Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 15

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Х.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Н.Энхмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Нармандахын Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001960053 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 11 насны хүү охины хамтаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 44-7а тоотод оршин суух,  урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2011 оны 11  дүгээр сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 72 тоот захирамжаар үлдсэн ял болох 1 жил 5 сар 24 хоногийг тэнсэж, хянан харгалзахаар суллагдсан, регистрийн ТЛ81081674 дугаартай, Боржигон овогт Нармандахын Энхмандах нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны оройн 19 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Замчны 40-259 тоот хохирогч Х.Эрдэнэбаатарын гэрт түүнийг өөрийн эхнэр Ч.Одгэрэлтэй хардаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түлээний модоор зодож биед нь зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун дал, баруун өгзөгөнд цус хуралт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Энхмандахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Энхмандах нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 40-259 тоотод оршин суух Х.Эрдэнэбаатарын гэрт 19 цагийн орчим хашаа даван орж өөрийн эхнэр Ч.Одгэрэлийг түүнтэй хардаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар гэрийн униар зодож биед нь зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун дал, баруун өгзөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхмандахын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 17-18 цагийн орчимд миний карт алга болсон байсан. Энэ өдрийн өглөө миний утсанд Хас банкны картаар гүйлгээ хийгдсэн мэдээ ирсэн. Мөн орой нь Замчны АТМ-аас гүйлгээ хийгдсэн мэдээ утсанд ирсэн. Тэгэхээр нь Замчин ороод асуусан чинь эхнэр гэгдэх Одгэрэл гүйлгээ хийсэн байсан. Тэгээд би Замчнаас доошоо уруудаж явж байгаад Эрдэнэбаатарын машиныг хашааныхаа гадаа байгааг хараад яваад ороход эд нар архидаж байсан. Эрдэнэбаатар Одгэрэлийн гараас нь барьчихсан байхаар нь хардсаны улмаас барьж явсан модоороо цохиж гарыг нь гэмтээсэн. Тэгээд Одгэрэлийг аваад гараад явсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Эрдэнэбаатарын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 08-ны орой 17 цагийн үед Эрдэнэбат ахыг гаргаж өгөх гээд үүдний амбаарт зогсож байтал Энхмандах гэдэг залуу орж ирээд “Та нар хэн бэ” гээд уньны 60 сантиметрийн урттай модоор Эрдэнэбат ахыг цохиод дараа нь намайг цохьсон. Миний толгой руу цохих гэхээр нь гараараа хамгаалсан. Эрдэнэбат ахыг аваад гэр лүүгээ ороход Одгэрэл, Энхмандах хоёр яваад өгсөн байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд “гэмтлийн эмнэлэг рүү яв” гэж хэлэхээр нь очиж гипэсдүүлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэбатын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын эхээр шиг санаж байна одоо өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. би хуурай дүү Эрдэнэбаатарын гэрт 12 цагийн үед орж 3 шил 0.75-ийн архийг Эрдэнэбаатар, түүний эхнэр Одгэрэл, хуурай дүү Бат-Эрдэнэ нарын хамтаар хувааж уусан. Эрдэнэбаатартай хоёр хоногийн дараа уулзахад гар нь хугарчихсан гээд шохойдуулчихсан явсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 15-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Одгэрэлийн өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өлөр Эрдэнэбаатарын гэрт байж байтал гаднаас Энхмандах орж ирэхэд Эрдэнэбаатар зөрөө гараад явсан, гадаа зодоон болоод байх шиг байсан, хүүхэд тухайн үед уйлаад байхаар нь би гараагүй юм. Би хүмүүсийг хооронд нь зодолдуулаад яах уу Энхмандахтай гэртээ очиж учраа олъё гээд хамт явсан юм. Би 3-4 хоногийн дараа уулзахад зүүн гараа гипэсдсэн байсан. ” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 19-20 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/456 дугаар:

      “1. Эрдэнэбаатарын биед зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун дал, баруун өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Энхмандахад холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нармандахын Энхмандахыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Энхмандахад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Энхмандахад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Энхмандахад мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Энхмандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Н.Энхмандахад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Энхмандах урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ