Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 2023           6            02                                                     2023/ДШМ/38                      

 

 

Г.Чт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Одгэрэл,

Шүүгдэгч Г.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн,

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Чт холбогдох эрүүгийн 2234006980531 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 12-нд Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын “Жавхлант” 1 дүгээр баг, гэр хашаа гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, И овогт Г Ч,

Г.Ч нь Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө “...манай эхнэрийг оролдсон...” гэх шалтгаанаар иргэн Б.Уийн цээжин тус газарт отвертикоор хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Төв аймгийн прокурорын газраас Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Г Чыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Чт 3 жил, 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чаас 4.618.050 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулж, хохирогч Б.У нь ажилгүй байсан үеийн цалин болох 2.910.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч С.Билгүүн, С.Мөнхтулга нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...давж заалдах шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана...” 3 дахь хэсэгт “...шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ...” гэж тус тус заасан бөгөөд  шүүх дээрх зохицуулалтын дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээсэй гэж хүсэн дараах агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага нь дээрх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай холбоотойгоор түүний хувийн байдлыг тогтоох, холбогдох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Шүүгдэгч Г.Ч нь 2014 онд тархиндаа хүнд гэмтэл авч, уналт, таталт илрэх болсноор тархины гэмтлийн үлдэц хэсэгчилсэн эпилепси оношоор 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн кабинетын эмч нарын байнгын хяналтад байдаг бөгөөд хэсэгчилсэн эпилепси нь 7 хоногоос 12 хоногийн зайтай илэрдэг буюу энэ хугацаанд уналт, таталт өгч тус таталт эрчимтэй явагдсан тохиолдолд эмнэлгийн зайлшгүй тусламж үйлчилгээг аван хэвтэн эмчлүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0479430 дугаартай шийдвэрийн дагуу тархины бусад тодорхой эмгэг оношоор шүүгдэгч Г.Чын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50 хувиар тогтоосон өмнөх шийдвэрийг сунгаж шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүгдэгч нь 2000 оноос хойш мал аж ахуй эрхэлж амьдарч байгаа бөгөөд 2013 онд Асгат сумын шилдэг “Залуу малчин” тэмдэг, 2017 онд Асгат сумын “Аварга малчин” өргөмжлөл, 2020 онд “Мянгат малчин” батламж зэрэг шагналыг хүртэж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор туслах малчин авч ажиллуулж байсан.

Мөн Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №0584833 дугаар шийдвэрийн дагуу тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаан оношоор шүүгдэгчийн эхнэр болох О.Энхцэцэгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 60 хувиар тогтоосон өмнөх шийдвэрийг сунгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчмын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулах нь зүй ёсны хэдий ч шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэхэд хэр оновчтой, шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаан буюу уналт, таталт илрэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Чын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, уг асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэдэг талаараа мэдүүлдэг. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, мөнгөн төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн байдаг бөгөөд хохирогч Б.У нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...найзыгаа уучилсан, гомдолгүй тул ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А.Чын өмгөөлөгч А.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зарим зүйлийг шалган тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь унаж, татдаг өвчтэй, Улаанбаатар хот, Төв аймгийн эмнэлгийн эмчийн хяналтад байдаг нь тогтоогдсон. Түүний ар гэрт нь насанд хүрээгүй хоёр хүүхэд, мөн унаж, татах өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан эхнэр нь үлдэж байгаа тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Чын өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан өөрийг нь болон ойр дотнын хүнийг нь доромжилсон хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг бөгөөд үүнээс үзвэл түүний санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Г.Ч нь боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй байхад мөрдөн шалгах ажиллагааг өмгөөлөгчгүй явуулан мэдүүлэг авсан байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл гаргасан дүгнэлтдээ: Г.Чын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч өмнө нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлж байсан байдаг. Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан ч гэсэн хэрэг хариуцах чадвартай ба шүүх уг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Г.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэдрэлийн өвчтэй, уур хүрснээс болоод найзыгаа гэмтээсэнд харамсаж гэм буруугаа хүлээж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Чт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

Г.Ч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ “манай эхнэрийг оролдлоо” гэх шалтгаанаар отвертикийг зэвсгийн чанартай ашиглан Б.Уийн цээжин тус газарт хатган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Б.Уийн “...намайг унтаж байтал Г.Ч намайг татаж сэрээгээд п...-ууд ирж гай боллоо гээд байсан. Би босоод юу болов гэхэд Г.Ч п...-ыг ална гээд шар өнгийн отвертик барьчихсан намайг цээжний зүүн хөхний доод хэсэгт 4-5 цагийн байрлалд 2 удаа хатгасан, би гэрээс зугтаад гарахад миний араас хар өнгийн иштэй нимгэн хар хутга барьчихсан гарч ирээд намайг машиндаа орох гэж байтал араас зүүн суга хэсэг рүү нэг удаа хатгасан. Би эргэж хараад Г.Чтай барьцалдаж авсан. Тэгтэл Г.Чын туслах малчин залуу гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгах гээд тэврээд авсан. Тэр агшинд Г.Ч миний эрүүн доороос хутгаа тулгачихсан байсан. Миний эрүүн дор 2 удаа хатгасан, мөн зүүн хацар зүсэгдсэн байсан. Би Г.Чаас машин, гэр тойрч гүйгээд зугтаад байсан...”

“...би өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр нь ярьсан байгаа...”[1] гэх,

Гэрч О.Энхцэцэгийн “...Б.Уөд ор засаж өгөөд нөхөр Г.Чын хажуугаар ороод унтах гэтэл Б.У гэрэл унтраагаад миний хажуугаар орж хэвтээд намайг үнсэж, үмхээд байхаар нь би орондоо орж амар гээд хэлтэл манай нөхөр Г.Ч яасан их хүний нүд дарж хажууд доромжилдог юм бэ гээд гэрэл асааж босож ирээд Б.У бид хоёрыг гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гараад машинаа асаагаад зугтчихсан...”[2] гэх,

Гэрч Л.Ганзолын “...шөнө гэртээ унтаж байхад гадна хүн орилох шиг болсон, тэгээд манай нөхөр Н.Загдсүмбэрэл хувцсаа өмсөөд гараад явсан. Удалгүй манай гэрт хотоос ирсэн Г.Ч ахын найз нь орж ирсэн, араас нь манай нөхөр Г.Ч ахтай хамт орж ирсэн, тэгтэл Г.Ч ахын найз манай гэрийг бүтэн тойроод буцаад гараад явсан, араас нь манай нөхөр, Г.Ч ах хоёр гарсан...”[3] гэх,

Гэрч Н.Загдсүмбэрэлийн “...шөнө гэртээ унтаж байтал Г.Ч ах гэрийнхээ гадна орилоод байхаар нь гараад очиход Б.Уөө п...-аа минь айлын авгай татаж чангаахаасаа ичихгүй байна уу гээд байсан. Г.Ч ах Б.У нарыг боль гээд салгасан. Тэгээд Б.У гэх хүн Г.Ч ахаас зугтаагаад манай гэрт ороод буцаад гараад явсан. Тэгээд Б.У машиндаа суугаад явсан..., ...би Б.Уийг айлын авгай татаж чангаагаад байхдаа яадаг юм гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн...”[4] гэх,

Гэрч М.Дэлгэрбатын “...машин дотор ороод унтаж байхад пижигнэтэл машины цонхыг Б.У нүдсэн. Сэрээд юу болов гээд машины хаалгыг онгойлгоход Б.У нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр айлын эзэн туслах малчин хоёр хүрч ирээд гэрийн эзэн гэх залуу Б.Утэй барилцаж аваад зууралдаад байсан. Тэгтэл тэр туслах малчин нь гэрийн эзнийг татсан. Би Б.Уийг татаж салгахад тэр малчин нь айлд ирж хүнд гай болсон п... гэж хараасан. Би Б.Уийг суулгаад шууд Улаанбаатар хот руу явсан. Бид нарыг Улаанбаатар хот руу явж байхад 03 цаг өнгөрч байсан. ...замдаа явж байхдаа болсон үйл явдлыг сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт Б.Уийг үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн..., ...хаана нь юугаар хутгалчихваа гэж асуухад зүүн талын суга доогуураа заагаад энд, миний эрүүний энд гээд эрүүнийхээ зүүн талыг харуулахад эрүүн доор нь юмаар хатгасан цус гоожсон, зүүн талын нүднийх нь доор бас хатгагдсан цус гарч байсан...”[5] гэх мэдүүлгүүд болон,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13569 дугаар “...Б.Уийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цус, хий хуралт 2022.10.01-ний мэс заслаар авалт /100 мл/, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугалгад шарх, хэвлий, хоёр гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл..., ...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”[6] гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Чын мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Г.Чын хохирогч Б.Уийн цээжин тус газарт нь отвертикоор хатган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Чын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Чын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэн шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүх хуралдааны шатанд улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Г.Ч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэргийг харгалзан үзэж түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан хорих ялын доод хэмжээ 5 жил хорих ялаас доогуур 3 жил 5 сар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэн оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааснаас үүдэн гэмт этгээдийн түргэн зуурт хийсэн хариу үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учруулсан байдгаараа мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдах онцлогтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Чын “...Б.У нь манай гэрийн гэрэл унтраагаад эхнэр О.Энхцэцэг бид хоёрын ор руу орж ирсэн. Тэгээд эхнэрийг үнсээд татаж чангаагаад байхаар нь би уурлаад нүд дарж доромжлоод байгаа юм уу гэж хэлээд гэрэл асаасан..., ...тэгээд би гэрийн гал тогооны тавилга дээр байсан улаан өнгөтэй жижиг цаасны хайчийг аваад Б.Уийн эрүүнд тулгаад чи п... аятайхан унтахгүй хүн доромжлоод гэж хэлээд бид хоёр барилцаж байгаад салсан. Тэгээд гэрийн үүдний багаж дотор байсан шар иштэй отвертикийг аваад Б.Уийн зүүн талын хөхний доод талд 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг өгсөн байдаг.

Уг мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Г.Ч нь тухайн үед хохирогчийн хийж байсан гэх үйлдлийг бүгдийг мэдэж, сонсож байсан байх ба, түүний зүгээс тухайн үед нь босож ирэн хайч авч хохирогчийн эрүүнд нь тулган хууль бус, зүй бус үйлдлийг таслан зогсоосныхоо дараагаар гэрийнхээ үүдний багажийн саванд байсан отвертикийг авч санаатайгаар хохирогчийн цээжин тус газарт нь дүрж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх хууль зүйн боломжгүй ба, шүүгдэгч нь тухайн үйлдлийг хийснээрээ хохирол, хор уршигт хүргэнэ гэдгээ мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааж шүүхэд эрх олгосон хэм хэмжээг судлан үзвэл мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар өөрөөр хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн боломжгүй юм. 

Иймд шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч С.Билгүүн, С.Мөнхтулгын нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Мөнхтулгын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэж заасанчлан хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичиж гэм буруутайд тооцоогүй,

Хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн иштэй отвертик, ягаан өнгийн иштэй хайч зэргийг хураан авч эд мөрийн баримтаар хавсаргасан байхад хэрэгт авагдаагүй зүйл болох “1 ширхэг шартай иштэй хутга”-ыг устгахаар шийдвэрлэсэн,

Шүүх байгуулах тухай 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 19 дэх хэсэгт зааснаар оноосон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэршлийг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэж буруу бичсэн,

Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүдэн төрд учирсан хохирлыг арилгуулан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хохирогчийн ажилгүй байсан үеийн цалин, цаашид гарч болох эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг алдаа, зөрчил гаргасныг зөвтгөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэхийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбараас үзвэл шүүгдэгч Г.Чын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан отвертик нь зэвсгийн чанартай эд зүйлд тооцогддог болох, шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн огноог “...2022 оны 9 дүгээр сарын 26-аас 2...” гэж ойлгомжгүй бичсэн байгааг тэмдэглэв.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  4 дүгээр сарын 04-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч И овогт Г Чыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг,

             “...Шүүгдэгч И овогт Г Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

            4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чаас 4.618.050 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга тавин/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулсугай...” гэснийг,

            “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Чаас 4.618.050 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга тавин/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулсугай...” гэж,

            5 дахь заалтад “...хохирогч Б.У нь ажилгүй байсан үеийн цалин болох 2.910.000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг,

            “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.У нь ажилгүй байсан үеийн цалин болох 2.910.000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж,

            6 дахь заалтад “...Эрүүгийн 2234006980531 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэснийг

            “...Эрүүгийн 2234006980531 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар иштэй отвертик, 1 ширхэг ягаан иштэй хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...”гэж,

            9 дэх заалтад “...Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх...” гэснийг

            “...Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС

 

                                          ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР

                                               

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 12-20, 23-р тал

[2] хх-ийн 31-32-р тал

[3] хх-ийн 34-35-р тал

[4] хх-ийн 37-38-р тал

[5] хх-ийн 87-88-р тал

[6] хх-ийн 41-41-р тал