Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

  2023          5            26                                                      2023/ДШМ/36                      

 

 

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Д.Дэлгэрсүрэн 

            Яллагдагчийн өмгөөлөгч Б.Балжидмаа 

            Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/409 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 тоот эсэргүүцлээр Б.Эт холбогдох эрүүгийн 2134004310159 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1987 оны 1 дүгээр сарын 25-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6-49 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б Э,

 

Б.Э нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл Майнинг” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн уулын сургагч багшаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол эх” гэх газарт “Бүрдэл Майнинг” ХХК-ийн уурхайн дээд карьерын техникийн нөхөн сэргээлт хийгдэж байсан талбайд шороонд шигдэж суусан 05-49 УР улсын дугаартай Кат-854G маркийн шар өнгийн дугуйт бульдозерыг 08-51 УН улсын дугаартай Кат-374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос татан гаргах ажлыг зохион байгуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюултай, байдлын дүрэм”-ийн 12 дахь заалт “Бүрдэл майнинг” ХХК-ийн ААЗ-016 УАХ тоот “Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1, 2 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын оператор Шын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Батцэнгэл 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтдээ “...сургагч багш гэсэн ажлын байрны тодорхойлолтод уулын сургагч багш нь техник хэрэгслийг хуваарилж ажиллуулах, эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон үед ямар үүрэг хүлээж ажиллах талаар тусгаагүй байна...” гэжээ.

 

3 дугаар хавтаст хэргийн 127-130-р хуудсанд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “уулын мастер Д.Өнөболд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан холбогдох заалтыг биелүүлээгүй буруутай эс үйлдэхүйн улмаас осол болсон”,

 

3 дугаар хавтаст хэргийн 170-182-р хуудсанд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №05-078/08 дугаар шинжээчийн дүгнэлтэд Б.Эын мэдүүлэг болон Н.Гэнданжамцын мэдүүлгээр Б.Э нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр тухайн эрсдэлийг үнэлж ажлын аюулын шинжилгээ хийлгүйгээр тухайн ажлын эхлүүлсэн нь осол гарахад шууд нөлөөлсөн” гэж тусгагджээ.

 

Үүнээс үзвэл дараа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд өмнөх шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэхгүй байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн гурван шинжээчийн дүгнэлтэд гурван хүнийг буруутгасан байхад нэг хүнийг яллагдагчаар татаж оруулж ирснийг зөвшөөрөхгүй байна гэх хүсэлт үндэслэлтэй гэж үзэв.

 

2 дугаар хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт авагдсан байх бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн Компанийн тухай хуульд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэхийг компанийн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх, тухайн талбай болон талбайн гадна мөрдөгдөх дүрэм журмыг хэрэгжүүлж байсан нь тодорхойгүй байсан нь А.Э, Б.Э нарын мэдүүлгээс харагддаг. Үүнээс үүдэн хуулийн этгээдийн удирдлагыг эрүүгийн хариуцлагад татаагүй нь үндэслэлгүй гэх хүсэлтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Яллагдагч Б.Э-т холбогдох хэрэгт мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн 11 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хүсэлтийн дагуу хуульд заасан эрх үүргийг танилцуулан шинжээчийн дүгнэлтийг 3 удаа гаргасан байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарсан анхны шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан А.Э-ыг ажлын байрны тодорхойлолтын үндсэн ажил үүргийн 2.6-д заасныг хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан,

 

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр уулын мастер Д.Өнөболдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.5, 27.5.1, 27.5.2 заасныг, мөн аюулгүй ажиллагааны горимын 1.4, 2.4, 1.6, 2.5 гэх заалтуудыг зөрчсөн гэж буруутгасан.

 

Хэрэгт авагдсан гэрч Б.Баярт, Н.Гэндэнжамц, З.Бямбацогт, Л.Баясгаланбаатар, Б.Адъяажав, Ч.Гоёчимэг, Б.Гантулга, Л.Мөнгөнсүх, Б.Минжиймаа нарын мэдүүлэг болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №05-078/08 дугаарт дүгнэлтэд Б.Эын мэдүүлэг болон Н.Гэндэнжамцын мэдүүлгээр Б.Э нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр тухайн эрсдэлийг үнэлж ажлын аюулын шинжилгээ хийлгүйгээр тухайн ажлыг эхлүүлсэн нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг бүрэн үгүйсгэсэн байдаг. Эдгээр шинжээчийн дүгнэлтийг гарах үед хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байсан ба дахин хэрэгт нэмэлт ажиллагаа хийсний үндсэн дээр дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан.

 

Энэхүү дүгнэлтээр “сургагч багш Б.Э нь САТ 854С маркийн дугуйт бульдозер сул шороонд шигдэж суусан үед САТ 374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос гаргах ажлыг удирдаж зохион байгуулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 12 /Ажлын байр бүрийг ажил эхлэхийн өмнө, эсхүл ээлжийн дундуур хариуцсан албан тушаалтан биечлэн шалгаж, аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн үед зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгөхийг хориглоно. Ээлжийн явцад ажлын даалгаврыг өөрчлөх шаардлага гарвал заавал анх ажлын даалгавар өгсөн ажилтнаар дамжуулах буюу дотоод журмаар зохицуулна/ “Бүрдэл майнинг” ХХК-ийн ААЗ-016 УАХ тоот “Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1 /Ослыг арилгах ажлыг газар дээр нь дадлагажуулагч нар биечлэн удирдаж явуулах ба ажилдаа холбогдох албаны механикуудыг татан оролцуулна. Аливаа техникийг татах, босгохын өмнө аюул ослыг таньж бусдад ойлгуулсан байх/, 2 /Олж тогтоосон аюул ослыг багасгахад хэрэгтэй техник, хүмүүстэй уялдан оролцож байгаа бүх хүмүүст аюул, эрсдэлийн талаар таньж ойлгуулан баталгаажуулан гарын үсэг зуруулсны дараа ажлаа эхэлнэ/ гэх заалтуудыг биелүүлээгүй байна. “Бүрдэл майнинг” ХХК-ийн уулын сургагч багш ажилтай Б.Э нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр САТ-374 маркийн экскаваторыг дуудан ирүүлж, шороонд суусан дугуйт бульдозерыг татан гаргах замыг ухуулсан, экскаваторын оператор Шт аюул ослын талаар ямар нэг ойлголт өгөөгүйгээр ажлыг эхлүүлсэн үйлдэл нь хариулт 2.4-т тусгагдсан заалтууд болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/-д заасны дагуу тухайн компанийн үйл ажиллагааны онцлогтой нийцүүлэн боловсруулж дотооддоо мөрдүүлж буй “Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1 /Ослыг арилгах ажлыг газар дээр нь дадлагажуулагч нар биечлэн удирдаж явуулах ба ажилдаа холбогдох албаны механикуудыг татан оролцуулна. Аливаа техникийг татах, босгохын өмнө аюул ослыг таньж бусдад ойлгуулсан байх/, 2 /Олж тогтоосон аюул ослыг багасгахад хэрэгтэй техник, хүмүүстэй уялдан холбоотой ажиллах. Ажлын аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж ажилд оролцож байгаа бүх хүмүүст аюул, эрсдэлийн талаар таньж ойлгуулан баталгаажуулан гарын үсэг зуруулсны дараа ажлаа эхэлнэ/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна” хэмээн дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

Харин дээрх 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй ба бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн, яллагдагч А.Эт холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

 

Шинжээчийн дүгнэлтээр “Бүрдэл майнинг” ХХК-ийн уулын мастер Д.Өнөболдыг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5, 27.5.1, 27.5.2  зүйл, мөн аюулгүй ажиллагааны горимын 1.4, 2.4, 1.6, 2.5 гэх мэт заалтыг зөрчсөн хэмээн буруутгасан боловч, бусад нотлох баримтаар түүний үйлдэл нь нотлогдоогүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.

 

Мөн шүүгчийн захирамжид хуулийн этгээдийн удирдлагыг эрүүгийн хариуцлагад татаагүй нь үндэслэлгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: “Бүрдэл майнинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, иргэний хариуцагч Б.Цэнд-Очир нь “Бүрдэл майнинг” ХХК-ийг төлөөлж оролцох юм. “...Манай байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд талийгаачтай холбоотой оршуулгын зардал болон бусад зардлыг гаргаж өгсөн байгаа болно. Өөр үйлдвэрлэлийн осолтой холбоотой зардал гарсан тохиолдолд баримтын хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэж мэдүүлсэн байдаг.

 

Шүүхээс дараа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд өмнөх шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгээгүй байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн гурван шинжээчийн дүгнэлтэд гурван хүнийг буруутгасан байхад нэг хүнийг яллагдагчаар татаж оруулж ирснийг зөвшөөрөхгүй гэх өмгөөлөгчийн үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн дүгнэлтүүдээс гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Яллагдагч Б.Эын гэм буруутай үйл баримт нотлогдон тогтоогдсоноос үзэхэд, захирамжид зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зүйлүүдийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзэн анхан шатны шүүхэд хүсэлтээ гарган урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлсэн. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүдээр А.Эт, Д.Өнөболд нарыг буруутай гэж гарсан ба сүүлд  гарсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Б.Эыг буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талийгаачид тухайн үед А.Э, Д.Өнөболд нар заавар, чиглэл өгч ажиллуулж байсан. Гэтэл тэдэнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгон ял завшуулж, хууль зөрчигдсөн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Б.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй байдаг.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

 

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр талд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн, 3 дугаар хавтаст хэргийн 127-130 дугаар талд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, 170-182 дугаар талд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №05-078/08 дугаар шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байдаг.

 

Дээрх дүгнэлтүүд нь агуулгын хувьд тухайн байгууллагад “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа”-ны талаарх холбогдох хууль, дүрэм зөрчигдсөн болохыг нотолсон, ингэхдээ уг осолд гурван өөр этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн дүгнэсэн хэдий ч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Тодруулбал: Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана, шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж алийг нь нотлох баримтаар тооцохыг шүүх шийдвэрлэнэ хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн есдүгээр бүлэгт зааснаас үзвэл мөн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болдог.

 

Мөн хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл эс үйлдэхүйгээр хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулдаг учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл “Бүрдэл майнинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхол, нэрийн өмнөөс бусдад үүрэг өгсний улмаас тухайн осол, эндэгдэл гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин тус хуулийн этгээдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлтэй, зөв болсон байх тул шүүгчийн захирамжид дурдсанчлан удирдах албан тушаалтныг нь заавал яллагдагчаар татан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ямар ажиллагаануудыг хийлгүй орхигдуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, хэт ерөнхий ойлгомжгүй байдлаар дүгнэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба шүүхээс мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Эын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.  

 

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/409 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаар эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                    М.МӨНХДАВАА