| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2034004400531 |
| Дугаар | 2023/ДШМ/33 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 269.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/33
2023 5 18 2023/ДШМ/33
Б, Б.Д, Г.М, Д.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Дэлгэрсүрэн,
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга,
Шүүгдэгч Б-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга, С.Одгариг /цахим сүлжээгээр/
Шүүгдэгч Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Баярмаа,
Цагаатгагдсан этгээд Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа/цахим
сүлжээгээр/,
Цагаатгагдсан этгээд Г.М,
Шүүгдэгч Б, Б.Д, Д.Г,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Баярмаа, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б, Б.Д, Г.М, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2034004400531 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Архуст суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 2, охины хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Мех сууц 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дгийн Г,
Монгол Улсын иргэн, 1961 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрхөд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Экошим мандал” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 305-401 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Чы Б
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны хяналтын үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, 3 дугаар баг Зоригтын 2-2 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, Т овогт Гийн М,
Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилтай, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, уяачдын 2 дугаар гудамж, 1-66в тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Д.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Хахууль өгөгч Б.Дгийн “...Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
Хахууль өгөгч Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Бгаас хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Экошим мандал” ХХК-ийн захирал Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
Хахууль өгөгч Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “Экошим мандал” ХХК-ийн захирал Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”,
Г.М нь Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон хөлтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засах газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан,
Шүүгдэгч Б.Д 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүнд байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон хөлтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засах газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,
Шүүгдэгч Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Б овогт Дгийн Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б овогт Бгийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б овогт Чы Бд 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,
Т овогт Гийн Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Г.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Мыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох “520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хахуульд өгсөн” үйлдлийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б овогт Дгийн Гыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Чы Бг бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Бгийн Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хууль тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Чы Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Г.М, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Дгийн Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бгийн Дг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийн 1 /нэг/ өдрийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 3.240.000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялыг 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч Д.Г, Б.Д нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Б.Дэшинсүрэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг тус тус улсын орлого болгож,
хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Д.Г нь 216 /хоёр зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсонг, шүүгдэгч Г.М, Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт авагдсан “2 ширхэг сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалуулж,
Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.М, Б, Б.Д, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгөтэй шилэн ваарыг харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Шийтгэх тогтоолд "яллагдагч Г.М нь ...Б.Дгээс хахууль авсан болох нь нотлогдсон үйл баримт хэрэгт авагдаагүй" гээд түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн бодит байдалтай нийцэхгүй байна. Бодит нөхцөл байдалд гэрч нарын мэдүүлэг, яллагдагч нарын өөрсдийн өгсөн мэдүүлгээр жил дараалан 1 ширхэг айрагны ваар, нэг тооны шүдлэн үрээг багийн өдөрлөгт хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогддог. Мөн багийн өдөрлөгийг дэмжиж оролцохгүй бол багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахгүй, газар эзэмшихгүй байх асуудлыг шийднэ гэж удаа дараалан шахаж шаардаж байгаад морийг гэрч н.Пүрэвдоржоор дамжуулан авсан /1-р хх-ийн 43 тал/ нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэгт “..... маргааш нь Г.М өөрөө аваад явсан" гэснээр, ваарыг мөн л Г.Мын шахаж шаардсанаар Б.Д түүнд өгснөөр нотлогдон тогтоогдож байна. Багийн Засаг дарга нийтийн албан тушаалтан эрх мэдлээрээ далайлган тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдээс эд зүйл шаардаж болох уу. Б.Д өөрөө санаачлан өөрийнхөө хүслээр дээрх хоёр эд зүйлийг өгсөн бол гэмт хэрэг гэж үзэхгүй юм. Гэтэл багийн Засаг даргын шаардсанаар өөрийн хүсэл зоригийн эсрэг эд зүйл өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэж хуулийн байгууллага шалган тогтоогоод яллах дүгнэлт үйлдсэн гэж үзнэ. Шүүх Г.Мын үйлдлийг цагаатгасан нь бодит байдалтай нийцээгүй болно.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад өөрчлөлт ороогүй байхад хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Мыг гэм буруутайд тооцож торгох ял оноож байсан бол энэ шийтгэх тогтоолоор цагаатгасан, шүүгдэгч Д.Год 3 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулж байсан бол энэ шийтгэх тогтоолоор торгуулийн ял оногдуулсан, Б.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан бол 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хэрэглэж байгаа хууль өөрчлөгдөөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд өөрчлөгдөөгүй процессын алдааг зассанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхад шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаагүй, эрүүгийн хариуцлагын гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимтай нийцээгүй гэж үзнэ.
Б.Д, Б нар нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч сайн дураараа хэргийг илчлэн Авилгатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргасан. Шийтгэх тогтоолд "...Б.Д, Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авлига өгсөн талаараа мэдүүлж гэмт хэргийг илчилсэн гэх боловч уг гэмт хэргийг туйлд нь хүргэсэн” гэжээ. Шүүхийн шийдвэр ойлгомжтой байх ёстой бодит байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн, тодорхой хугацааны дараа хэргийг илчилсэн. Албан тушаалтнуудын үйлдэл хэрээс хэтэрч Б.Д, Б нарын газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцлах шийдвэр гаргаж дарамт шахалт нь улам бүр ихэссэн учраас илчилсэн. Гэтэл шүүх илчилсэн гэх боловч гэсэн нь юуг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй, гэмт хэргийг туйлд нь хүргэсэн гэж илчилсэн нь буруу гэж үзээд байгаа юм уу ойлгомжгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзнэ. Эцэст нь шүүх бодит нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай Г.Мыг ял завших боломжоор хангаж, гэмт хэргийг сайн дураараа илчлэн ирсэн нийтийн албан тушаалтны албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авахдаа хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн байхад ялаас чөлөөлөхгүй гэм буруутайд тооцсон. Хуулийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөлт оруулсан тайлбарт сайн дураараа илчлэн ирсэн бол ялаас чөлөөлөх, хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэсэн. Шүүх ялаас чөлөөлөөгүй мөртлөө хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргаж миний үйлчлүүлэгч Б.Дгийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Шүүхийн шийтгэх тогтоолын хохирол хор уршиг гэсэн хэсэгт “ ...520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг тус тус улсын орлого болгож" гэжээ. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна. Хэрэгт битүүмжилж ирүүлсэн ваар, үнэлсэн үрээ морийг хуулийн ямар заалтыг үндэслэн улсын орлого болгож байгаа нь ойлгомжгүй хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан гэж үзнэ. Нэгэнт Б.Д нь Г.Мт ваар, үрээ морийг өгөөгүй гэж үзэж гэмт хэргийн шинжгүй юм бол ваар болон морийг албан ёсны эзэмшигч эзэн Б.Дд буцаан өгөх ёстой. Дээрх хуулийн заалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулах улсын орлого болгох зохицуулалт бөгөөд дээрх эд зүйлс нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш юм.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-ийг хэрэглэх боломжгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Дд 6 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч нь гэмт хэргээ илчлэн сайн дураараа ирж энэ гэмт хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж, төрийн албан хаагчдын бусармаг үйлдлийг таслан зогсоохын төлөө нийгмээ эрүүлжүүлэх, авлигагүй нийгмийг бүтээхэд өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулж, өчнөөн эрсдэлийг даван туулсан байхад торгуулийн ял оногдуулсанд гомдолтой байна. Гэм буруутай үйлдлээ гомдол мэдээллээрээ илэрхийлсэн. Гэтэл зөвхөн шүүх хурал дээр хясан боогдуулсны улмаас мөнгө өгсөн гэснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Гэм буруутай маргах гэхээсээ илүүтэй аргагүй эрхэнд өгсөн тул ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэлтэй гэсэн тайлбар, мэдүүлгийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Шүүгдэгч нь гэмт хэргийг илчлэн гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-ийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаатай тэнсэх ял болгон өөрчлөх, улсын орлого болгосон 1 ширхэг айрагны ваар, нэг тооны шүдлэн үрээг өмчлөгч Б.Дд буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Баярмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасанчлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолд заасан зарим дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
1.Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо: “ ... шүүгдэгч Г.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга байхдаа Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн Б.Дгээс хахууль авсан болох нь нотлогдсон үйл баримт хэрэгт авагдаагүй гэж..... Газар эзэмших захирамжийг багийн Засаг дарга цуцлах эрх бүхий этгээд биш болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байна.
Г.М нь багийн өдөрлөгийг дэмжиж оролцохгүй бол багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулуулахгүй, газар эзэмших эрхтэй чинь ярина шүү гэж сүрдүүлэн байж, иргэн Пүрэвдоржоор дамжуулан, шүдлэн үрээ авсан нь хавтас хэрэгт авагдсан гэрч Пүрэвдоржийн мэдүүлэгт:"... 1-р х.х-ийн 43 дугаар тал ...маргааш нь Г.М өөрөө аваад явсан" гэсэн мэдүүлгээр нотлогдсон байхад нотлогдохгүй байна гэж дүгнэсэн.
2.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс Д.Г, Г.М нар нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байна гэж дүгнэснийг Г.Мын хувьд үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн няцааж байгаа талаараа дүгнэлтдээ заагаагүй.
3.Хахууль авсан субъектыг гэм буруугүй гэж цагаатган шийдвэрлэсэн атлаа хахуулийн зүйлийг шийтгэх тогтоолынхоо хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар шийдвэрлэсэн хэсэгтээ “... Шүүгдэгч Д.Гын гэмт хэргийн улмаас олсон орлого болох нийт 4,500,000 төгрөгийг, 520,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг тус тус улсын орлого болгосугай” гэж дүгнэсэн.
Шүүх бүрэлдэхүүний энэхүү дүгнэлтээр сумын Засаг дарга Д.Г, багийн Засаг дарга Г.М нар нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тодруулбал уг хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3- т:"гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно." гэж зааснаар Засаг дарга Д.Гын Хахууль авах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-д зааснаар шүүгдэгч Г.М холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
4.Шүүх бүрэлдэхүүн Б.Д, Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авлига өгсөн талаараа мэдүүлж гэмт хэргийг илчилсэн гэх боловч уг гэмт хэргийг туйлд нь хүргэсэн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Дгийн Г нарт холбогдох 2034004400531 тоот эрүүгийн хэрэг нь иргэн Б.Дгийн өргөдлөөр үүссэн.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.Д нь хахууль өгсөн тухайгаа тухайн гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш тодорхой хугацааны дараа илчилсэн .... шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, маргаж мэтгэлцдэг.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Д нь аргагүй байдалд орсны улмаас хахууль өгсөн тухайгаа мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хүлээн зөвшөөрдө. Мөн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсдэг. Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх бүрэн боломжтой.
5.Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Год эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний охин Г.Эмүжин нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 18 нас 4 хоногтой /2005 оны 02 дугаар сарын 1-ний өдөр төрсөн./хүнийг хүүхэд гэж тодорхойлсон.
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай гэж тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Үндсэн хуульд заасан үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрхэд халдах нь шүүхийн энэрэнгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэж байгаа байдал нь үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Дд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаатай тэнсэх ял болгон өөрчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх тодорхойлох болон тогтоох хэсэгтээ Д.Г нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь гэрч Д.Цэцэгжаргалын өгсөн удаа дараагийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог ба гэрч Д.Цэцэгжаргалын удаа дараагийн өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй гэрч Д.Цэцэгжаргалын Хаан банкны 5727122188 дугаартай дансанд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр "Бултдаг рашаан" ХХК-аас 1.500.000 төгрөг орсон байдаг бөгөөд шүүгдэгч Д.Гыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.
Харин шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт "Бгаас хүүхдээр нь дамжуулан 3.000.000 төгрөг аваагүй. Хүүхэд нь манай өрөөнд орж ирээгүй", "...дүү Д.Энхцэцэгт хямд үнээр байр худалдахыг шаардаагүй" гэх боловч шүүгдэгч Б болон гэрч Б.Билгүүн нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдийг, шүүгдэгч Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гарган өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47, 48-65/, гэрч Ц.Баярмаагийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд "Батсүмбэр сумын Засаг дарга гэх хүн Алтай хотхонд байрлах орон сууц болон үнийн санал асуусан талаар" мэдүүлсэн мэдүүлэг 12-р хх-ийн 16-18/, гэрч Д.Төмөрөөгийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд "...Г утсаар холбогдон Алтай хотхонд байр үзэх талаар холбогдож ярьсан талаар” мэдүүлсэн мэдүүлгүүд /2-р хх-ийн 27-29/-ийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй зэргээр дүгнэж шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, цагдан хоригдсон 216 хоногийн 1 өдрийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгөөр тооцож 3.240.000 төгрөгийг хасч, гэмт хэргийн улмаас олсон орлого 4.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох зэргийг дурдаж шийдвэрлэсэн.
Дээрх анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
Хэрэгт гэрчээр 4 удаагийн мэдүүлэг өгсөн Д.Цэцэгжаргалын мэдүүлэг нь өөр хоорондоо харилцан адилгүй илтэд зөрүүтэй, тус мэдүүлэг авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т "Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчсөн буюу цаг хугацаа, үйл баримтын талаар тодорхой санаж мэдүүлдэггүй, мөрдөгчийн хөтөлсөн, тулгасан, тодорхой баримт руу чиглүүлж асуусан, мөн асуултад хөтлөгдөж мэдүүлэг өгөгдсөн байдаг бөгөөд уг нөхцөл байдлыг тодотгож нотлох баримтаар тооцохгүй, үнэлэхгүй байх талаар хэлсэн боловч мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар уг асуудалд ямар нэг дүгнэлт өгөөгүй, түүний бүх мэдүүлгүүдийг үнэлж гэм буруутайд тооцсон гэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын тухай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл." гэж зааснаар өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудыг дурдаж бичээгүй учир няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг өгөөгүй. Тодруулбал, хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар Д.Г нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тухайн сум орон нутагт гарч байсан онцгой байдлын ажиллагаанд оролцсон бөгөөд Д.Цэцэгжаргалын дансны хуулга, сум орон нутгийн архивт хадгалагдаж буй санхүүгийн анхан шатны баримтууд, өөрийн гараар бичиж өгсөн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 33/56 дугаартай тайлан зэргээр сум орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгээр холбогдох зардалд зарцуулагдсан болох нь нотлогддог ба уг баримтуудыг шинжлэн судалсан боловч шийтгэх тогтоолд тусгаагүй, үгүйсгэж дүгнэлт хийгээгүй.
Шүүгдэгч Б нь хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийг өгсөн гэх боловч тэдний мэдүүлгийн эх үүсвэр тодорхойгүй, харилцан нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийн мэдүүлгийг үнэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.", 3 дахь хэсэгт "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй." гэж тус тус зааснаар шүүгдэгч, гэрч нарын эх сурвалж нь тодорхой бус, харилцан ашиг сонирхолтой өгсөн дан ганц мэдүүлгээр Д.Гыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өмнө болсон анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед уг мэдүүлгээ удаа дараа үгүйсгэж мэдүүлж, тайлбарлаж байсныг дурдаж байна.
Түүнчлэн Д.Г нь 2019 оны 10 дугаар сард "Экошим мандал" ХХК-ийн захирал Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан гэж буй асуудал нь огт болоогүй байдаг. Зөвхөн иргэд хоорондоо худалдах, худалдан авах иргэний эрх зүйн харилцаа бий болсон бодит нөхцөл байдал байдаг. Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Ц.Баярмаа, Д.Төмөрөө нарын мэдүүлгүүд нь яг тухайн гэмт хэрэг гэж үзээд байгаа байдлыг нотлодоггүй, Д.Гын хувьд албан тушаалын давуу байдлаа урьтал болгож уг асуудалд хандсан шунахайн сэдэлтээр хандсан нотлох баримт хэрэгт огт байхгүй, заавал өгөхийг шаардсан, албадсан үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдоогүй. Аливаа нэг хэлбэрээр хариу болгож Бд ашигтай шийдвэр гаргаж өгөх тохиролцоо хийгдээгүй, аваагүй байдаг. Уг үйл баримтыг тодотгосон зүйл нь мөн л Бгийн дан ганц мэдүүлэг байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан баримтаар гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Дээрх Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөн дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-т "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах," гэж, 6 дахь хэсэгт "Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно" гэж "36.10 дугаар зүйлийн 2-т "Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана." гэж 32.10 дугаар зүйлийн 4.1-т. "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх, "-ийг тусгана гэж, 34.14 дүгээр зүйлийн 1-т "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг тус тус зөрчжээ.
Учир нь анхан шатны шүүх хуралдаан гэм буруу болон эрүүгийн хариуцлагын үe шаттай явагдсан бөгөөд гэм буруугийн хэлэлцүүлэг дуусч, гэм буруутайд тооцсон шийдвэр уншиж сонсгохдоо Д.Гоос 3.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулахаар танилцуулсан атлаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэж дууссаны дараагаар шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэргийг уншиж сонсгохдоо 4.500.000 төгрөг гаргуулахаар гэж зөрүүтэй танилцуулж Д.Гын эрх зүйн байдлыг дордуулсан.
Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Г.Мын хахууль авсан гэх үйлдлийг бичсэн боловч Б.Дгийн хахууль өгсөн гэх үйлдлийг бичээгүй ноцтой алдаа гаргасан. Гэтэл анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар прокурорын зүгээс яллаагүй Б.Дгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо Г.Мын Б.Дгээс хахууль авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан гэж танилцуулсан боловч Б.Дгийн түүнд хахууль өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж танилцуулаагүй атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэмэлтээр тусгаж буй зэрэг нь гардуулж өгсөн тогтоолоос эрс зөрүүтэй, хэргийн хүрээнээс хальсан шийдвэр болжээ. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч нарын гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Г.Мын хувьд хэрэгт холбогдсон үйлдэл нь Б.Дгээс ваар болон морийг хахуульд авсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл Г.Мын хувьд ваар болон морийг Б.Д болон бусад хэн нэгнээс дамжуулсан байдлаар өөрийн гар дээрээ авсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сумын багийн өдөрлөгийн үйл ажиллагаанд түрүүн морины бай шагналд өөр бусад хүмүүст гардуулж өгсөн нь нотлогддог. Үүнийг ч гэсэн Б.Д үгүйсгэдэггүй. Б.Дгийн гол ярьж байгаа зүйл нь Г.М нь манай багийн үйл ажиллагаанд сайн дураараа оролцохгүй бол газрын гэрчилгээг хүчингүй болгоод цуцална гэдэг байдлаар надад дарамт шахалт үзүүлсэн. Үүнээс болж багийн үйл ажиллагаанд оролцохгүй бол болохгүй гэдэг байдлаар морь болон ваарыг өгсөн гэж ярьдаг. Гэтэл М тухайн үедээ багийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн Засаг даргын хувьд газрын гэрчилгээг хүчингүй болгох, цуцлах эрх хэмжээ байхгүй. Ямар шат дамжлагаар газрын гэрчилгээ олгох, хэн хүчингүй болгох талаар нилээн ойлголттой байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Мыг цагаатгасан нь үндэслэлтэй байна. Г.Мын хувьд өөртөө авч ашигласан зүйл байхгүй. Мөн Дгийн тайлбарлаад байгаагаар дарамт үзүүлсэн нь тогтоогдохгүй байна гэв.
Шүүгдэгч Бгийн өмгөөлөгч С.Одгариг /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Бг цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Б.Дгээс 1.500.000 төгрөг, Бгаас 3.000.000 төгрөг, авсан нь нотлогдсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Б.Д нь Авлигатай тэмцэх газарт хандаж өргөдөл өгсөн. Өөрөө орлогчтой харилцаа үүсгэсэн мөртлөө заавал сумын Засаг даргыг хэрэгт холбогдуулах санаа зорилгоор хандсан байсан. Б.Д нь 2017 онд өөрийн хүсэл зоригоор сумандаа хандив өгнө гэж гэрээ байгуулсан. Газрын асуудал нь хөндөгдөөд ирэхээр Д.Г надаас хахууль авсан болгож байна. Д.Цэцэгжаргал нь мөрдөн байцаалтад 4 удаагийн мэдүүлэг өгсөн бөгөөд өгсөн мэдүүлгүүд нь дандаа худлаа байсан. Учир нь Д.Цэцэгжаргал ажлын хариуцлага алдсан учраас 2018 онд ажлаасаа халагдсан. Тиймээс намайг буруутгаж байгаа хүмүүстэй нийлж буруутгаж байна. Надад мөнгө өгсөн гээд байгаа өдөр нь би Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шадар сайд нарын ажлын хэсэгтээ түймрийн голомтод очиж ажилласан. Надтай явсан хүмүүсээс мэдүүлэг аваад өгөөч, явсан цаг хугацаатай нь мэдүүлэг авч өгөх талаар хүсэлт гаргасан боловч судалж үзээгүй. Д.Цэцэгжаргал надад мөнгө өгсөн гэсэн атлаа өөрөө 1.500.000 төгрөгийг зарцуулсан тайлан нь байдаг. Энэ нь аймгийн Аудитын газрын дүгнэлтээр 1.500.000 төгрөг нь “Бултаг Рашаан” гэх компаниас орж ирээд зарцуулагдсан гэсэн тайлан гарсан. 3.000.000 төгрөгийн хувьд Б болон түүний хүү нь намайг буруутгахын тулд газрын асуудал хөндөгдөөд ирэхэд 3.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Аав, хүү хоёрын үгээр намайг 3.000.000 төгрөг авсан мэтээр буруутгаж, хэрэг тулгаж, хилс хэргээр шийтгэж байгаад гайхаж байна. Б нь надад 3.000.000 төгрөг өгөх ямар ч шаардлага байхгүй. Байрны хувьд хэлэхэд Б нь надад хандаж бэлэн хэдэн төгрөг байгаа юм бэ гэхээр нь би надад 80.000.000 төгрөг байгаа гэж хэлсэн. Тэгээд байраа 40.000.000 төгрөгөөр буулгаж зарчих гэдэг байдлаар хандсан гэж хэлж байна. Тэгэхдээ би Бгийн байрыг очиж үзсэн. Удалгүй надаас байраа авах нь яасан бэ гэхээр нь манай дүү байрыг авахаа больж Солонгос улс руу явахаар болсон гэж хэлээд байрыг нь авахаа больсон. Хамгийн гол зүйл нь газрын асуудал нь хөндөгдсөн учраас Засаг даргыг буруутгах зохион байгуулалттай хилс хэргээр тулгаж байна. Би энэ хэргийг хийгээгүй гэв.
Шүүгдэгч Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үнэн зүйл ярьсан. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн хувьд нилээн удлаа. Энэ хооронд нилээн ядарлаа. Г намайг хараагүй, уулзаагүй гэж яриад байна. Би Д.Гтой орж уулзаад газрыг хүнээс худалдаж авлаа, миний компанийн нэр дээр газрыг шилжүүлээд өгөөч гэхэд Д.Г газрыгн эрх цуцална, олгох боломжгүй гээд явуулдаг байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Д.Гтой орж уулзахад газрын асуудлыг шийдвэрлэж өгье, харин чи манай орлогч Булгантай очиж уулзаад нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад 1.500.000 төрөг өгчих, тэгвэл асуудлыг чинь шийдээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдөр нь Булгантай орж нийгийн хариуцлагын гэрээ хийгээд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Цэцэгжаргалын дансыг Д.Г өөрөө өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг Архангай аймагт явж байхад Засаг даргын орлогч Булган утсаар яриад нийгмийн хариуцлагын гэрээ хий, тэгэхгүй бол газрыг цуцална гэж хэлсэн. Би хөдөө явж байсан учраас гэрээ хийж чадаагүй. Удалгүй 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Г өөрөө захирамж гаргаад газар цуцалсан. Миний газрын асуудал хөндөгдөөд ирэхээр нь Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргасан нь үнэн. Эд нар ханаж цадахгүй хүмүүс. Би тухайн газар дээрээ өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулсан байхад хүн чанар гаргахгүй, авсан ч аваагүй юм шиг хандаж миний газрыг цуцалсан. Мөн Хаан банкны дансаар орсон, гарсан гүйлгээний баримт нь байхад Д.Г яахаараа аваагүй гэж хэлдэг юм бэ, авсан нь үнэн, дарамталдаг нь үнэн. Монгол даяараа авлигатай тэмцэх ёстой гэж уриалаад байхаар нь би ч гэсэн тэмцэх ёстой гэж бодоод өргөдөл гаргасан. Түүнийхээ хариуд би 6.000.000 төгрөгөөр торгох ял авлаа. Би тухайн газар дээрээ өчнөөн хөрөнгө мөнгөө зарцуулаад өчнөөн зүйл хийсэн. Гэтэл одоо ямар ч зүйл хийх боломжгүй болж гуйлгачин болж байна. Үнэхээр их гомдолтой байна. Ийм төр, ийм шүүх байгаад гомдож байна. Хэргийг 3 жил гаруй хугацаанд шалгалаа, арай л их удаан шалгаж байна. Харин Г.Мын хувьд дарамталсан зүйлгүй. Би сайн дураар өгсөн. Энэ талаар өгсөн мэдүүлэгтээ хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэв.
Цагаатгагдсан этгээд Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэртээ санал нийлж байна. Би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д заасныг баримтлан 1 ширхэг ваар, 1 тооны шүдлэн үрээг улсын орлогод үлдээсэн байна. Хэргийг шийдвэрлэсэн учир эд зүйлсийг буцаан олгох асуудал яригдах ёстой гэсэн А.Мөнхтулга өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөн өмгөөлөгч М.Баярмаа гаргасан гомдлыг дэмжих боломжтой гэж харж байна. Харин шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан гомдлыг тухайд тайлбар хэлье. Шүүгдэгч Д.Гын хувьд 3 үйлдлийн асуудал яригддаг. 1.500.000 төгрөгийн асуудал дээр гэрч Цэцэгжаргал нь мөрдөн байцаалтын шатанд 4 удаа мэдүүлэг өгдөг. Мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй биш, харин ч мэдүүлгээ эхнээсээ тогтвортой өгдөг. Уг гэмт хэрэг 2017 онд үйлдэгдсэн бөгөөд 2020 онд шалгасан. 2020 ондоо Цэцэгжаргал 2 мэдүүлэг өгсөн. Цэцэгжаргалаас мэдүүлэг авахдаа цаг хугацааг тулгаж асуусан гэж өмгөөлөгч хэлж байгаа ч 2017 оноос хойш 2022 онд хүртэлх 5 жилийн хугацаанд энэ асуудлын талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Иймд нотлох баримтаар үнэлэгдэх бүрэн боломжтой. Тухайн хэрэг гарсан өдөр Г онц байдал зарласан байхад Ерөнхийлөгчийн ажлын хэсэгтээ албаны ажлаар явж байсан нь нотлогдсон гэж яриад байгаа боловч Цэцэгжаргалын өгсөн мэдүүлгийг үндэслэн үнэлэгдэх боломжтой. Цэцэгжаргалын дансанд мөнгө орсон дансны хуулга байгаа. Үүнд тухайн өдөр 2 данснаас 1.500.000 төгрөг орж ирсэн бөгөөд яг аль компаниас орж ирсэн мөнгийг зарцуулсан талаараа мэдэхгүй байна гэж Цэцэгжаргал мэдүүлдэг. Мөн Цэцэгжаргалын өгсөн мэдүүлэг нь гэрч н.Бямбацогт, н.Бат-Эрдэнэ, н.Оюунчимэг, нягтлан н.Нямдаваа нарын мэдүүлгээр давхар тогтоогддог.
Бгийн 3.000.000 төгрөгийн асуудлын хувьд тайлбар хэлэхэд 3.000.000 төгрөг хаанаас гарч ирээд Б нь Д.Год өгөөд байгаа юм бэ гэж өмгөөлөгч яриад байна. Б суманд машин хандиваар өгөх боломжгүй байна гэхээр нь зараад мөнгө 3.000.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлдэг. Б нь эх сурвалжаа тодорхой хэлдэг. Мөн жирийн иргэдийн хувьд нэгэндээ 40.000.000 төгрөгөөр бууруулж байраа худалдчих гэсэн асуудал яригдах боломжгүй. Гэтэл Д.Г өнөөдөр ямар эрх мэдлийн албан тушаалтан ажилтан билээ. Тэр үүднээсээ энэ хүмүүстэй харилцаанд орж 40.000.000 төгрөгөөр байраа хямдруулаад зарчих гэдэг асуудал яригдсан. Байрыг очиж үзсэн талаар гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой байгаа. Эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаад энэ хүмүүстэй харилцаанд орсон асуудал байгаа. Иймд шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Баярмаа нарын гомдол үндэслэлтэй. Харин шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Д.Гыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 1 ширхэг ваар, 1 тооны шүдлэн үрээг эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Г, Б.Д, Б, цагаатгагдсан этгээд Г.М нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Төв аймгийн прокурорын газраас: Д.Гыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Дгийн “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гарган албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс хахууль өгөхийг шаардан 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
Хахууль өгөгч “Эко шим мандал” ХХК-ийн захирал Бгийн тус суманд эзэмшдэг газрыг нь хууль бусаар хураан авч магадгүй гэх ашиг сонирхлыг нь далимдуулан түүнээс хахууль өгөхийг шаардан өөрийн албан өрөөндөө 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
Мөн Бгийн худалдан борлуулах гэж байсан Улаанбаатар хот, “Алтай хотхон”-д байрлах 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 40.000.000 төгрөгөөр хямдруулан 80.000.000 төгрөгөөр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан зэрэг нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасныг болон Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Г.Мыг Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн “Мод үржүүлгийн чиглэл”-ээр газар эзэмшин үйл ажиллагаа явуулан 241.635.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан “Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Дгээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваар зэргийг хахуульд авсан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2 дугаар зүйлийн 22.2.1-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Дг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, “Түшээгүн” гэх газарт байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж авахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
мөн тухайн газартаа үйл ажиллагаа явуулан 241.635.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалтын ажил хийсэн байх үедээ тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2 дугаар зүйлийн 22.2.1-т тус тус заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед нь өөрийн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар зэргийг тус тус хахуульд өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Бг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь өөрийн төрсөн хүү Б.Билгүүнээр дамжуулан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл:, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Д.Г, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Мөн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй болсон зэрэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх алдаа зөрчлүүдийг гаргажээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу албан үүргээ хэрэгжүүлж буй албан тушаалтан нь тухайн албаныхаа эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, зориуд албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохоор хувийнхаа ашиг зорилгыг гүйцэлдүүлэн ашиг, хонжоо олсон нийтлэг шинжийг агуулдаг.
“Хахууль авах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг дээрх үндсэн шинжүүдээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэтгэхээр амласны хариуд албан тушаалтан этгээд нь хувьдаа ашиг олохын төлөө эдийн болон эдийн бус баялаг олж авах, эзэмших, өмчлөх эрхийг үнэн төлбөргүй, хөнгөлөлттэй ажил үйлчилгээ авсан, энэ гэмт хэргийн улмаас хувьдаа эсхүл өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд ашигтай байдал бий болгох зорилгоор шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.
Дээрх гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдэгдсэн байвал мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон.
“Хясан боогдуулах аргаар” гэдэг нь нийтийн албан тушаалтан этгээд нь өөрийн эрхэлж буй албан үүргээ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал олгох үүднээс шунахайн сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг хахуульд өгөхийг шаардах, шаардсан эд зүйлийг өгөхгүй бол өмнө нь авсан ажил, үйлчилгээг цуцлах, өөр хүн, хуулийн этгээдэд уг боломжийг олгох, олгоно гэх мэт хууль бус санаатай үйлдэл гаргасан байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан Б.Дгийн “...газрын эрхийг шилжүүлэх гэхэд Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г гэгч нь хүнд суртал гаргаж хүлээн авч уулзахгүй, эрх шилжүүлэх асуудлыг үндэслэл шалтгаангүйгээр удаашруулсан. ...би Д.Г гэгчтэй 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзаж газрын эрх шилжүүлэх асуудлаар ярихад Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл газрын асуудлыг чинь гялс шийдээд өгье гэж хэлсэн..., ...уг данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд уг газарт миний бие хашаа барьсан..., ...Тэгтэл 2019 онд Засаг даргын орлогч Ц.Булган, сумын газрын даамал Б.Мөнхбаяр нар Улаанбаатар хотод ирсэн байна гээд намайг дуудаж уулзаж таны газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12.000.000 төгрөг болно гэсэн. Тэгэхэд надад тийм мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд байж байтал 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сумын Засаг даргын захирамж гарч газар эзэмших эрхийн гэрээг цуцалж манай хашааг буулгасан...”,
“...Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М нар нь манай сум орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээний хандив тусламж өгөх ёстой, бид нарын саналыг хүлээж авах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол бид нарын зүгээс танай үйл ажиллагааг чинь явуулахгүй байлгаж чадна шүү гэх мэтээр хясан боогдуулдаг байсны улмаас аргагүй байдалд орж эдгээр хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваар зэрэг эд зүйл өгсөн...” гэх мэдүүлэг,
Бгийн “...Д.Г нь сүүлдээ надаас хувьдаа юм нэхэж эхэлсэн. Би үүнийг нь зөвшөөрөхгүй болохоор намайг сумаасаа хөөх талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн байсан..., ...Д.Г нь надаас хямдралтай орон сууц өгөөч гэхээр нь би бартерт авсан хэдэн орон сууцнаас үзүүлээд 10-20 хувь хямдруулаад ав гэсэн. Гэтэл Д.Г нь 50 хувь хямдруулж өг гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Гэтэл манай компанийн эзэмшлийн газруудыг захирамж гаргаж цуцалж эхэлсэн...” гэх агуулга бүхий мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээс үзвэл прокуророос шүүгдэгч Д.Г, Г.Мт нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг дээр дурдсанчлан зөв тогтоосон гэж үзэх боломжгүй байна.
Мөн анхан шатны шүүх Г.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа “...хахууль шаардсан, өөрт олгогдсон чиг үүргээ санаатайгаар биелүүлээгүй, биелүүлэхгүй байх үйлдэл гаргаагүй, багийн өдөрлөгийн олон нийтийн үйл ажиллагаа болсон, Б.Дд аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй нөхцөл байдлыг бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг шаардсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Б.Д нь тухайн нутагт хууль бусаар газар эзэмшдэг, газрын татвар төлөөгүй гэх мэт хууль бус үйлдлээ нуух зорилгоор багийн Засаг даргын хувьд түүнд хууль бус зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээг зөвхөн өөртөө хахууль авсан байхыг ойлгоно. Багийн өдөрлөг дээр тус багийн иргэний зүгээс морины шагналд ваар, 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээг олон иргэдийн дунд өгсөн нь дан ганц багийн даргыг өөртөө хахууль авсан, түүний газрыг хүчингүй болгохоор хясан боогдуулах замаар хээл хахууль өгөх гарцаагүй байдалд хүргэсэн, тулгамдсан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх, шаардсан гэж үзэх боломжгүй. Энэ нь гэрч О.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдорж нарын мэдүүлгээр нотлогддог, Г.М нь хахуулийг өөртөө авсан гэх үйл баримт няцаагдах бөгөөд газар эзэмших захирамжийг багийн дарга цуцлах эрх бүхий этгээд биш.
Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь дангаараа бус хэд хэдэн нотлох баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдан холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн Г.М нь өөртөө авч захиран зарцуулж, өөртөө ямар нэгэн байдлаар давуу байдал бий болгосон гэх үндэслэл нотлогдон тогтоохгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба , Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
Өөрөөр хэлбэл:, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Г.Мын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хангалттай шалган тогтоосон, оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан дээрх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”..., “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй болно.
Түүнчлэн шүүх хуралдааны бичлэгээс үзвэл, шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Д.Год оногдуулсан арван таван мянган /15.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 216 хоногийн 1 хоногийг арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 3.240.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг арван нэгэн мянга долоон зуун жаран /11.760/ нэгж буюу 11.760.000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэсэн хэмээн уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад арван нэгэн мянга нэг зуун далан зургаан /11.176/ нэгж буюу 11.176.000 төгрөгөөр тогтоосугай гэж бичсэн, зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлээгүй, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан шүүгдэгч Б.Дгийн шүүгдэгч Г.Мт хахуульд өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон мэтээр нэмж бичсэн,
Шүүгдэгч Бд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэсэн зэрэг хууль хэрэглээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.
Дээр дурдагдсан алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүдэд хамаарч байгаа ч давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй тул шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
З.ТҮВШИНТӨГС