Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

 

 

 

 

 

 2023            5            12                                                   2023/ДШМ/32

 

                                            Ц.Бд холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Одгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М, түүний өмгөөлөгч П.Г,

            Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2234000000461 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо Зээлийн 10-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж байсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын “Хүүлэй хан” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө төрсөн ах Ц.Гын толгойн тус газар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

Төв аймгийн прокурорын газраас Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б Ц Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Б өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Ц овогтой Б миний бие эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул давж заалдах хүсэлтэй байгааг минь хүлээж авна уу. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 223400000461 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан шийдвэрлээд шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцон түүнд 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэрлэсэн тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцохдоо гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэдэг. Уг дүгнэлтэд / ...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, ... талийгаач нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас барсан/ гэх дүгнэлт байдаг. Мөн мөрдөн байцаалтын явцад амь хохирогч нь хүнд гэмтэл авсан цаг хугацаанаас хойш ойролцоогоор 14-16 цагийн дараа нас барсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтаар тогтоогддог. Тодруулбал гэрч Д.Эрдэнээгийн “талийгаачийг дуудаад сэрээхэд амьсгаатай байсан, Цээл сум руу авч явсан, өдөр 14 цаг орчимд залгахад аавыгаа алдчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг гэрч Д.Саруултуяагийн “ Цээл сумын эмнэлэг рүү авч явсан, Цээлийн эмнэлэг дээр 2 цаг гаран болсны дараа Улаанбаатар хот руу авч яваад Эмээлт дээр нас барсан” гэх мэдүүлэг, гэрч М.Мөнхтуяагийн “9 цаг 20 минутын орчимд эмнэлэг дээр ирэхэд эмч нар анхны тусламж үзүүлж байсан 2 хагархай байсан 5 оёдол тавьсан, дараа нь эмчилгээ дуслаар хийсэн, эмч Л.Пүрэвсүрэн намайг тухайн хүнийг аваад Улаанбаатар хот яв гэсэн Эмээлт 22-ын товчоон дээр нас барсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнх-Очирын 22-ын товчооны тэнд аав нэг сонин болоод хөлөө тийчлээд байсан, тэгээд амьсгал хураасан гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагджээ. Үүнээс үзэхэд талийгаач хүнд гэмтлийг аваад эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй Жаргалант сумаас цаашаа Цээл сум руу явж хугацаа алдсан зэрэг асуудалд хэргийн оролцогчид маргадаггүй. Харин шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүнийг шууд санаатай алах үйлдэл байсан уу эсвэл хүний биед хүнд гэмтэл учруулах үйлдэл байсан уу гэдгийг анхан шатны шүүхээс ялгаж тогтоож чадаагүй. Тодруулбал 212 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмч И.Ганболор нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийн гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан тайлбар өгөхдөө болон оролцогчоос асуусан асуултад “амь хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барсан, яаралтай арга хэмжээ аваад хагалгаанд оруулсан бол амь насыг аврах боломжтой, хүнд гэмтлээс үүссэн бусад хүндрэлээс болж нас барсан” гэж тодорхой мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг шинжээчийн тайлбар бус өмгөөлөгчийн хүсэлт гэж үзээд авах боломжгүй гэжээ.

2.Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай тогтоолд “Хүнийг санаатай алах”, “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандах сэтгэхгүйн хандлага, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл гэмтлээс шалтгаалах бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дугаартай тогтоолд “ ... гэмтэл учруулсан хүний хүсэлт зоригоос үл хамаарах хүчин зүйлээс хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дэх хэсэгт зааснаар санаатай үйлдэл болгоомжгүй хор уршиг хүргэх” гэж үзнэ гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь төрсөн ахыгаа хөнөөх ямар ч санаа зорилгогүй, тэр ч бүү хэл маргааш нь хувцасаа сольж өмсөөд ахыгаа/талийгаачийг/ эмнэлэгт хүргэх эмнэлгийн тусламж авахуулах зорилгоор тээвэрлэж явсан болох нь тогтоогддог. Ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан байхад анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг анхаарахгүй, мөн хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдлууд байна.

Иймд тус шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан зүйл хэсгээр зүйлчилж ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Г овогтой М миний төрсөн эцэг болох Ц овогтой Гын амь насыг Ц.Б 2022 оны 10 дугаар сарын 12-нд онц хэрцгийгээр хөнөөсөн. Ц.Бд өгсөн ял шийтгэлийн хэмжээнд миний бие болон ах дүү нар минь санал нийлэхгүй байна. Төв аймгийн анхан шатны шүүхийг хэрэг явдлыг үнэн шударгаар шийднэ гэж итгэж харж байлаа. Гэтэл прокурор 9.8 жил хаалттай ангид ял эдлүүлнэ гэж санал дэвшүүлж байхад анхан шатны шүүх нээлттэй ангид хамгийн бага ялыг өгсөнд үр хүүхдүүд бид гомдолтой байна. Энэ бол зүгээр нэг малын хулгай биш энэ бол хүний алтан амь нас яригдаж байгаа. Би шаардлагатай гэж үзвэл хэвлэл мэдээллийн сайтуудад цаашаа мэдэгдэх ёстой бүх газруудад мэдэгдэхэд бэлэн байна. Төв аймгийн анхан шатны шүүхийг би хардаж байна. Аавын минь алтан амь насыг онц хэрцгийгээр хөнөөчихөөд шүүгдэгчийн давж заалдаж байгааг маш ихээр гайхаж гомдож байна. Төв аймгийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг үнэн шударгаар шийдэж ялын хэмжээг дээшлүүлж хаалттай ангид өгөх ёстой шийтгэлийг ноогдуулж, үүрэх ёстой хэргийг үүрүүлнэ гэдэгт итгэж байна. Эрүүл саруул аавыг минь тамлан зовоож, тарчлаан амь насыг нь хөнөөсөнд үр хүүхдүүд бид маш их гомдолтой байна” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Пүрэвсүрэн овогтой Гын зүгээс Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 103 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Өмгөөлөгч миний хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мын өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас эхлэн ажиллаж байна. Шүүгдэгч Ц.Б холбогдсон эрүүгийн 2234000000461 тоот гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарна. Анхан шатны шүүх энэ хэргийн хохирол, хор уршиг арилаагүй байдал, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирлын хэмжээн дээрээ маргаж буй байдал, гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б согтуугаар үйлдсэн байдал, хэргийн газрын ул мөрийг анхнаасаа зохион байгуулалттайгаар арилгаж, цэвэрлэсэн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлуудыг огт дүгнэж үзэлгүйгээр шийдвэр гаргасанд хохирогч талын зүгээс маш их гомдолтой байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч талд /оршуулгын зардалд/ гаргаж өгсөн ах дүү, найз нөхдөөс нь цугларсан 6 сая төгрөгийг шүүгдэгч Ц.Б би өөрөө өгсөн гэж худлаа мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа нь харагдана. Ийм хүн чанаргүй зан гаргаж, хохирлын хэмжээн дээрээ маргаж буй үйлдэл нь гэм буруу дээрээ маргаж байгаа гэж ойлгогдож байна. Миний үйлчлүүлэгч эрүүл саруул биетэй байсан төрсөн эцгээ алдчихаад сэтгэлзүйн хувьд маш хүнд хэцүү байхад шүүгдэгч талын зүгээс давж заалдах гомдол гаргаж, ямар ч хууль зүйн үндэслэлгүй зүйл дээр хэргийн зүйлчлэл өөрчлүүлэхээр зүтгэж байгааг гайхаж байна. Хэргийн материалаас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд ихээр байдаг. Тодруулбал 1.1-д заасан "хохирогчид бие махбод, сэтгэл санааны зовиур үүсгэж, онц харгис хэрцгий аргаар алсан” гэх, 1.5-д заасан “ хохирогчийн ойр дотно хүмүүсийн дэргэд хэргийг үйлдсэн” гэх, 1.6-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлууд байсаар байхад анхан шатны шүүх огт харгалзаж үзээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №212 тоот дүгнэлтэнд: талийгаач Ц. Гын биед тархины эдийн няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал, хуйханд шарх, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Шинжээч эмч И.Ганболор гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл энэ хэргийн зүйлчлэл анхнаасаа огт тохироогүй ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байдаг. Тодруулбал "Онц харгис хэрцгий арга"-гэдэгт: Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон... эсхүл ... түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна" гэжээ. Улсын Дээд Шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №23-р тогтоол/

Тэгвэл дээрх шинжээчийн дүгнэлтээр талийгаачид олон тооны гэмтэл, шарх сорви үүсгэсэн, мөн цус их хэмжээгээр алдан, үг яриа хэлж чадахгүй тарчлан шаналсан, эмнэлгийн тусламж үзүүлэхэд санаатайгаар удаасан, ойр дотных нь буюу төрсөн ах, дүү нарынх нь гэрийн хажууд алсан зарэг бүх шаардлага хангагдсан байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд заагдснаар шүүгдэгч Ц.Б нь мохоо зүйлийн /сүхний ар хэсгээр/ хэд хэдэн удаагийн үйлчлэлээр талийгаачийн тархи толгой руу санаатайгаар алахаар цохисон үйлдэл нь онц харгис аргын хэлбэрийн шинжийг бүрэн агуулж байна. Хэрэв шүүгдэгч Ц. Б амь хохирогчийг үнэхээр алах зорилго байгаагүй бол 1 удаа цохиод гэрээс гараад явах боломжтой байхад тийм зүйл болоогүй. Хүнийг хутгаар 2 ба түүнээс дээш удаа хутгалан алахаар онц харгис хэрцгий арга болчихдог хэрнээ сүхээр 2 ба түүнээс дээш удаа цохиж алахаар онц харгис хэрцгий арга болдоггүй практикийг гайхаж байна. Мөн талийгаач Ц.Г нь хүнд хэлбэрийн согтолттой байсан нь хуульд зааснаар өөрийгөө хамгаалах чадваргүй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №103 тоот /хууль буруу хэрэглэсэн, процессын тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй/ шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг 10.1 дүгээр зйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зөвтгөн зүйлчлүүлэх боломжоор хангаж, эрх нь зөрчигдөж, хүний алтан амиараа хохирсон хохирогч талын нөхцөл байдлыг хуулиар хамгаалж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Б үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой. Ялыг нь нэмж өгөөч гэсэн саналтай байна. Энэ хүнд эдлэх ёстой ялыг нь эдлүүлэх ёстой гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өмгөөлөгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлж зүйлчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү. Мөн шинжээчийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгийг анхаар үзэхийг хүсье гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын “Хүүлэй хан” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө төрсөн ах Ц.Гын толгойн тус газар цохиж алсан үйл баримт нь

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу манай ах Г.Мөнх-Очир утсаар яриад аав Г хүнд зодуулаад Төв аймгийн Цээл сумын эмнэлэгт ирчихсэн байна гэхээр нь би анхандаа гайгүй юм байх гэж бодсон. ...Тэгээд би тэр даруйд нь шинэ байрны найр хийсэн Лувсандаш ахын эхнэр Саруултуяа руу залгаад яасан юу болсон юм бэ гэхэд ...Б тэр 2 хамт хоносон юм аа, тэгээд өглөө болоход л харин ийм юм болчихжээ гэж хэлсэн. ...Аавыг ах Г.Мөнх-Очир аваад Төв аймгийн Цээл сумаас Улаанбаатар хот руу ирж байх хугацаанд би ГССҮТ дээр нөхөр Цэрэнжавын хамт хүлээгээд байж байхад ах Г.Мөнх-Очир над руу утсаар яриад аав Эмээлт дээр ирээд зүрх нь зогсчихлоо гэж ярихаар нь би нөхөртэйгөө хамт Эмээлт дээр яваад очиход аав нас барчихсан байдалтай байсан. ...Ер нь энэ хэргийн талаар Эрдэнэчимэг эгч болон түүний нөхөр Эрдэнээ ах 2 л сайн хэлэх байх бусад хүмүүс бол тодорхой ярихгүй байх. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Гэрч Д.Эрдэнээгийн: “...Тэгээд маргааш өглөө 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед бие засчхаад Гыг ганцаараа унтаж байгаа юм чинь дуудаж цай уулгая гэж бодоод гэр рүү нь явсан. ...Тэгээд очоод гэрийн хаалгыг нь онгойлгоод ортол Г газар зуухны хойд талд толгой нь хоймор руугаа харсан байдалтай ноосон цамц, өмдтэй, гуталгүй, толгой хэсгээ нэг даавуу маягтай юм бөөгнүүлээд гараараа дарчихсан хэвтэж байсан. Гэр дотор маш их цус болсон байсан бөгөөд талийгаачийн гэдэсний урд хавьд нэг төмөр иштэй, хурц иртэй сүх байхаар нь аваад гэрийн баруун хаяанд нь тавьчхаад гэрийн баруун талын орон дээр нэг дээл нөмөрсөн хүн атиралдаад хэвтэж байхаар нь би хэн юм бол гээд дээлийг нь сөхөөд автал Баагий хэвтэж байсан. ...Талийгаач бол ямар нэгэн юм ярьж чадахгүй байсан. Харин Баагий эхлээд их шоконд орсон уу яасан мэдэхгүй согтуу юм шиг байж байснаа сүүлдээ гайгүй болсон. Тэгээд би Баагийгаас чи яагаад ахыгаа зодчихсон юм бэ гэтэл ахаа би юу ч мэдэхгүй байна гээд байсан...” гэх /хх 18-20/,

Гэрч Д.Саруултуяагийн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний ...орой ...талийгаач ах Ц.Г ах ...гэрт ороогүй үүднээс ахдаа 1 шил архи өгөөч ээ ахад нь хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би 0,75 граммын ногоон өнгөтэй Экс архи өгөөд явуулсан. Талийгаач ах маань дүү Ц.Бтэй хамт ирсэн юм. ...Найр болсны маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ...хүмүүс шуугилдаад явчихаар нь би яваад очтол гэрт талийгаач эрүүн дээрээ 2 гараа тавьчихсан доошоо хараад хэвтэж байсан. 2 гар, нүүр нь цус болчихсон, өөрийнх нь хэвтэж байсан ойр орчмоор нь цус болчихсон байсан. Өмсөж байсан хувцас нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. ...Бид хэд орных нь бүтээлгээр талийгаач ахыг хэвтүүлээд цэнхэр дээлээр биеийг нь хучаад Цээл сумын эмнэлэг рүү явсан. ...Талийгаач ах маань өөрийн төрсөн дүү Бтэй хоносон. Өөр тэнд гадны хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ...09 цаг 20 минутын орчимд эмнэлэг дээр ирэхэд ...Пүрэвсүрэн эмч нэг эрэгтэй хүнд оёдол тавьж байсан. Тэгээд эмчийн ажилд тусалсан. Тухайн Г гэдэг эрэгтэй хүний толгойны баруун талын хэсэгт 2 хагархай байсан бөгөөд том хагархай дээр нь 5 оёдол, мөн жижиг хэсэгт нь 2 оёдол тавьсан. Баруун талын гавал цуурсан юм уу гэмээр оёдол тавьж байх үед бамбалзаж байсан. Мөн үзлэгийн явцад биеийн байдал ухаангүй шахуу, өөрийгөө удирдаж чадахгүй, шал согтуу гэмээр, их хэмжээний цус алдсан байдалтай, биед зовуурь ихтэй, орчиндоо харьцаагүй байсан. Тэгээд тухайн иргэнд цус тогтоох, өвдөлт намдаах, огиулалт бөөлжис зогсоох, даралт буулгах зэрэг эмчилгээг тариа болон дуслаар хийсэн. ...би сувилагч Өнөрцэцэгийн хамт өвчтөн Гын хүү Мөнх-Очирын машинтай Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү тээвэрлээд явж байх замд Улаанбаатар хот орохын наахан талд Эмээлтэд биеийн байдал муудаж, амьсгал хураасан...” гэх /хх 25-26/,

Гэрч Г.Мөнх-Очирын: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би гэртээ байж байхад өглөө манай аавын төрсөн дүү Лувсандашийн эхнэр Саруултуяа манай эхнэр рүү залгаад аавыг хүн зодсон байна. Цээл сумын эмнэлэг дээр хурдан хүрээд ир гэж хэлүүлсэн байсан. ...Тэгээд би Цээл сумын эмнэлэг рүү Лувсандаш болон  Б ах нартай хамт өргөж оруулаад эмчид үзүүлээд эмч толгойных нь баруун хэсэгт оёдол тавьсан. ...Аавыг аваад хот руу орж явах замд буюу Эмээлт болон 22 товчооны тэр хавьд ирээд ...амьсгал хураасан. ...Миний сонссоноор бол манай аавтай хамт Б ах хоносон. Хоёулаа согтуу байсан гэсэн. Тэгээд өглөө Эрдэнээ ах гэрт ороход гэрээр нэг цус нөж бас бөөлжис болчихсон байсан гэсэн. ...Би бодохдоо энэ асуудалд манай аавын төрсөн дүү Б л холбоотой юм болов уу гэж бодож байна...” гэх /хх 28-29/,

Гэрч Ц.Лувсандашийн: “Манайх 2022 оны хавар шинэ байшин барьсан бөгөөд ...сая намар ногоо тариагаа хурааж авчхаад буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сайн өдөр харж байгаад ах, дүү нарыгаа цайлуулсан юм. ...Маргааш өглөө нь би ...талийгаач Г ахын гэрт очоод үүдэнд нь зогсоод гэрт ороход манай Б дүү ахын толгойг угааж байсан. Тэр гэр орон бол нэлэнхүйдээ цус нөж болчихсон харагдаж байсан. ...Хажууд Б би ахыгаа алчихлаа гэж хэлээд орилоод байсан. Чи одоо яасан юм бэ гэхээр би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгснээ би ингэчихсэн юм байхдаа гээд байсан. Тэр орой тэр 2 хамт хоносон. Өөр гадны хүн байгаагүй гэсэн. Ах болохоор ёоё ёоё гээд нүүр, нүд, толгой нь нэлэнхүйдээ хавдчихсан орилоод байсан. Тэгээд цааш явсаар Цээл сумын эмнэлэг ороод тэндээ оёдол тавиулчхаад цааш Г ахын хүү Мөнх-Очир аваад Улаанбаатар хот руу явсан. ...үдээс хойш манай эхнэр рүү холбогдоод ахыг замдаа өнгөрлөө гэж хэлсэн...” гэх /хх 34-35/,

Гэрч Л.Анукагийн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...цайллагад би хүүгийн хамт очсон. Тухайн өдөр манай аав болон ээж нарын ойрын хамаатнууд ирсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг хүртэл үргэлжлээд би маргааш нь ажилтай байсан болохоор хүүгээ аваад 16 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. ...Тэгтэл маргааш өдөр нь би ажил дээрээ байж байхад манай ээж Саруултуяа над руу утсаар яриад талийгаач ах Г Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явсан шүү гэж хэлсэн. ...Би юу болсон талаар асуугаагүй. Би тэр өдөр 16 цаг 30 минутын орчимд ажлаа тараад Гэмтлийн эмнэлэг рүү явж байхад талийгаач ахыг 22 товчоогоор орж ирээд нас барлаа гэж тэнд явсан хүмүүсээс нэг нь ярьсан...” гэх /хх 42-43/,

Гэрч Д.Баттогтохын: “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багт амьдардаг төрсөн дүү Лувсандашийн шинэ байшингийн найранд бусад ах, дүү нарын хамт уригдан очсон. ...Би маргааш нь ажилтай болоод орой 17 цагийн орчимд буцсан. ...Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Лувсандашийн охин Анукатай чаталж байхад над руу тэнд нэг юм болсон юм шиг хэлээд талийгаач Г ахыг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би талийгаач ахын охин М руу юу болсон талаар асууж чат бичихэд М аав харин Гэмтэл рүү ирж байгаа гэнэ би нөхөртэйгөө тосох гээд явж байна гэсэн. ...Тэгтэл 22 товчоо дээр нас барчихлаа гэж хэлээд Мын нөхрийн машинтай бид нар 22-ын товчоо руу очиход тэнд Лувсандашийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй талийгаачтай хамт түүний хүү Г.Мөнх-Очир, Б мөн түүний эхнэр Алтанцэцэг нар байсан...” гэх /хх 45-46/,

Шүүгдэгч Ц.Б өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй Хан 5 дугаар баг Бор Хужир гэх газар манай төрсөн ах Ц Лувсандаш шинэ байрны найр хийгээд бид нар ах дүү нараараа цуглаж найранд очсон. ...Тэгээд талийгаач ах намайг чи ахтайгаа хамт уу гээд бид 2 тал шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад ор засаж өгөөд унтуулах гэхэд би гэртээ очиж унтана энд унтахгүй гэж хэлээд явахаар болоход Эрдэнээ ах намайг чи ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгээд гарах гэхэд талийгаач ах архи нэхээд байхаар нь ширээнд дээр байсан тал шилтэй Болор нэртэй архийг Эрдэнэ ах авч өгөөд май энийг аваад яв гэж хэлээд өгсөн. ...агаа бид 2 тал шилтэй Болор архиа хувааж уусан. Тэгээд ...Лувсандашийн гэрээс ...0.75 литрийн 1 шилтэй архи болон 2 жижиг ундаа аваад агаа бид 2 буцаад талийгаач ахын гэрт ирж тэр архиа хувааж уусан. ...Тэгж байгаад ойр зуур маргалдаад болиод байсан. Дахиад нэг мэдэхэд талийгаач ах намайг нүүр рүү цохисон уу, мангасдсан уу би ямар ч байсан сууж байсан сандлаасаа хойшоо саваад ойчсон. Тэрүүхэн хооронд би бас агаагийн нүүр рүү нь юм уу, цээж хэсэг рүү нь хөлөөрөө тийрч өшиглөсөн. Би босох гээд өндийхөд талийгаач сүх барьчихсан над руу дайрч байсан бөгөөд тэгээд би сүхийг нь булааж авах гээд ноцолдож байснаа л санаж байна. Цааш нь юу болсныг бол сайн санахгүй байна. ...Сүүлд би мөрдөнд /цагдан хорих байранд/ сууж байхдаа болсон асуудлыг бага багаар санаад байхад талийгаач ах надад агсам согтуу тавиад байсан. Би бас та нарын бага дүү ч гэсэн та нарыг зовоож байгаагүй биз дээ гэж хэлж байснаа санаж байна. Ах яМай ч намайг чи муу сүртэй пизда, юм үзээгүй энэ тэр гээд агсарч байсныг би санаж байна. Талийгаач ах бид 2-ын маргалдсан асуудал нь намайг сүртэй пизда, юм үзээгүй гэх зэргээр агсам тавьснаас болсон. ...Тухайн сүх нь төмөр иштэй, төмөр сүх байсан санагдаж байна...” гэх /хх 81-82/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5176 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн Б гэж хаягласан 42 настай эрэгтэй гэж хаягласан, С00780290 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Уг хуруу шилтэй цус А(II) бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх 119-120/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5179 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд хүргүүлсэн төмөр сүх нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Төмөр сүхний хажуу талаас цусны толбо илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. Төмөр сүхэн дээрээс илэрсэн ДНХ-н тогтоц нь амь хохирогч Ц.Гын ДНХ-н тогтоцтой тохирч байна.” гэх /хх 129-130/,

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн: “Ц.Б биед баруун хацар, доод уруул, зүүн хацар, зүүн завьж, эрүү, цээж, хэвлий, нуруу, баруун гарын сарвуу, зүүн шилбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 133-134/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5177 дугаартай шинжээчийн: “1.Ц.Б гэх хатаасан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ц.Б ДНХ-н тогтцыг тогтоов.” гэх /хх 141-142/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5178 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шаргал өнгийн өмд, бор өнгийн ноосон цамцнаас цус илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. 3.Шаргал өнгийн өмд бор өнгийн ноосон цамцнаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Гын ДНХ-н тогтоцтой байна.” гэх /хх 143-144/,

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Ц.Гын биед тархины эдийн няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал, хуйханд шарх, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Талийгаачийн цусанд 0.6% ходоодны шингэнд 0.9% спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Талийгаач нь /4/-р бүлгийн цустай байна. 6.Талийгаач Ц.Г нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх /хх 154-158/ дүгнэлтүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 147-150/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 159-165/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /хх 177-178/, төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Б өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 230/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай болон шүүгдэгч Ц.Б нар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан зүйл хэсгээр зүйлчилж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргээс ялгагдах шинж нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан эсэх зэрэг нөхцөл байдлуудаар ялгагдана. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрт шүүгдэгч Ц.Б, амь хохирогч Ц.Г хоёроос өөр хүн хамт хоноогүй, амь хохирогчийн биед учирсан тархины эдийн няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.  

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Амь хохирогч Ц.Гыг Төв аймгийн Цээл сумын Эрүүл мэндийн төвд хүргэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд анхан шатны тусламж үзүүлж, толгойд байсан хагархайд 5 оёдол тавьж, эмчилгээ хийсний дараа түүнийг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэх замд амь хохирогч нас барсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч И.Ганболор амь хохирогчийг хугацаа алдалгүй дээд шатлалын эмнэлэгт хүргэсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан /хх 86/ талаар мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зөвтгөн зүйлчилж өгнө үү” гэх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М “...хорих ялын хэмжээг нэмэгдүүлж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6-д тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинж болгон заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдгээр нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.

Шүүгдэгч Ц.Б нь амь хохирогч Ц.Гын биед олон тооны шарх, гэмтэл учруулсаны улмаас түүнд зовж зүдрэхээр байдал бий болгосон гэж үзэж болохоор байх ч шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийг өвтгөн шаналгах, тарчилган зовоох аргыг сонгож уг аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, зориуд хүсэж санаатайгаар үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргах давж заалдах шатны шүүхийн эрх, хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг Монгол улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болсонд тооцсон, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох буюу шүүгдэгчид оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээг хуулиар олгоогүй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.   

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М, түүний өмгөөлөгч П.Г нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.Б 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

 

                                 ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ