Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 588

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд нээлттэй хийж, иргэн Ө.Ц*******ийн нэхэмжлэлтэй “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ө.Ц******* би МХЕГ-ын даргын Б/32 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Үүнд: Миний бие Ө.Ц******* нь 1997 онд АУИС-ийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөнөөс хойш одоог хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагад тасралтгүй 20 жил улсын байцаагчаар ажиллаж ирсэн. МХЕГ-т хил, хорио цээрийн хяналтын газрын Экспорт импортын зохицуулалтын хэлтсийн даргын үүрэгт ажлын гүйцэтгэж байгаад МХЕГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх үндэслэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 76 дугаар магадлалыг хэрэгжүүлэх зорилгоор ажлаас чөлөөлсөн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 76 дугаар магадлалд нэхэмжлэлчийн нэхэмжлэлийн дагуу МХЕГ-ын даргын 2014 оны 226 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхлэж байсан ажил албан тушаалыг эргүүлэн томилохоор тогтоосон байна. Тухайн үед нэхэмжлэгч нь МХЕГ-т хилийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын адан тушаалыг хашиж байгаад ажлаас чөлөөлөгдсөн юм байна. Гэтэл Монгол улсын шадар сайдын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр Хилийн мэргэжлийн хяналтын газар нь хил, хорио цээрийн хяналтын газар гэсэн нэртэй болон өөрчлөгдөж Экспорт, импорын зохицуулалтын хэлтэс, хорио цээр, стандартын хэлтэс гэсэн бүтэцтэй батлагдсан. Монгол Улсын Шадар сайдын 25 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор МХЕГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар тушаалаар хяналтын газрын хэлтсийг чиг үүрэг, орон тоог шинэчлэж байсан. Гэхдээ өмнө байсан бүтэц дэх Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын орон тооны чиг үүрэг нь дээрхи 95 дугаар тушаалаар батлагдсан Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргын орон тооны чиг үүрэгт хамаарч байгаа тул миний бие хашиж байсан  Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн даргын чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэж байна. МХЕГ–ын даргын Б/32 дугаар тушаалын талаар Төрийн албаны зөвлөлд хандаж 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан боловч Төрийн    албаны зөвлөх хянан шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

 Иймд уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул МХЕГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугаацаны цалинтай тэнцэх олговор гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж  өгнө үү” гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ө.Ц******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажэээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалтах шатны шүүхийн 2015 оны 76 дугаар магадлалаар Б.Х*******ыг ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэний дагуу Хил хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Ө.Ц*******ийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Х*******ыг томилсон байна. 

Б.Х*******ын урьд эрхэлж, байсан албан тушаал нь Монгол Улсын Шадар сайдын 2009 оны 97, тус газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Чиг үүрэг, орон тоо батлах тухай ’’ 32 дугаар тушаал, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ажлын байр /албан тушаалны/ тодорхойлолтонд заасаны  дагуу Хилийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын албан тушаал байсан. 

Энэ албан тушаал нь Монгол Улсын Шадар сайдын 2015 оны “Үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 25 дугаар тушаалыг үндэслэн тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Ажлын байр /албан тушаалтны/ Хил хорио цээрийн хяналтын газрын хорио цээр, стандартын хэлтсийн даргын албан тушаал болон өөрчлөндөн батлагдсан байна.

Б.Х*******тай холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн өмнө эрхэлж байсан албан тушаалд томилохдоо Экспорт импортын зохицуулалтын хэлтсийн дарга буюу Ө.Ц*******ийн оронд бус чиг үүргийг Хорио цээр, стандартын хэдтсийн буюу Э.А*******гийн орон томилох ёстой байсан.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ө.Ц*******ийн нэхэмжлэлтэй танилцан эвлэрэх хүсэлтийг хүргүүлсэн ба тус газрын Хил хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хэлтсийн дарга Э.А******* нь 2016 оны  03 дугаар сарын 29-ны өдрөөс өвчтэй байгаа тул түүнийг чөлөөлж, эвлэрэх боломжгүй байна.

Иймд дээрх хэрэг, маргааныг шүүхийн журмаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ө.Ц*******ийн  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ө.Ц*******ийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 76 дугаар магадлалыг үндэслэл болгожээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасныг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Ө.Ц*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалаар Б.Х*******ыг Хилийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Харин Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар магадлалаар дээрх тушаалыг хүчингүй болгож Б.Х*******ын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Ө.Цогтгэрэлийг Хил, хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрийн Б/33 дугаар тушаалаар дээрх албан тушаалд Б.Х*******ыг томилсон  байна. 

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 340 дүгээр тушаалаар Б.Х*******ын эрхэлж байсан Хилийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Э.А*******г томилж байжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар “Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай” тушаалаар  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналтын газруудын чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд шинээр батлагдсан хяналтын газруудын чиг үүргийн дагуу Б.Х*******ын ажиллаж байсан Хилийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн чиг үүрэг Хорио цээр, стандартын хяналтын хэлтэст шилжиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Экспорт, импортын хяналтын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй зөвхөн нэр томъёоллын хувьд Хорио цээр, стандартын хяналтын хэлтэс гэж өөрчлөгдсөн байна.

Үүний дагуу Э.А******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 336 дугаар тушаалаар Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ. 

Түүнчлэн, Ө.Ц******* шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан хариуцагч дотоод хяналт шалгалт явуулж 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “илтгэх хуудас” гарсан байна. Энэхүү илтгэх хуудсаар Ө.Ц******* үүрэгт ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн, өмнөх шүүхийн маргаанаар эгүүлэн томилогдсон Б.Х*******ыг Ө.Ц*******ийн оронд бус  Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Э.А*******гийн оронд томилох ёстой талаар дүгнэсэн байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмыг зөрчиж төрийн албанд томилогдон цалин авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах үндэслэл бүрдээгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул Ө.Ц*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 779,338 төгрөгөөр тооцоолон олгож, нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Ө.Ц*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Ц*******ийн өмнө эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ө.Ц*******ийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 779,338 төгрөгөөр тооцож, зохих журмын дагуу татварыг суутган олгож, нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ