Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

  2023          5            26                                                    2023/ДШМ/37                      

 

 

Л.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

            Прокурор Б.Цэрэнтогтох  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа /цахимаар/

            Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Р.Булгамаагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Г-д холбогдох эрүүгийн 2334000860100 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1967 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 41-1-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Н овогт Л-гийн Г,

Л.Г нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” зоогийн газрын хажууд Тоёота камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш...эргэхдээ өөдөөс чигээрээ яваа...тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Т.Очирбатын жолоодож явсан Тоёота Рав-4 маркийн 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Лгийн Гг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Н овогт Лгийн Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н овогт Лгийн Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Н овогт Лгийн Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар хохирогч Т.Бад 9.237.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггээс гаргуулж, хохирогч Т.Б үлдэх 876.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Гд хохирогч Т.Бад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг болгож,

Эрүүгийн 2334000860100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ггийн өмгөөлөгч Р.Булгамаа гаргасан давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж авч танилцаад доорх гомдлыг гаргаж байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Г нь үйлдсэн хэргээ ойлгож хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Шүүгдэгч Л.Г нь эрхэлсэн тодорхой ажил, тогтмол орлогогүй, тээврийн хэрэгслээрээ үйлчилгээ үзүүлсний орлого нь өрх гэрийнх нь амьжиргааны зардлыг нөхөж чаддаггүй, эхнэр нь өвчний улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөрөө зүрхний өвчтэй зэрэг хүнд амьдралтай байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг нь багасгаж, доод хэмжээний торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Л.Г нь иргэний журмаар хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Л.Гд холбогдох анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцож зорчих эрхийг хязгаарлах ялын санал тавьж байсан. Тухайн үед шүүгдэгч “...би барилгын ажил хийдэг тул тухайн ял надад тохирохгүй юм байна. Тохирох ял оноож өгнө үү...” гэсэн санал гаргаж байсан. Шүүх хуралдаан орох үед шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулаагүй ирсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулахаар завсарлага авах эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн боловч шүүгдэгч “...би завсарлага авахгүй, мөнгийг төлнө...” гэх бүдэг, бадаг зүйл ярьдаг. Шүүгдэгч завсарлага аваад төлбөр мөнгөө бага ч гэсэн төлөөд ороод ирсэн бол эрүүгийн хариуцлага арай өөр хэлбэртэй байх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Ггийн өмгөөлөгч Р.Булгамаагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл,

Шүүгдэгч Лгийн Г нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” зоогийн газрын хажууд Тоёота камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт зүүн гар тийш...эргэхдээ өөдөөс чигээрээ яваа...тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Т.Очирбатын жолоодож явсан Тоёота Рав-4 маркийн 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Бын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын хажууд өөрийн эзэмшлийн 14-12 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг хүргэн дүү болох Т.Очирбатаар бариулаад Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэл рүү явж байхад эсрэг урсгалаас гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад үзэхэд хар өнгийн Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн байсан бид нар тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Очирбатын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлд хадам ах Бын хамт түүний машиныг нь жолоодоод Төв аймгийн Борнуур сум Урьхан зоогийн газрын хажуу талд явж байхад Өөдөөс урсгал сөрөөд нэг машин орж ирээд мөргөсөн. Тухайн машин нь хар өнгийн Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Ану-Эрдэнийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өвөө Г, эмээ Хишгээ, эгч Амин-Эрдэнэ нарын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын хажуу талд машинтай мөргөлдөж осолд орсон. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай өвөө, эмээ, тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд эмч ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй байна гэж хэлсэн. Мөн би осол болоход урд суудал дээр суугаад суудлын бүс зүүж явсан. Тийм болохоор гэмтэж, бэртсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Б.Амин-Эрдэнийн өгсөн “...манай аав хөдөө хол ажилладаг. Харин манай ээж төрөх гээд эмнэлэгт хэвтсэн ирэх боломжгүй байгаа. Тухайн үед би өвөөгийн машины хойд талын суудал дээр сууж явсан. Мөн хойд талын суудал дээр эмээ унтаж байсан...өвөө машин жолоодож явсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Ү.Хишгээгийн өгсөн “...би нөхрийн хар өнгийн 73-40 УАУ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан. Тухайн машиныг манай нөхөр болох Г жолоодож явсан. Би хойд талын суудал дээр унтаж явсан. Ач охин Амин-Эрдэнэ хойд талын суудал дээр сууж явсан. Ану-Эрдэнэ урд талын суудал дээр өвөөгийнхөө хажуу талд сууж явсан. Би болон тээврийн хэрэгсэл жолоодож явсан нөхөр Г ач охидууд Ану-Эрдэнэ, Амин-Эрдэнэ нар гэмтэж, бэртсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай “...уг зам тээврийн осол болсон газар нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг Урьхан зоогийн газрын зогсоол Борнуур сумаас баруун тийш 8 орчим километрт хар өнгийн Тоёота Камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл цагаан өнгийн Тоёота Рав-4 маркийн 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай, 14-12 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хашаа мөргөж зогссон байв. Анх мөргөлдсөн...А цэгээс Т.Камри маркийн 73-40 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүртэл 8.86 байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 54 дугаартай дүгнэлтэд “...Т.Бын биед бүсэлхийн L1-ийн баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэ, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

Техникийн шинжилгээний 02/10 дугаартай “...73-40 УАУ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-р заалт Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа...тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн байна. 73-40 УАУ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг болсон байна...” гэсэн дүгнэлт,

Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 33360 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Л.Ггийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын салдаг уулзвар дээр 73-40 УАУ улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 14-12 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан Т.Бын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог.

Прокуророос Л.Ггийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.Ггийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан нөхцлийг харгалзан үзсэн нь гэм буруу, шударга ёсны зарчмыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд хамаардаг.

Анхан шатны шүүх, шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27,10 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Л.Ггийн “...хувиараа барилгын ажил хийдэг. Улирлын  чанартай ажил хийдэг учраас одоо л ажил эрхлэх гэж байна Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэм буруутайд тооцсон үйлдэлд тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаагийн “...Л.Г нь эрхэлсэн тодорхой ажил, тогтмол орлогогүй, тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлсний орлого нь өрх гэрийн амжиргааны зардлыг нөхөж чаддаггүй, эхнэр нь өвчний учир ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрөө зүрхний хүнд өвчтэй зэрэг хүнд амьдралтай байдлыг харгалзан үзэж эдлэх ялыг багасгаж торгох ялын доод хэмжээ болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үлдсэн этгээдийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнийг заагаагүй,  хуульд заасан үг хэллэгийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийн хэмжээ тодорхойлох хэсэгт дурдсанаас тогтоох хэсэгт зөрүүтэй тусгагдсан, хохирлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүхийн албан ёсны нэршлийг тогтоох хэсэгт буруу бичсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан зөвтгөв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан бол гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Гг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах, шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн, чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, ял болон албадлагын арга хэмжээ хэрэглэх зорилгод нийцээгүй, цаашид шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх үр дагаварт хүргэхээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон, хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Н овогт Лгийн Гг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Н овогт Лгийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтын “...Шүүгдэгч Н овогт Лгийн Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Н овогт Лгийн Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй...” гэж, 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н овогт Лгийн Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н овогт Лгийн Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар хохирогч Т.Бад нь 9.237.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггээс гаргуулж, хохирогч Т.Б нь үлдэх 876.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдасугай ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Т.Бад 9.231.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ггээс гаргуулан олгож, хохирогч Т.Б үлдэх 876.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж,

6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Гд хохирогч Т.Бад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний дотор арилгах үүрэг болгосугай...” гэснийг хасаж,

10 дахь заалтын“...Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй...” гэснийг “...Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй...” гэж, 1-11 гэсэн дугаарлалтыг 1-10 гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ  

 

                                ШҮҮГЧИД                                          М.МӨНХДАВАА

 

                                                                                          З.ТҮВШИНТӨГС