Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

 

 

 

 

2023            5            12                                                   2023/ДШМ/31

 

                                            Б.Э-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Цэрэнтогтох,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн 2034005360471 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Б Э, 1983 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цавчир 1 дүгээр баг Босго гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 136 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялаар, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгэр 2 жилийн  хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Б.Э нь П.Багахүү, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Цайдам гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Сын өмчлөлийн адуунаас 9 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж улмаар хохирогч Сад 12,647,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Төв аймгийн прокурорын газраас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б Э-ийг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Э-ийг  2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овогт Б Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг  зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрх хязгаарлах ялаас хасаж түүний зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сараар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймаг, Дорноговь аймаг, Говь-Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахаар тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-өөс 2 323 850 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бт олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Dayun маркийн 173 250 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн 2034005360471 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, үнэлгээний тайлан гаргасан хөлс 45000 /дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-өөс гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-д олгохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Өмгөөлөгч Б.Алтандөш би шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Түүнийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэн, олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүлээн авч, тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай гомдлыг гаргаж байна.

Учир нь шүүгдэгч Б.Э өөрийн холбогдсон эрүүгийн 2034005360471 дугаартай хэргийн гэм бурууг анхнаасаа шууд хүлээн зөвшөөрч, тус хэрэгт гэрч, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан. Мөн тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхийн шатанд 1 000 000 төгрөг, мөн шүүх хуралдааны шатанд шүүхээс тогтоож өгсөн хохирлыг 5 хоногийн дотор хохирогч төлнө гэж тайлбар гаргасныхаа дагуу шүүхээс тогтоосон 2 323 850 төгрөгийн хохирлыг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2 300 000, мөн оны 3 дугаар сарын 04-ний өдөр 70 000 төгрөг, нийт 2 370 000 төгрөг /баримтыг гомдол хавсаргав/-ийг төлж, шүүхээс тогтоосоныг бүрэн төлж барагдуулсан.

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд бүрэн хамаарч байгаа.

Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж хуульчилсны дагуу шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь мөн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т бусад гэмт хэрэг байгаа бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд төлж, үлдсэн хохирлыг шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор төлөхөө илэрхийлж, тэр дагуу хохирлоо бүрэн төлсөн. Энэ нь шүүгдэгч Б.Эөд холбогдох эрүүгийн 2034005360471 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгох бүрэн боломжийг хуулиар олгожээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг нь диспозици заалт биш бөгөөд заавал хэрэглэх гепотиз заалт байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтуудад энэ хуульд заасан зарим гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтан, эсхүл ялтны эдлээгүй ялыг өршөөн хэлтрүүлэх талаар хуульчилсан. Шүүхээр ял шийтгүүлж, тус шийтгэсэн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон этгээдийг ялтан гэнэ. Гэтэл шүүгдэгч Б.Э-ийг шийтгэсэн дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй буюу тэрээр одоогоор, мөн тус шүүхийн шийдвэр гарах явцад шүүгдэгч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тэрээр энэ хэрэгт яллагдагчаар байхдаа Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар буюу мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох бүхий л нөхцөл, байдлыг бүрдүүлжээ.

Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг хэрэглэж түүнд заавал ял ногдуулаад түүнийг солих шаардлагагүйг буюу түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх боломжтойг илтгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласнаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан Б.Э-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор өөрчилж, улмаар мөн тогтоох хэсгийг 5, 6, 7 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Б.Э нь П.Багахүү, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Цайдам гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Сын өмчлөлийн адуунаас 9 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж улмаар хохирогч Сад 12,647,700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч С-ын: “...7 сарын 27-ны өдөр бороо гайгүй болоод адуугаа харах гээд адуун дээрээ очтол манай хээр азаргатай адуунаас 9 тооны морь алга болсон байсан. ...Хүргэнтэй холбогдоод таньдаг цагдаа байвал бүртгүүлээд өгөөч гэсэн чинь төд удалгүй залгаад ...Төв аймгийн Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч Г.Бөхбат гэдэг хүнтэй холбогд гээд дугаарыг нь өгсөн юм. Би тэгээд залгаад Төв аймаг дахь Цагдаагийн газарт ирж Г.Бөхбат хэсгийн төлөөлөгчтэй уулзаад Сэргэлэн сумын мал нядалгааны гарт очиж зургийг нь үзэхэд манай 9 тооны морь мөн байсан. ...Би гомдолтой байна. Би хулгайд алдагдсан 9 тооны адуугаа төлүүлмээр байна.” гэх /1хх 16-17/,

            Гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн: “...Э манай саахалт айл Даваагийнд очиж хоноод маргааш нь буюу 7 сарын 24-ны өглөө 10 цагийн үед манайд ирээд цай хоол идчихээд хоёулаа зүүн хойшоо явж ирье,  яах гэж байгаан гэсэн чинь хэдэн адууны хэрэг байна гэсэн юм. Тэгээд бид хоёр миний төрсөн дүү Отгонмөнхийн эзэмшлийн DAYUN маркын мотоциклийг унаад 13 цагийн үед зүүн хойшоо... хөдөлсөн. Багахүү хулгайн адуу гэдгийг мэдэж байсан. Учир нь Э бид 2-т нэг ч мал байхгүй гэдгийг тэр мэдэж байгаа...” гэх /1хх 22-24, 65/,

Гэрч П.Багахүүгийн өгсөн: “2020 оны 7 сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Э... над руу залгаад би өөрийнхөө 9 тооны адуу хөөгөөд ирлээ... Эрдэнэдалай орж гарал үүслийн бичиг авъя гэхээр холдоод байна чи сумаасаа нэг гарал үүслийн бичиг аваад өгчих гэсэн юм. ...Би Даваатай уулзаад тухайн 9 тооны адууг 7,350,000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд ...би ...өөрийнхөө дансанд урьдчилгаа 3,000,000 төгрөг авсан. ...Би тэгээд 7 сарын 28-ны өдрийн 08 цаг 44 минутад Эийн 5371029500 данс pyy 2,500,000 төгрөг хийсэн... Тэгээд байж байталд Даваа над руу залгаад за гарал үүслийн бичиг чинь ирсэн шүү гээд үлдэгдэл гээд миний данс руу 3,500,000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 850,000 төгрөгийг нь Даваа чи надаа 450,000 төгрөгийн өртэй юм чинь би эндээсээ суулгалаа гэхээр нь би тэг тэг би эд нарт өгчихье гэж хэлсэн. ...Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Г.Бөхбатад болсон зүйлийн талаар хэлээд ...Г.Бөхбат ирээд Эийг Төв аймгийн Цагдаагийн газар руу аваад явсан. Би Э. Эрдэнэбаатар хоёрын тууж ирсэн 9 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй байсан...” гэх /1хх 28, 2хх 239-240/,

Гэрч А.Батцэцэгийн өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай хүргэн болох Сүхбат нь миний гар утас руу залгаад миний эзэмшлийн 9 тооны адуу сураг байхгүй алга болчихлоо, би нутгийн ойр орчмоор яваад олсонгүй. Би таньд 9 тооны адууны зүс тамга тэмдгийн хэлээд өгье, та ...Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж болохгүй юм байхдаа гэж хэлэхээр нь ...дуудлаганд яваад ...өргөдлөө өгч чадаагүй юм. Тэгсэн манай хүргэн дүү болох Баянжаргал нь Төв аймагт байдаг таньдаг хүмүүстэйгээ холбоо бариад 9 тооны адуугаа хэлж тэмдэглүүлэхэд удалгүй Төв аймгийн цагдаа нар хулгайчийн барьсан юм байна, харин танай 9 тооны адуу Төв аймгийн Сэргэлэн сумын тэнд байдаг мах махан бүтээгдэхүүний бойны газарт 9 тооны адууны чинь зүс, тамга тэмдэг нь таараад байна, тэр бойны газарт очсон юм шиг байна гэж хэлсэн...” гэх /1хх 30-31/,

Гэрч С.Мөнхмандухайгийн: “2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 54 минутанд 80616650 дугаарын утсаар манай сумын иргэн С.Багахүү над руу залгаад ...махны бичиг авах гэсэн юм гэхээр нь би тэгье гээд С.Багахүүгийн 2019 оны мал тооллогын баримтыг харахад нэр дээр нь 27 тооны адуу байсан юм. ...Тэгэхээр нь "Хустай мандал” хоршооны ажилтан Ж.Даваапүрэв рүү залгаад ...9 тооны адуу орсон уу гэсэн чинь орсон гэхээр нь зүсийг нь тулгасан чинь Багахүүгийн надаа хэлсэн 9 адууны зүстэй таарч байсан юм. Тэгээд байж байтал 16 цаг 28 минутын үед Даваа миний facebook хаягаар тухайн 9 тооны адууны зургийг явуулаад тэгээд би Мал эмнэлгийн нэгдсэн системээс 159413 дугаарын кодоор гарал үүслийн бичиг хийж өгсөн юм...” гэх /1хх 32-34/,

Гэрч Ж.Даваапүрэвийн: “...намайг Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал мах авдаг цэг дээр ирэхэд 9 тооны адуу зарна гээд манай үйлдвэрийн хашаанд хашсан байсан. Тэгээд би тухайн адуунуудыг үнэ тохироод 9 адууг 7,300,000 төгрөгөөр тохироод худалдаж авсан юм. ...Би тэгээд тухайн хүмүүсийг хулгайн адуу зарж байсан талаар мэдээгүй. ...Багахүү гэх хүн надад 9 тооны адууг зарж наймаалцаж мөнгөө өөрийнхөө Хаан банкны дансаар 2 хувааж авсан. Тухайн 9 тооны адууг өгөхдөө Багахүү гарал үүслийн бичиггүй ирсэн юм... “ гэх /2хх 224-225, 229/,

Гэрч П.Нарангаравын: “ Э өмнө манайд байж байхдаа надаас мөнгө зээлсэн байсан, мөн надаас гар утас худалдаж авсан байсан юм. Ингээд надад 250,000 төгрөг өгөх ёстой байсан учир би ...Багахүү ахын дансанд мөнгө нь байгааг мэдээд шууд ахыг над руу шилжүүл гэж хэлээд авсан юм. ...Улаанбаатар хотод манай ээж Эрдэнэтуяагийн гэрт ...байж байхад ээжээс Багахүү ах Э адуутай юм уу, сая зарсан адуунууд нь уралдсан бололтой морьд дотор нь байсан хачин юм даа гэж хэлээд ээжээс тамгыг нь асуухад тухайн зарсан гэх адуунуудын тамга нь зөрж байна гэж Багахүү ах хэлээд энэ яг хулгай хийчихсэн юм байна цагдаад мэдэгдэнэ гээд явсан...” гэх /2хх 243-235/,

Гэрч Ж.Эрдэнэтуяагийн: “...Багахүүг Э Улаанбаатар хотоос малын бичиг хийлгүүлнэ гээд дуудсан юм. ...Манай хүү Багахүү надаас энэ хэрэг гарсны хойно Э, Эрдэнэбаатар нарын адууны тамгыг асуусан юм. Тэгэхээр нь би аав нь дөрвөлжин хүрээтэй сар, дугуй хүрээтэй чандмань тамгатай байсан энэ тамгаа л дардаг байх учиртай гэж хэлэхэд Багахүү надад хандаж энэ надаар бичиг хийлгүүлж зарсан адуунуудад тийм тамгатай адуу байгаагүй, ер нь цагдаад мэдэгдье гэж хэлээд Сэргэлэн сумын цагдаа Бөхбатад мэдэгдсэн.” гэх /2хх 237/,

Шүүгдэгч Б.Эийн: “...7 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед хойшоо Баян сумын 14 дүгээр тоочгоор гараад зүүн хойшоо явж байгаад уул руу хартал хээр азаргатай 20 гаран тоотой адуу таарсан чинь манай ах Баатар энэ адуунаас тасдаад аваад явах уу гэхээр нь тэгье гэсэн юм. Тэр адуунаас хоёр бор хээр морь, хоёр шар хээр морь, хоёр зээрд халзан морь, хонгор морь, саарал морь, хар морь нийт 9 тооны саран дэвсгэртэй чандмань тамгатай морьдуудыг тасдаад туугаад аваад явсан... Маргааш буюу 7 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Пүрэвсугир овогтой Багахүү руу 89579192 дугаарын утсаар залгаад би өөрийнхөө 9 тооны морьдыг ченжид өгөх гэсэн юм чи гарал үүслийн бичиг аваад ирэх боломж байна уу гэсэн чинь за тэгье гээд ...ирсэн юм. Ирээд Багахүү Баян-Өнжүүл сумын малын эмчтэй утсаар яриад гарал үүслийн бичиг авсан. ...Тухайн үед Багахүүгийн дансаар эхлээд 3,000,000 төгрөг авсан. ...7 дугаар сарын 29-ний өдөр ...Багахүү ээж Туяа, хүргэн Мөнхөө гурав ирээд 3,000,000 төгрөг өгчихөөд явсан. ...Нэмж мэдүүлэхэд Багахүү нь дээрх 9 тооны адууг хулгайнх гэдгийг мэдэж байсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх /1хх 19-21, 67, 231/ мэдүүлгүүд,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 06/328 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Иргэн Сын өмчлөлийн 9 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 12,647,700 /арван хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга долоон зуу/ төгрөг болно.” гэх дүгнэлт /1хх 36-45/,

 Мал эмнэлгийн гэрчилгээ /1хх 88/, Ө.Мөнхчимэгийн Хаан банкны 5372029500 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 89-94/,

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бөхбатын “2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн албан өрөөнд криминалистикийн шинжээч Д.Доржданзан, хөндлөнгийн гэрч Б.Бумба, Б.Равдан нарыг оролцуулан Б.Эийн биед үзлэг хийхэд ил харагдах шарх соривгүй, өмсөж явсан гадуур хувцасны халааснаас нь 84 ширхэг 20,000 төгрөгний, 98 ширхэг 10,000 төгрөгний, 68 ширхэг 5,000 төгрөгний дэвсгэртүүд нийт 3,000,000 төгрөг гарч ирж байгааг илтгэн хуудсанд тэмдэглэл болгон тусгасан” гэх илтгэх хуудас /1хх 106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Б.Эөд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эийг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш нь “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эөд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор өөрчилж, улмаар мөн тогтоох хэсгийг 5, 6, 7 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Эийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан "2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн" гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна гэж үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг, оногдуулсан хоёр жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч Б.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөл үзүүлэх гэмт хэргийн төрөлд багтаж байна.

Харин 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан хуулийн зохицуулалтад шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэрэг хамаарахгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагын алинд эдлүүлэхийг заагаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шинээр заалт нэмж оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч Б.Эийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг тусгаагүй нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймаг, Дорноговь аймаг, Говь-Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахаар...” гэж тогтоосон нь ойлгомжгүй, түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх бүсийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэрээр тогтоож өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Э-өөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бт хохирол болон шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар тус давж заалдах шатны шүүх нь “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэсэн нэршилтэй байгуулагдсан байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар заалтад давж заалдах шатны шүүхийн нэрийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх” гэж буруу бичигдсэн зэрэг алдааг тус тус зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.        Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шинэ заалт нэмсэнтэй холбоотойгоор 1-13 гэсэн дугаарлалтыг 1-14 гэж өөрчилж дугаарлав.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “...Шүүгдэгч Х овогт Б Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дугаар заалтын дараа шинээр “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэсэн заалт нэмж,

5 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймаг, Дорноговь аймаг, Говь-Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахаар тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.” гэж,

8 дугаар заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эөөс 2 323 850 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-т олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эөөс 2,323,850 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бт олгосугай.” гэж,

10 дугаар заалтын “...Эрүүгийн 2034005360471 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, үнэлгээний тайлан гаргасан хөлс 45000 /дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Эөөс гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-д олгохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.” гэснийг “...Эрүүгийн 2034005360471 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан гаргасан хөлс 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Эөөс гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-д олгож, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.” гэж,

12 дугаар заалтын “...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.” гэснийг “...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-13 хүртэлх дугаарлалтыг 1-14 гэж дугаарлаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алдандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                 ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ