Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/1018/З |
Дугаар | 221/МА2017/0378 |
Огноо | 2017-05-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0378
2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2017/0378 | Улаанбаатар хот |
Ц.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Н-ийг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийн хүртэл цалингүй байсан 6 сар, 10 хоногийн цалин 9.432.806.42 төгрөгийг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо:
“Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6 дахь заалтуудыг баримтлан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцсон нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
1.1. ... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-д заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэдэгт Захиргааны акт хэнд хаягласан нь тодорхой бус мэдэгдэхгүй, эсхүл захиргааны актын хаяглагдсан этгээд нас барсан тохиолдол хамаардаг.” /Одгэрэл.П. Захиргааны эрх зүйн ерөнхий анги УБ., 2016, 215 дахь тал/.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамж нь “Ц.Н-ийг ажлаас чөлөөлөх тухай” гэсэн нэртэй бөгөөд үүнээс илүүтэйгээр хаяглагдсан этгээдийг тодорхой заах боломжгүй юм. Захиргааны актын хаяглагдсан этгээд болох Ц.Н нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ш.Н-д ажлаа хүлээлгэн өгч, холбогдох баримтад гарын үсгээ зурсан байдаг/энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан/. Өөрөөр хэлбэл, Захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь Ц.Н мөн бөгөөд зохих ёсоор захиргааны актыг гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4 дэх заалтыг мөн хуулийн 84 дүгээр зүйлд заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай зохицуулалттай хольж ойлгосон бол тэрхүү зохицуулалт мөн л “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэсэн ойлголтод хамаарахгүй юм.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ: 84.1.1. захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага;” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамжийг гүйцэтгэх байгууллага нь Улсын Их Хурлын Тамгын газар өөрөө юм. Энэ ч утгаараа уг захирамжийн 2-т захирамжийн биелэлтийг зохион байгуулах үүргийг “Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Т-д” даалгасан. Өмнө дурдсанаар захирамж гүйцэтгэгдсэн.
Нөгөө талаас Улсын Их Хурлын Тамгын газар нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий байгууллага бөгөөд өөрийн ажилтанд хамаарах захирамжийг Гадаад харилцааны яамаар гүйцэтгүүлэх боломжгүй, энэ тухай захирамжид дурдах хууль зүйн үндэслэлгүй болно.
1.2. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаа хамаардаг /Одгэрэл.П. Захиргааны эрх зүйн ерөнхий анги УБ.,2016, 215 дахь тал/. Хуульд үндэслэх зарчим нь захиргааны байгууллагад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхыг, тэрхүү үндэслэлийг захиргааны актад заах тухай ойлголт юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ц.Н-ийг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 652 дугаар захирамж нь байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан гарсан захиргааны акт биш, захиргааны акт гаргах болсон үндэслэлд ийм асуудал дурдагдаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт төдийгүй 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалтыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тайлбарлаж, тогтоох хэсэгтээ баримталсан нь ойлгомжгүй бөгөөд захиргааны актын зорилго, уг актыг гаргасан хууль зүйн үндэслэл, түүнтэй холбоотой үүссэн маргаанд холбоогүй юм.
Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 75, А/50 дугаартай хамтарсан шийдвэрээр батлагдсан “Улсын Их Хурлын Тамгын газар болон Гадаад харилцааны яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журам”-ын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Н-тай харилцан тохиролцож, өөрийнх нь зөвшөөрснөөр Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллуулахаар захирамжаа гаргасан байдаг.
Тодруулбал, дээрх журмын 2.1-д “Албан хаагчийг сэлгэн ажиллуулах саналыг ... Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гаргах эрхтэй гэж заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллах саналыг Ц.Н- зөвшөөрсөн төдийгүй, мөн журмын 2.3-т “Сэлгэн ажиллуулах саналыг албан хаагч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд татгалзсан үндэслэлээ энэ тухай санал хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан тухайн байгууллагын удирдлагад бичгээр гаргана” гэж заасны дагуу татгалзсан зүйл байдаггүй.
Нэгтгэн үзвэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6-д зааснаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 652 дугаар захирамжийг ил хууль бус захиргааны актад тооцсон нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй, уг хуулийн зохицуулалт, агуулгыг илэрхий гажуудуулсан явдал болно.
Хоёр. Анхан шатны шүүх дараах байдлаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүдийн харилцан уялдаа, Захиргааны актуудын хүчин төгөлдөр үйлчлэл харилцан хамааралд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
2.1. ... Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарласнаар сэлгэн ажиллуулах саналыг зөвшөөрсөн болохыг нотолж байна. Гагцхүү 2016 оны 11 дүгээр 23-нд Гадаад харилцааны яамны зүгээс санал болгосон ажлын томилгоо түүнд таалагдаагүй, өөр ажил албан тушаалд томилсон нь эрх ашгийг нь зөрчиж байна хэмээн үзсэн учраас 2016 оны 10 дугаар сарын 25-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс гадна 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Төрийн албаны зөвлөл гомдлыг хянаад талуудад хариу хүргүүлэхдээ Ц.Н-ийг өөр ажилд томилсон тухай хариу мэдэгдэхийг шаардсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. /Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн дагуу хариуцагч нь Гадаад явдлын яамны гаргасан шийдвэрийн гүйцэтгэл болон шийдвэрт хариуцлага хүлээхгүй/
2.2. ... Анхан шатны шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 75, А/50 дугаартай хамтарсан шийдвэрээр батлагдсан Улсын Их Хурлын Тамгын газар болон гадаад харилцааны яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журмыг баримтлаагүй нь энэхүү журмын үйлчлэлийг үгүйсгэж байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь тус журмын дагуу сэлгэн ажиллуулах санал гаргах эрх бүхий этгээд нь Улсын Их Хурлын Тамгын газрын хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга байх бөгөөд, сэлгэн ажиллах хугацаа, цалин хөлсний хэмжээ, эрхлэх ажил албан тушаал, Төрийн албан хаагчийн зэрэг дэв зэргийг дордуулахгүй сэлгэн ажиллуулах тухай нарийн тодорхой зааж өгсөн байх бөгөөд захиргааны актад энэхүү журмыг баримтлаагүй нь энэ журмын үйлчлэлийг хязгаарлаж байгаа хэрэг биш юм. Түүнээс гадна энэхүү журмын зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалттай нийцэж байгаа болно.
2.3. Анхан шатны шүүх Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ц.Н-ийг ажлаас чөлөөлөх тухай” 652 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Гадаад харилцааны сайд Ц.М-д хүргүүлсэн “Ц.Н-ийг ажилд томилуулах тухай” 14/513 дугаар албан тоот, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ”Ц.Н-ийг ажилд томилох тухай” Б/116 дугаар тушаалууд, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 75, А/50 дугаартай хамтарсан шийдвэрээр батлагдсан Улсын Их Хурлын Тамгын газар болон Гадаад харилцааны яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журмын хоорондын харилцан хамаарал хүчин төгөлдөр үйлчлэлийн талаар огт дүгнэлт хийгээгүйгээс гадна хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
2.4. Анхан шатны шүүх захиргааны актын алдааг илэрхий ноцтой тохиолдол мэтээр дүгнэж болсон үйл явдал бодит нөхцөл байдал, хүчин төгөлдөр үйлчлэл бүхий захиргааны актыг өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр бус актад тооцон, төрийн албан хаагч гагцхүү өөрийн санаачилгаар бичгэн хэлбэртэй, зөвшөөрлийн дагуу сэлгэн ажиллуулах ёстой хэмээн тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 75, А/50 дугаартай хамтарсан шийдвэрээр батлагдсан Улсын Их Хурлын Тамгын газар болон гадаад харилцааны яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журамтай зөрчилдөж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ жинхэнэ хариуцагчид холбогдуулан гаргах эрхтэй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Н-аас “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга дээрх маргаан бүхий 2016 оны 652 захирамжаар Ц.Н-ийг Гадаад харилцааны хэлтсийн даргын ажлаас чөлөөлөхдөө “өөр ажилд шилжин ажиллах болсон” үндэслэлийг заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтаас үзвэл албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоноор түүнийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тодорхой албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн гэдэг нь тогтоогдоогүйгээс гадна хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 650, 651 дүгээр захирамжуудаар Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс, хэлтсийн даргын албан тушаалын орон тоог хэвээр үлдээсэн, өөрөөр хэлбэл, Тамгын газрын бүтэц өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байна.
Хэдийгээр хариуцагчаас Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Н-тай “Тамгын газрын удирдах бүрэлдэхүүнийг өөрчлөх бодолтой байгаагаа, түүнийг Гадаад харилцааны яамны харьяа шилжүүлэн ажиллуулахаар ярьж болох” талаар ганцаарчилсан уулзалтаар ярилцаж, сэлгэн ажиллуулахаар аман тохиролцоо хийсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ маргаан бүхий захиргааны акт сэлгэн ажиллуулах утгаар гаргаагүй, тодруулбал, “өөр албан тушаалд шилжин ажиллах болсон” үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, уг актыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно/-т зааснаар төрийн байгууллагуудын удирдлагууд харилцан тохиролцсоны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэх заалтыг үндэслэн гаргаагүй байна.
Дээрх байдлаар хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газарт албан ажлын зайлшгүй шаардлага бий болоогүй байхад албан тушаалтан аль байгууллагад ямар ажил, албан тушаалд шилжүүлсэн нь тодорхойгүйгээр, өөртэй нь зөвшилцөлгүйгээр түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн акт гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр илт хууль бусд тооцох үндэслэл болж байна.
Үүнээс гадна хариуцагчийн тайлбарт дурдсанчлан Ц.Н-ийг сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан гэж үзсэн ч тухайн тушаал Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 75, А/50 дугаар шийдвэрээр батлагдсан “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Гадаад харилцааны яамны албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журам”-ын Хоёрын 2.4-д “ ... Сэлгэн ажиллуулах шийдвэрт сэлгэн ажиллуулах хугацаа, эрхлэх албан тушаал зэрэг зайлшгүй тусгах асуудлыг бүрэн тусгана”, 2.5-д “Сэлгэн ажиллуулах тухай саналыг тухайн албан хаагчид урьдчилан мэдэгдэнэ”, 2.10-д “Албан хаагчийн сэлгэн ажиллуулахдаа түүний албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, цалингийн хэмжээг бууруулахыг хориглоно” гэж заасантай нийцээгүйгээс гадна Ц.Н-ийг сэлгэн ажиллуулах хугацаа, эрхлэх албан тушаалыг тодорхой танилцуулаагүй энэ тохиолдолд уг журмын 2.3-д зааснаар “сэлгэн ажиллуулах саналыг албан хаагч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд татгалзсан үндэслэлээ энэ тухай саналаа хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан тухайн байгууллагын удирдлагад бичгээр гаргаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай болон Захиргааны ерөнхий хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР