| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0020/э |
| Дугаар | 2018/ШЦТ/19 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сумдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1836000000018 дугаартай 178/2018/0020/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс захчин, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр-1, адуу-2, үхэр-10, хонь-60, ямаа-30 нийт 102 толгой малтай, ял шийтгэлгүй, ПЖ90112414 дугаарын регистртэй, Баатар овогт Долгорын Бат-Эрдэнэ
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутагт иргэн Ц.Мөнхбаярын малыг 2017 оны 10 сараас 2018 оны 01 сарын 07-ны хооронд хөлсөөр хариулж байхдаа 30 тооны бог малыг зарж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй тул Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутагт иргэн Ц.Мөнхбаярын малыг 2017 оны 10 сараас 2018 оны 01 сарын 07-ны хооронд хөлсөөр хариулж байхдаа 30 тооны бог мал буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 975000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух / Ц.Мөнхбаярын өгсөн... Би 2017 оны 11 сарын 20-ны үед баз Д.Бат-Эрдэнэд өөрийн аав Цэрэннамдагийн малтай нийлээд 619 толгой малыг хөлсөөр маллуулахаар өгсөн. Гэтэл Д.Бат-Эрдэнэ нь миний эзэмшилийн малнаас 10 хонь, 20 тооны ямааг зарчихаад 2018 оны 01 сарын 07-ны өдөр малаа хаячихаад Улаанбатар хот явсан байсан. Д.Бат-Эрдэнэ нь манай малыг Манхан сумын Ботгон багийн “Гулз” гэх нэртэй газар хариулж байсан. Д.Бат-Эрдэнэ нь 1 толгой малыг 700 төгрөгөөр хариулахаар тохирсон байсан. Миний хохиролыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Очирцэрэнгийн өгсөн... Манайх 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүргэн Ц.Мөнхбаяраас 619 тооны мал маллахаар авсан. 2018 оны 01 сарын 10-ны өдөр тоолоод 20-иод тооны бог мал дутахаар нь Ц.Мөнхбаярт хэлсэн. Ц.Мөнхбаяр ирж тоолоод 20 тооны ямаа, 10 тооны хонь дутлаа гэсэн. Манай нөхөр 2018 оны 01 сарын 07-нд гэрээсээ гараад явсан. Улаанбаатар хотод явж байна гэсэн ... гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Энхбаярын өгсөн... Би Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэрт мал худалдан авч байсан. Д.Бат-Эрдэнэ манай эхнэр лүү яриад “эхнэртэйгээ хамт малаа бэлчээгээд явж байна мал зарах гэсэн юм та ирээд авчих малаа “Тогоруу хар” дээр харж байя гэсэн. Би машинаа асаах гээд гэрийн гадна нэлээд удсан. Гэтэл дахин залгаад “хүүхдээ үлдээчихсэн болохоор эхнэрээ буцаачих уу” гэхэд манай эхнэр оройтох юм шиг байна гэсэн. Д.Бат-Эрдэнэ тэгвэл би “эхнэрээ явууллаа” гэж хэлсэн. Тэгээд машинаа асаагаад яваад очтол ганцаараа байсан. Хүүхдүүд үлдээчихсэн болохоор эхнэрээ явуулчихлаа гэж хэлсэн. Д.Бат-Эрдэнэ нь надад 14 тооны мал өгсөн. 10 малны мөнгийг нь өгсөн, 4 малыг Цахир гэх хүнээс “малыг нь авчих “гээд явсан. Миний авсан мал нь 6 сэрх, 2 эм ямаа, 2 эм хонь худалдаж авсан. Үлдсэн 3 төлөг 1 эм хонь өгсөн. Би 660000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг ... /хх-ийн 15 дугаар хуудас/,
Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ... Эр төлөг 5 толгой-175000 төгрөг, Эм хонь 5 толгой-300000 төгрөг, Эм ямаа 10 толгой-350000 төгрөг, Ишиг 10 толгой-150000 төгрөг, нийт 975000 төгрөг / хэргийн 22 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 14 тооны бог мал буюу 6 тооны хонь, 8 тооны ямаа зарсан. Миний зарсан мал дотор Ц.Мөнхбаярын 5 ямаа, 4 хонь, өөрийн 2 хонь, 3 ямаа байсан. Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би бусдын малыг хөлсөөр хариулж байгаад зарж завшсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би Цагаанаад 2 нас гүйцсэн сэрх, 3 настай сэрх 4, 3 эм хонь, 3 төлөг нийт 14 тооны малыг зарсан. 2014 оны хавар малжуулах төслөөс 5 сая төгрөг авч 100 бог худалдаж авсан. 5 сая төгрөгийн 50 хувийг нь эргүүлж төлөх ёстой байсан ба Багийн дарга хөдөлмөрийн хэлтэсийн хүмүүс шүүхийн хүмүүстэй ирэх юм шиг байна гэхээр нь Ц.Мөнхбаярын болон өөрийн малыг зарсан. Тэгээд мөнгө хүрэхгүй болохоор нь хот орж ажил хийж зээлээ төлье гэж бодоод Улаанбаатар хот руу яваад мөнгөө үрээд дуусгасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь “ зургаан сараас гурван жил хүртэл хорих, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр” заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон , эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” -т зааснаас үзэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг нь “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тасгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд ононгдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн 1836000000018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Мөнхбаярт учирсан 975000 төгрөгний хохирол төлөгдсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн 10 тооны эм хонийг битүүмжилсэн, Прокурорын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 5/17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат-Эрдэнийг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн 1836000000018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй , төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн 10 тооны эм хонийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 5/17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА