Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 223/МА2020/00012

 

С.Намбарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 151/ШШ2020/00559 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Намбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Базарсад, Ц.Мөнгөнцэцэг нарт холбогдох,

Засвар үйлчилгээний 2 146 639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Намбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Базарсад, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч С.Намбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Намбар би Ц.Базарсадтай Зуунмод сумын 01 багт байрлах "Таван тансаг" зоогийн газрыг анх түрээслэхээр амаар тохиролцсон. Уг түрээсийн байр нь засвар үйлчилгээ хийх засан сайжруулах зайлшгүй шаардлагатай байсан учир тухайн үедээ Ц.Базарсадтай тус байранд засвар үйлчилгээ хийхээр харилцан тохиролцоод 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн өөрсдийн зардлаар засвар хийж дуусгасан. Мөн тус түрээсийн байранд тоног төхөөрөмж аяга шанага, тогооны гал хэрэгсэл, хаяг байхгүй байсан учир өөрийн зардлаар дээрхи зүйлүүдийг худалдан аваад ажлаа дөнгөж эхлүүлэх гэж байтал урьд ажиллуулж байсан хүн нь өр ширтэй, тооцоотой гээд байнга ирж маргаан үүсгэж, элдэв хэл үгээр доромжлох, шороо цацах зэргээр үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэл үүсгэж байсан. Мөн тус байранд зөвшөөрөл байхгүй зэрэг нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнээс болж надад илүү зардал гарч алдагдалд орсон. Гэвч би Ц.Базарсадаас илүү гаргасан зардлаа нэхэхгүй, харин байрыг нь засаж сайжруулахад орсон зардлаа нэхэмжилж байна.

Үүнд: Ц.Базарсадаас барилгын материалын зардлын тооцоонд 1 227 173 төгрөг, цалингийн зардлын тооцоонд 590 062 төгрөг, тээврийн зардлын тооцоонд 130 000 төгрөг, бусад зардалд 199 400 төгрөг, нийт 2 146 639 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч С.Намбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Базарсад бидний хооронд цайны газрын байр түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Харин уг байрны эзэн Ц.Мөнгөнцэцэг гэж хүн байдаг талаар огт мэдээгүй шүүх дээр ирсэн хойно мэдсэн тул уг байрны эзнийг хариуцагчаар татсан... Засварын ажлыг 2017 оны 11 сараас 12 сарын хугацаанд хийж дуусаад 12 сарын 15 хүртэл 10 аад хоног ажилласан боловч урд ажиллаж байсан хүний өр төлбөр нэхэгдэж хүн амьтан хэрүүл маргаан хийх мөн байр нь цайны газар ажиллуулах тохирлын гэрчилгээ байгаагүй зэрэг нөхцөл байдлаас хамаарч ажиллуулах боломжгүй болсон... Иймд уг цайны газарт засвар хийсэн материалын зардал 1227173 төгрөг, цалин 590 062 төгрөг, тээврийн зардал 130 000 төгрө, бусад зардал 199 400 төгрөг, нийт 2 146 639 төгрөгийг уг байрны өмчлөгч Ц.Мөнгөнцэцэг, гэрээ хийсэн Ц.Базарсад нараас тэнцүү гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Базарсад шүүхэд гаргасан тайлбартаа: “...С.Дарьсүрэн ажлын байр хайж байгаа талаар хэд хэдэн удаа утсаар ярьж, ажил дээр ирж уулзсан. Тэрнээс би ажлын байр түрээслэх талаар ямар нэгэн зар өгөөгүй. Тэр үед би үгүй гэсэн хариу өгсөн боловч бодож үзээрэй гэж гуйж байгаад явсан. Гэтэл 2017 оны 10 сарын 15-ны өдөр гэртээ амарч байхад Дарьсүрэн Намбар гэдэг хүнтэй хамт ирж байрыг чинь очиж үзье гэж шалсан. Эгч нь хоолны газар ажиллуулах гээд ажлын байр хайгаад байсан чинь таксины зогсоолын зүүн хойд талын танай байр хуучин хоолны газар ажиллуулж байсан боломжийн, хүмүүс ч үйлчлүүлээд сурсан газар, тохь тухтай, дотроо нойлтой зүгээр юм байна, тиймээс эгчтэйгээ урт хугацаагаар түрээслүүлээч гэж ирээд удаа дараа гуйгаад байхаар нь үнэхээр ажил хийе гэсэн урам зоригийг нь бодоод, Дарьсүрэнг дайчин хөдөлмөрч ажилсаг эмэгтэй гэдгийг зах зухаас нь мэддэг болохоор нь бүрэн итгэсэн. Дарьсүрэнг итгэлтэй хүн гэж бодсоны улмаас ажлын байрыг очиж үзүүлсэн. Байрыг маань очиж үзээд зоогийн газар ажилуулах боломжтой юм байна, бид ойр зуурын бэлтгэлээ хангаад танай энд байгаа сандал ширээ, лангуу бэлэн байрыг түрээслье гээд сард 350 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцож, 6 сарын хугацаатай, 1 сарын барьцаа урьдчилгаа төлбөр төлөөд, 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс гэрээгээ хийгээд шууд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр амаар тохиролцож, байрны түлхүүрийг Дарьсүрэнд хүлээлгэн өгсөн. Би аман тохиролцооны дагуу гэрээг бичгээр бэлтгэж, нотариатаар батлуулахаар Дарьсүрэн руу утасдахад эгч нь Солонгосын виз гарсан тул гадуур ажил хөөцөлдөөд завгүй явж байна. С.Намбар бид 2 тохирсон учраас С.Намбартай гэрээгээ хийчих гээд 95183976 гэсэн дугаарыг өгсөн. Энэ дугаараар С.Намбартай яриад гэрээгээ батлуулахаар нотариатын газарт ирэхээр тохиролцсон боловч С.Намбар ирээгүй. Миний бие нөхрийн хамт хэд хэдэн удаа нотариатын газарт очиж гэрээ хийхээр утсаар ярьсан боловч ямар нэгэн шалтаг заагаад ирээгүй, гэрээ хийхийг хүсээгүй. Иймээс ямарч гэрээ хийгдээгүй учраас би түрээсийн төлбөр аваагүй, мөн С.Намбар нь нэхэмжлэлд дурьдсан 2146639 төгрөгийг надаас нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Учир нь: Тухайн байранд засвар үйлчилгээ хийх шаардлага байгаагүй, тиймээс ч байрыг үзээд боломжийн, үйл ажиллагаа эрхлэхэд хэвийн гэж үзээд түрээслэхээр тохиролцсон. С.Намбар бид хоёрын хооронд хөрөнгө ашиглах, эзэмших эрх үүсээгүй байхад хувь хүний өмч хөрөнгөнд дураараа халдаж сайн чанарын дотор талдаа модон хаалга, гадна талдаа давхар төмөр хаалгатай байсныг өөрчилсөн боловч хуучин хаалгануудыг өгөөгүй атлаа хаалганы мөнгө нэхэмжлээд байгааг би ойлгохгүй байна. Нэхэмжлэлд дурдсанчлан 2017 оны 11 саын 01-ний өдрөөс гэрээ хийнэ гэсэн боловч хийгээгүй байж үйл ажиллагаа эхэлсэн өдрөөсөө буюу 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн өөрсдийн зардлаар засвар хийж дуусгасан гэсэн нь хувь хүний өмч хөрөнгөнд дур мэдэн халдсаныг гэрчилж байна. Миний бие Дарьсүрэнд манай байрыг түрээслээч би бүх зүйлийг нь бэлдэж өгнө гэж гуйж оруулаагүй, тоног төхөөрөмж дээрх бүх зүйлийг бэлдэж өгөхөөр үүрэг хүлээгээгүй. Урьд нь ажиллаж байсан хүнд би ямар нэгэн өр ширтэй биш, тэгэх үндэслэл байхгүй, элдэв маргаан үүсгэж байсан гэх асуудлын талаар би мэдэхгүй. Тус байранд зөвшөөрөл байхгүй нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул үйл ажиллагаагаа зогсоосон гэдгийг ойлгохгүй байна. Би анхнаасаа байр түрээслэх талаар тохиролцсон болохоос ямар нэгэн засвар үйлчилгээ, зөвшөөрөл эрхийн талаар юу ч яригдаагүй болно. Гэрээ хийгээгүй байж үйл ажиллагаа явуулаад, С.Намбартай уулзах гэхээр зугтаж алга болчихоод хичнээн хөөцөлдөж эрэл сурал болж очиход ажлын байран дээрээ өөрөө байдаггүй, хуушуур хийсэн хүмүүс байж байдаг байсан. Гэрт нь удаа дараа очсон боловч хаалгаа тайлж өгөхгүй байсаар нөхөрт нь хэлж байж байрныхаа 1 түлхүүрийг гэрт нь очиж авсан. С.Намбарын зүгээс цахилгаанд 19 000 төлсөнөөс өөр төлбөр тооцоо хийгээгүй болно. Харин С.Дарьсүрэнг Солонгосоос ирсний дараа бид 2 уулзаж гэрээ хийгээгүй байж хүний өмч хөрөнгөнд халдаж миний зөвшөөрөлгүйгээр дураараа өөрчилж, байсан хугацааныхаа ашиглалтын зардал, түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгааг хэлж ойлголцон С.Намбартай ярилцан Төв Чандмань дулаантай холбоотой 100 000 төгрөгийг тушаачихлаа гээд 4 ширхэг түлхүүрийг надад авчирч өгсөнөөр бидний хоорондын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байсан. Гэтэл С.Намбар надтай гэрээ хийе гэхэд гэрээ хийгээгүй, байрны төлбөр төлөөгүй байж бүтэн 2 жилийн дараа 2019 оны 11 сарын 04-ний өдөр 2 146 639 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас С.Намбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч С.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...С.Намбар нь миний үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулаагүй, надтай ярьсан зүйл байхгүй тул би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үл хөдлөх хөрөнгийг хариуцах бүх эрхийг өөрийн төрсөн эгч Ц.Базарсадад олгосон байсан. Ц.Базарсад нь С.Дарьсүрэнтэй амаар тохиролцож, түрээслэхээр оруулсан гэдгийг надад амаар хэлж албан ёсоор зөвшөөрөл авсан. Иймд С.Намбартай гэрээ хийгээгүй учраас эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Имйд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох болно.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Мөнгөнцэцэгээс 999 605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Намбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 147 030 төгрөг, хариуцагч Ц.Базарсадад холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 49 296 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнгөнцэцэгээс 28 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Намбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Базарсад давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг шийдвэрээр Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Мөнгөнцэцэгээс 999605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Намбарт олгохоор заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

Миний хувьд өөрийн эгч болох Ц.Базарсадад өөрийн өмчлөлийн 2 өрөө байраа хариуцуулан орхисон байсан.Эгч маань уг байрыг ашиглах санал тавьсан хүнд зүгээр байхаар дулааны мөнгийг нь боловч төлөхөд нэмэр гээд түрээслүүлдэг байгаад түрээслэгч Сэлэнгэ ар гэрийн гачигдлын улмаас түр ажлаа зогсоосон үед С.Дарьсүрэн ирж уулзаад түүний хүссэнээр байр түрээслэх хэлцэл хийж байрны түлхүүрийг нь авсан байсан.Тэгээд дараа нь гэрээгээ хийхээр дуудахад миний Солонгос явах виз гараад ажил ихтэй байна. Намбартай гэрээ хийчих гэж би хэлсэн байгаа гээд утсыг нь өгсөн байсан. Утсаар нь Намбар луу ярихад очлоо гээд эгчийг маань нотариат дээр хүлээлгээд ирээгүй гэдэг.Тэгээд уг байранд хоолны газар ажиллуулаад байж байгаад удаа дараа гэрээ хийхийг шаардахад гэрээгээ хийгээгүй тул Дарьсүрэнг ирэхээр нь уулзаж байрныхаа түлхүүрээ аваад түрээсээ төлөхийг шаардсан гэдэг.2017 оны 11-01-нээс 2018 оны 06 сарын 22-нийг хүртэлх хугацаанд цайны газрын зориулалтаар Дарьсүрэнгийн даалгаснаар Намбар нь тухайн байрыг ашиглаж байсан болно.

Би энэ хугацаанд түрээсийн төлбөр гэж нэг төгрөг авч байгаагүй.Гэтэл байрны засварын мөнгө гэж шүүхэд намайг байранд засвар хийхийг зөвшөөрөөгүй байхад шохой, эмульс түрхчихээд одоо тэр байрыг шинэчилсэн мэт худлаа баримт гаргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миний бодлоор анх гэрээ хэлцэл хийсэн хүн нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгоод хуульд заасны дагуу тайлбар гаргасан боловч шүүх тэрийг эс анхаарч С.Намбарыг нэхэмжлэх гаргах эрхтэй гэж үзэж дээрх шийдвэрийг гаргажээ.Иймд:

1. ИХШХШТХ-ийн 25-р зүйлд зааснаар хэргийн зохигч гэж хэн болохыг тодорхой заасан байдаг.Гэтэл шүүх гэрээ хэлцэл хийгээгүй Намбарыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу.

2. ИХШХШТХ-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд татан оролцуулах боломжгүй тул Дарьсүрэн, Намбар нарт холбогдуулан ИХШХШТХ-ийн 73-р зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх уг нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 151\Ш32020\00414 шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хамтран хариуцагч Базарсадад гардуулсан боловч утга агуулгыг нь ойлгоогүй учраас тухайн үед гомдол гаргаж чадаагүй гэсэн.Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.

3. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Барилгын засварын ажил хийж гүйцэтгэсэн гэх баримт нь барилгын инженер Ганбаатарын гаргаж өгсөн "Барилгын засварын ажил хийхэд зарцуулагдах төсвийн төсөл"-ийг үндэслэн засварын ажил гүйцэтгэсэн ажлын тайлан гэж дүгнэсэн нь буруу.Ямар ямар ажил хийсэн талаараа тодорхойгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй хэдэн янзын зарлагын баримт ирүүлсэн нь ажил хийсэн гэсэн нотлох баримт болохгүй гэдгийг хариуцагч өмнөх хуралдаанд мэргэжлийн зүгээс тайлбарласан нь протоколд тэмдэглэгдсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Намбар нь аж ахуйн нэгж байгуулан бичиг баримт хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн байгаагаар худлаа болох нь тогтоогддог. Байранд засвар хийх талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан мэдүүлэгтээ:.. Базарсад болон манай ажилчид цуг байхдаа засвар хийхээр тохиролцсон гэж байгаа боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Пүрэвжалын мэдүүлэхдээ:.... Базарсад тухайн үед байгаагүй, анх харж байна гэснээр нотлогдохгүй байна.Иймд нэхэмжлэгч С.Намбар нь өөрөө дураараа загнаж хүний өмчид халдаж байрны хаалгыг сольсон болох нь тогтоогдож байна.Тиймээс харин ч би өөрийнхөө өмчийн хуучин байдлаар нь болгохыг шаардах эрхтэй байсан байх.

4. Надад ИХШХШТХ-ийн 26-р зүйлд зааснаар албан ёсоор хариуцагчийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй.

5. Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан байхад зөвхөн надад байгаа өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн намайг өмчлөгч гэж үзэн надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу.Түрээсийн гэрээ байгуулах хэлцэл хийсэн гэх этгээдээс \Дарьсүрэнгээс\ гаргуулах нь зөв байх байсан болов уу гэж үзэж байна.

6. Шүүх хэдийгээр үнэлээгүй боловч шүүхэд гаргаж ирүүлсэн Дарьсүрэнгийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь гэх баримт, өндөр настан Жасмаагийн гэрчийн тайлбар зэрэг бичгийн баримтуудаар Дарьсүрэн нь энэ гэрээний гол хүн болох тодорхой байдаг.Энэ баримтыг хавтаст хэрэгт авагдсан учраас дурдаж байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хянан үзэж ИХШХШТХ-ийн 168 -р зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү.

Мөнгөнцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралд оролцох болно.” гэжээ.

                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, шүүх Иргэний хуулийн гэрээний болон гэрээний бус үүргийн харилцааг зааглан ялгаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргасан тул шүүхийн шийдвэр хуууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч С.Намбар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Базарсадаас түрээсийн байранд хийсэн засвар ,үйлчилгээний зардалд 2 146 639 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнгөнцэцэгийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд хариуцагч нараас 2 146 639 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хариуцагч Ц.Базарсад нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэггүй гэж, хариуцагч С.Мөнгөнцэцэг нь С.Намбар нь миний үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийх талаар талаар гэрээ байгуулаагүй, надтай ярьсан зүйл байхгүй, миний үл хөдлөх хөрөнгийг хариуцах бүх эрхийг өөрийн төрсөн эгч С.Базарсадад олгосон байсан ба тэрээр С.Дарьсүрэнтэй амаар тохиролцож түрээслэхээр оруулсан гэдгийг надад хэлж амаар зөвшөөрөл авсан, С.Намбартай гэрээ хийгээгүй учраас эрх зүйн харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал болон маргааны үйл баримтыг бүрэн зөв тогтоогоогүй, хариуцагч С.Мөнхцэцэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх болсон эрх зүйн үндэслэлээ хуульд нийцүүлэн тодорхойлохгүйгээр төлбөр хариуцуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн хооронд хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх хуулийн заалтыг бичсэнээс өөрөөр ямар нэг эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа  шийдвэрийн  тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар түрээсийн гэрээний зүйл болж буй хөрөнгийн өмчлөгч гэж үзэж, хариуцагч С.Мөнхцэцэгээс засварын зардлын зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.

Шүүх Иргэний хуулийн 56.1.8-д заасан хоёр нөхцөлийн чухам алиныг нь  С.Намбар болон С.Базарсад нарын хооронд хийгдсэн хэлцэлд хамааралтай гэж үзсэн талаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

 Иргэний хуулийн 56.1.-д заасан аль нэг үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Эндээс үзвэл хүчин төгөлдөр бус хэлцэл, түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар нь  зөвхөн хэлцэл хийсэн талуудад хамааралтай байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн“ гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10.-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нртариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үздэг. Уг, зүйл, хэсэгт заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.

Шүүх түрээсийн гэрээний зүйл болж буй хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө мөн эсэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгө мөн эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, С.Мөнхцэцэгийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримт нь эрхийн улсын бүртгэл болон түүнтэй холбоотой баримтыг орлохгүй бөгөөд тухайн хөрөнгө эрхийн  улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаарх ямар нэг баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс маргааныг үйл баримтыг тогтоох, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-т зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаардаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө өөрөө улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой юм. Үл хөдлөх эд хөрөнгө өөрөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол уг эд хөрөнгийг түрээслэх гэрээг бүртгэхгүй нь тодорхой болно.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дээрх үйл баримтыг тогтоогоогүйгээс тухайн маргаантай харилцаанд хамаарах Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглээгүй,  Иргэний хуулийн 56.1.8.-д зааснаар  хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

  Шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд талуудын хооронд хийгдсэн хэлцэл хуулиар тогтоосон ямар хэлбэрийг зөрчсөн болохыг тогтоохоос гадна ийнхүү хуульд заасан хэлбэрт ороогүй явдалд хэн буруутай болох, хэн алин нь хуульд заасан шаардлагыг мэдээгүй, эсхүл мэдсэн боловч биелүүлээгүй, эсхүл хэлцлийн нэг тал нөгөө талын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хэлцэл хуульд заасан хэлбэрт ороогүй зэргийг анхаарах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д зааснаар гэм буруугийн асуудал хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагаврын хувьд чухал ач холбогдолтой юм. 

Хариуцагч С.Мөнгөнцэцэг шүүхэд “...миний үл хөдлөх эд хөрөнгийг хариуцах бүх эрхийг өөрийн төрсөн эгч С.Базарсадад олгосон байсан...” гэсэн тайлбар гаргасан байхад шүүх зохигчийн тайлбарыг үнэлээгүй, Иргэний хуулийн 62-69 дүгээр зүйлийн зохицуулалт тухайн маргаанд хэрэглэгдэх эсэхийг хууль зүйн хувьд дүгнэх учиртай.

Хариуцагч Ц.Базарсад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд С.Намбар, Дарьсүрэн  нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөрт 2 800 000 төгрөг гаргуулна гэсэн ба сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 59 750 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн байна. /хх-ийн 47-48-р тал/

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч С.Намбарт гардуулснаас хойш 14 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШЗ2020/00414 дүгээр шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан ажиллагаа явуулах тухай өмнө гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШЗ2020/00195 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой заалтыг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1. дэх хэсгийн “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэсэн заалтыг илэрхий буруу хэрэглэсэн, үг, үсэг, тоо зэрэг техникийн шинжтэй алдааг засах тухай хуулийн дээрх зохицуулалтыг өөр үндэслэлд хамааруулан хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй   ноцтой зөрчил гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн эсрэг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулж гаргадаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  зохигчоор оролцоогүй этгээдэд холбогдох боломжгүй гэдэг нь ойлгомжтой боловч нэхэмжлэгч С.Намбарыг сөрөг шаардлагын хариуцагчаар тодорхойлсон байгааг шүүх анхаарч үзээгүй, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулах, нэхэмжлэгчид гардуулах зэргээр ажиллагаа явуулсан атлаа шүүгчийн захирамжийн заалтыг хүчингүй болгосноор дээрх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн ажиллагаа ойлгомжгүй, түүнийг хууль зүйн хувьд шүүхээс  хэрхсэн нь тодорхойгүй болсон байна.   

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т  заасан шүүх хууль дээдлэх зарчим нь материаллаг болон процессын хуулийг хэрэглэх ажиллагааны  аль алинд нь хамаарна.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчил нь хариуцагчийн давж заалдах гомдлын нэг үндэслэл болсон бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дээрх эрх зүйн дүгнэлтийг үндэслэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2020/00559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч С.Мөнгөнцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсадын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 540 төгрөгийг хариуцагч Ц.Базарсадад буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАА

                  ШҮҮГЧИД                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР