| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/04175/И |
| Дугаар | 102/ШШ2024/01273 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01273
2024 оны 03 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2024/01273 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 739.513.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Мг” ХХК, хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 739.513.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. “Т” ХХК, “М” ХХК-тай аммиакийн шүү худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан.
Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүрэн гүйцэтгэж дуусгаад 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аммиакийн шүү худалдах, худалдан авах MN-ТБТ-0 дугаартай хоёр дахь гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу “М” ХХК “Т” ХХК-д өөрийн хүссэн хэмжээгээр аммиакийн шүү нийлүүлсэн.
Энэ нь хавтаст хэрэгт авагдсан и-баримтын хуулбар, “М” ХХК-ийн санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогчийн тооцоолол, “М” ХХК болон “Т” ХХК-уудын хооронд 493.009.000 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан тооцоо нийлсэн актаар нотлогдоно.
Ингээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А-н шүү шилжүүлснээс хойш хариуцагч компани төлбөр төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна.
Бид үндсэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 493.009.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлд 439.009.000 төгрөг гэж тоог нь сольж бичсэн. Нийлбэр дүнгээр бодоход таарч байгаа гэдгийг тодруулж хэлье.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ дээр маргаан байхгүй, тоо алдсан байна гэж өөрөө хэлсэн.
Талууд өдрийн алдангийг 0.5 хувиар тооцон гэрээнд тусгасан. Үндсэн төлбөрийн 493.009.000 төгрөгийн нэг өдөрт тооцох алданги 2.465.045 төгрөг. Төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоногийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги 50 хувиас хэтэрсэн учраас хуульд нийцүүлж үндсэн үүргийн гүйцэтгэлийн 50 хувь буюу 246.504.500 төгрөгийг алдангид тооцож нэхэмжлэл гаргасан.
Төлбөр гаргуулах үнийн дүн гэрээний үндсэн үүрэгт 493.009.000 төгрөг, алданги 246.504.500 төгрөг нийт 739.513.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагч “Т” ХХК-д шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Тд олгосон итгэмжлэл, “М” ХХК, “Т” ХХК-уудын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ММ-ТБК-0 дугаартай Аммиакийн шүү худалдах, худалдан авах гэрээ, “Т” ХХК-ийн тооцоо нийлсэн акт, төлбөрийн баримтууд,тооцооны үлдэгдлийн баталгаа, “Т” ХХК-ийн“М” ХХК-д гаргасан хүсэлт
7.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Б.О, Х.Б нарт олгосон итгэмжлэл
8.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч “Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.Э-г шүүхэд албадан ирүүлэх тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/0 дугаартай Шүүгчийн захирамж гарчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “нэхэмжлэгч гэрээний дагуу аммиакийн шүүг нийлүүлсэн боловч хариуцагч барааны үнийг төлөхгүй байгаа нь талуудын нягтлан бодогч нарын нийлсэн тооцооны баталгааны баримтаар тогтоогдож, нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хохирч байгаа учраас шүүхэд хандсан” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б “Нэхэмжлэгчтэй эвлэрмээр байна. Төлбөрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдсэн байгаа техникээс ярилцаж тохиролцоод өгмөөр байна” гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан түүний 0000-0000 дугаартай гар утас руу шүүгчийн туслах залгаж шүүх хуралдаанд ирэхийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн хангаж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “Т" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ММ-ТБК-22/06/0 дугаартай Аммиакийн шүү худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2022 оныг дуустал 240 тонн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, 1 килограммын үнийг НӨАТ ороогүй 2990 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцжээ.
7.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8.Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулж, гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
9.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч гэрээнд заасан аммиакийн шүүг нийлүүлж, хариуцагч барааг бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөөгүй талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.
10.Тэрээр гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
11. Зохигчдын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.6, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасны дагуу хоёр талын нягтлан бодогч нарын өгч, авалцсан зүйлсийн хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангүй бүртгэлийн бичилтээр нэхэмжлэгч 4 удаагийн төлбөрийн баримтын гүйлгээгээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 493.009.000 төгрөгийг аммиакийн шүү “Т” ХХК-д нийлүүлэн, хариуцагч төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар тогтоогдож, төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
12.Түүнчлэн мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.
13.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлийг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар тус шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Б нар өөрийн биеэр хүрэлцэн ирж 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх үүрэгтэй танилцан гарын үсгээ зурж баталгаажуулж, хариу тайлбарыг хуулийн хугацаанд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.855.555 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3.855.555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 739.513.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.855.555 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3.855.555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА