Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/00762

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, **** давхарт байрлах, Э******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,                                                                                                                        

Хариуцагч: С дүүрэг, *** өөрийн байранд байрлах, Н******* /РД:*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******,

Гэрч С.Г*******,

Шинжээч Ц.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Н*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №4-190/16904 тоот мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүлээн авч танилцаад дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилогдсон Д******* ХХК-ийн шинжээч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай компани дээр ирж уулзаад барилгын зураг бусад материалыг аваад 14 хоногийн дотор үнэлгээ гарган гэсэн боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 заалтад заасан холбогдох материалыг авалгүй, барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Манай компанийн 9482.54 м.кв талбай бүхий Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31 071 003 521 төгрөгөөр хэт нэг талд үйлчлэн, зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Х ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар Х******* дүүргийн хороо, Үйлдвэр хороолол, Ч гудамж, хаягт байрлах, 4665 м.кв газартай, 9482.54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг нийт 56 788 165 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилогдсон Д******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 дахь заалтуудыг зөрчсөн, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр зах зээлийн үнэлгээнээс хэд дахин багаар үнэлсэн байх тул Д******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Үл хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Д******* ХХК нь 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэнг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Х ХХК-тай гэрээ байгуулан үнэлүүлэхэд 56 788 165 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс монголиа ХХК-ийн 2021 судалгаагаар худалдааны талбайн үнэ жилд 8-10%-н өсөлттэй байна гэсэн байх бөгөөд энэ утгаар нь бид одоогийн зах зээлийн үнэлгээг судалж үзэхэд 2017 онд 56 788 165 000 төгрөг байсан үл хөдлөх хөрөнгө нь 2018-2021 он хүртэл 9 хувийн өсөлттэй гэж үзэх юм бол 2021 оны байдлаар 80 161 129 380 төгрөгийн үнэлгээтэй болж байгаа. Гэтэл энэ үнийг Хөрөнгийн үнэлгээний тухай холбогдох зүйл заалтыг зөрчөөд Д******* ХХК  нь буруу үнэлгээ буюу  31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн учраас уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор бид 2017 онд Хөрөнгийн үнэлгээгээр хийгдсэн үнэлгээний төвийн үнэлгээ, Ремакс ХХК-ийн судалгаа гэх зүйлүүдийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс Д******* ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1739 дүгээр захирамжаар Э******* ХХК, Н.Ж, Н.С нараас 9 829 279 543 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э******* ХХК, Н.Ж, Н.С нарт шийдвэрийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Y-2206 дугаартай, Х******* дүүргийн хороо, Үйлдвэр хороолол, Ч гудамж, хаягт байрлах, 9482.54 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 4664 м.кв талбайтай цэцэрлэгт хүрэ, үйлчилгээ, конторын зориулалттай нэгж талбарын 178015/0280 1864 дугаартай эзэмших эрхтэй газрыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21290045/04 тоот тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 21290045/06 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Э******* ХХК, Н.Жа нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, газраа 50 000 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Төлбөр төлөгчийн ирүүлсэн үнэлгээг төлбөр авагч талд танилцуулахад төлбөр авагч Хаан банк ХХК нь хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн. Төлбөр төлөгч Н.Сгийн шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Х******* дүүргийн 15 дугаар хороо, байр, 5 тоот хаяг руу баталгаат шуудан болон Н.Жад дамжуулан үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 9/195 дугаар тогтоолоор шинжээчээр Д******* ХХК-ийг томилсон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн.  Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/16904 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э******* ХХК-ийн захирал Н.Жагийн туслах н.Гд биечлэн гардуулж, дамжуулж өгөхийг даалгаж гарын үсэг зуруулсан. Мөн төлбөр төлөгч Н.Ж, Н.С нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Х******* дүүргийн 15 дугаар хороо, байр, 5 тоот хаяг руу хөрөнгийн тайланг баталгаат шуудангаар хүргүүлсэн, гэрийн хаягаар нь очиж Н.Ж, Н.С нарт 190/16903 тоот мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хувийг дамжуулж өгөхийг О.Нд даалгаж, Н.Сгийн 8910 дугаар луу залгахад утсаа аваагүй талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Э******* ХХК, Н.Ж, Н.С нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 зүйлийг танилцуулсан бөгөөд тэднээс хугацаа аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаандаа буюу 7 хоногтоо багтаж нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Э******* ХХК, Н.Ж нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, газраа 50 000 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Төлбөр төлөгчийн ирүүлсэн үнэлгээг төлбөр авагч талд танилцуулахад төлбөр авагч Хаан банк ХХК нь хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ гаргуулах хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн. Төлбөр төлөгч Н.Сгийн шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Х******* дүүргийн 15 дугаар хороо, байрны 5 тоот хаяг руу баталгаат шуудан болон Н.Жад дамжуулан үнийн санал ирүүлэх тухай 2021 оны 4-190/16046, 4-190/16374 дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Д******* ХХК-ийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 дугаар тогтоолоор шинжээчээр томилоход 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/16904 дүгээр  албан бичгээр төлбөр төлөгч Э******* ХХК, Н.С 4-190/16903 тоот мэдэгдэл үнэлгээний тайлангийн хувийг дамжуулан өгөхийг О.Нд даалган үлдээж, Н.Сгийн 8910 дугаар луу залгахад утасаа аваагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч Э******* ХХК, Н.Ж, Н.С нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 зүйлийг танилцуулсан боловч хугацаа аваагүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11080 дугаар захирамжаар ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс улсын  тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Мт олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4-190/16904 дүгээр мэдэгдэл, мөн өдрийн 4/565 дугаар хариу мэдэгдэх хуудас, Э******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Хийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 353, 354, 355, 356, 357, 358, 359 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Д******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Б.Б Э******* ХХК-ийн байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банк ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 34/2129 дүгээр барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг,  Б.Б*******д олгосон итгэмжлэл, Үнэлгээний олон улсын стандарт гэсэн бичмэл ном /1хх-ийн 3-101, 201-202, 237, 239, 2хх-ийн 35-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 466 тоот гүйцэтгэх хуудас,  Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01739 дүгээр “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21290045/04 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 21290045/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-190/16046, 4-190/16047 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, мөн өдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 4-190/16373, 4-190/16374 дүгээр мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Э******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21/64 дүгээр үнийн санал хүргүүлэх тухай санал, Хаан банк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 34/7926 дугаар албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 08, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/16904, 4-190/16903 дугаар  мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, М.А*******д олгосон итгэмжлэл /1хх-ийн 118-193, 234-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилогдсон Д******* ХХК-ийн шинжээч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай компани дээр ирж уулзаад барилгын зураг бусад материалыг аваад 14 хоногийн дотор үнэлгээ гаргана гэсэн боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан холбогдох материалыг авалгүй, барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, манай компанийн 9482.54 м.кв талбай бүхий Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31 071 003 521 төгрөгөөр хэт нэг талд үйлчлэн, зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлсэн,

-шинжээчээр томилогдсон Д******* ХХК болон шинжээч нар нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаарх гэрээ, зөвшөөрлийг баримтаар ирүүлээгүй,

-шинжээчээр томилогдсон Д******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 дах заалтуудыг зөрчсөн, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэлгээг хийгээгүй, нийлүүлэн өртгийн хандлагаар үнэлснээс зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэсэн.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: төлбөрт хураагдсан Х******* дүүргийн хороо, Үйлдвэр хороолол, Ч гудамж, хаягт байрлах, 9482.54 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 4664 м.кв талбайтай цэцэрлэгт хүрэ, үйлчилгээ, конторын зориулалттай нэгж талбарын 178015/0280 1864 дугаартай эзэмших эрхтэй газрыг үнэлгээг талуудаас авахад үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 дугаар тогтоолоор шинжээчээр Д******* ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/16904 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э******* ХХК, Н.Жадамбын туслах н.Гд биечлэн гардуулж, дамжуулж өгөхийг даалгаж гарын үсэг зуруулсан, мөн төлбөр төлөгч нарын гэрийн хаягаар нь мэдэгдсэн, үнэлгээ хууль зөрчөөгүй гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01739 дүгээр захирамжаар ХААН банк ХХК-ний нэхэмжлэлтэй Э******* ХХК, Н.Ж, Н.С нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 9 803 656 327,81 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 9 803 656 327,81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар, зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.2.Н******* нь Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01739 дүгээр “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, мөн шүүхийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №183/ГХ2018/00466 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №21290045/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Х******* дүүрэг хороо, Үйлдвэр хороолол, Ч гудамж, хаягт байрлах, 9482,54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1780150280, 18640308 дугаартай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №21290045/06 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байна.

4.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байна.

Хариуцагч нь төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хураагдсан хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар саналыг нь авахаар төлбөр авагч ХААН банк ХХК болон Э******* ХХК, Н.Ж, Н.С нарт “Үнийн санал ирүүлэх тухай” 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Э******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2164 дугаартай албан бичгээр “...Сохо тавилгын их дэлгүүрийн зах зээлийн үнэлгээг 56 788 165 000 төгрөг” гэж үнийн санал ирүүлсэн, Хаан банк ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 34/7926 дугаартай албан бичгээр “...үнэлгээний талаар тохиролцоонд хүрч чадаагүй болно. Хөндлөнгийн шинжээч томилуулан барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоож өгнө үү” гэжээ.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

4.4.Хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Д******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Ц.Т*******д Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9,13,14,15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль сануулжээ.

4.5.Мөн шинжээчээр томилогдсон Д******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 74021 тоот итгэмжлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тухай тогтоолд дурдсан хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнээр тус байгууллагын 140600033 тусгай зөвшөөрлийн дугаартай үнэлгээчин Ц.Т*******ийг томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч Ц.Т*******ээс холбогдох мэдээллийг тодруулсан баримт, шинжээч Ц.Т*******д хууль тайлбарласан тэмдэглэлийг үйлдсэн, мөн Д******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үл хөрөнгийн үнэлгээ эрхлэх үйл ажиллагааг бүртгэсэн, шинжээч Ц.Т******* нь Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн №140600033 гэрчилгээтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.  

4.6.Шинжээчээр томилогдсон Д******* ХХК нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулсан талаар зохигч маргаагүй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №210МА202201927 дугаартай магадлалын 4а, 4б, 4в-д энэ талаар дүгнэсэн болно.

4.7.Хэрэгт авагдсан Д******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага, зах зээлийн хандлагыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, уг үйлчилгээний зориулалттай обьект болон эзэмшлийн газар нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцон 30 653 495 868 төгрөгөөр, харуулын байр №1 нь зардлын хандлагаар тооцсоныг 100 хувь ач холбогдолтойд тооцон 9 810 384 төгрөгөөр, харуулын байр №2 нь зардлын хандлагаар тооцсоныг 100 хувь ач холбогдолтойд тооцон 9 810 384 төгрөгөөр, гадна зам талбай хашаа нь зардлын хандлагаар тооцсоныг 100 хувь ач холбогдолтойд тооцон 397 886 888 төгрөгөөр, үнэлэгдэж буй хөрөнгүүд нийт 31 071 003 521 төгрөгийн үнэлгээ тогтоов” гэсэн байна.

Тайлангийн Үнэлгээний үндэслэсэн дүнд “...үйлчилгээний обьект болон газар зардлын хандлагаар 100 хувь 30 653 495 868 төгрөг” гэсэн боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь андуурагдсан бичигдсэн “...зах зээлийн хандлагаар тооцсон” гэж тайлбарласан бөгөөд энэ нь үнэлгээний тайлан болон Дүгнэлтэд “...зах зээлийн хандлагаар тооцсон” гэж бичсэн байх тул аль хандлагаар тооцсон нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

4.8.Гэвч 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээч томилох тухай тогтоол”-д “...Х******* дүүргийн хороо, Үйлдвэр Ч гудамж хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 178015/0280 18640308 дугаартай эзэмших эрхтэй газрын хамт үнэлгээ тогтоолгохоор” шинжээч томилсон, мөн хэрэгт авагдсан Д******* ХХК-ийн үнэлгээний тайлангийн зорилгод “...Х******* дүүргийн хороо, Үйлдвэр Ч гудамж од байрлах 9482,54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 178015/0280 18640308 дугаартай 4664 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, гадна зам талбай, хашаа, ногоон байгууламж зэрэг үнэлгээг зах зээлийн төвшинд тодорхойлоход оршино” гэсэн байхад үнэлгээний тайланд мөн хаягт байрлах нэгж талбарын 178015/0280 18640308 дугаартай 4664 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг үнэлгээг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, шинжээч газрын үнэлгээг орлогын болон өртгийн хандлагаар тооцсон байсан гэж тайлбарласан боловч энэ талаар дүгнэлтэд тусгагдаагүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлтэд үйлчилгээний обьект болон газрыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, газрын үнэлгээг тооцоогүйгээс үнэлгээ эргэлзээтэй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Д******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №Ш21-10 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар үнэлсэн Х******* дүүрэг хороо, Үйлдвэр хороолол, Ч гудамж, хаягтай 4664 м.кв газартай, 9482,52 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.    

           

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х******* дүүрэг хороо, Үйлдвэр хороолол, Ч гудамж, хаягтай 4664 м.кв газартай, 9482,52 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31 071 003 521 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э******* ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

                                 

              

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХУЛАН