| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2024/0036/з |
| Дугаар | 119/ШШ2024/0049 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 119/ШШ2024/0049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ********,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5618 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “********” ХХК нь:
1.1. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12\5618 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”,
“Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.2. Хариуцагч талаас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай тендерийн үнэлгээний хороо, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон ТШББ-ын дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн” гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тус тус маргав.
1.3. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6980, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Гомдол буцаах тухай” 03/7365 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1. “********” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу тендерт оролцогч нараас тендерийн үнийн саналаар 1-р байранд байна.
2.2. Манай компанийн зүгээс хууль болон захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн боловч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс удаа дараа энэхүү тендерийг материалыг шаардлага хангаагүй хэмээн мэдэгдэж байгаа нь илт хууль бус төдийгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан хэд хэдэн зарчмыг зөрчин манай компанийн эрх ашгийг удаа дараалан зөрчиж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: “Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд захиалагчаас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр СЭ-112-12/5321 дугаартай бидний илгээсэн тендер нь шаардлага хангаагүй тухай мэдэгдэл хүлээн авсан. Үүний дагуу манай компани Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 03/6980 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичиг хүлээн авсан. Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1, 59.10.2 дахь заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн СЭ-112-12/5321 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр СЭ-112-12/5618 дугаартай бидний илгээсэн тендер нь шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг дахин хүлээн авсан. Үүний дагуу манай компани 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дахин гомдол гаргасан боловч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 03/7365 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичгийг хүлээн авсан. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасны дагуу буцаасан. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 03/6980 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт захиалагчийн тавьсан шаардлагад нийцсэн тухай дурдсан байдаг. Үүнд:
“********” ХХК-ийн гомдолд барааны дотоод бүтцийг харуулах зорилгоор нээлттэй талын зураг ирүүлсэн бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэсэн GВ/Т 307.3-2017 стандартын дагуу 60104, 60214, 60302 загварын холхивч нь нэг талдаа хаалттай нь илтэд ойлгомжтой болохыг гомдолд дурдсан болохыг тэмдэглэж байна. Түүнчлэн “*******” ХХК-ийн гомдолд дээрх бараа GВ/Т 307.3-2017 стандарттай, гуулин сеператортой нь тодорхой батлагдаж байгаа талаар гомдолд дурдаж, тодорхой харагдац бүхий барааны зургийг хавсаргаж ирүүлсэн болохыг тэмдэглэж байна” хэмээн үндэслэл хэсэгтээ дурдаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.1 болон 59.10.2 дугаар зүйлийн дагуу нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ СЭ-112-12/5321 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Мөн “*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу тендерт оролцогч нараас тендерийн үнийн саналаар 1-р байранд байна. Манай компанийн зүгээс хууль болон захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн боловч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс удаа дараа энэхүү тендерийг материалыг шаардлага хангаагүй хэмээн мэдэгдэж байгаа нь илт хууль бус төдийгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан хэд хэдэн зарчмыг зөрчин манай компанийн эрх ашгийг удаа дараалан зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Холхивчны код дэлхий дээр нэг л янз байдаг. Олон Улсад чанар хэмжээг үнэлдэг. ГОСТ стандарт болон GBT стандарт хоёрыг нийлүүлээд ISO стандартаар баталчихсан. Орос улсад үйлдвэрлэдэг Хятад улсад үйлдвэрлэдэг гэдгээр код нь ялгаатай биш” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Холхивч-III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301224 дугаартай нээлттэй тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn-д зарлаж, 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр тендерийн нээлт хийхэд “********” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК гэсэн 7 оролцогч тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тендерийг үнэлж, тус тендерт шаардлагад нийцэх нэг ч тендерт оролцогч байхгүй учир бүх тендерээс татгалзаж, техникийн тодорхойлолтыг шинэчлэн дахин зарлах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан тул 2024 оны 08 дугаар 09-нд тендерт оролцогчдод холбогдох мэдэгдлийг компани тус бүрт Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим сайтад нийтлэн хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 03/6759 дугаар албан бичиг ирсэн ба “********” ХХК-аас гомдол гаргасан тухай мэдэгдсэн тул 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тендерийн баримт бичиг хүргүүлэх тухай СЭ-112-12/5403 дугаар албан бичиг болон тус өдрөө тендерт оролцогчдод “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” СЭ-112-12/5404 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Сангийн яам тендерт оролцогч “********” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6980 дугаар шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. Сангийн яамны дээрх шийдвэрүүдийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, “Холхивч-III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай тендерт оролцогч “******** ***” ХХК-ийн тендерийг дахин нягталж үзэн Сангийн яамны гомдол хянасан бичигтэй санал нэг байсан ба харин “******** ***” ХХК-аас бараануудын эскиз зураг ирүүлээгүй гэж татгалзсан дээр Сангийн яамны гомдол хянасан бичигт огт дурдаагүй тул тус шалтгаанаар Үнэлгээний хорооны 100 хувийн саналаар татгалзсан.
Иймд Үнэлгээний хороо тендерт шаардлагад нийцэх нэг ч тендерт оролцогч байхгүй учир бүх тендерээс татгалзаж, техникийн тодорхойлолтыг шинэчлэн дахин зарлах гэсэн шийдвэр гарган 2024 оны 08 дугаар сарын 27-нд захиалагчид хүргүүлсэн боловч захиалагч тус өдрөө хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын төлөвлөлт, мониторингийн албанд мониторингийн дүгнэлт гаргуулахаар өгсөн бөгөөд мониторингийн албаны мониторингийн дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 29-нд Үнэлгээний хорооны гаргасан шийдвэртэй санал нэг гэсэн тул тендерт оролцогч “********” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 30-ны СЭ-112-12/5618 дугаар мэдэгдлийг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn сайтад нийтлэн хүргүүлсэн. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай Холхивч-III нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлахдаа сүүлийн мэдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 30-нд хүргүүлсэн ба гомдол гарах хугацаа ажлын 6 хоног 2024 оны 09 дүгээр сарын 06-нд дууссан тул 2024 оны 09 дүгээр сарын 18-нд дахин тус тендерийг зарласан ба 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 10 минутад нээлт хийхээр зарлагдсан байгаа.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1 дэх заалтад нийцэх оролцогч байхгүй тул 28.1.3-т заасны дагуу татгалзан, хуулийн 28.2 болон 28.3-т заасны дагуу мэдэгдсэн бөгөөд 28.5-д заасны дагуу тендерийг дахин зарласан учир тус нэхэмжлэгчийн хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Мөн тус тендерт хуулийн 25.1 дэх нөхцөл байдал үүсээгүй буюу тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал үүсээгүй тул Үнэлгээний хороо тендерт оролцогчдоос ямар нэг тодруулга аваагүй болно.Түүнчлэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны №119/Ш32024/0345 тоот захирамжаар тус тендерийн зарласан байгааг түдгэлзүүлээгүй буюу нэгэнт хэрэгжсэн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг бүхэлд нь хангахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “1. Холхивч-III” ЭҮТӨҮТ/20240102220 дугаартай тендерт нийт 54 төрлийн 955 ширхэг холхивч худалдан авна. Холхивчууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн цех болох Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цехийн технологийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн эргэлдэх эд ангийн бүрдэл хэсэгт ордог.
2. Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад нэн түрүүнд тоног төхөөрөмжийн бэлэн байдал найдварт ажиллагаа, төлөвлөгөөт засвар үйлчилгээг цаг тухайд хийж гүйцэтгэхэд шаардлагатай сэлбэг материалын бэлэн байдал нь нэн чухал.
“Холхивч-III” тендерт худалдан авах барааны 20-42326, 32328М , 42328ЛМ, 42624Л, 97168 дугаартай холхивчууд нь Ил уурхайн ЭКГ-10,12 маркийн шанагатай экскаваторын эд ангиудад ордог. 62312-2RS, 62305-2RS, 2316, 23288СА/WЗЗ дугаартай холхивчууд нь Баяжуулах үйлдвэрийн тээрмүүдийн цахилгаан хөдөлгүүрийн ротор болон тээрмийн хөтлөх голд ордог. Тухайн тоног төхөөрөмжүүд нь тасралтгүй ажиллагаатай ба дээрхи холхивчуудын нийлүүлэлт тасалдснаас эвдрэл гэмтэл үүсэх тохиолдолд учрах алдагдлын тооцоог” гэжээ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “********” ХХК-ний ирүүлсэн техникийн тодорхойлолтод барааны Эскиз зураг ирүүлээгүй байсан. Эскиз зургаар холхивчны бүтэц, харьцаа, зохион байгуулалтыг харах боломж олгодог. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтэц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг эскиз зураг гэж тодорхойлсон.
Конструкторын эскиз зургийн бичиг баримт гүйцэтгэх дүрэм ГОСТ 2.125-2008-ын 3.1-т “Эскиз баримт бичиг нь материалын эх загварыг үйлдвэрлэх, турших, цахим загвар боловсруулах, шинжлэх, түүнчлэн нэг удаагийн эсвэл үйлдвэрлэхэд ашигласан бусад баримт бичгийг боловсруулахад нэг удаа ашиглах зориулалттай баримт бичиг юм” гэж, 3.2-т “Эскиз конструкторын баримт бичгүүдийг (эскиз ББ) ГОСТ 2.103 стандартын дагуу баримт бичгийг боловсруулах үе шатанд дараахь тохиолдолд гүйцэтгэнэ”..., мөн Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ” гэж заасан. Оросын холбооны улсын стандартуудыг үлгэрлэн ашигласан талаар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт холбогдох баримтуудыг хавсаргав” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн сүүлд явуулсан мэдэгдэл дээр эскиз зураг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар шалгараагүй. Ирүүлсэн техникийн тодорхойлолт дээрээ зөвхөн фото зураг ирүүлсэн байсан. Тиймээс шаардлага хангахгүй гэж үзсэн. Эскиз зураг тухайн бараа бүтээгдэхүүний бүтэц зохион байгуулалтыг харах, үнэлэх, нийцэж буйг тогтоох чухал баримт болдог” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая манай талаас холбогдох тайлбаруудыг гаргасан тул нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай тендерийн үнэлгээний хороо, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон ТШББ-ын дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн” гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн “Тендер хянан үзэх” 26.2-т: “ерөнхий шаардлага”-ыг хангасан эсэх, 26.4.2: “ТШББ-т заасан шаардлага нийцэх” эсэхийг тухайлбал: “санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийсэн байх”, 26.4.4-т “ТШББ-т заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж заасан.
1.2. Сангийн сайдын 2023.12.25-ны өдрийн А/258 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн 1 дүгээр бүлэг.Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-нд дараах шаардлагуудыг тусгасан.
ТШЗ.10.Тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах:
10.1. Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах шаардлагатай бол энэ тухай хүсэлтийг хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар захиалагчид гаргах бол Өгөгдлийн хүснэгтэд заасан хаягаар хүргүүлнэ.
ТШЗ.13. Тендерийн иж бүрдэл. 13.2. Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ. 13.2.5. санал болгож буй бараа ТШЗ-ны 17 дугаар зүйлд заасан тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг;
ТШЗ.17. Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримт:
17.3.Оролцогчийн санал болгож буй бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг Өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ. 17.5.Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна. 17.7.Техникийн тодорхойлолтод дурдсан чанар, материал, тоног төхөөрөмжийн загвар, хэмжих нэгж, стандарт, барааны тэмдэг, каталогийн дугаар зэрэг нь тухайн бараанд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй.
ТШЗ.20.Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт: 20.1.Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5-д заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана.
1.3. Тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн 2 дугаар бүлэг. Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-ийн дагуу Захиалагчийн боловсруулж, оролцогчдод хүргүүлсэн ӨХ-ийн ТШЗ-ийн 17.5-д: “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойололтод нийцэж буйг нотлох баримтыг /фото/ /эскиз/ өгөгдлийн хэлбэрээр ТШББ-ийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ”, ӨХ-ийн ТШЗ-ийн 20.1-д: ӨХ-д заасан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан.
1.4. Нэхэмжлэгч “********” ХХК нь нийлүүлэхээр санал болгосон холхивчнуудын зөвхөн фото зургуудыг ирүүлж, эскиз зурагнуудыг огт ирүүлээгүй, тендерийн иж бүрдэл дутуу, тухайн санал болгосон холхивчнуудыг техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг нотолсон баримт ирүүлээгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2024.08.30-ны өдрийн СЭ-112-12/5618 дугаартай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д: “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйл /Тендер үнэлэх/-ийн 27.1-д: “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж заасан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг 2 удаа хянан үзэхэд “санал болгож буй холхивчнууд нь техникийн шаардлагад нийцэж буйг харьцуулж нотлох эскиз зурагнуудыг ирүүлээгүй, тендерийн иж бүрдэл дутуу, тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй” учраас уг тендерийг үнэлэх боломжгүй байсан. Сангийн яам “Гомдол хянах тухай” 2024.08.23-ны өдрийн 03/6980 тоот албан бичгийн дагуу “********” ХХК-ийн тендерийг 2024.08.26-ны өдөр 2 дахь удаагаа дахин хянан үзсэн. Дээрх үндэслэлүүдээр уг тендерийг дахин хянан үзэх, үнэлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ тендер явагдаж байгаа гэж ойлгож байна. Техникийн тодорхойлолтын 17.5-д заасныг хууль тогтоогч нарийвчлан заасан. Тухайн 1 патенттай үйлдвэрлэгчийг зааж болохгүй. Тэгэхээс өөр аргагүй бол дүйцэхүйц гэдэг үгийг оруулах заалт байгаа. Тендерийн Үнэлгээний хорооны даргаас Оросын холхивч авах гээд байхад Хятад Улсын юм нийлүүлэх гээд байна гэсэн зүйл ярьчих шиг боллоо. Бид нар тендер дээрээ энэ стандарттай манайх ингэж нийцнэ, Олон Улсын ISO стандарттай ингэж нийцнэ гэдэг зүйлээ зааж өгөөд байхад Хятад Улсын юм өгөх гэж байна гээд нүдээр дүгнэчихээр яаж энэ тендер хууль ёсны үнэлэгдсэн гэж үзэх вэ. Ийм хандлагаар хандаад байхаар нь хуулийн 59 дүгээр зүйлд заасан журмаар төрийн захиргааны төв байгууллагад хандсан. Сангийн яам тендерийг урьдчилсан байдлаар хянаж үзээд гомдол нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Ийм шийдвэр гаргаад явуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг энэ тохиолдолд хамаагүй болсон. Энэ дотор чинь эскиз байхгүй байна гэдэг байдлаар шалгаруулалт явж байгаа нь хууль бус байна. Энэ хууль бус үйл ажиллагааг шүүхийн хяналтад оруулж ирж байгаад тогтоолгох гээд байгаа. Хятадаас нийлүүлэх учраас ямар ч нэмэргүй гэдэг зүйлийг сая ойлгуулчихлаа. Эскиз гэдэг бол хэлбэрийн төдий асуудал юм байна. Хэрэв эскиз зураг өгсөн бол танайх ард нь байсан 3 ширхэг /.../ цэгээр унана шүү л гэж байгаа юм байна. Тендерийн 17.5 дахь хэсэгт байгаа өгөгдлийн хүснэгтийг маш сайн нягтлан үзээд шийдвэрээ хараат бусаар гаргаж өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “********” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102220 дугаар “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5618 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжин мэтгэлцэж оролцов.
Хоёр. Маргаан бүхий захиргааны актуудын он, сар, өдөр /огноогоор/-ийн дарааллын дагуу дүгнэлт өгөх нь үргэлжилж буй үйл баримт /факт/-д үнэлэлт өгөхөд ач холбогдолтой, зохистой гэж үзлээ.
Гурав. Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв. Нэхэмжлэгчийн “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн тухайд:
4.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Үнэлгээний хороод байгуулах тухай” А/149 дүгээр тушаалаар ЭҮТӨҮГ/20240102220 дугаар “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо байгуулагдсан байна. /1 дэх хх-ийн 177-178 дугаар тал/
4.2. Нэхэмжлэгч нь “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар “Холхивч III” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тус тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “...шаардлагад нийцэх нэг ч тендерт оролцогч байхгүй учир бүх тендерээс татгалзаж, техникийн тодорхойлолтыг шинэчлэн дахин зарлах”-аар шийдвэрлэсэн бөгөөд Захиалагч энэ талаар 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн СЭ-112-12/5321 дугаар албан бичгээр “********” ХХК-д мэдэгджээ. /1 дэх хх-ийн 162-169 дүгээр тал/
4.3. Нэхэмжлэгчээс Захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6980 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн СЭ-112-12/5321 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, энэ талаарх шийдвэрийг Захиалагчид хүргүүлсэн байна.
4.4. Захиалагч болон тендерийн Үнэлгээ хороо нь Монгол улсын Сангийн яамны дээрх шийдвэрийг хүлээн авч, маргаан бүхий тендерийг хянан үзэж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр “...********” ХХК-ийн тендерийг ТШЗ 17.5 техникийн тодорхойлолтод шаардсан нотлох баримт болох эскиз зургийг бүх бараанууд дээр ирүүлээгүй нь шаардлага нийцэхгүй, ... тендерт шаардлагад нийцэх нэг ч тендерт оролцогч байхгүй учир бүх тендерээс татгалзаж, техникийн тодорхойлолтыг шинэчлэн дахин зарлах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн байна.
4.5.Тодруулбал, “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтыг үнэлэх Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6980 дугаар албан бичгийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд маргаан бүхий тендерт дахин үнэлгээ хийж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхн саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” дахь хэсэгт заасантай нийцжээ. /1 дэх хх-ийн 190-192 дугаар тал/
4.6. Захиргааны акт гаргахыг Захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой тул “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлж, 04 тоот шийдвэр /хурлын тэмдэглэл/-ээр шийдвэрлэсэн байхад дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй.
4.7. Иймд нэхэмжлэгчийн “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Тав. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5618 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
5.1. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн СЭ-112-12/5618 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /захиргааны акт/-т маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг үндэслэсэн бөгөөд "********” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “Холхивч III” худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг. Өгөгдлийн хүснэгт ТШЗ 17.5 /Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойололтод нийцэж буйг нотлох баримтыг /фото/ /эскиз/ /.../ өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.../-д заасан шаардлагыг хангаагүй гэж тендерээс татгалзсан бөгөөд энэхүү шийдвэрт хэргийн оролцогчид маргасан.
5.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “ЭҮТӨҮГ/20240102220 дугаар Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн тухай 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн БО/20240829-105 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ба 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5618 дугаар албан бичгээр “********” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4 “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. /1 дэх хх-ийн 190-193, 197-198 дугаар тал/
5.3. Өөрөөр хэлбэл, тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 “тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.18 “техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 12 дугаар зүйлийн 12.1 “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 12.2 “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно”, 26 дугаар зүйлийн 26.4.2 “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4 “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9 “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” дэх хэсэгт тус тус зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийг хянан үзсэн байна.
5.4. Захиалагчийн “Холхивч III” худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг. Өгөгдлийн хүснэгт ТШЗ 17.5 /Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг /фото/ /эскиз/ /.../ өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.../-д заасан бөгөөд тендерт оролцогч “********” ХХК нь тендерт “эскиз” зургийг ирүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан CD баримт болон бичгийн баримтуудаар тус тус тогтоогдсон. /CD болон 1 дэх хх-ийн 109-111 дүгээр тал/
5.5.Иймд тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгт ТШЗ-ийн 20.1 “Өгөгдлийн хүснэгтэд заасан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж зааснаар “********” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5.6.Түүнчлэн, Захиалагчийн “Холхивч III” худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг. Өгөгдлийн хүснэгт ТШЗ 17.5-д /... /фото/ /эскиз/ /.../ зэрэг нь өөр өөр ойлголтыг илэрхийлэх бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т "эх загвар зураг /ЭСКИЗ/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг”, харин /ФОТО/ гэдэг нь “Гэрэл зураг нь гэрэл мэдрэмтгий гадаргуу дээр унасан /зургийг хальс/ гэрлээс үүсдэг зураг” гэж тодорхойлогдох бөгөөд дээрх “фото”, “эскиз” гэх шаардлагуудыг Захиалагчаас тоочиж заасан бөгөөд хариуцагч талын “фото” болон “эскиз” зургийг аль алиныг ирүүлэх байтал эскиз зургийг ирүүлээгүй” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ нь аль нэг буюу эсхүл гэх утгыг илэрхийлэхгүй болохыг Монгол хэлний их тайлбар толь бичигт тайлбарласан байна.
5.7. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 /Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно/ дэх хэсэгт зааснаар Захиалагчийн “Холхивч III” худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг. Өгөгдлийн хүснэгт ТШЗ 17.5-д заасан /фото/, /эскиз/, /.../ гэсэнд тодруулга авч болохоор байсан бөгөөд энэ талаар тодруулга аваагүй байна.
5.8.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023.06.16-ны өдрийн Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.4, 51 дүгээр зүйлийн 51.7 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “********” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай “Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5618 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20240102220 дугаартай Холхивч III” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ