| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0028/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхбаатар,
шүүгдэгч Ж.Сайнбуян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Рашааныхан овогт Жаргалсайханы Сайнбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000080007 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 13-890 тоотод оршин суух, регистрийн УД95030610 дугаартай, Рашааныхан овогт Жаргалсайханы Сайнбуян нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Замд гаръя” бөөний төвийн баруун талын гудманд 17 настай М.Мөнхжингийн 54.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси вайн маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Сайнбуян нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Замд гаръя” бөөний төвийн баруун талын гудманд 17 настай М.Мөнхжингийн 54.000 төгрөгийн үнэтэй самсунг галакси вайн маркийн гэр утсыг илээр, хууль бусаар авсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сайнбуян мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхбаатарын өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Голомт цогцолбор” сургууль дээр хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд суусан. Манай 3 хүүхдийн эцэг эхийн хурал болсон юм. Бага охин гэдэс өлсөөд байна гээд түрүүлээд гэр лүүгээ явсан. Гэртээ харьчихаад том охиноо тосох гээд түлээ зардаг хүний хажууд зогсож байтал охин уйлаад ирсэн. “Яасан, юу болсон бэ” гэж асуухад хойноос хүн гүйж ирэн цохиод утас аваад явчихсан гэсэн. “Ямар хүн байсан бэ” гэхэд “мэдэхгүй, сайн хараагүй, намайг орилсон чинь завжнаас зулгаасан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд охиноо дагуулаад очиж мэдүүлэг өгөөд явсан. Маргааш нь такси бариад охинтойгоо хамт Уурхайчдын 15 дугаар гудамжид явж байсан чинь охин маань “нөгөө залуу чинь энд явж байна” гээд таньсан. Тэгэхээр нь би “охиноо машинаас битгий буугаарай” гэж хэлээд өөрөө буугаад энэ залууг барьж аваад цагдаагийн газарт авч очсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч М.Мөнхжингийн өгсөн: “тэр залуу над руу гүйж ирж байгаа нь мэдрэгдээд би урагшаа хурдан хурдан алхаад явсан, өмнө нь байх мөсөн дээр хальтирах гээд зог туссан юм. Энэ үед тэр залуу араас гүйцэж ирэхээр нь эргээд хартал цээж рүү түлхэж унагаасан. Би хашгирсан чинь миний ам руу хуруугаа хийж байгаад баруун жавж руу татсан, тухайн үед гэрэлтүүлээд явж байсан гар утсыг булааж авахаар нь түлхэж байгаад тэр залуугаас салаад зугтаасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/43 дугаар:
“1. М.Мөнхжингийн биед баруун түнхний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Ж.Сайнбуяны биед үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 3-6 дугаар хуудас/
Гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,
/хх-ийн 7 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-27 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаар авагдсан баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ж.Сайнбуян нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой гэр рүүгээ харихаар явж байсан 17 настай хохиргч М.Мөнхжингийн 54.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Вайн маркийн гар утсыг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Рашааныхан овогт Жаргалсайханы Сайнбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Сайнбуянгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Сайнбуянд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Рашааныхан овогт Жаргалсайханы Сайнбуянг бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Сайнбуянд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай
3. Ж.Сайнбуян нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Сайнбуянд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ