Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01168

 

Ж.Дунгармаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00595 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Дунгармаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Насанбаярт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4 912 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3ээлдэгч Насанбаяр надаас 2015 оны 09 дүгээр сарын 16-нд 1 200 000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлдэж авсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр сарын 6 хувийн хүүтэй 2 500 000 төгрөгийг нэмж авсан бөгөөд дээрх 2 зээлийнхээ хүү болон үндсэн төлбөрөөс огт төлөөгүй тул үндсэн зээл 3 700 000 төгрөг, нийт хүү 1 212 000 төгрөг, нийт 4 912 000 төгрөг гаргуулан авна.Иймд Насанбаяраас 4 912 000 төгрөг гаргуулан Ж.Дунгармаа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:2015 оны 05 дугаар сарын 14-нд сарын 6% хүүтэй 1 сарын хугацаатай 2 500 000 төгрөгийг Дунгармаагаас авч, Ө.Батцэнгэлд өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 16-нд Дунгармаагаас 1 200 000 төгрөг авч Ө.Цэцэгбалд өгсөн. Эдгээр хүмүүс мөнгийг төлөхгүй байгаа тул хариуцагчаар татаж өгнө үү?” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:Дунгармаагаас нийт 3 700 000 төгрөг авч хүмүүст өгсөн тул энэ мөнгийг л төлөх саналтай байна. Хүүгийн талаар тохиролцоогүй тул төлөх үндэсгүй. Хүү төлнө гэсэн бичгийг Дунгармаагийн шаардсанаар бичиж, гарын үсэг зурсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00595 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Насанбаяраас 4 912 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дунгармаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Насанбаяраас 93 550 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ж.Дунгармаад олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Насанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Насанбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр авсан 2 500 000 төгрөгийг хоёр тал харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү тооцож гаргуулсныг буруу гэж үзэж байна. Учир нь Ж.Дунгармаа нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуудаж уулзаад үндсэн мөнгө 2 500 000 төгрөгийг зээлийн хүү болох 1 140 000 төгрөгийн хамт төл хэмээн шаардаж, бичиж өг гэж хугацаа заан гараар өргөдөл бичүүлж авсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хүүг бичгээр гэрээ байгуулж тохирно. Бидний хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн надаар бичүүлсэн тодорхойлолтыг хоёр талын хооронд бичгээр байгуулсан гэрээ гэж үзэхгүй бөгөөд зээлдүүлэгч гарын үсэг зураагүй.Ганц миний гарын үсэгтэй баримтаар хүүг тооцож гаргуулсныг буруу гэж үзэж байна. Иргэний хуулийн тусгай ангид буюу 282 дугаар зүйлийн 282.3-т бичгээр гэрээ байгуулахаар заасан тул 282 дугаар зүйлийн 282.3-т Иргэний хуулийн ерөнхий ангид заасан 199 дүгээр зүйлийн 199.1-д заалтыг шүүх хэрэглэхгүй гэж үзэж байна.Иймд хүү болох 1 212 000 төгрөгийг хасаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглэхгүйгээр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ж.Дунгармаа хариуцагч Г.Насанбаярт 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлүүлсэн 1 200 000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй, мөн 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зээлүүлсэн 2 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй нийт 4 912 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  Хариуцагч Г.Насанбаяр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т  зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог ба хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийдэг байна. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Мөн зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогддог.

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан барьцаалан зээлдүүлэх хуудас \хх-ийн 5 дугаар тал\, “зээлийн гэрээ” нэртэй 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон Г.Насанбаярын бичгийг \хх-ийн 6 дугаар тал\ зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэж, улмаар нэхэмжлэгч Ж.Дунгармаагийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ.

Барьцаалан зээлдүүлэх хуудсанд ямар барьцаалан зээлдэх газраас зээл олгож байгаа нь тодорхой заагдаагүй, зээлдэгчийн овог бичигдээгүй, регистрийн дугаар хариуцагч Г.Насанбаярын регистрийн дугаараас өөр байгааг шүүх анхаараагүй байна. “Зээлийн гэрээ” гэх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн “өргөдөл”-д 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дунгармаагаас зээлсэн 2 500 000 төгрөгийн талаар заасан байх ба уг мөнгийг хүү 1 140 000 төгрөгийн хамт 3 640 000 болгон 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барагдуулж дуусахаар үүрэг хүлээсэн байгаа нь өрийг хүлээн зөвшөөрсөн бичгийн агуулгатай байгаагаас гадна уг бичигт дан ганц “өргөдөл” бичсэн хүний гарын үсэг зурагджээ.

Дээрх хоёр баримтын алин нь ч Иргэний хуулийн  196 дугаар зүйлийн 196.1.2.-т заасан гэрээг бичгээр байгуулсанд тооцох нөхцөлд нийцэхгүй байна. Гэрээг бичгээр  байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг бичгээр байгуулсанд тооцдог байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй, улмаар хүү авах эрхээ алдсан зээлдүүлэгч зээлдэгчийн өр хүлээн зөвшөөрсөн бичиг, эсхүл тодорхой бус газрын барьцаалан зээлдүүлэх хуудсаар хүү шаардах эрхийг олж авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож болдог. Хуулийн энэхүү зохицуулалт нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг тогтоох эрх зүйн үндэслэл болж болох боловч нэгдүгээрт, зээл авсан талаар хариуцагч маргаагүй, хоёрдугаарт, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гараагүй, гуравдугаарт, хүү шаардах эрхийг үүсгэх бичгийн гэрээг үүргийг хүлээн зөвшөөрсөн бичиг орлохгүй тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болгосон шүүх хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар магадлал, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “199 дүгээр зүйлийн 199.1.-д” гэснийг хасч, “4 912 000 төгрөг” гэснийг “3 700 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Г.Насанбаяраас 93 550 төгрөг” гэснийг “хариуцагч Г.Насанбаяраас 74 150 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 49 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН