Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 119/ШШ2024/0050

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: *****

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: *****

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ***** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06  дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *****/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*****” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 06 сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч  “*****” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын гүйцэтгэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “*****” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан мэдэгдлийг “*****” ХХК-д хүргүүлсэн.  

“*****” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам “*****” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч, хянан үзээд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03/5724 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “*****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын ЭҮТӨҮГ/ 20240101778 тоот тендер шалгаруулалтад оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтаар манай тендерийг шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн өдөр тендер шалгаруулалтад оролцсон “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн байна.

1. Мэдэгдэлд дурдсанаар ТШЗ 19.2.1-д “хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтан 2 /5-с доошгүй жилийн туршлагатай/ байх”-аар заасан байтал санал болгосон *****2024 онд ХАБЭА асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан байна гэжээ.

Гэтэл *****нь 2009 оноос хойш ХАБЭА-н сургалтад удаа дараалан хамрагдаж тухайн сертификат тус бүрийн хугацаа дууссан тул дахин хамрагдаж сунгалтуудыг хийлгэж байсан, 2009 оноос хойш ХАБЭА-н чиглэлээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан мэдээллийг манай компаниас илгээсэн. Гэвч захиалагч тал зөвхөн 2024 оны сертификаттай, 5-с доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлага хангаагүй гэж Үнэлгээний хорооноос үнэлсэн нь учир дутагдалтай, учир нь ХАБЭА-н мэргэжил олгох сертификатыг жилийн хугацаагаар олгодог бөгөөд жил болгон сургалтад хамрагдаж авдаг, мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан байтал Үнэлгээний хороо нь *****нь 2024 онд ХАБЭА асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдаж гэрчилгээг авсан нь 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. ТШЗ 19.2.2-т “Түлш зөөвөрлөх автомашин-2 “10 тонн болон түүнээс дээш хүчин чадалтай” байна гэж. Бидний санал болгосон тоног төхөөрөмж, Түлш зөөвөрлөх автомашин-2 (10 тонн болон түүнээс дээш хүчин чадалтай)-д тээврийн хэрэгслийг “Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шалгахад ердийн тэвштэй тээврийн хэрэгсэл байх тул шаардлагыг хангаагүй.” гэж тус тендерт санал болгосон *****ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай компани “Түлш зөөвөрлөх” зориулалтаар ашигладаг тендерийн шаардлагад нийцэх бөгөөд тээврийн хэрэгслийн мэдээлэл нь Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санд буруу бүртгэгдсэн. Бидний тендерт илгээсэн мэдээлэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т заасан “гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл”-ийг үнэн зөв гаргаж өгсөн, энэ талаарх мэдээллийн санд байгаа мэдээллээ засаж, баримтаа хавсарган Сангийн яаманд гомдол гаргасан боловч хүлээж авсангүй.

3. ТШЗ 19.2.3-т “2021, 2022, 2023 онуудын хугацаанд гүйцэтгэсэн ажил нь одоо гүйцэтгэх ажлын 45 хувьтай тэнцэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт актаар зөрчилгүй хүлээлгэж өгсөн туршлагатай байна” гэж ижил төстэй ажлын хувьд “*****” ХХК-тай 2021/02 дугаартай “Техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх” 2021 оны 04-р сарын 21-ний өдрийн, “*****” ХХК-тай “Техникийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэх” 2022 оны 05-р сарын 02-ны өдрийн гэрээний мэдээлэл ирүүлсэн. Энэхүү саналд “Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлээгүй” гэх Үнэлгээний хорооны шийдвэр нь үндэслэлгүй, манай компанийн хувьд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г бусад компанитай байгуулсан ба тэдгээр гэрээ бүрийн комиссын актыг хавсарган явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т заасан хуулийн шаардлагад нийцэх бөгөөд манай компани нь хийсэн ажлаа гэрээ байгуулсан компанид хүлээлгэн өгсөн энэ талаарх нотлох баримт, гэрээ, хэлцлийг хавсарган илгээсэн. Тухайн хүлээн авсан компани орон нутагт хүлээлгэн өгсөн буюу Орон нутагт хүлээлгэн өгсөн тухай акт нь бидэнд бус манайд захиалга өгсөн компанид өгсөн талаарх нотлох баримтыг мөн илгээсэн. Гэвч Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар оролцогчоос тендерийн талаар тодруулга авахгүй нөхцөл байдлыг үнэлж дүгнэхгүйгээр ажлын туршлага байхгүй, орон нутагт ажил хүлээлгэн өгсөн акт байхгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

4. Манай компани нь захиалагчаас зарласан “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын ЭҮТӨҮГ/ 20240101778/ тоот тендер заасан баримт бичгийг хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр илгээсэн. Бидний санал болгосон үнэ 24,400,000,000 төгрөг буюу тус тендерт хамгийн бага үнийн санал гаргасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэсэн зарчим зөрчигдсөн.

Тодруулбал: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-т "харьцуулах үнэ" гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг” ойлгоно тус тендерт шалгарсан “*****” ХХК нь 24,777,000,000 төгрөгийн санал өгсөн, өөрөөр хэлбэл манай компанийн өгсөн үнийн саналаас 377,000,000 төгрөгөөр илүү өндөр үнийн санал гарган ижил тендерийн баримт бичгийг илгээсэн байтал Захиалагч болон тендерийн Үнэлгээний хороо нь энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 -т “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэснийг зөрчиж, “*****” ХХК-ийн тендерийг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т” заасан “хамгийн сайн тендер гэж шалгаруулсан нь хуульд нийцээгүй” мөн хуулийн 28.1.1-т зааснаар “гэрээ байгуулах эрх олгосон” нь үндэслэлгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг тус тус зөрчиж, тухайн тендер шалгаруулалтын үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцэхгүй байна.

Бидний зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамнд гомдол гаргасан боловч, тус газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03/5724 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “*****” ХХК-ийн тендер шаардлага хангахгүй байгаа үндэслэлийг тодорхой дурдалгүй бүхэлд нь шалгуулах гэж ирүүлсэн нь хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...гомдлын үндэслэлийн хүрээнд ...гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасанд нийцэхгүй байх тул хянан үзэх боломжгүй гэх ойлгомжгүй хариуг өгч, доод шатны байгууллагынхаа буруутай үйл ажиллагаа, шийдвэрийг хамгаалж, оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, “*****” ХХК-ийн тендерт шалгарсан материалыг шалгахаас үндэслэлгүй татгалзаж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэж үзэж байна. Манай компани нь Уул уурхай, барилга байгууламжийн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан, чадавхын болон туршлагын, Санхүү, мөнгөний чадавх, техникийн болон хүний нөөцийн чадавх зэрэг, хуульд заасан тендерийн шаардлагыг бүрэн хангасаар байтал, өндөр үнийн санал гаргасан адилхан хоёр тендерийг ингэж ялгаж байгаад гомдолтой байна.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаартай албан бичигт дурдсан Тендерт шалгараагүй гэх мэдэгдлийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хооронд даалгаж, бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*****” ХХК-аас гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240101778 дугаартай тендерийг зарлаж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нээсэн.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-т заасан чиг үүргийн дагуу тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерүүдийг 27 дугаар зүйлийн 27.5-т заасныг баримтлан үнэлэн “*****” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн, үнэлгээний дүгнэлт гарган гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн.

Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн “*****” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь хуульд нийцэж байна.

2. “*****” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд дараах шаардлагуудыг хангаагүй байна. Үүнд:

2.1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-т “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтан-2 /5-аас доошгүй жилийн ажилласан туршлагатай/ байх” гэж заасан. “*****” ХХК нь ХЭМАБ хариуцсан ажилтанд санал болгосон *****ын ажил байдлын тодорхойлолтод хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар хэдэн жил ажилласан талаар дурдаагүй, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд суралцаж төгссөн гэрчилгээ ирүүлсэн байсан нь 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангаагүй.

2.2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШ3.19.2.2-т “Түлш зөөвөрлөх автомашин-2 /10 тн болон түүнээс дээш хүчин чадалтай/” гэж заасан. “*****” ХХК-ийн санал болгосон түлш зөөвөрлөх *****ДАХ улсын дугаартай автомашины цахим системд татагдсан лавлагааг үзэхэд ердийн тэвштэй автомашин гэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт мөн ердийн тэвштэй автомашин гэж заасан байсан тул мөн тус шаардлагыг хангаагүй.

2.3. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.3-т “2021, 2022, 2023 онуудын хугацаанд гүйцэтгэсэн ажил нь одоо гүйцэтгэх ажлын 45 хувьтай тэнцэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн орон нутагт актаар зөрчилгүй хүлээлгэж өгсөн туршлагатай байх” гэж заасан. “*****” ХХК нь 2021, 2022 он тус бүрд нэг нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн тухай компани хооронд хийсэн гэрээ, акт ирүүлсэн байх боловч орон нутагт хүлээлгэн өгсөн актыг ирүүлээгүй тул шаардлага хангаагүй байна.

Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9.Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасныг тус тус үндэслэн “*****” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаартай албан бичгээр шаардлага хангаагүй тул татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль нийцэж байна. Иймд “*****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуй хариуцсан хоёр ажилтныг бид нар шаардсан. Тухайн компаниас *****болон ***** гэж хоёр ажилтныг санал болгосон. Тендерийн Үнэлгээний хороо *****ажилтан тухайн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан ажлын шаардлага хангаж байсан. Харин *****ын хувьд 2024 онд ХАБ-ын асуудал хариуцсан мэргэжилтний сургалтад хамрагдсан баримтыг ирүүлсэн. Үнэлгээний хороо үнэлэхдээ тендерийн баримт бичгийн “*****” компанийн боловсон хүчин гэсэн 4 дүгээр файлын 16 хуудсанд тэмдэглэгдсэн ***** гэх хүний баримт дээр үндэслэж үнэлгээг хийсэн. 2009 оноос хойш ажилласан гэсэн асуудлыг ярьж байна. Ирүүлсэн баримтад 2009 оноос хойш ажиллаж байсан сургалтад хамрагдаж байсан гэсэн баримт ирээгүй учраас бид энэ үнэлгээг хийсэн. Мөн ***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг санал болгосон. Тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлт дээр түлш зөөвөрлөх автомашин 2 буюу 10-с дээш тонны хүчин чадалтай гэдэг шаардлагыг тавьсан. Цахим системээр дамжуулаад бид нар тендерийн үнэлгээг хийсэн. Шалгаж үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь ердийн тэвштэй автомашин гэсэн бүртгэл байсан. “*****” ХХК-ийн тоног төхөөрөмж гэсэн хэсэг буюу 7-р файлын 17 хуудсанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг ирүүлсэн байсан. Ердийн тэвштэй автомашин гэж тэмдэглэгдсэн байсан учраас шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн. Гурав дахь асуудлын хувьд 2021, 2022, 2023 онуудад гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлын туршлагыг шаардаад нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу гүйцэтгэж орон нутагт зөрчилгүй хүлээлгэж өгсөн туршлагатай байх энэ шаардлагуудыг тавьсан. Уг компанийн хувьд “Петрокол” компанид техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг 2021 онд 11 сард 9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл ирүүлсэн. “*****” компанид 2022 оны 12 сарын 10-ны өдөр 8.3 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн гэсэн мэдээллүүдийг ирүүлсэн. Төрд байгаа мэдээллийг цахим системээр дамжуулаад шалгадаг. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам нийт цахим мэдээллийн санд бүртгэгдсэн техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын компаниуд болон гүйцэтгэсэн талбайнуудын мэдээллүүдийг шалгаж болж байгаа. Эндээс харахад сая дурдагдсан хоёр компани “*****” компани нь ажил гүйцэтгэж байсан бүртгэлийн мэдээлэл ороогүй. Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт оршдог уул уурхайн компаниуд байгаа. Төв аймгийн Баян сумаас болон Төв аймгийн Байгаль орчны газраас нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн тодорхойлолт ирүүлээгүй учраас энэ баримтыг үндэслэлгүй байна гэж үзээд үнэлсэн” гэв.

6. Гуравдагч этгээд ““*****” ХХК-ийн өмгөөлөгч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн агуулгыг харахаар тендерийг зохион байгуулсан захиалагч болон тендерийн Үнэлгээний хороотой холбоотой гурван зүйлээр үндэслэлгүй гэсэн агуулга харагдаж байгаа. Тендер захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичгийг тухайн хуулийн дагуу баталдаг. ХАБ хариуцсан ажилтан нь 5-с доошгүй жилийн ажлын туршлагатай байх, түлш зөөвөрлөх зориулалттай автомашин 10 тонн даах чадвартай, өмнө нь гүйцэтгэсэн ажлууд болох нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэн орон нутагт хүлээлгэж өгсөн байх ёстой гэдэг шаардлагуудыг хуулийн дагуу тогтоосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар техникийн туршлагын талаар ямар шаардлага хангавал зохих шалгуур үзүүлэлтийг тендерийн бичиг баримтад заана гэсэн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно гээд ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт гэж заасан. Бүх шаардлагуудыг хуульд нийцүүлээд тендер шалгаруулалтын бичиг баримтад чадавхын шаардлагуудыг оруулсан. Нэхэмжлэгч компаниас ирүүлсэн тендерт ***** гэж хүн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны ажилтнаар таван жил ажилласан талаарх нотлох баримт ирүүлээгүй. Хуулиараа ХАБ-ын асуудал хариуцсан ажилтан мэргэшсэн ажилтан байна. Тэгэхээр тус сургалтад хамрагдсаны үндсэн дээр ажиллуулж болохоор байгаа. Тэр сургалтад хамрагдаагүй бол аж ахуйн нэгж байгууллагын ХАБ хариуцсан ажилтнаар ажиллах боломжгүй

Түлш зөөвөрлөх автомашины тухайд тендер шалгаруулалтын баримт бичигт зориулалтыг нь заачихсан. Түлш зөөвөрлөх гэдэг нь хууль тогтоомжийн дагуу шатах тослох материал байдаг. Аюулгүй байдал маш олон зүйлийг хангах ёстой зориулалттай байдаг. Энгийн машинаар түлш зөөвөрлөх бол Монгол Улсын хууль тогтоомж, аюулгүй байдал, стандарт, хүний амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавартай учраас уг шаардлагыг тавьсан. Авто тээврийн газраас шалгахаар ердийн тэвштэй тээврийн хэрэгсэл байгаа.

Нөхөн сэргээх ажлын онцлог нь орон нутагтаа хүлээлгэж өгөх байдаг. Гэтэл тендер шалгаруулалтын бичиг баримт дээр орон нутагт хүлээлгэж өгсөн гэдэг баримт шаардсан байхад гаргаж өгөөгүй. Энэ 3 баримтыг шаардлагыг хангаагүй хангасан талаар баримт ирүүлээгүй учраас захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх ёстой. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж байгаа. Нэхэмжлэгч компани тендерийн бичиг баримтын шаардлагыг хангаагүй учраас шаардлагад нийцсэн тендер гэдэгт орохгүй. Мөн хуулийн 26.10, 28 дугаар зүйлд зааснаар тухайн тендерээс татгалзана гэдэг хуулийн заалтыг барьж байгаа. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзана гэж заасан. Нэхэмжлэгч талаас бид нар доогуур үнэ өгсөн гэдэг агуулга ярьдаг. Гэтэл хуулийн шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ гэж заасан. Шаардлагад нийцээгүй тендерээс шууд татгалзахыг хуулиар үүрэг болгосон зохицуулалт байхад цаашаа үнэлгээ хийхгүй. 27.10 дахь хэсэгт хэд хэдэн багцад шалгарсан оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадлахад аль нэг багцад шаардлага хангахгүй бол түүний чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгоно гэж заасан. Мөн хуулийн 28.1-д зааснаар хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох тухай буюу “*****” компанид эрх олгох шийдвэр гаргах хууль зүйн нөхцөлүүд бүрдсэн. Энэ хуулийн заалтынхаа дагуу манай компанид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан байдаг. Ямар нэгэн эрх зүйн зөрчил байхгүй хуульд нийцсэн үйл ажиллагаа гэдэг нь холбогдох нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийг үндэслэлгүй гомдол гаргасан гэж Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Сангийн яам Тендерийн тухай хуульд зааснаар тендерийн баталгааг улсын орлого болгосон. Тэр үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй. Энэ баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч өөрөө үндэслэлгүй гомдол гаргаснаа хүлээн зөвшөөрч шаардлага гаргах эрхгүйгээ маш сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

             Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нь тэдгээрийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой, мөн өмгөөлөгч авах хүсэлтээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

            2. Нэхэмжлэгч “*****” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 06 сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай  тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр “*****” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй тендер гэж татгалзах, “*****” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлж гэрээ байгуулах талаар дүгнэлт, зөвлөмж захиалагчид хүргүүлэх, мөн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 46-61, 62-66 дахь тал/

2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж зааснаар тендерийн Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “*****” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаартай мэдэгдэл, “*****” ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар мэдэгдлүүдийг тендерт оролцогч нарт нэгэн зэрэг хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 95-97 дахь тал/

            2.3. Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнд үндэслэн хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг “*****” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргасан бөгөөд уг гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянан үзээд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03/5724 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна. /I хавтаст хэргийн 9-10 дахь тал/

            2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

            2.5. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /I хавтаст хэргийн 38-250, II хавтаст хэргийн 1-8 дахь тал/

            2.6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдэлд:

“1/ Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.1-д заасан нөхцөл, шаардлага буюу “Хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтан *****нь 2024 онд ХАБЭА сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан нь 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлагыг хангаагүй” гэж; 

2/ Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.2-д заасан нөхцөл, шаардлага буюу “Түлш зөөвөрлөх ***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ердийн тэвштэй тээврийн хэрэгсэл байх тул шаардлага хангаагүй” гэж;

3/ Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.3-д заасан нөхцөл, шаардлага буюу “Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгсөн актын хуулбарыг ирүүлээгүй” гэх үндэслэлүүдээр “*****” ХХК-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар татгалзсан болохыг мэдэгджээ.

2.7. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; ...” гэж тус тус зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерт оролцогчийн чадавхын болон туршлагын шаардлага, техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хянан үзсэн байх бөгөөд “*****” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.1,  ТШЗ 19.2.2, ТШЗ 19.2.3-д заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж түүний ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.  

2.8. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.1-д “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтан-2 /5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай/” гэсэн шаардлага тавьсан байх ба “*****” ХХК нь уг ажлын байранд *****гэх ажилтныг санал болгож, боловсон хүчний чадавхын мэдээлэл, холбогдох баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд *****ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтанд 2024 оны 02 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд суралцсан ГД:ХАБЭАА-24-2588 дугаартай гэрчилгээг хавсарган ирүүлжээ. /CD баримт, 4.Боловсон хүчин файлын 11-17 дахь тал/

2.9. Ажилтан *****нь хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэлд 2010 оноос хойш “*****” ХХК-д ажиллаж байгаа гэсэн ажлын туршлагын мэдээлэл байгаа боловч хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтны сургалтанд хамрагдаж, уг чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан болохыг нотлох баримтаа бүрэн ирүүлээгүй, 2024 онд сургалтанд хамрагдсан гэрчилгээ нь дангаараа өмнө нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах  эрхтэй байсан эсэх, 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай гэдгийг нотлох боломжгүй юм.  Мөн нэхэмжлэгч талаас “*****2009 оноос хойш ажилласан ажлын туршлагатай, жил бүр сургалтанд хамрагдаж гэрчилгээгээ сунгуулдаг” гэж маргаж байгаа боловч өмнөх жилүүдэд сургалтанд суусан гэрчилгээний хуулбаруудыг тендерийн материалд ирүүлээгүй болох нь тогтоогддог.

2.10. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл” нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчөөгүй байна.

2.11. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.2-д “Түлш зөөвөрлөх автомашин-2 /10 тонн болон түүнээс дээш хүчин чадалтай/” гэсэн шаардлага тавьсан байх ба “*****” ХХК нь ***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл, холбогдох баримтыг ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн чадавхын шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, “*****” ХХК-ин ***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “Ердийн тэвштэй автомашин” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган ирүүлсэн. Мөн тендерийн Үнэлгээний хороо Авто тээврийн Үндэсний төвийн цахим мэдээллийн системээр шалгахад энэ нөхцөл байдал давхар нотлогдсон байна. /CD баримт, 7.Тоног төхөөрөмж файл, 27-28 дахь тал/

2.12. Нэхэмжлэгч талаас “Авто тээврийн Үндэсний төвд тээврийн хэрэгслийн мэдээллийг буруу бүртгэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар тухайн тээврийн хэрэгслийн баримт бичгийн үнэн зөвийг “*****” ХХК нь өөрөө хариуцах тул Авто тээврийн Үндэсний төвд тээврийн хэрэгслийн буруу бүртгэсэн гэж Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

2.13. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т заасан “гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, ...мэдээлэл” нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэр нь үндэслэлтэй байна.

2.14. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.3-д 2021, 2022, 2023 онуудын хугацаанд гүйцэтгэсэн ажил нь одоо гүйцэтгэх ажлын 45 хувьтай тэнцэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт актаар зөрчилгүй хүлээлгэж өгсөн туршлагатай байх” гэсэн шаардлага тавьсан ба “*****” ХХК нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаар 2021, 2022 онд “***** хэсэгт 2300 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн” ажлын туршлагын талаар техникийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлгэн өгсөн актыг ирүүлсэн байх бөгөөд тухайн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутагт хүлээлгэн өгсөн актыг ирүүлээгүй болох нь тогтоогдсон. /CD баримт, 3.Туршлага файл, 1-15 дахь тал/

2.15. Тодруулбал, Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2.3-д “... техникийн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт актаар зөрчилгүй хүлээлгэж өгсөн туршлагатай байх” заасан байх тул “*****” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээг дүгнэсэн актыг ирүүлэхээс гадна тухайн нөхөн сэргээлтийн ажлыг тухайн орон нутагт хүлээлгэн өгсөн талаарх баримтыг ирүүлэх шаардлагатай байжээ.

5.16. Иймд “*****” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1/ ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт/-т заасан нотлох баримтаа бүрэн ирүүлээгүй тул энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй. 

2.17. Иймд дээрх үндэслэлүүдээр “*****” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”,  26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзэх үндэслэлгүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж зааснаар тендерээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэв.

2.18. Тендерийн Үнэлгээний хороо нь “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “*****” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлж гэрээ байгуулах талаар дүгнэлт, зөвлөмж захиалагчид хүргүүлж, захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “*****” ХХК-д хүрүүлсэн.

2.19. Нэхэмжлэгч “*****” ХХК нь “*****” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлага хангаагүй гэж маргаагүй бөгөөд тендерийн Үнэлгээний хороо “*****” ХХК-ийн тендерийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар шаардлагад нийцсэн тендер гэж үнэлсэн байна.

2.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

2.21. Иймд тендерийг хянан үзэх шатанд “*****” ХХК-ийн тендерээс тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлага хангаагүй гэж татгалзсан шийдвэр үндэслэлтэй байгаа энэ тохиолдолд “*****” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, хамгийн сайн тендерээр шалгаруулж, захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйн дээр тендерийг хянан үзэх шатанд тендерээс хасагдсан “*****” ХХК-ийн тендерт үнэлгээ хийх үндэслэлгүй тул энэ талаар маргах боломжгүй юм.

2.22. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” гэж зааснаар “*****” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүрүүлсэн нь хууль зөрчөөгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.   

2.23. Нэхэмжлэгч “*****" ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, тендерийг хянан үзэх шатанд түүний ирүүлсэн тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн, маргаан бүхий захиргааны акттай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэл хангагдах учиргүй.

2.23. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” гэж зааснаар ““*****” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд  2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, хүчин төгөлдөр болжээ. /II хавтаст хэргийн 126-135 дахь тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023/-ийн 11 дүгээр зүйлийн 11.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “*****” ХХК-ийн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3716 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/3717 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажил”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.УУГАНЦЭЦЭГ