Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2024/0048

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ********

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ********

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ********

            Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга **/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрт 638,917.400 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч ******** ХХК нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрт 638,917.400 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжаар ********ХХК-д 106.8 га газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд уг газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцсан гэх үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийдвэрээр хүчингүй болж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

3. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ********ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газарт газрын төлбөр ногдуулж, газрын төлбөр төлөх нэхэмжлэлийг хүргүүлсэн байх бөгөөд газрын төлбөрт 638,917.400 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““******** ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******** байрлалтай 106.8 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай [Эрхийн улсын бүртгэлийн дугаар: ********, Талбарын дугаар ********] эзэмшүүлсэн.

Манай компанийн эзэмшлийн дээрх газраас 84.6 га талбайг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын М\//020730 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан олгосон гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь уг А/358 дугаартай Орхон аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 207 тогтоол гарснаар захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамж нь бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгон шийдвэрлэснээр "********ХХК-д ******** дугаартай гэрчилгээгээр олгосон, ******** дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрх, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан 2019 оны 11 сарын 05-ны өдрийн ******** дугаартай “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ" тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалтад заасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/358 дугаар захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул илт хууль бус захиргааны акт мөн бөгөөд, мөн хуулийн 47.2-т заасны дагуу дээрх захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг үндэслэж ********ХХК-д газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/358 дугаар захирамж хүчингүй болсныг мэдсээр байж Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай компанид 2020, 2021, 2022 онд ногдуулсан 638,917,400 төгрөгийн газрын төлбөрийг төл гэж удаа дараа шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Бидний зүгээс Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дээрх хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Газар зохин байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хандахад 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/1644 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгсөн.

Иймд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын манай компаниас нэхэмжилж буй 638,917,400 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А/358 дугаар захирамжаар манай компанид 106.8 га газрыг 15 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэсэн. Уг газраас 84.6 га газар бусдын газартай буюу Эрдэнэт үйлдвэрийн газрын дийлэнх хэсэг нь давхацсан байдаг. 2021 онд Эрдэнэт үйлдвэр энэ маргаанаар шүүхэд хандсан. 2021 оны 3 сард анхан шатны шүүхийн шийдвэрээр манайд олгосон захиргааны актыг цуцлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2022 онд Улсын Дээд шүүх хүртлээ яваад анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод хэрэгжсэн. Орхон аймгийн Засаг даргаас газар ашигласны төлбөр гэж нэхэмжилж байгаа мөнгө нь анхнаасаа гарах ёсгүй байсан захиргааны актын улмаас нэхэмжилж байгаа мөнгө гэж ойлгож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр болон Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр нотлогдож байгаа. Газар олгож шийдвэрлэсэн захирамж нь бусдын газартай давхцуулсан, анхнаасаа гарах ёсгүй байсан захиргааны акт буюу хууль бус захиргааны акт байсан. Өөрсдөө хууль бус захиргааны акт гаргасан мөртлөө өөрсдийн алдааны улмаас газар ашигласны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Газар ашигласны төлбөр буюу 3 жилийн хугацаанд манайхаас 738 сая төгрөгийг нэхэмжилсэн. Манай зүгээс газар ашигласны төлбөр буюу нэг жилийн төлбөрийг тооцоолоод 638 сая төгрөгийг манайх төлөх үндэслэлгүй, бусад төлбөрийг нь манайх төлнө гэж үзээд 638,917,400 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Эрдэнэт үйлдвэр нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр газар олгосон тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл газар ашигласны төлбөр гэж 2022 оны төлбөрийг оролцуулж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдэх үндэслэлтэй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанид олгосон Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон. Хууль бус захиргааны актад үндэслээд төлбөр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шат, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг шинжлэн судалсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрийнхөө тусгай зөвшөөрөл бүхий газрынхаа төлбөрийг Орхон аймгийн Газрын албанд төлөөд явдаг тайлбарыг хийж байна. Тэгэхээр давхар татвар нэхээд байгаа асуудал үүсээд байна. Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байгаа. 2017-2020 оны татваруудыг төлөх үндэслэл байхгүй. Манай хувьд нэхэмжилсэн 700 гаран сая төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж болох байсан ч тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж байсан цаг хугацааг тооцоод нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгийн хэмжээгээр газрын төлбөрийг хүчингүй болгож өгөөч гэж хандсан. Орхон аймгийн Газрын алба, аймгийн захиргаа, Газрын албаны дээд шатны байгууллагад хандахад шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлчих гэдэг тайлбар өгсөн. Кадастрын систем гэдэг нь мэдээлэлд өөрчлөлт оруулахыг шүүхийн шийдвэргүйгээр болдоггүй юм шиг байсан. Өмнө нь газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас харахад тухайн газар давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдоод түүний үндсэн дээр Засаг даргын захирамж хүчингүй болсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдэх үндэслэлтэй байна. Нягтлан бодогчоос Газрын албанаас 761 сая төгрөг нэхсэн бичиг ирсэн боловч жил бүр гээд нийт 5 нэхэмжлэл ирсэн. Тэдгээрийн нийлбэр дүн нь 638.917.400 төгрөг болж байгаа. Энэ бол нэхэмжлэлийн нийт нийлбэр дүн гэж мессеж явууллаа.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газрыг 2017 онд ******** ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тухайн газрын давхацсан гэх хэсгийг аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны 612 дугаар захирамжаар 84,7 га газрыг уул уурхай үйлдвэрийн зориулалттай Эрдэнэт үйлдвэрт 15 жилийн хугацаатай 2022 онд эзэмшүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан аймгийн Засаг даргын 2017 оны захирамжийг газрын кадастрын төлбөрийн хэсэгт системд оруулж өгснөөр газрын төлбөр бодогдож эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр шүүхэд хандаад 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэр нь Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 сарын 9-ний өдрийн 207 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон шийдвэрлэсэн байдаг. Удирдлага болгон шийдвэрлэсэн хэсэгт захиргааны шийдвэрийг илт хууль бус гэж шийдээгүй учраас хүчингүй болсон өдрөөс эрх зүйн үйлчлэл нь дуусна гэж үзэж байгаа. 2017 оноос 2022 он хүртэлх хугацаанд захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна. Тийм учраас газрын төлбөрийг 2017-2022 онд эзэмшиж байсан газрын төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан баримтуудыг шүүхийн журмаар хэрэгт авсан байгаа. 2021 онд 106,8 га газраа Худалдаа хөгжлийн банканд барьцаалж зээл авч, газраа ашиглаж байсныг нотолсон баримт байгаа. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т газрын төлбөрийн хэмжээ түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулахыг хуулиар тогтооно. Үүний дагуу Газрын төлбөрийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 3 дугаар зүйлд төлбөр төлөгчийг заасан. 6 дугаар зүйлд газрын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг зохицуулсан. Засаг даргаас эрх олгосон шийдвэр гарсны дагуу газрын төлбөрийг бодож эхэлдэг. Тухайн газрын нийт хэмжээгээр захирамжаа үндэслээд боддог. Тухайн үед Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр байсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр хамгийн сүүлийн шатнаас хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр болсон үеэс тухайн акт хүчингүй болно. Тиймээс 2017-2022 онд аймгийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжийн хүрээнд газрын төлбөрөө бодсон. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзээгүй. Хэрвээ илт хууль бус захиргааны акт гэж үзсэн бол гарсан даруйд хүчингүй болно гэж үзнэ. Захирамжийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас тодорхой хэмжээнд захирамж үйлчилж байсан. Эрдэнэт үйлдвэрийн зөвшөөрөлтэй газраас давхар газрын төлбөр аваагүй. 2022 оноос хойш маргаан дууссаны дараа 2022 оны 5 сард шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдээд 9 сард Эрдэнэт үйлдвэрт аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар дээр газрын төлбөр бодогдож явж байгаа. Давхцалтай байсан ч гэсэн 2017-2022 оны 5 сар хүртэлх тухайн газрыг ашиглаж 4 төрлийн үйлдвэр барьж газрыг банканд тавьж барьцаалан газрын ашигт шинж чанарыг гаргаж байсан учраас газрын төлбөрөө нэхэмжилж авах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамж гарсан. Геодези зураг зүйн газраас улс даяар газрын кадастрын систем нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотой 2020 оноос газрын мэдээллийг газрын кадастрын системд бүртгэж эхэлсэн. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч газрын төлбөрийг төлөх үүрэгтэй. Газрын төлбөрийг ногдуулахдаа бүх талбайгаар нь ногдуулж өгнө. Танай жилд бүтэн төлөгдөх хэмжээ 213.696.800 төгрөг байдаг. 2020, 2021, 2022 онд бүтэн ноогдоод үүнээс 2.173.000 төгрөгийг төлсөн. 638.917.400 төгрөг үлдсэн. 2018, 2019 оны системгүй байх үеийн ногдол нэмэгдээд тооцогдсон. 2022 онд Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас хагаслаад 5 сард ногдох хугацааны төлбөр 71.232.000 төгрөгийг тооцоолж гаргасан” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ********ХХК нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрт 638,917.400 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжаар “********ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******** байрлалтай 106.8 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан.

2.2. Уг газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцал үүссэн гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шүүхэд нэхэмжлэл гаргаж марган Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 207 тогтоолоор Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

2.3. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамжийг үндэслэн ********ХХК-д 2018-2022 онд газрын төлбөр ногдуулж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрийг төлөх талаар нэхэмжлэх хүргүүлж, ********ХХК нь төлбөрийг цуцлуулахаар холбогдох байгууллагуудад хандаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ********ХХК-д газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын захирамж хууль бус болох нь тогтоогдож, шүүхээр хүчингүй болсон тул газрын төлбөр ногдуулах үндэслэлгүй, манай байгууллагад газрын төлбөрт 638,917.400 төгрөг төлөх талаар нэхэмжлэх ирсэн тул энэ дүнгээр газрын төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ;

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ********ХХК нь Орхон аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оноос шүүхийн шийдвэрээр уг захирамж хүчингүй болох хүртэл хугацаанд газрын эзэмшиж, ашиглаж, газар дээр барилга байгууламж барьсан байгаа. Мөн захиргааны акт хүчингүй болсон өдрөөс үйлчлэл нь зогсох учраас шүүхийн шийдвэрээр хүчингүй болох хүртэлх хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй” гэж хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэв.

2.5. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамж нь ********ХХК-д эрх олгосон шинжээрээ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан боловч энэхүү захирамж нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэрээр хүчингүй болжээ.

2.6. Захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх;” гэж зааснаар хуульд үндэслэх бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар нэгэнт хууль бус захиргааны актын улмаас ********ХХК-д газрын төлбөр ногдсон нь захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзлээ.

2.7. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд ********ХХК-д газрын төлбөр ногдуулсан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын шийдвэр нь зүйд нийцэх хэдий ч тухайн эрх олгосон шийдвэр хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон нөхцөлд ногдуулсан газрын төлбөрийг төлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон захиргааны байгууллагын шийдвэр болохоор байна.

2.8. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь захиргааны акт гарсан цаг хугацаанд эргэн үйлчлэх бөгөөд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь тухайн захирамжийг гарсан цаг хугацаанаас эхлэн хүчингүй болгоно. Харин илт хууль бус захиргааны актын хувьд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илэрхий алдаатай, анхнаасаа гарах ёсгүй захиргааны акт байдаг тул шүүх илт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэдэг.  

2.9. Иймд хууль бус захиргааны актын улмаас ********ХХК-д газрын төлбөр ногдож, улмаар түүнийг төлөх үүрэг үүссэн нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж зааснаар хохирол гэж дүгнэн, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг төр хариуцах заалтын хүрээнд газрын төлбөр нэхэмжилсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2.10. ********ХХК-д Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын төлбөр ногдуулсан байх тул хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбоотой маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтаны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүхийн журмаар газрын төлбөр нэхэмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 -т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг баримтлан ********ХХК-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, ********ХХК-иас газрын төлбөрт 638,917.400 төгрөг нэхэмжилсэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.УУГАНЦЭЦЭГ