Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2020/00007

 

Б.Рызагүлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 151/ШШ2020/00448 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Рызагүлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Бауыржанд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 4 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Бауыржаны гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 07-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Рызагүль, хариуцагч А.Бауыржан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Рызагүль нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Би А.Бауыржантай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр танилцаж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлээ батлуулж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийсэн... Миний бие өвдөж эмнэлэгт үзүүлсэн чинь жирэмсэн 3 долоо хоногтой, зулбах аюултай байна, хэвтрийн дэглэм барих шаардлагатай гээд ажлаас чөлөөлөх акт бичиж өгөөд хоёр долоо хоногийн дараа үзүүл гэсэн... Удалгүй А.Бауыржаныг өөр хүнтэй байсныг мэдээд сэтгэл хямарч, даралт ихсээд яаралтайгаар хийсвэрт орж, охиноо төрүүлээд цус алдаж, цус хийлгээд эмнэлэгт 7 хоног гадуур гараад 1 сар боолт хийлгэсэн. Намайг ийм байдалтай байхад А.Бауыржан хадмын хажууд өөр хүнтэй амьдрал зохиогоод зогсолгүй хүүхэдтэй болсон. Өөр хүнтэй байсан хирнээ миний амьдралаар тоглоод зогсолгүй ар гэрийг минь доромжилж, надад сэтгэл санаа болон биемахбодийн хохирол учруулж, эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй хамгийн гол нь амьдралаар минь тоглож охиноо аавгүй өсгөх айдастай амьдралд хүргэсэнд маш их гомдолтой байна. Иймд А.Бауыржантай гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөр дээрээ авах, хүүхэддээ тэтгэлэг гаргуулж, хурим хийхэд авсан 4 000 000 төгрөг мөн байгууллагаас шинэ гэр бүл болсон хүндээ 350 000 төгрөгийн урамшуулал өгсөн тэр мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.

 Хариуцагч А.Бауыржан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд Б.Рызагүлийн гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад зарим шаардлагыг нь зөвшөөрч, зарим шаардлагыг нь зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Индрагийн асрамжийг эх Б.Рызагүльд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. 3, 4 дүгээр шаардлага болох хурим хийхэд зарцуулсан гэх 4 000 000 төгрөг, тэдний ажлын газраас өгсөн гэх эдгээр мөнгөнүүдийг надаас нэхсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай талаас мөн тодорхой хэмжээний мөнгө гаргаж бидний  хуриманд зарцуулсан. Б.Рызагүль хэрвээ ажлын газраас бидний хуриманд бэлэглэсэн гэх 350 000 төгрөг нэхэж байгаа бол миний найз нөхөд, хамаатан садан, ах дүү нараас 350 000 төгрөгөөс илүү эд зүйлсийг бэлэг болгон бидэнд өгсөн. Үүнийг яаж тооцох болж байна. Нэхэмжлэгч Б.Рызагүлийн  нэхэж байгаа дээрх мөнгөнүүд нь бидний хуриманд ёс заншлын дагуу бидний хуриманд хэрэглэгдсэн мөнгө юм. Би үүнийг ганцаараа зарцуулж хэрэглээгүй учир би ганцаараа төлөх үндэслэлгүй үүнийг ч Б.Рызагүль надаас нэхэмжлэх нь ёс заншил болон ёс зүйн хувьд боломжгүй зүйл юм.  Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Рызагүль нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Бауыржантай 2016 оны 03 сард танилцсан 2017 оны 04 сараас хойш тусдаа амьдарсан 2020 оны 10 сард бэр гуйсан, 2020 оны  03 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийсэн тэгээд хадмын хашаанд буусан, би ээлжийн ажилтай налайхын дулааны станцад ажилладаг. Ингээд ажил ихтэй тэр үеэр нь тэмцээн болоод би их ядарсан байсан тэгээд бие өвдөөд үзүүлтэл 3 долоо хоногтой жирэмсэн байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд хэвтэх шаардлагатай гэсэн тэгээд би хэвтрийн дэглэм сахиад хэд хоног хэвтсэн гэтэл тэр үеэс л хэрүүл маргаан болоод, хадам эгч нь орж ирээд нөхрөөрөө гэрийн ажил хийлгээд гээд бидний дунд янз бүрийн юм ярьсан. Тэр үеэс л бидний харилцаа муудаж  би аав ээж дээрээ очоод 1 сар болоход нөхөр эргэж ирээгүй. Тэр үед нь би ч удаа дараа эмнэлэгт хэвтсэн тэр үед нэг эргэж ирээд  явахдаа би чамаас сална гэж хэлсэн. Чамтай хэрэггүй суулаа энэ тэр гэж  хэлдэг байсан тэгээд л намайг жирэмсэн байхад өөр хүнтэй болсон байсан болохоор би охиноо өөрөөрөө овоглосон намайг жирэмсэн 7 сартай байхад өөр хүнтэй гэрлэсэн тэр хүн нь одоо жирэмсэн 2 дахь хүүхдийг нь төрүүлэх гэж байгаа гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Индра гэдэг охин төрсөн. Охиноо өөрийн нэр дээрээ авна, тэтгэмж тогтоолгох, гэрлэлтээ цуцлуулна. Мөн манай ажлын хамт олноос өгсөн 350 000 төгрөг, 4 000 000 төгрөг гаргуулж авна цалингийн зээл авч  хуримаа хийсэн учраас нэхэмжилж байгаа.” гэжээ.

Хариуцагч А.Бауыржан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдээ ээж Рызагүлийн асрамжид өгнө. Хүүхдийн тэтгэмж төлнө. Эхнэр бол өөрөө их зөрүүд ааштай их хэцүү зан ааштай жоохон л юм болвол шууд л гэрлүүгээ явна гээд л зөрүүдлээд яваад өгдөг байсан. Хамт амьдраад 1 сар л болоход 2-3 удаа гэрлүүгээ гүйсэн үүнээс нь л болоод бид хоёр салахаар болсон. Харин тэр 4 350 000 төгрөгийн тал хувийг нь төлнө. Би 2020 оны 12 дугаар сар гэхэд төлөөд дуусгана” гэжээ.

            Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ботогара овогт Баярхааны Рызагүль /РД:УД90041821/, Молкы овогт Анарын Бауыржан /РД:УД91031013/ нарын гэрлэлтийг цуцалж,

  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Р.Индраг эх Б.Рызагүлийн асрамжид үлдээж,

   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Р.Индраг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг А. Бауыржанаар тэжээн тэтгүүлэхээр,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэрлэгчид болох Б.Рызагүль, хариуцагч А.Бауыржан нар  4 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, нэхэмжлэгч  Б.Рызагүль нь нэхэмжлэлийн шаардлага 4 350 000 төгрөгийн 2 175 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.Бауыржан 2 175 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.Рызагүльд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Рызагүлийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бауыржанаас 227 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Рызагүльд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Бауыржан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Рызагүль хариуцагч Бауыржан надаас 4 350 000 төгрөг нэхэмжлээд шүүхэд өргөдөл гаргасны дагуу 2020.03.25-ны өдрийн дугаар 151/ШШ2020/00448 тоот шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Рызагүлийн нэхэмжилсэн 4 350 000 төгрөгийн 50% буюу 2 175 000 төгрөгийг хариуцагч Бауыржан болох надаар төлүүлэхээр шийдвэр гарсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь: Хариуцагч Бауыржан миний бие хурим хийхэд нэхэмжлэгч Рызагүлээс нэг ч төгрөг аваагүй. Рызагүлийг 4 000 000 төгрөг зээл авсаныг нь ч мэдээгүй байсан. Манай аав, ах, дүү, хамаатан саданг бэрээ авахаар очиход нь дайлж цайлсан тэгэхэд 4 000 000 төгрөг зарцуулсан гэх шалтгаанаар уг мөнгийг нэхэмжлээд байгаа. Үүнийг хариуцагч Бауыржан миниы бие зөвшөөрөхгүй байна. Хурим хийхэд миний аав, ах, дүү, хамаатан садангаас нийлээд 13 000 000 орчим төгрөг зарцуулагдсан. Уг мөнгийг Бауыруан миний бие Рызагүлээс нэхэмжлэгч болж байна уу? надад Рызагүль бид 2 хурим хийгээд гэр бүл болоод 1 сар орчим хугацаа болж байхад Рызагүль өөрөө намайг дандаа хөдөө, хөдөө гэж ярьдаг хөдөөний мал, чи хүн болохгүй ажил төрөлгүй чамтай дэмий сууж цаг хугацаа алдаж гэж хэлээд явчихсан би Рызагүлийг надаас явахад нь тултал гэм буруу хүчирхийлэл, зан авир гаргаагүй. Анхан шатны шүүх хурал дээр итгүүлж худал мэдүүлэг өгсө би гомдолтой байна.” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Рызагүль нь хариуцагч А.Бауыржанд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин Р.Индраг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хурим хийхэд авсан зээл, шинээр гэр бүл болоход байгууллагаас олгосон урамшуулал нийт  4 350 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 Хариуцагч А.Бауыржан гэрлэлт цуцлуулах, охин Р.Индраг эхийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хурим хийхэд авсан зээл, шинээр гэр бүл болоход байгууллагаас олгосон урамшуулал нийт 4 350 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Рызагүль, А.Бауыржан нар 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болсон, охин Р.Индра 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, гэрлэлт цуцлах  болсон шалтгаан нь А.Бауыржан өөр бусадтай гэр бүл болж 2 дахь хүүхэд нь төрөх гэж байгаа,  гэрлэгчид цаашид хамтран амьдрах хүсэлгүй, эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоолгохыг  тохиролцож хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шүүхээс гэрлэлт цуцлуулахтай холбогдсон  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд хариуцагч А.Бауыржанаас “...Хоеулаа хэрэглэсэн учраас би талыг нь төлж болно. Тодорхой хугацаанд хуваагаад төлж болно... хүлээн зөвшөөрч байна... 4 350 000 төгрөгийн  тал хувийг нь төлнө... Би 2020 оны 12 дугаар сард төлөөд дуусгана“ гэж, нэхэмжлэгч Б.Рызагүлиэс “..хариуцагч талын саналыг хүлээн зөвшөөрч байна“ гэсэн тайлбар  гаргасан /хх- 66-67 тал/, улмаар  нэхэмжлэгчийн  “хурим хийхэд авсан зээл, шинээр гэр бүл болоход байгууллагаас олгосон урамшуулал нийт 4 350 000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 2 175 000 төгрөгийг хариуцагч төлөхөө   хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан гэрээг /хх-64 тал/ шүүхэд өгснийг үндэслэж шүүх зохигчдын эвлэрлийг батлаж  шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Учир нь зохигчид эвлэрэх нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг бөгөөд Б.Рызагүль, А.Бауыржан, нар харилцан буулт хийх замаар 2 175 000 төгрөгийн  талаар тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулснаар тухайн маргаантай асуудлыг нэгэнт дуусгавар болгуулсан атлаа хариуцагчаас одоо  төлбөрийн талаар зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, тухайн үед  эвлэрлийн гэрээг байгуулахдаа хариуцагчийг хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “...Рызагүлийн нэхэмжилсэн 4 350 000 төгрөгний 50 хувь буюу 2 175 0 000 төгрөгийг хариуцагч Бауыржан надаар төлүүлэхээр шийдвэр  гарсныг  эс зөвшөөрч байна...“ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2020/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Бауыржаны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 750 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           

                          ШҮҮГЧИД                                                 Г.БОЛОРМАА

 

                                                                                         Т.ЭНХМАА