Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          5            26                                                      2023/ДШМ/34                       

 

 

 

О.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

            Шүүгдэгч О.Д 

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Д-д холбогдох эрүүгийн 2334000000004 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1974 оны 8 дугаар сарын 02-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эх, ах нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Сөгнөгөр Нарстайн 4-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Очирын Д,

 

О.Д нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, “Сөгнөгөр” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн ах Дтой маргалдаж, улмаар Дийн гарт байсан хутгыг авч хэвлий хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Очирын Дг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 27.5 см урттай, 3.5 см өргөнтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Дтой маргалдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын хэрэгт хамаарч байгаа хэдий боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, /69 хувийн группд байдаг/ анх удаа хэрэг зөрчилд холбогдсон байдал, өндөр настай, ээжийгээ хардаг /80 гаруй настай/, хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх огт харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн байна.

 

Хэргийн материалаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байх ба харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд огт байдаггүй. Хэрэг учрал болох үед хохирогч Д нь миний үйлчлүүлэгчид зүй бус үг хэллэг хэлэн улмаар түүнийг цохиж авч, хутга өгөн “чаддаг юм бол намайг ал” гэж хэлснээс уг хэрэг гарсан болох нь тогтоогддог.

 

Шүүгдэгч болоод хохирогч нар нь төрсөн ах дүүсийн холбоотой бөгөөд анх 1996 оны 4 дүгээр сард өнөөдрийн хохирогч Д нь өөрийн дүү шүүгдэгч О.Дд архи уусан үедээ агсам тавьж, зодоод байхаар нь гэрээсээ гарч зугтаж яваад өндөр хүчдэлийн тогонд цохиулан улмаар тахир дутуу болж, өнөөдрийн байдлаар 69 хувийн байнгын группэд байдаг болсныг хэргийн оролцогчдоос гадна ах, дүү нар нь мэдүүлдэг. Үүнээс үзэхэд миний үйлчлүүлэгч нь хохирогч Дийн байнгын дарамт шахалт, айлган сүрдүүлгэ дор 80 настай ээжийнхээ хамтаар байдаг болох нь харагдаж байна.

 

Хэрэг учрал болох үед энэхүү нөхцөл байдал үүссэнээс шүүгдэгчийн хувьд байнгын эрхшээл дарамтад ордог, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсаны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хэлбэрийн хохирол учруулсан байна. Мөн шүүгдэгч О.Дд болон түүний 80 гаруй настай ээж Ж.Өнөр нарт байнгын агсам согтуу тавьдаг, хүч хэрэглэдэг, хүч хэрэглэхээр заналхийлдэг, доромжилдог зэрэг нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн бөгөөд энэ талаар ээж Ж.Өнөрийн тайлбар, өргөдлөөр нотлогдсон байна. Үүнийг хохирогч Д огт үгүйсгэдэггүй, харин ч би дүүгээ хөл, гаргүй болгосон миний буруу, би дүүтэйгээ муухай харьцаж намайг ал гэж хутга өгснөөс болсон, ямар ч гомдол хохиролгүй гэдгээ удаа дараа мэдүүлхээс гадна, давж зааллдах шатны шүүхэд мөн дахин бичгээр хүсэлт гарган ирүүлсэн. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдалт нь хохирогчийн нэг биш удаагийн хууль бус үйлдлийн хариу болон үүсэж, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл түргэн зуур болж өнгөрдөг онцлогтой байдгийг бид бүхэн анхаарах учиртай.

 

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, тэнсэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Д нь зэвсэг хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч О.Д 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17-18 цагийн үед буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, “Сөгнөгөр” гэх газарт өөрийн төрсөн ах Дтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д-ийн гарт байсан хутгыг авч түүний хэвлий хэсэгт нь хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Дийн “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ зурагтаар улсын аваргын волейболын тэмцээн үзээд сууж байгаад мориндоо тэжээл өгөх гээд байж байхад гаднаас дүү О.Д согтуу тал шил архи, хөрөө бариад орж ирсэн. Би дүүг орон дээр суулгаад авч ирсэн архинаас нь ганц татаад зурагтаар тэмцээн үзээд сууж байсан чинь дүү О.Д хэл амаар доромжилж агсам тавьж эхэлсэн. Би дүүг чи одоо согтсон байна унт гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд сүүлдээ бүр болохгүй болохоор нь босож очоод унтаад өгөөч гээд цохисон. Дүү өөдөөс босож ирээд “чи муу намайг цохидог хэн бэ, би чамайг одоо ална” гээд агсраад байхаар нь хэвгийн уут задалж байсан хутга аваад “май чаддаг юм бол намайг алаадах” гээд хутга барьсан чинь хутга булааж аваад миний цээж хэсэгт дүрчихсэн. Би холдоод хутгыг сугалаад өөрийн орон дээр хэвтсэн...” гэх[1],

 

Гэрч Ч.Мөнхбатын “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төвд сувилагч Магияагийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад оройн 19 цагийн орчим эрүүл мэндийн төвийн дуудлага хүлээн авах 98612010 утсанд “Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт 58 настай эрэгтэй Д гэх хүн өвлийн хүнс идэш бэлтгэж байгаад хутган дээр халтирч унаад цээж хэсэгтээ хутга нь орчхоод цус алдаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Би жижүүрийн жолооч н.Мөнхбаатарын утас руу залгаад дуудлагад явъя гэж хэлээд эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Нандинцэцэгт утсаар мэдэгдээд цагдаа дуудсан. Дуудлага өгсөн хүн согтуу мөн халтирч унаад газар байсан хутган дээр унасан гэхээр нь сонин санагдаад гаднын нөлөөтэй байж магадгүй гэж үзээд цагдаа дуудаад дуудлагад явсан. Би дуудлага дээр 20 цаг 09 минутад очоод Д гэх хүнд анхан шатны тусламж үзүүлсэн. Анх намайг байшинд орох үед орон дээрээ хажуу тийш харсан байдалтай, царай цонхийсон, архи дарс хэрэглэчихсэн байсан. Би юу болсон талаар Д гэх хүнээс асуусан боловч өөрөө хариулт өгөхгүй байшинд байсан Хүрлээ гэх залуу болон Д.Доржготов нар үхэртээ хивэг өгөх гэж байгаад гаднаас цастай гуталтай орж ирээд шалан дээр халтирч унасан гэж мэдүүлсэн. Утсаар анх дуудлага өгснөөс шал өөр мэдүүлэг өгөөд эхэлсэн. Би Дид үзлэг хийхэд зүүн хавирганы нуман доод хэсэгт ходоод руу чиглэлтэй хэвлийн хөндий рүү цоорсон байсан...” гэх[2]

 

Гэрч Д.Доржготовын “...Үдээс хойш н.Эрдэнэболдын гэрт очсон чинь О.Д архи уучихсан байсан тул гэрт нь хүргэж өгсөн. Тэдний гэрт Д ах ганцаараа сууж байхаар нь дүүг нь оруулж өгөөд гараад явсан. Буцаад 18 цагийн үед Д ахын гэрт очсон чинь ах дүү хоёр архи уучихсан байсан. Өмнө хоорондоо архи уугаад маргалдаж хэрэлддэг тул юмыг яаж мэдэх үү гээд хэсэг харж суусан. О.Д орон дээрээ хэвтээд Д ах үүдэнд бас орон дээрээ хэвтэж байсан. Би гарах гээд үүд чиглээд Д ахын хажуугаар гарсан чинь царай нь цонхийгоод цайчихсан байсан. Би ойртоод Д ахыг дуудаад юу болсон талаар асуусан чинь намайг гараад явсан хойно хоорондоо маргалдсан, энийг хараа гээд гараа авсан чинь хутгалуулчихсан байсан...” гэх[3] мэдүүлгүүд болон,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16359 дугаар “...Дийн биед хэвлийн зүүн хавирганы нуман дор хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны бага махиа, бага сэмж, элэгний 3 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /800мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт[4], шүүгдэгч О.Дгийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас О.Дгийн дээрх гэмт үйлдлийг “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Дгийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Дгийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн шүүхээс шүүх хуралдааны шатанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг харгалзан үзэж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулж болох ялын төрөл хэмжээний доод хэмжээ болох 5 жил хорих ялаас доогуур 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн “...О.Д нь хохирогч болох төрсөн ах Дийн байнгын дарамтад амьдардаг байсан учир сэтгэл санааны гэнэтийн цочролд орсны улмаас хохирогчийг хутгалан хүнд хохирол учруулсан тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэгээрээ мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдах онцлогтой байдаг ба, хэрэгт авагдсан, дээр дурдагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч О.Д нь согтуурсан үедээ хохирогч Дийн “май, чаддаг юм бол намайг алаадах гээд” өгсөн хутгыг авч хохирогчийн хэвлий тус газарт нь хутгалан гэмтэл учруулсан үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх хууль зүйн боломжгүй ба, шүүгдэгч нь тухайн үйлдлийг хийснээрээ хохирол, хор уршигт хүргэнэ гэдгээ мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч О.Д нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Цаашид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” хэмээх шаардлагад нийцүүлэн шийдвэрлэж байхыг анхааруулах нь зүйтэйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дгийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

  

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              З.ТҮВШИНТӨГС

 

 

                            ШҮҮГЧИД                                     Ш.ТӨМӨРБААТАР

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

[1] хх-ийн 13-14-р тал

[2] хх-ийн 16-р тал

[3] хх-ийн 18-р тал

[4] хх-ийн 22-23-р тал