Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 119/ШШ2024/0046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ********

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

 “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01-р тогтоолд ********-ийн хүсэлтийг хангаж 18 насанд хүрээгүй ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүү хувааж 50 хувиар хассан захиргааны актыг хүчингүй болгож 2024 онд олгогдоогүй тэтгэмжийг нөхөн олгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********  нь “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлд холбогдуулан “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01-р тогтоолд ********ийн хүсэлтийг хангаж 18 насанд хүрээгүй ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүү хувааж 50 хувиар хассан захиргааны актыг хүчингүй болгож 2024 онд олгогдоогүй тэтгэмжийг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба

нэхэмжлэгч ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 3,250.000 төгрөгийг нөхөн гаргуулах гэж тодруулсан болно.

2. Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрдэнэ багийн Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаар хурлаар иргэн ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэж, хүү ******** тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамруулахаар шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар бид энэ хурлын бүх үйл ажиллагаа  мэтгэлцээний зарчмаар явагдана гэж найдаж байгаа. Тийм учраас та бүхэнд тавих асуулт байна. Та бүхнээс авах хариултад нь хариу тайлбараа өгөх хэрэгцээтэй байна. Хууль хэрэглээний талаар аль аль тал хуулиа барьж байгаад ярих ийм асуудлууд байгаа. Манайх нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна. Би танайхаас шүүхэд гаргаж өгсөн тайлбартай танилцлаа, энэ тайлбар дээр өгсөн тайлбар дээр мөн Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг би бас хариуцагчаар татаад сүүлд нь шүүхийн харьяалал биш гэж энд ирсэн тэр явцад Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас өгсөн хариу тайлбарууд дээр тэжээгч нь нас барсан 18 насанд хүрээгүй хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар хуульчлан зохицуулдаг гэж танайх ч өөрсдөө бичсэн байна. Яг ийм байдлаар нэхэмжлэлээ бид нар Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар шийдвэрлэх юм бол хууль ёсны гэр бүлийн, өөрөөр хэлбэл тэжээгч нь нас барсан, нас барсан тэжээгчийн хууль ёсны гэр бүлийн 18 насанд хүрээгүй хүүхэд бол ******** гэдэг хүүхэд байна. Тэдний гэр бүл дотор нэмэгдэж тэтгэврээс нь хуваалцах авах хүүхэд хуульд заасан үндэслэлтэй хүн одоогоор байхгүй. Танай гаргасан шийдвэрийн дагуу харин бий болчхоод байгаа, ямар үндэслэлээр бий болсныг та бүхэн сонссон гэж ойлгож байгаа. Энэ тэтгэлэг, тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийддэг Нийгмийн халамжийн тухай тэр хууль бол хууль хэрэглээнийхээ хувьд бусад хэд хэдэн хууль, тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын өмнө хүлээсэн гэрээ мөн Шүүхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Шүүхийн ерөнхий хуулиудтай бол уялдаж байж энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ёстой байсан. Танай талаас энэ асуудлыг дутуу дулимаг хийсэн байна.

 Өөрөөр хэлбэл, ******** гэдэг хүүхэд энэ тэтгэмжийг хууль ёсоор хувь тэнцүү хувааж авах хүн гэдгийг нотлох гэж оролдсон боловч танай оролдлогыг нотлох тийм хууль зүйн үндэслэлтэй бүх баримтууд сайн тогтоогдохгүй байна гэж би харж байгаа. Та нар төрийн захиргааны байгууллагын ажилчин, албан хаагчид Захиргааны ерөнхий хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны ерөнхий хууль дээр тодорхой заасан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, тэдний оролцоог хангах үүрэгтэй. Гэтэл яагаад нууц юм шиг, хаанаас ч юм  үл ойлгогдох нэг хүүхдийг гаргаж ирсэн юм. Ээж нь гэдэг хүн танайд хүсэлт гаргаж болно. Энэ хүсэлт, өргөдөл гомдол бол иргэдийн гаргадаг хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа. Тэгэхээр үүнийг харин хүлээж авч хангах уу, энэ хуульд нийцэж байна уу, үгүй байна уу гэдгийг шийдэх хүмүүс нь та нар өнөөдөр төрийн албаны өмнө, хуулиар тангараг өргөөд төрийн алба хашиж байгаа хүмүүсийн хувьд танай байгууллага үүнийг шууд хариуцах үүрэгтэй. Энэ бол Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны акт байгаа. Тийм учраас  би хүчингүй болгож өгөөч гэж шаардлага гаргасан.

 Тэгэхээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш манай талд тэтгэвэр, тэтгэмж бүрэн зогссон байгаа. Энэ хооронд  манай тал ямар ч юм аваагүй, энэ хооронд энэ хүүхэд авах ёстой тэтгэмж болох 3,225,000 төгрөг 10 сарын хугацаанд үүгээрээ хохирчихоод байгаа. Үүнийг бид нар Иргэний хуулийн 427 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 427 дугаар зүйлд зааснаар Төрийн захиргааны албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаагаар тухайн хүүхдийн хууль ёсны эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж би шүүхэд хандаж нэхэмжлэлээ дэмжиж тайлбар хийж байна.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэдэг нь утгаараа бол хүүхдэд чиглэсэн тэтгэмж байгаа, тэжээгч нь нас барсан хүүхдэд олгогддог асран хамгаалагчаар нь дамжуулж. Энэ дээр ******** гуайтай хүүхдийн ашиг сонирхлын асуудал гэж байгаатай санал нэг байна. Тэжээгч гэдгийг бол гэр бүлийн хуулиар зохицуулдаг, тэжээгчид хэн ордог юм, төрүүлсэн болон үрчлэн авсан эцэг эх, эцэг мөн болохыг яаж тогтоож байгаа юм бэ гэдэг  асуулт яваад байх шиг байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэг заалт байдаг өргөдөл гаргаад төрсөн эцэг нь мөн гэдгээ хүсэлтээ гаргаад хүүхдээ өөрөөрөө овоглодог. Үүний дагуу энэ хүүхдийг ********ээр овоглосон байгаа. Тэгэхээр манай талаас ********ийн эцэг бол ********, төрсөн эцэг нь мөн байна гэж үзсэн. Тийм учраас энэ тэтгэврийг тогтоож байгаа. Тэжээгчээ алдсан хүүхдүүдийг нийгмийн янз бүрийн өөрчлөлт, амьжиргааны түвшний доройтолд орж болзошгүйгээс л хамгаалж өгч байгаа тэтгэвэр байгаа. Иргэний бүртгэлд гаргасан өргөдөл, өөрөөрөө овоглож байгаа зэргээрээ бол төрсөн эцэг нь мөн юм байна гэдэг. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам гээд Засгийн газраас баталсан журмаар бол нас барсан нэг тэжээгчийн бүх хүүхдэд нэгтгэн нэг тогтооно гэсний дагуу манай нийгмийн халамжийн цахим мэдээллийн программыг гарахаас өмнө өөр өөр орон нутгуудад нэг ижил тэжээгч нь нас барсан тэтгэмжүүд давхардаад байдаг магадлалтай байсан. Тэгээд 2019 онд улсын хэмжээнд бүгдийг хамарсан цахим систем ажиллагаанд орсноор шууд эхний ээлжинд бид нарын бүртгэсэн тэтгэврийг программ автоматаар шалгана. Өөр газар тэр нас барсан тэжээгч байна уу, хэрвээ байгаа бол автоматаар программ өөрөө тохируулгаараа, 2 юм уу 3 хуваах уу гэхээсээ хамаараад хувааж байгаа. Тэгээд манай дээр баталгаажуулах мэдэгдэл хүрээд ирнэ, энэ тэтгэвэр хуваагдаж байна шүү үүнийг баталгаажуулах юм уу гээд. Бид нар  өргөдөл гаргасан, хүсэлт гаргасан иргэн таны тэтгэвэр хуваагдаж байна. Орон нутагт тийм тийм газар хуваагдаж байна, ямар хүнтэй, хэн гэдэг хүнтэй яаж байгаа талаар нарийн мэдээллийг бол өгөхгүйгээр ингээд хуваагдаж байна та энийг хүлээн зөвшөөрч байна уу гээд мэдэгдэж байгаа. Тэгээд очсон тохиолдолд баталгаажуулах үйлдэл хийгдэж байгаа. Программ өөрөө автоматаар 2 хуваагаад бодоод  явчихна. ******** гуайн хувьд бол хуваагдсан байсан тэтгэврийг бол хуваагдаж тогтоогдсоноос нь хойш талыг нь аваад явах бүрэн боломжтой.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би яг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын анхан шатны нэгж, баг дээр суудаг мэргэжилтэн. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******** гэж миний хариуцсан багийн иргэн надад тухайн хүсэлтийг гаргаж өргөдөл бичиж өгсөн. Тэгээд энэ материалаа бүрдүүлээд, бүрдүүлсэн материалыг үзэхэд тухайн хүүхэд эцгээрээ овоглочихсон байхад манай журам дээр эцгээрээ овоглосон байхад гэрлэлтийн гэрчилгээ шаардаагүй. Холбогдох баримтууд бүрэн байхаар нь би өөрөө Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн учраас материал бүрэн байна гээд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэ багийн амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар тухайн иргэн ********ийн гаргасан өргөдөл хүсэлтийг оруулаад амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар тухайн хүүхэд эцгээрээ овоглосон, ээж нь хүсэлт гаргасан эцгийнх нь нас барсны гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ хууль журамд заасан бичиг баримт бүрэн учраас амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар хагас өнчин үлдсэн ********ийн ********д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох нь зүйтэй юм гээд шийдвэрийг гаргаад би өөрөө программд гардаж оруулаад явсан байгаа. Бид нар программ дээрээ бүртгэдэг, төв Хөдөлмөр халамж үйлчилгээнийхээ газар дээр баталгаажуулалтын мэргэжилтэн гэж суудаг бид нар 1, 2 гээд Батбаатар мэргэжилтэн бол бүүр 3 дахь шатны мэргэжилтэн. Эхний ээлжид би программд бүртгээд тэгэнгүүт манай программ дээр Дархан-Уул аймагт нэг хүүхэд байгаа нь мэдэгддэггүй юм. Тухайн үед ******** бол надад өргөдөл өгөхдөө би хүүхэд ааваараа л овоглочихсон байхаар би тэр хүнээс гэрлэлтийн гэрчилгээ шаардах эрх байдаггүй учраас би гэрлэлтийн гэрчилгээ тэр хүнтэй яриагүй. ********ийн эх ******** өргөдөл дээрээ л бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэлтийн гэрчилгээгүй гэсэн байсан. Программ дээр анх бүртгэхэд шууд бүртгээд явчихдаг, баталгаажуулалт хийдэг мэргэжилтэн таны бүртгэсэн ******** гэдэг иргэний чинь хүүхэд ********Дархан-Уул аймагт дахиад нэг хүүхэд байна гээд Дархан-Уул аймгийн хүүхэдтэй хуваагдаж олгохоор болсон шүү гэж надад хэлсэн. Би анхан шатных нь мэргэжилтэн, Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн учраас ********д тэжээгчээ алдсаны тэтгэвэр сард 325.000 төгрөг олгодог талаар хэлсэн байсан ба тэтгэвэр хуваагдаж олгогдох нь гэдгийг ********д тайлбарлан хэлсэн.

Тэгээд эхний сарын тэтгэвэр 2 хүүхдэд хуваагдаж ороод, Дархан-Уул аймгаас одоогоор тэтгэвэр аваагүй байгаа гэсэн.  Батбаатар мэргэжилтэн анхан шатных нь мэргэжилтнүүд, сан хариуцсан мэргэжилтэн гэдэг чинь халамжийнхаа бүх санг нэгтгэж явах болохоор яг нарийн тэр мэдээллийг Батбаатар мэргэжилтэн мэдэхгүй л байгаа байх. Тэгэхээр тэжээгчээ алдсан тэтгэвэр ********, ********хоёрт хуваагдаад орчихсон 2 дугаар сараас эхлээд тэтгэвэр олголт зогссон байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ нэхэмжлэгчийн шаардаж байгаа адилхан газар 2 хагас өнчин болоод үлдсэн хүүхдүүд цаашид хууль, журамдаа заасны дагуу хуваагдаад олгоод явах нь зүйтэй. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 325,000 мянган төгрөг маань 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 375,000 төгрөг болж Нийгмийн халамжийн тэтгэвэр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр 04 дүгээр сарын 01-ний өдрөөс автоматаар  программ нь тохируулчихдаг.  2019 он хүртэл нэг овогтой 2 өөр аймагт 3 өөр газар амьдарч байгаа хүүхдүүд халамжаас өгч байгаа тэтгэврийг 3 газар бүтэн аваад явдаг тийм тохиолдол зөндөө гардаг байсан ба халамжийн   программыг боловсронгуй болгосноор автоматаар программ өөрөө хувааж боддог шууд регистрийг оруулаад баталгаажуулалтын түвшин дээр очоод баталгаажуулангуут л автоматаар шууд хуваагддаг, хуваагдаад хаана хэн дээр, хэдэн  хүүхэд байна тэрний тоогоор  хуваагдаад  шууд гараад ирдэг болсон.

Тэгэхээр 325,000 төгрөг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 375,000 төгрөг болсон. Одоо бол цаашид энэ мөнгө 375,000 төгрөгөөр 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших 2 хүүхдэд 50%-тай нэг тэжээгчтэй 2 хүүхдэд адилхан хуваагдаж олгогдож байгаа нь зүйтэй. Тийм учраас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлд тус тус холбогдуулан “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01-р тогтоолд ********ийн хүсэлтийг хангаж 18 насанд хүрээгүй ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүү хувааж 50 хувиар хассан захиргааны актыг хүчингүй болгож, 2024 онд олгогдоогүй тэтгэмжийг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба

 ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 3,250.000 төгрөгийг нөхөн гаргуулах гэж тодруулж маргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

3.Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт иргэн ******** хүү ******** овогтой ******** хагас өнчин үлдсэн учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөдөл гаргажээ. 

4. Иргэн ******** овогтой ******** 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү ******** Орхон аймгийн төрөх эмнэлэгт төрүүлж, 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсний гэрчилгээг авахдаа эцэг ********ийн ********ээр овоглон ******** дугаартай төрсний гэрчилгээ авсан ба ******** нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртүүлээгүй эцэг, эх хамтарч , эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага ...эцэг эхийг тогтооно.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “ Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр овог өгнө.” зааснаар Орхон аймгийн улсын бүртгэлийн байгууллага **** ийн “Эцэг тогтоохыг хүссэн өргөдөл”-ийн дагуу ********ийн эцэг ******** болохыг захиргааны байгууллага тогтоож, ********гээр овоглон төрсний гэрчлгээг олгосон болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

6. Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрдэнэ багийн амьжиргаа дэмжих зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдахдаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид тэтгэвэр гэх/-ийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно:” 12.1.4-д “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 362 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ын  5.7 “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн 18 хүртэлх насны бүх хүүхдэд нэгтгэн нэг тогтооно.” тус тус зааснаар иргэн ********ийн хүсэлтийн дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн, ********гийн ******** тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамруулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

7. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална.”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж:”, 3 дугаар зүйл 1. “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулна.” 7 дугаар зүйлийн 1. “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх ..эрх эдэлнэ.”, 26 дугаар зүйлийн 1. “... хүүхэд бүр нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авна.”, 2. “Хүүхдийн болон түүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хүмүүсийн нөөц боломж, нөхцөл байдал, хүүхэд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс тэтгэмж хүсч гаргасан өргөдөл, холбогдох бусад зүйлийг харгалзан тэтгэмж олгоно.” гэж заасан.

8. Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... ********гийн хууль ёсны гэр бүлээс ******** төрөөгүй, ********тэй албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад түүний хүү ********гийн хууль ёсны гэр бүлийн 18 насанд хүрээгүй хүүхэд гэж үзэхгүй ...” гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, ********, түүний эх ******** нарт ********д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохдоо мэдэгдээгүй гэж маргасан.

10. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон амьжиргаа дэмжих зөвлөл нь  Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ын 3.1 дүгээр зүйлд “Иргэний тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтийг системд цахим хэлбэрээр байршсан дараахь баримт бичгийг үндэслэн шийдвэрлэнэ”,  3.1.1-д “өргөдөл (маягтын дагуу)”,3.1.2-д” сум, хорооны Засаг даргын тодорхойлолт”, 3.1.3-д “иргэний үнэмлэх”, 3.1.4.-д “16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт” заасан баримтуудыг бүрдүүлэн шийдвэрлэсний дараа халамжийн нэгдсэн системд бүртгэхэд ******** овогтой ********д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон болохыг мэдэж, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст мэдэгдсэн, ********ийн тал маргаантай гэсэн учраас 2024 оны 1 сараас өнөөдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогссон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байгаа нь дээрхи Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэхгүй.

11. Түүнчлэн “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ын 362 дугаар тогтоолын хавсралтын  5.7 “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн 18 хүртэлх насны бүх хүүхдэд нэгтгэн нэг тогтооно.” гэж заасан байгаагаас дүгнэхэд ********д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо ********, түүний эх ********нарт мэдэгдээгүй нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

12. Дээрхи байдлуудаас дүгнэхэд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлийг ********ийн хууль ёсны ашиг сонирхолыг хөндөн, ********д тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

13. Түүнчлэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, ********гийн ******** тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамруулахаар шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж шүүх үзсэн учраас нэхэмжлэч талаас нэхэмжилсэн 3.250.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, 2024 оны 1 сараас зогсоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь хуваагдан ********, ********нарт нөхөн олгогдоно гэж хариуцагч нар тайлбарласан болно.  

14. Иймээс Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөл Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д ““тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд” заасны дагуу ********ийн ********д нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ********ийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01-р тогтоолд ********ийн хүсэлтийг хангаж 18 насанд хүрээгүй ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүү хувааж 50 хувиар хассан захиргааны актыг хүчингүй болгож, 2024 онд олгогдоогүй тэтгэвэр болох 3,250.000 төгрөгийг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 3.1.2, 3.1.5, 18.2.4-т зааснаас бусад иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ сум, хороонд ажиллана.” 27.2-д “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга батална.” гэж заасан ба  Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга “Эрдэнэ” багийн амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн **г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болохыг, нэхэмжлэгчийн итгэмжлэлгдсэн төлөөлөгч ******** Орхон аймгийн улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн нотлох баримтыг хуурамч байх магадлалтай гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба гомдлоо холбогдох байгууллагад гаргах эрх нээлттэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-тзаасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан ********ийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01-р тогтоолд ********ийн хүсэлтийг хангаж 18 насанд хүрээгүй ********ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүү хувааж 50 хувиар хассан захиргааны актыг хүчингүй болгож, 2024 онд олгогдоогүй тэтгэвэр болох 3,250.000 төгрөгийг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА