Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          5          11                                    2023/ДШМ/30

 

 

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Шүүгдэгч Б.Г

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн 2034006200296 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Г, 1985 оны 4 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа худаг хайгуулын өрөм засдаг гэх, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 40 дүгээр байр 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

 

Б.Г нь Төв аймгийн Батсүмбэр сум 1 дүгээр баг Суваргын 1-4 тоотод оршин суух Т.Бын хашаанд гүний худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр түүнийг хуурч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн эгч Б.Гийн Хаан банкны 5026760160 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Агьтын 1-13 тоотод оршин суух Ү.Эийн хашаанд гүний худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр түүнийг хуурч 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эгч Б.Гийн Хаан банкны 5026160160 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г “бусдыг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с хохирол 6.287.600 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-т 3.287.600 төгрөгийг, хохирогч Ү.Э-т 3.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийснээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэх шийдвэрийг гаргасан гэж ойлгоход хүргээд байна. Учир нь Б.Г миний бие 2016 оноос эхлэн “Өндөр Толгойн Дриллинг” ХХК-ийг үүсгэн байгуулж гэрээгээр худаг өрөмдөх үйл ажиллагаа явуулж, өнөөдрийг хүртэл бизнес эрхэлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд маш олон иргэд, хуулийн этгээдүүдэд худаг өрөмдөж гаргаж өгсөөр ирсэн нь туйлын бодит үнэн. Тиймээс энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Т.Б, Ү.Э нартай худаг гаргуулах гэрээг бичгээр байгуулан мөнгийг дансанд шилжүүлэн авсан, гагцхүү худгийг гаргахад хугацаа алдсан нь үнэн. Үүний шалтгаан нь худаг гаргадаг өрөмд гидро систем бүрэн шилжүүлэн засварлах болсон. Тухайн үед эмээлтэд өрмөө засварлаж байхад Т.Б өөрийн биеэр ирж бодитоор хараад явсан бөгөөд энэ талаараа үнэн зөвөөр мэдүүлсэн.

 

Миний бие Т.Б, Ү.Э нартай өөрийн “Өндөр Толгой Дриллинг” ХХК-аар гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд талууд нь эрх, үүрэг хүлээж иргэний эрх зүйн харилцаанд оролцсон болно. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадаагүйгээс бидний хооронд үл ойлголцол үүссэн, хугацаа алдсан эцэстээ “Өндөр Толгой Дриллинг” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор Т.Б, Ү.Э нар цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан нөхцөл байдал үүссэн юм.

 

Т.Б, Ү.Э нараас гэрээний урьдчилгаа төлбөрт 3.096.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан бөгөөд уг гэрээний хүрээнд тохиролцооны дагуу “Худаг гаргах зөвшөөрөл”-ийг холбогдох газраас хуулийн хүрээнд өөрийн биеэр Т.Б, Ү.Э нарт гаргуулж өгсөн ба тус зөвшөөрлийг гаргуулахад төлөх ёстой төлбөр нь 96.000 төгрөг байдаг болно. “Худаг гаргах зөвшөөрөл”-үүдийг Т.Б, Ү.Э нар хүлээн авсан талаар шүүх хуралдаан дээр маш тодорхой мэдүүлгүүдээ өгсөн. Тиймээс 96.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд Т.Б, Ү.Э нар мэдүүлсэн. Үүгээрээ хохирогч нар нь иргэний эрх зүйн хүрээнд хэрэгжсэн харилцаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Үүнийг прокурор хүлээн зөвшөөрч дахин шинээр яллах дүгнэлт үйлдэхдээ 96.000 төгрөгийг хасаж тооцсон байдлаар яллах дүгнэлтээ үйлдсэн байдаг. Шүүх энэ талаар дүгнэлт хийж чадаагүй байгаад гомдолтой байна. Миний бие “Худаг гаргах зөвшөөрөл”-ийг гаргуулсан байсан үйл баримт нь өөрөө анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байгаагүй болохыг бүрэн нотлон харуулж байгаа болно. Засвар хийж байсан үеийн зурагнуудыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байхад энэ талаар тодорхой бодитой тайлбарыг шүүх хийгээгүйд гомдолтой байна.

 

Миний бие өөрийн төрсөн эгч Б.Г-ийн Хаан банкны 5026760160 дансны хуулгыг 2018 оноос хойшх байдлаар гаргуулж нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ нотлох баримтаар гэрээгээр худаг өрөмдлөгийн үйл ажиллагааг явуулж тасралтгүй бусдад худаг өрөмдөж өгсөн. Худаг өрөмдлөгийн ажлын хөлсийг уг дансаар авч ирсэн болох нь нотлогддог болно. Иймд бодитой нөхцөл байдлын талаар үндэслэлтэйгээр дүгнэлт хийж чадаагүй. Гагцхүү тухайн тохиолдолд миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд өрмийн машин засвар удааширсан нь үүнтэй зэрэгцээд бүх нийтийг хамарсан Корона вируст цар тахал бий болж санхүүгийн хүндрэл араасаа үүсч хохирогч нарт гэрээний урьдчилгаа төлбөрийг буцааж төлж чадаагүй удааширсан нөхцөл байдал үүссэн нь үнэн болно.

 

Тэрнээс биш миний бие Т.Б, Ү.Э нарыг худаг өрөмдлөгийн ажил хийдэггүй атлаа тийм ажлыг хийдэг мэтээр төөрөгдүүлсэн, бодит байдлыг нуусан зэрэг залилах асуудал огт гараагүй юм. Үүнийг шүүх үнэн зөвөөр ойлгож чадахгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Миний бие цорын ганц үнэнээ хэлэхэд 2016 оноос хойш худаг өрөмдөх ажил хийж үүгээр ажил амьдралаа залгуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд хэнийг ч залилах, хуурах үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй болно. Энэхүү бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаад ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орсон нь миний алдаа, буруу боловч энэ нь залилах гэмт хэрэг огт биш гэсэн итгэл, үнэмшилтэй байна. Үүнийг үнэн зөвөөр шударгаар тогтоож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

 

Шүүгдэгч намайг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн” гэж хэлсэн байх боловч миний бие “хууль эрх зүйн мэдлэггүй байдлаасаа болж хохирогч нарт гэрээний төлбөрийг буцаан төлөхөө илэрхийлсэн агуулгаар мэдүүлсэн нь энэ юм. Тэрнээс биш би эдгээр хүмүүсийг залилаад мөнгө авсан, би ийм гэмт хэргийг үйлдэх бодолтой байсан гэсэн утга санаагаар илэрхийлээгүй юм. Уг мэдүүлгийг өгөх үедээ өмгөөлөгч аваагүй, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангагдаагүй байхдаа өгсөн мэдүүлэг юм. Миний бие нэгэнт гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул тус гэрээний хүрээнд шилжүүлж авсан мөнгийг буцаан төлөх нь үнэн тул төлбөрийг буцаан төлөхөөр мөнгөө хөөцөлдөж шүүхийн шатанд төлөхөөр хичээсэн боловч төлж чадаагүй. Гэвч заавал төлөх ёстой төлбөр мөн тул давж заалдах шатны шүүхийн өмнө төлөх боломж нөхцөл бүрдэж Т.Бт 3.300.000, Ү.Эт 3.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож шударгаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогч нар хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол санал байхгүйгээ илэрхийлсэн, хохирол төлбөрийг төлсөн баримтуудыг өмгөөлөгч маань гомдолдоо хавсарган өгсөн гэв.

 

Шүүгдэгч Г өмгөөлөгч Г.Ичинхорол гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхийн шатанд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчаас 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан, мөн шүүх өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх “Б.Г нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэл шалтгаанаар түүнд 1 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

Б.Г нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлөхөө бүрэн илэрхийлж байсан боловч эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж хохирол төлбөрийг төлж чадаагүй байсан болно. Анхан шатны шүүх нь хохирогч Т.Бт 3.287.600 төгрөгийн хохирол учирсан гэж дурдсан байх боловч 287.600 төгрөгийн талаар ямар хохирол учирсан, энэ нь уг хэрэгт ямар хамааралтай болох, энэ талаар баримтаа гаргаж өгсөн эсэх зэргийг бодитой харгалзан үзэж үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Б.Г нь хохирогч Т.Бт 3.000.000 төгрөгийн хохирол дээр нэмж 300.000 төгрөгийн хамт төлж барагдуулсан байгаа болно.

 

Дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс бодитоор харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Гд хорихоос өөр төрлийн ял буюу торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч Г өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ дараах байдлаар бодит байдалд нийцэхгүй дүгнэлтүүдийг хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

 

Үүнд: Шүүх гэм бурууг тогтоогдож байна гэж дүгнэхдээ хохирогч Т.Б, Ү.Э, шүүгдэгч Г мэдүүлгийг тус тус заан тайлбарласан. Гэтэл хохирогч нарын мэдүүлэг нь “Худаг гаргуулахаар гэрээг бичгээр байгуулсан, мөнгийг дансанд шилжүүлсэн, худаг гаргаж өгөхгүй удсан, худаг гаргадаг өрөм эвдэрсэн гэж хэлсэн, эмээлтэд очиж үзэхэд хэсэг хүмүүстэй янзалж байна гээд байж байсан, сүүлдээ утсаа авахгүй байсан тул өөр компаниар худгаа гаргуулсан” гэх болсон үйл баримтын талаар илэрхийлсэн мэдүүлгүүд юм.

 

Эдгээр мэдүүлгүүдээр дангаараа “Гэрээний харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан уу” эсхүл “Гэмт хэргийн шинжтэй болохыг эргэлзээгүй тодорхойлж байна уу” гэдгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой байтал ийнхүү дүгнэлт хийж чадаагүй. Учир нь: Шүүгдэгч Б.Г нь 2016 оноос “Өндөр Толгой Дриллинг” ХХК-ийг нэг гишүүнтэйгээр, гэрээгээр худаг өрөмдөх үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл уг үйл ажиллагааны хүрээнд бизнес эрхэлж ирсэн болохыг нотолсон тус хуулийн этгээдийн гэрчилгээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

 

Мөн хохирогч Т.Б, Ү.Э нараас өөрсдөө “Өндөр Толгой Дриллинг” ХХК-тай байгуулсан гэрээг гаргаж өгсөн байдаг бөгөөд уг гэрээний хүрээнд талууд нь эрх, үүрэг хүлээж иргэний эрх зүйн харилцаанд оролцсон болох нь тухайн бичгээр байгуулсан гэрээнүүдээр нотлогддог болно. “Өндөр Толгой Дриллинг” ХХК буюу Б.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадаагүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүссэн, хугацаа алдагдсан, эцэстээ “Өндөр Толгой Дриллинг” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор гэрээний нөгөө тал болох Т.Б, Ү.Э нараас цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан нөхцөл байдал үүссэн байдаг.

 

Гэрээний нөгөө тал болох Т.Б, Ү.Э нар нь “Өндөр Толгой Дриллинг" ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор өөр хуулийн этгээдээр худгаа гаргуулсан, ингэхдээ “Өндөр Толгой Дриллинг” ХХК-аас дээрх гэрээний хүрээнд худаг гаргаж өгөхөөр тохиролцсоны дагуу “Худаг гаргах зөвшөөрөл”-ийг холбогдох газраас хуулийн хүрээнд гаргуулж, Т.Б, Ү.Э нарт гаргаж өгснийг үндэслэн худгаа өөр хуулийн этгээдээр гаргуулсан байдаг болно. Талууд гэрээг байгуулахдаа гэрээний урьдчилгаа төлбөрт 3.096.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг бөгөөд үүнээс 96.000 төгрөг нь дээрх “Худаг гаргах зөвшөөрөл”-ийн төлбөр байдаг.

 

“Өндөр Толгой Дриллинг” ХХК нь тус 96.000 төгрөгийн хүрээнд “Худаг гаргах зөвшөөрөл”-үүдийг хуулийн дагуу гаргуулж, Т.Б, Ү.Э нарт гаргаж өгсөн, хохирогч нар нь уг “Худаг гаргах зөвшөөрөл”-үүдийг хүлээн авсан байдаг ба энэ талаар шүүх хуралдаан дээр хүлээн авсан талаараа маш тодорхой мэдүүлдэг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаж бэхжигдсэн. Хохирогч нар нь “Өндөр Толгой Дриллинг” ХХК-аас “Худаг гаргах зөвшөөрөл”-ийг авсан тул гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн хохирсон гэх нийт 3.096.000 төгрөгөөс 96.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг болно. Нэгэнт ийнхүү хохирогч нар нь 3.096.000 төгрөгөөс 96.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн буюу 96.000 төгрөгийн харилцаа нь иргэний эрх зүйн хүрээнд хэрэгжсэн харилцаа гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг.

 

Энэ нөхцөл байдлыг прокурор хүлээн зөвшөөрч сүүлд 60 хүртэл хоногийн хугацаатайгаар шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үед яллах дүгнэлтийг дахин шинээр үйлдэж шүүхэд ирүүлэхдээ гэрээний хүрээнд шилжүүлсэн 3.096.000 төгрөгөөс 96.000 төгрөгийг хасаж тооцсон байдлаар яллах дүгнэлтээ үйлдэж шүүхэд ирүүлсэн. Энэ нь эцсийн үр дүнд прокурор ч нэгэн адил хохирогч нарын мэдүүлснийг хүлээн зөвшөөрч 96.000 төгрөгийн хүрээнд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа болохыг цаад утгаараа зөвшөөрч дээрх байдлаар яллах дүгнэлтээ үйлдсэн. Шүүх ч нэгэн адил 96.000 төгрөгийн хүрээнд үүссэн харилцааны талаар ямар нэгэн дүгнэлтийг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүний учир шалтгаан нь талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс тодорхой хэсэг нь гэмт хэргийн шинжтэй, тодорхой хэсэг нь гэмт хэргийн шинжгүй байх ямар ч боломжгүй юм. Хохирогч нар болон прокурор, шүүхийн энэ талаарх тайлбар, мэдүүлэг, дүгнэлт нь өөрөө иргэний эрх зүйн хүрээнд үүссэн гэмт хэргийн шинжгүй харилцаа болохыг бүрэн илэрхийлж байна. Дээрх “Өндөр Толгой Дриллинг” ХХК-аас “Худаг гаргах зөвшөөрөл”-ийг гаргуулсан байсан үйл баримт нь Б.Г нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан гэж үзэх биш харин эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэх санаа зорилго огт байгаагүй болохыг бүрэн нотлон харуулж байгаа болно.

 

Шүүх энэ талаар анхааралтай хандаж гэмт хэргийн субьектив шинж уг үйл баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийх цагаатгах талын нөхцөл байдал бодитой байхад дүгнэлт, тайлбарыг шударгаар хийж чадаагүй. Түүнчлэн хохирогч Т.Баас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлдэг нөхцөл байдал буюу “Б.Г нь худаг гаргах өрмийн машин эвдэрсэн, түүнийг засварлаж байна гэснийх нь дагуу Эмээлтэд очиж үзэхэд хашаанд өрмийн машинаа засварлаж байсан” гэх мэдүүлгийн талаар шүүх огтхон ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

 

Хохирогчийн энэхүү бодит мэдүүлгээр тодорхой болсон энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн засвар хийж байсан үеийг харуулсан зурган баримтуудыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан, эдгээр баримтуудыг хохирогчийн мэдүүлэгтэй хамтад нь тайлбарласан боловч шүүх энэхүү тодорхой нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлтийг шударгаар хийж чадаагүй. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн авсан Б.Гийн Хаан банкны 5026790160 дансны хуулгыг 2018 оноос хойших байдлаар гаргуулж нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ нотлох баримтаар Б.Г нь гэрээгээр худаг өрөмдлөгийн үйл ажиллагааг явуулж тасралтгүй бусдад худаг өрөмдөж гаргаж өгсөн, худаг өрөмдлөгийн ажлын хөлсийг уг дансаар авч ирсэн болох нь хангалттай тодорхой нотлогдон тогтоогддог болно.

 

Шүүх ийм бодитой нөхцөл байдал, тус нотлох баримтаар тогтоогдсон байхад гэмт хэргийн шинжгүй, цагаатгах талын дүгнэлтийг бодит тогтоогдож байгаа нөхцөл байдалд нийцүүлэн хийж чадаагүй, энэ нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлийг бий болгосон. Энэ баримтаар Б.Г нь тасралтгүй гэрээгээр худаг өрөмдөх иргэний эрх зүйн харилцаанд орж ирсэн болох нь нотлогдох бөгөөд гагцхүү тухайн тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн буюу өрмийн машин эвдэрсэн, үүнтэй зэрэгцээд бүх нийтийг хамарсан корона вируст цар тахал, хөл хорио, эдийн засгийн хүндрэлүүд үүссэн, улмаар хохирогч нарт гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан төлж чадаагүй удааширч сунжирсан нөхцөл байдал үүссэн.

 

Дээрх баримтаар бусдыг буюу худаг өрөмдлөгийн ажил хийдэггүй атлаа тийм ажлыг хийдэг мэтээр төөрөгдүүлсэн, худаг өрөмдлөгийн ажил хийдэггүй атлаа бодит байдлыг нуусан зэрэг шинжүүд байхгүй болох нь хангалттай дүгнэгдэж байхад энэ талаар шударгаар дүгнэлт хийж чадаагүй. Шүүгдэгч Г “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг” гэж шүүгч заасан байх боловч шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй байдлаасаа болж хохирогч нарт гэрээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн агуулгаар мэдүүлгийн энэ хэсгээ илэрхийлснийг түүний эсрэг тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

 

Б.Г нь хэрэг шүүхэд ирэх хүртэл, түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хугацаа өнгөрсний дараа өмгөөлөгч авсан байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа мэдүүлгийг өгөх үедээ өмгөөлөгч аваагүй, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангагдаж чадаагүй байхдаа өгсөн мэдүүлэг байдаг. Тиймээс шүүх түүний уг мэдүүлгийг онцгойлон зааж шүүгдэгч хууль зүйн бүрэн утгаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж, түүгээр тогтоогдож байгаа байдлаар дүгнэлт өгсөн нь өөрөө учир дутагдалтай болсон. Энэ талаар шүүхийн шатанд хангалттай тайлбарлан илэрхийлсэн болно.

 

Б.Г нь нэгэнт гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул тус гэрээний хүрээнд шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх нь гарцаагүй зүйл тул төлбөрийг буцаан төлөхөөр мөнгө хөөцөлдөж шүүхийн шатанд төлөхөөр хичээсэн боловч төлж чадалгүйгээр шүүх хуралдаанд орсон. Гэвч нэгэнт заавал төлөх ёстой төлбөр мөн тулд давж заалдах шатны шүүхийн өмнө төлөх боломж нөхцөл нь бүрдэж, Т.Б, Ү.Э нарт 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

 

Дээрх байдлаар шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бодит байдлаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хохирогч нар хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргасан байгаа гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан аваагүй учир давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Т.Б, Ү.Эрдэнэчимэг нарт худаг гаргаж өгнө гэж мөнгө авч хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцон хуульд заасны дагуу хорих ял оногдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдагдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Дээр дурдсанчлан хэрэгт авагдан, анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Суваргын 1-4 тоотод оршин суух Т.Б болон мөн сумын Мандал 1 дүгээр багийн нутаг, Агьтын 1-12 тоотод оршин суух Ү.Э нарын хашаанд гүний худаг гаргаж өгнө гэж тэдэнтэй 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан хохирогч Т.Баас 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, хохирогч Ү.Эээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн эгч Б.Гийн Хаан банк дахь 5026760160 дугаарын дансаар дамжуулан тус бүр 3.000.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч бусдад нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Т.Бын “...2022 оны 5 дугаар сарын 09-ний орой жижиг тэрэгтэй өөрийгөө “Өндөр Толгой Дриллинг” ХХК-ийн ажилтан, гүний худаг гаргуулна гэсэн үү гээд хашааны гадна ирээд уулзсан. Өөрийгөө Б.Г гэж танилцуулаад гүний худаг гаргах гэрээг уг өдрөөр байгуулж Б.Г гэх хүний Хаан банкны 5026760160 данс руу 3.096.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийсэн, тэгээд л тэрнээс хойш утсаар нь залгахаар өнөөдөр, маргааш очно, техникээ янзалж байна, өрмөө янзалж байна, танай худгийг орос өрмөөр ухах гэж байгаа гээд л ярьсан. Тэгээд 7 дугаар сард бүр гайхаад утсаар нь ярьсан чинь техникүүдээ янзалж байна, та итгэхгүй бол эмээлтэд хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь нэг олон гүний өрөм тоног төхөөрөмжтэй хашаанд байсан. Тэгээд одоо удахгүй очоод гаргаад өгнө та намайг хүлээж бай гээд л, тэгээд утсаар нь ярихаар ахаа ажил явдал гараад говьд явж байна, очоод шууд танай худгийг гаргаж өгнө гээд ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больж утас нь холбогдохоо больсон. Аргаа бараад 8 дугаар сард өөр компаниар худгаа гаргуулсан. Одоо энэ хүнээс шилжүүлсэн мөнгөө авмаар байна, гомдолтой, мөн нааш ,цааш явсан зардлаа нэхэмжилж гаргуулж авмаар байна...” гэх[1],

 

Хохирогч Ү.Эийн “...Худаг гаргадаг Төв аймгийн компани юм байна гэхээр нь утсыг нь аваад холбогдоод ярьсан чинь 5.500.000 төгрөгөөр гаргаж өгнө, удахгүй очиж гэрээ байгуулна, манайх бусад худаг гаргадаг компаниудыг бодвол Орос өрмөөр ухдаг гэж яриад тэгээд 2020 оны 5 дугаар сарын 09-ний орой утас руу залгаад Т.Б гэх айлд гэрээ хийж байна гэхээр нь гэртээ урьсан. Нэг залуу өөрийгөө Тулга, худгийн “Өндөр Толгой Дриллинг” ХХК-ийн менежер байна гээд гэрээний маягт гаргаж ирээд гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөр гээд 3.000.000 төгрөгийг хийчих гээд явсан. Тэгээд өдөр болгон утасдаад танайх ганцхан үлдчихлээ бид нар одоо хотоос гарах гээд байна гэхээр нь 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны 5026760160 дугаартай Б.Г гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд гэрээн дээрх 99726063 гэсэн утасны дугаар руу залгаад асуухаар 2-3 хоногийн дараа очно, өрмөө янзалж байна гээд хойшлуулаад байсан. Сүүлдээ өгсөн дугаар нь холбогдохоо байгаад аргаа бараад өргөдөл гаргаж байна. Намайг хуураад ирэхгүй болохоор нь 9 дүгээр сард өөр компаниар худгаа гаргуулсан, мөнгөө нэхэмжилж авна, гомдол...” гэх[2],

 

Гэрч Б.Гийн “...Би тухайн үед гадаад гарах санаатай өөрийн дансаа мөнгө ихээр орж байх ёстой гээд төрсөн дүү Б.Гд өгч ашиглуулж байсан юм. Тухайн үед мөнгө хэнээс ямар зорилгоор миний дансанд орж хэн хаашаа гарсан талаар мэдээлэл алга байна..., ...”Өндөр Толгой Дриллинг” ХХК-ийг эзэмшдэггүй, тухайн үед дүү Б.Г л миний дансанд мөнгө хийлгэж оруулж гаргасан байна. Би сайн мэдэхгүй...” гэх[3] мэдүүлгүүд,

 

Хохирогч Т.Б, Ү.Э нартай 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” гэрээ, Т.Б нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5027076778 тоот, Ү.Э нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5727025593 дугаарын данснаас Б.Гийн эзэмшлийн Хаан банк дахь 5026760160 дугаарын данс руу тус бүр 3.096.000 төгрөгийг шилжүүлсэн[4] болон Б.Гийн эзэмшлийн Хаан банк дахь 5026760160 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Г өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан байдаг бөгөөд тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдгаараа өмчлөх эрхийн бусад хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 

Шүүгдэгч Б.Г нь “Гадаад худалдаа, гэрээгээр өрөмдлөгө хийх” зорилгоор “Өндөр Толгой Дриллинг” ХХК-ийг үүсгэн байгуулж, бусдад худаг гаргаж өгдөг байсан хэмээн хохирогч нартай “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ч усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх нь “Зөвшөөрлийн тухай” хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.12-т зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгогддог зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой асуудал байдаг.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан гэрээ байгуулж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэг гэж үздэггүй ч гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг буцаан шилжүүлэхгүй байх, үүнийгээ хэрэгжүүлэхийн тул эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэн итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг учир Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч Б.Г бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулдаг учиртай.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гд түүний үйлдсэн, прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний хүрээнд 1 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх түүнд дээрх 1 жил хорих ялыг оногдуулахдаа шүүгдэгч Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Т.Б, Ү.Эрдэнэчимэг нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар цаашид гомдол, саналгүй гэдгээ илэрхийлэн тус шүүхэд бичгээр ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн этгээдийн ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримт гэж үзэн хүлээн авч, уг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд хамааруулан үзэж түүнд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг 520 /таван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирно гэж үзэв.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасан “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох...” гэх заалттай нийцээгүйг болон давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Г анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж заасны дагуу тус шүүхээс оногдуулсан 520 /таван зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн сольж /8х65=520/, цагдан хоригдож буй шүүгдэгч Б.Г суллан шийдвэрлэв.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Б.Г цагаатгуулах агуулга бүхий шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Б.Гд хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Хэргийн оролцогч нарт анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гардуулан өгсөн баримт хэргийн материалд хавсаргагдаагүй ч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх хугацаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг анхан шатны шүүх хүлээн авсан дардас зэргээс үзвэл шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Г.Ичинхорол, Л.Намнансүрэн нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос шийтгэх тогтоолыг гардан аваагүй гэх тайлбарыг гаргаж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дараа шүүхэд ирж гардан авах үүрэгтэй байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийн шүүн таслах ажиллагаа нийтэд нээлттэй явагдан, шүүхийн шийдвэр нь холбогдох хууль, журамд заасны дагуу шүүхийн цахим санд байршсан тул анхан шатны шүүхийг шийдвэрээ прокурорт гардуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэж үзэхээргүй байх тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн болно.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос анхан шатны шүүх хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэх агуулга бүхий дүгнэлт гарган оролцсон болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Т Б Г “бусдыг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг,

“...Шүүгдэгч Т Б Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т Б Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилж,

 

6 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1-9 гэсэн дугаарлалтыг 1-8 болгон өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Г сулласугай.

 

3. Б.Г нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсоныг болон хохирогч Ү.Э, Т.Б нарт тус бүр 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС

 

                              ШҮҮГЧИД                                               Н.ЭНХМАА

                                                                       

                                                                                                М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 1-р хавтас 7-р тал

[2] хх-ийн 1-р хавтас  9-10-р тал

[3] Хх-ийн 1-р хавтас 18-19-р тал

[4] Хх-ийн 1-р хавтас 67-71, 74-76-р тал