руу яваад судалгаа хийсэн, тэдий хэр зардал гарсан, тендер шалгаруулалт амжилтгүй болоод өөр ашиг сонирхол ороод байна гээд байна. Бусад ашиг сонирхлын асуудал байгаа бол Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаад шалгуулаад шийдвэрлүүлэх боломж нь байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** нь тус тендерт оролцоод ялалт байгуулсан гэдэг байдлаас тайлбар тавихад хамгийн бага үнийн санал тавиад тендерт ялсан байдаг. Тендерийн хууль тогтоомжийн хүрээнд, журмын дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж тогтсон хугацаанд хүргүүлсэн байдаг. Тодруулга авах нь хуулиар зохицуулсан зохицуулалт бөгөөд үүний хүрээнд захиалагчаас хандаж манайхаас тодруулгаа хүргүүлсэн байгаа. Энэ хуралдааны онцлог нь өмнө шийдэгдсэн хэрэг боловч би зарим нэг зүйлийг дахин давтаад байгаа боловч нэхэмжлэгч нь өөрөө тендерт оролцоод хамгийн өндөр дүнтэй тендерийг санал болгосон, шалгараагүй гэдэг нөхцөл байдлаар асуудалд хандаад байх шиг байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд жилд 1200-1400 тендер зохион байгуулж энэ их ачааллыг авч ажиллаж байгаа хүмүүст тогтсон хууль тогтоомжийн хүрээнд явуулах нь ажлынх нь үндсэн зарчим гэж ойлгож байгаа. Үүнийг зөвхөн шалгарсан компанийн хувьд хэлж байгаа зүйл биш зарим тендерийн маргаанд ордог компанийн хувьд хэлмээр байна. Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер зохион байгуулах ажиллагааг хууль бус, будилаантай зохион байгуулагдаж байна гэж үзэж байвал үүнийг зохих байлгууллагад нь хандах нь зүйтэй байна. Тухайн тендерийн үр дүнгээс шалтгаалж шүүхэд хандаж цаг хугацаа авч байгааг анхаармаар санагдаж байна. ******** гуай “шалгарсан компаниа та нар ажлаа хий гээд нөгөөдүүл нь хийгээд явдаг” гэж байна. ******** нь гэрээ байгуулсан, энэ хугацаа заасан гэрээ байсан. Шүүхийн маргаан эхэлсэнтэй холбоотой манайх гадны хөрөнгө оруулалттай компани учраас эргэлзэх асуудал үүссэн байдаг. Захиалагчтайгаа яах билээ гээд хугацаа алдах нөхцөл байдал үүссэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй бол бид өөрсдөө эрсдэлд орох байсан учраас ажлаа эхлүүлсэн байгаа. Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүгд үндэслэлтэй гэж байна. Мэдээж үндсэн зарчим бол улсын төсвийн байгууллага гэдэг утгаараа хэмнэлттэй үйл ажиллагаа явуулдаг байх. Шаардлагад нийцсэн тендер байх юм бол харьцуулах зарчим бол хамгийн чухал зарчим байгаа. Үүнийг манайх судалгаа хийгээд миний хувьд асар их хэмжээний хэмнэлт оруулж байгаадаа баяртай байдаг. Одоо бид ажлаа хийгээд дууссан учраас бичиг цаасны ажил явагдаж байгаа тул ажил хүлээлцсэн актаа гаргаж өгөх боломжгүй байна.

Манай компанийн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулсан байдал нь Сангийн яамны албан бичгийн 8-д заасан зүйлүүдийг тодруулж, бусад зүйл нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Үүнийг би юу гэж харж байна гэхээр Сангийн яам ч гэсэн тодруул бусад нь нийцэж байна гэж үзсэн байна. Үүний дагуу ******** өмгөөлөгчид тодруулга шаардлагад нийцсэн гэж хэлмээр санагдаж байна. Үнэлгээний хорооноос тодруулах зүйл дээр 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлыг хийгээд тодруулсан. Д.Гантулга төлөөлөгчийн хэлж байгаагаар тендерийн баримт шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Өнөөдөр зурган хэлбэр нь өгөгдөл мөн үү? биш үү? гэдэг тайлбар дээр зургийг тайлбарласан. ******** захирал өөрөө нямбай хүн болохоор материал нь их дэлгэрэнгүй харагдаад байна. Гэхдээ цаанаасаа өгсөн маятын дагуу манай компани тендерт оролцоод явж байгаа. Үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой гомдол байдаг бол зохих журмаар нь шийдвэрлүүлмээр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

13. Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн материалд үзүүлэлт байхгүй гээд байна, би байгаа гэж үзэж байна. Тодорхой хэмжээнд бид мэдээлэл оруулаад, дэлгэрүүлэх зүйлийг бид толруулгаар өгч явуулсан. Тэгэхээр бид тендерийн материал хангаж байгаа гэж үзэж байгаа. 2 дугаарт ашиглалтын хугацаа, чанар гэж яриад байна. Хямд байлаа гээд чанаргүй, муу гэсэн зүйл биш. Тендерийн материалд ашиглалтын хугацаа 12 жил гэж заасан байгаа. Бид 12 жилээ хангана. Мөн түгээн хэрэглэгдэх 1 жилийн сэлбэг хэрэгсэл гэж байгаа бид дагалдуулаад 2 жилийн сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн байгаа. Тэгэхээр бид нарын нийлүүлсэн тоног төхөөрөмж муу гэсэн үг биш. Бид тендерийн үзүүлэлтэнд юу заасан бүгдийг шаардлага хангасан бараа материал нийлүүлсэн байгаа” гэв.

             Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч ******** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч нь энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр  түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно” гэж зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ/202301715 дугаартай тендерт ********-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” гэж ихэсгэн,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн ирүүлсэн.

2.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн ба “эдгээр актууд хууль бус болох нь тогтоогдож байгаа ч нэгэнт хэрэгжиж дууссан гэж үзвэл шүүх хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан болно.

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ/202301715 дугаартай тендерт ********-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.2.  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/506 дугаар тушаалаар байгуулагдсан ЭҮТӨҮГ/202301715 дугаартай “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бутлан ангилах төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлажээ.

3.3. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, 03 дугаартай Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр ********-ийн 3.880.698.604.00 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагад нийцэж, “хамгийн бага үнийн санал ирүүлсэн” гэж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр үнэлэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 48-56 дахь тал/  

3.4. Дээрх Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн захиалагчийн шийдвэр гарч захиалагчаас тендерт шалгарсан ******** ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7509 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг, ********-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7512 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 58-60 дахь тал/

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тендерийн Үнэлгээний хорооны  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг ******** эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэх”-ээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 13-15 дахь тал/

3.6. Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “********-ийн гаргасан гомдлуудын зарим хэсгийг үндэслэлгүй, Үнэлгээний хороо үндэслэлтэй шийдвэрлэсэн” гэж гомдлыг хянасан байгаа ч уг албан бичгийн 8-д “********-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, металл баригч, багаж хэрэгсэл, галын автомат систем”, 6-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байддлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй байна” гэж дүгнэжээ.

3.7. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/9454 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин хуралдаж, ********-аас техникийн тодорхойлолтын үзүүлэлтийн талаархи тодруулгыг авахаар шийдвэрлэсэн болох нь мөн өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /I хавтаст хэргийн 63-64 дахь тал/

3.8. Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийн дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ТБ-112-12/03 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичгийг ********-д хүргүүлж, тус компани нь тодруулга, гурван хавсралт бүхий баримтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын [email protected] цахим хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 52 минутад ирүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон цахим хаягийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахад тогтоогдсон болно. /I хавтаст хэргийн 65-70 дахь тал/

3.9. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу ********-ийн ирүүлсэн тодруулгын үндсэн дээр Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, тендерийг дахин хянаад ********, ********-уудын тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн байх ба хамгийн бага үнийн санал ирүүлснийх нь тухайд ********-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулан Үнэлгээний хорооны 05 дугаартай хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /I хавтаст хэргийн 71-76 дахь тал/

3.10. Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай  дүгнэлтийг үндэслэн ********-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, ********-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдэл, ********-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн. / I хавтаст хэргийн 77-79 дахь тал/

3.11. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд ********-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар тендерт шалгараагүй гэж дурджээ.

3.12. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийн дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан үйл баримтууд тогтоогдож байна. /I хавтаст хэргийн 80-86 дахь тал/

            3.13. Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагын хүрээнд тендерийг хянан үзээгүй, техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй ********-ийн тендерийг “тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер” гэж хянан үзэн үнэлгээ хийж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн нь дараах үндэслэлүүдээр хууль бус гэж дүгнэлээ.

            3.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан байна.

            3.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж заасны дагуу захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн хийх учиртай.

            3.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг “Тендерийн баримт бичиг” гэж ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэг байна.

            3.17. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д “Техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан.

            3.18. Иймд тендерийн Үнэлгээний хороо нь тендер нээсний дараа тендерийг хянан үзэхдээ хүчин төгөлдөр тендерийн баримт бичиг, тендерийн өгөгдлийн хүснэгт, ТШЗ-ын холбогдох заалт, техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлагыг тодорхойлон ирүүлсэн эсэхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж заасан хуулийн шаардлагад нийцүүлэн хянан үзнэ.

            3.19. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас ********-ийн ирүүлсэн тендер нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан шаардлагын дагуу бэлтгэн ирүүлээгүй, Сангийн яамны албан бичгийн 8-д заасан үзүүлэлтүүдийг дахин хянан үзээгүй, тендерийн материалд ирүүлээгүй мэдээллийг тодруулгаар нэмж авсан, тодруулгын хавсралт 3-т заасан мэдээлэл англи хэл дээр ирсэн байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 13.2-т заасныг зөрчиж гадаад хэл дээр материал авч үнэлгээнд ашигласан” гэж;

            3.20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “ТШЗ 19.4-т зааснаар “техникийн тодорхойлолтод нийцэж буйг зураг, өгөгдлийн хэлбэрээр ирүүлнэ” гэж зааснаар харьцуулсан техникийн тодорхойлолт ирүүлсэн, тендерийн баримт бичигт “зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан ба “таслал” нь “эсхүл” гэсэн утгыг илэрхийлдэг учраас зураг эсхүл өгөгдийн хэлбэрээр харьцуулан ирүүлэхэд шаардлага хангасан гэж үзнэ. ******** нь харьцуулсан техникийн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн. Тодруулга нь э-майл хаягаар ирсэн тул орчуулгыг хамт ирүүлээгүй, тендерийн Үнэлгээний хорооны инженерүүд техникийн мэдлэгтэй учраас үзүүлэлтийг нь ойлгох боломжтой учраас хянан үзээд шаардлага хангаж байна гэж шийдвэрлэсэн” гэж;

            3.21. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “******** нь харьцуулсан техникийн тодорхойлолтыг гаргаж, санал болгож буй техникийн зургийг үнийн саналын хамт нэг хүснэгтээр бэлтгэж хүргүүлсэн. Зураг, мэдээлэл бүгд байгаа” гэж тус тус маргав.  

            3.22. Захиалагчийн баталсан “Бутлан ангилах төхөөрөмж хэрэгсэл авах” тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Техникийн тодорхойлолтод заасан дагалдах бичиг баримтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлнэ” гэж заажээ. /II хавтаст хэргийн 54 дэх тал, CD баримт ТББ2 хавтас 29 дэх тал/

            3.23. Харин ********-ийн ирүүлсэн тендер нь тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн дээрх хэсэг буюу ТШЗ 19.4-т заасан шаардлагыг бүрэн ханаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            3.20. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4 дэх заалт нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан үзүүлэлтүүдийг ирүүлэхээс гадна тухайн нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагад нийцэж буйг нотлох баримтыг зураг болон өгөгдлийн аль аль хэлбэрээр нь хамтатган гаргаж ирүүлэхээр заасан гэж ойлгохоор байна. /II хавтаст хэргийн 58-61 дэх тал, CD баримт ТББ2 хавтас 32-35 дахь тал/

            3.24. ********-ийн ирүүлсэн “Харьцуулсан техникийн тодорхойлолт”-д захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан зарим шалгуур үзүүлэлт болох 2.“Тусгай шаардлага”-уудын ажиллах орчин, аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн харьцуулсан хүснэгтийг ирүүлээгүй, харьцуулсан хүснэгтэд энэ үзүүлэлтүүдийн мэдээлэл байхгүй байна. /CD баримт,  ******** хавтас, ЭҮТӨҮГ2023017150201-75-5444314 файл, нэгтгэлээр 1-р хуудас, 29-30 дахь тал/

            3.25. Мөн ********-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 3-т заасан “нийт эрчим хүч зарцуулалт: 450 квт/цаг-аас ихгүй”, 4-т заасан “конусан бутлуурын гидро систем, тоос дарах систем, металл баригч, багаж хэрэгсэл, галын автомат систем”, 6-д заасан “энергийн эх үүсвэрийн зарцуулалт”, техникийн тодорхойлолтын аюулгүй ажиллагааны шаардлагад заасан “Байгаль орчин, агаарын бохирдол, тоос дарагч автомат усаар шүршигч систем, бутлуурын үйлдвэрийн операторын бүхээгийн нөхцөл, механик аюул, аюулгүй байдлын тоноглол”-ын шаардлагад нийцсэн эсэхийг зураг, өгөгдлийн хэлбэрээр ирүүлэх байтал үнийн санал дотор зургийг оруулсан боловч тухайн зурагт хамаарах өгөгдлийг бүрэн гаргаж ирүүлээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. / CD баримт,  ******** хавтас, ЭҮТӨҮГ2023017150201-75-5444314 файл, нэгтгэлээр 1-р хуудас, 15-18 дахь дахь тал/

            3.26. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар “зураг, өгөгдлийн хэлбэрээр” гэдгийн “таслал” нь “эсхүл” гэсэн утгыг илэрхийлэхгүй. Тодруулбал: “таслал” нь тендерт оролцогч захиалагчид нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг “зураг” болон “өгөгдлийн” гэсэн хоёр хэлбэрийн аль алинаар нь бэлтгэж ирүүлэхийг шаардсан” гэсэн утгыг илэрхийлнэ. Харин “эсхүл” гэж бичсэн бол “зураг”, “өгөгдлийн” гэсэн хоёр хэлбэрийн аль нэг хэлбэрээр нь ирүүлнэ гэж ойлгоно.

            Өгөгдөл гэдэг нь мэдээллийн эх сурвалж болдог тул техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт бүхий барааны зураг нь дангаараа тухайн барааны техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг цогцоор нь бүрэн илэрхийлэх боломжгүй тул уг зургаас гадна тухайн барааны зургийг өгөгдлийн хэлбэрээр давхар шаардсан гэж дүгнэхээр байна.

            3.27. Тиймээс ******** нь тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлэхдээ нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлэх шаардлагын дагуу бэлтгэн ирүүлээгүй, тухайн ирүүлсэн зураг, харьцуулсан тодорхойлолтоос нийлүүлэхээр санал болгож буй бараа материал нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтэд хэрхэн тохирохыг хянан үзэх боломжгүй тендер ирүүлсэн гэж үзэхээр байна.

            3.28. Техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, нийлүүлэх барааны зураг, өгөгдлийг бүрэн илэрхийлээгүй тендер ирүүлсэн байхад тодруулгаар нэмэлт мэдээлэл, техникийн үзүүлэлтүүдийг тодруулан авч, гадаад хэл дээр ирүүлсэн материалыг хянан үзэж, тендерт үнэлгээ хийсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 13.2-т заасан “...Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, тендерт оролцогчдын ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулгын хамт монгол хэлээр ирүүлнэ” гэж заасныг зөрчжээ.

            3.29.Тодруулбал: Тодруулга нь тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны баримт бичигт хамаарах тул түүнд тендерийн баримт бичигт тавигдах шаардлага нэгэн адил хамаарах учиртай. /I хавтаст хэргийн 65-70 дахь тал, CD баримт “Тодруулга” хавтас, хавсралт 3 болон шүүх хуралдаанд [email protected] хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 52 минутад цахимаар ирүүлсэн тодруулгыг судалсан/

            3.30. Иймд тендерийн Үнэлгээний хороо ********-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан гэж дүгнэсэн нь хууль бус болжээ.

            3.31. Дээрх үндэслэлүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсэг буюу түүний ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж хянан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 /Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ/-д зааснаар тендерийг үнэлж, ******** нь 3.880.698.604 төгрөг, ******** нь 5.212.655.000 төгрөгийн үнийн санал ирүүлснээс ********-ийн тендерийг “хамгийн сайн” тендер гэж хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерээр шалгаруулсан нь хууль бус шийдвэр болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            3.32. Тодруулбал: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх” шатанд тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тендерт дараа дараагийн шатны тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа болох мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэх үндэслэлгүй юм. 

            3.33. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсэг хууль бус байх тул энэхүү үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, тендерээс татгалзах талаар хүргүүлсэн мэдэгдлүүд хууль бус байна.

            3.34. Тодруулал: Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай  дүгнэлтийг үндэслэн хүргүүлсэн захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүд нь хууль бус шийдвэр байна.

            3.35. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүд нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдэж байгаа шинжээрээ захиргааны акт биш гэж маргав.

            3.36. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр буюу үнэлгээний дүнэлтийг захиалагчид өгөх бөгөөд захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, дээрх мэдэгдлүүдийг тендерт оролцогч нарт хүргүүлж байгаа шат дараалсан ажиллагааг бүхэлд нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж үзэх тул эдгээр шийдвэрүүд нь захиргааны акт байна. /I хавтаст хэргийн 57 дахь тал/

            3.37. Иймд дээрх мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны актад хамаарна гэж дүгнэв.

3.38. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус болох нь тогтоогдож байгаа тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “эдгээр актууд хууль бус болох нь тогтоогдож байгаа ч нэгэнт хэрэгжиж дууссан гэж үзвэл шүүх хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

3.39. Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтийг үндэслэн захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу бараа нийлүүлэх ажиллагаа дуусч байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанд хариуцагч талын гаргаж өгсөн “Техник хүлээлцэх акт”, “гуравдагч этгээдийн гаргаж өгсөн ажил хүлээлгэн өгөх мэдэгдэл” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

            3.40. Үүнээс дүгнэхэд тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт, захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүд нь хэрэгжиж дууссан байх ба тухайн маргаан бүхий актууд нь хууль бус болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон тул тухайн маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            3.41. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны акт нь шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжээд дууссан байх тул нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаараар “уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа, захиргааны байгууллагаас тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд дахин ийм алдаа гаргуулахгүй байх, тендерт оролцогч нарын тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж, тендерийн баримт бичиг бүрдүүлэх, судалгаа хийх зэрэг маш их ажил, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хувьд оролцогчдын эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоох нь нэхэмжлэгчийн хувьд тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой гэж дүгнэв.

            3.42. Ийнхүү хариуцагчийн ******** ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт, түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд тендер шалгаруулалтыг үндэслэж байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” ч мөн хууль бус болох учиртай.

            3.43. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд байуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу бараа нийлүүлэх ажиллагаа дуусч “Техник хүлээлцэх акт” гарч барааг хүлээлгэн өгөх нөхцөл байдал үүссэн байх тул гэрээний хэрэгжилтийг буцаах, тендерт оролцогч ********-тай дахин гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ/202301715 дугаартай тендерт ********-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            3.44. Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан тул уг тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтласан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтуудыг баримтлан ********-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бутлан ангилах төхөөрөмж” ЭҮТӨҮГ/202301715 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үнэлгээний дүгнэлт”-ийн ********-д холбогдох хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/78 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны СЭ-112-12/73 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ********-ийн хооронд байгуулагдсан 2024/02-10-0027 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ/202301715 дугаартай тендерт ********-ийг шалгарсанд тооцож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугагй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.УУГАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                                     Д.САРАНГЭРЭЛ

                                                                                                    Б.БАТЧИМЭГ