| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0015/З |
| Дугаар | 109/ШШ2024/0029 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 109/ШШ2024/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гэрч Б.Б, Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарын хоорондох Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гэрч Б.Б, Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Э миний бие Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар тасралтгүй 22 жил ажиллаж байгаа төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч юм. Гэтэл Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.О нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б/46 дугаартай тушаалыг гаргаж Г.Э- миний биеийг алжаас чөлөөлсөн нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болсон тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б/46 дугаартай тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Г.Э- надад урьдчилан огт мэдэгдээгүй бөгөөд гэнэт дуудаж тулган шаардах байдлаар гаргасан тушаалаа танилцуулсан болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” хуулийн зохицуулалт баримтлаагүй, мөн тус хуулийн 27 дугаар зүйлд Сонсох ажиллагааг явуулах 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” гэснийг зөрчиж хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа Г.Э- миний биед урьдчилан мэдэгдэж, албан ёсны тайлбар авалгүй, өөрийн хууль бус шийдвэрээ хүчээр тулгасан, ингэхдээ мөн төрийн албан хаагчийн хувьд ёсгүй зүйл ярьж дээрээс УИХ-ын гишүүн шахаад байна зэрэг хөндлөнгийн нөлөөнд автсанаа хүртэл эрээ цээргүй хэлж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргаанаас шийдвэр гаргахдаа баримтлах үйл ажиллагааны зарчмыг хуульчилж өгсөн бөгөөд тус зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар зохицуулсан. Гэтэл намайг ажлаас халахдаа газар олгосон үндэслэл нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон хурлын төлөөлөгч Б.Б хурлын төлөөлөгч, орлогч дарга Ж.Ж- нарын баталсан Д хорооллын 6 газар, Х 700 м2 гэр бүлийн зориулалтын газар нь сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хурлын Төлөөлөгчдөөр дэмжигдэн батлагдаж аймгийн Газрын албаны дарга хянаж газрын цахим системд орсон газрыг сумын Засаг дарга, орлогч дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр олгосон газрууд байдаг.
Харин Х багт байшин барьсан зөрчлийг газрын даамал миний бие ээлжийн амралттай Улаанбаатар хотод байх үед сумын Засаг дарга дур мэдэн төлөвлөгөөнд тусгагдсан газраас байршил зөрүүлж өөрийн биеэр газар олгосон.
Дээрх иргэний зөрчилд газрын даамал шууд буруутай гэж үзсэн нь ийнхүү үгүйсгэгдэх бөгөөд тухайн газар дээр байшин барьсан иргэнд зөрчил арилгах талаар утсаар болон албан бичгээр газрын даамлын мэдэгдлийг хүргүүлж шуурхай арга авч хэрэгжүүлсэн.
Түүнчлэн Д хорооллын 6 иргэний газрыг сумын Засаг даргын санал болгосон 2 иргэнд газрын даамал тухайн газруудыг хэмжин 4 иргэнд нь сумын ЗД-ын орлогч дарга Ж.Ж тухайн газруудыг олгосон бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Бөөрөлжүүт Багийн Засаг дарга Б.И өөрөө мэдэн хашаа барьсан зөрчил нийт 7 газрыг газрын даамлын буруутай үйлдэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдаад аймгийн газрын албаны дарга нь хянасан тухайн газруудыг дан ганц газрын даамлын буруутай гэж үзэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд иргэдийн Хурлын Төлөөлөгч нар тухайн жилийн 2023 төлөвлөгөөний төслийг олонхын саналаар баталсан байхад газрын даамлыг буруутгаж байгаа нь бодит нөхцөл байдалд огтоос нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр гэдгийг илтгэх юм. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд:
Нэхэмжлэгч Г.Э намайг ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б/46 дугаартай тушаалын үндэслэлд: Төрийн албан тухай хуулийн 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; 37.1.14.удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх; 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн 4 төрлийн үүрэг хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзжээ.
Нэхэмжлэгч Г.Э миний бие төрийн албан хаагчийн өргөсөн тангаргаасаа няцаж ашиг сонирхлын зөрчилд автсан зүйл байхгүй бөгөөд харин ч бусад этгээд, дарга удирдлагын хөндлөнгийн нөлөөллөөс ангид ажлаа хийж байсныг хамт ажиллагсад гэрчлэх бөгөөд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ө нь 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах хуралдааны үеэр 2023 онд олгосон д хорооллын болон Х тухайн газруудыг хууль бус дур мэдэн олгосон мөн өөрийн хүргэн дээр нэг газрыг өгсөн бол энэ асуудлыг хэлэлцэхгүй байх байсан гэж хэлж байхыг нь тухайн Хурлын Төлөөлөгч нар сонсож л байсан. Харин ч эсрэгээрээ ажлаа хуулийн дагуу хийж жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлт 80%-с дээш В үнэлгээ авч 2023 оны үр дүнгийн гэрээний биелэлт 85% А үнэлгээ авч маш сайн гэж дүгнэгдсэн байтал хэсэг бүлэг хувийн ашиг сонирхолтой этгээдүүдийн дарамт шахалтаар ажлаас үндэслэлгүй халагдсанд туйлын гомдолтой байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд хөдөө орон нутагт амьдарч байгаа залуусын ажлын байр болон амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үүнд газрыг нь хуулийн дагуу олгох гэсэн байр сууринаас Д хороололд газар олгосонд буруутгаад байгаа 7 иргэний 4 нь төрийн албан хаагч, өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэй, олон бага насны хүүхэдтэй 25-30 насны залуу гэр бүлүүд байгаа нь хөндлөнгийн нөлөөллөөс ангид Засгийн газрын бодлого хөтөлбөрийг баримталж, албаны эрх мэдлээ хэтрүүлээгүйг илтгэх юм. /АТГ-т шалгуулсан боловч албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж тогтоогдсон зүйл байхгүй/
Дээрх буруутгагдаад байгаа төрийн албан хаагчийн 4 төрлийн хориглолт, үүргээс алийг нь баримталж ажлаас халж буй нь ойлгомжгүй, өөрсдийн үзэмжээр хандаж байгаа нь хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй баримтлаагүй, хуульд үндэслээгүйг харуулж байна. Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаал нь хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулахыг шаардаж уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан. Энэ дагуу Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тушаалд Тариат сумын газрын даамал нь албан ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа, мөн иргэдээс удаа, дараа гомдол санал ирүүлснийг үндэслэсэн гэсэн байна. Үүнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга газрын даамал руу үйл ажиллагаагаа засаж сайжруулах талаар албан тоотыг явуулсан гэж байна. Иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр 2023, 2024 онд Засаг даргын Тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдээс газрын даамалтай холбоотой ямар нэгэн гомдол, санал ирээгүй гэсэн тодорхойлолтыг албан ёсоор гаргаж өгсөн байгаа. Мөн Суман багийн Д хорооллын 7 иргэнд зөвшөөрөлгүй газар олгосон гэсэн байна. Мөн Х уулын орчим Чулуут голын онцгой хамгаалалтын бүсэд 8х10 хэмжээтэй дүнзэн барилга зөвшөөрөлгүй бариулсан гэсэн байсан. Энэ зөрчлийн тухайд тайлбарлахад сумын газрын даамал нь 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө иргэд, аж, ахуйн нэгжээс саналыг нь аваад саналыг нь авсан кадастрын цахим системд оруулаад аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар руу явуулж аймгийн ерөнхий архитектур, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн хянаж үзээд цаашдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороход саадгүй шаардлага хангасан гэж үзвэл Аймгийн газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын дарга албан тоотоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал руу явуулж, үүний дараа Ч.О даргын явуулсан бичгийг үндэслээд сумын газрын даамал, сумын Засаг дарга хамтарч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж батлуулсан байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар зөвшөөрөлгүй олгосон 7 иргэний газрыг 6 хүний газар нь Д хороололд гэр бүлийн зориулалтаар олгогдохоор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахим системд бүртгэгдээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон. Үүнд хуулийн дагуу шалгалтыг явуулсан. Б.И гэх иргэн өөрөө дур мэдэж хашаа барьсан асуудал байгаа. Энэ нь газрын даамалтай шууд холбоотой биш. Х уулын орчим цахим системд 2 айлын газар төлөвлөлтөөр орсон байна. Х уулын орчим 2 газарт олголт хийгээгүй байсан. Гэвч намайг ээлжийн амралттай Улаанбаатар хотод эмчилгээтэй байх хугацаанд иргэн дур мэдэж байршил өөрчилж 8х10 хэмжээтэй дүнзэн торх өрж барьсан байсан. Ингээд уг иргэн рүү зөрчлөө арилгах талаар утсаар мэдэгдэж байсан. Мөн газрын даамлын зүгээс хугацаатай үүрэг, даалгавар өгч ажиллаж байсан. Үүнийг газрыг даамал шууд газрыг олгосон гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Мөн ажлын хэсэг 3 удаагийн хяналт, шалгалтыг газар дээр нь хийсэн гэсэн байна. Үүнд 12 дугаар сард Ч.О- даргын тушаалаар аймгаас 5 мэргэжилтэн ирж газрын даамлын ажил дээр албан шалгалт хийсэн. Ингэхдээ тухайн өдөр улсын хэмжээнд цахим систем хаалттай байсан. Газрын даамлын компьютерыг асааж миний хажууд хяналт, шалгалтыг хийгээгүй. Хувийн хэргийг газар дээр нь үзэж хараагүй, надаас 2023 оны бүх захирамжийг авсан, түүнийхээ дараа олон тооны зөрчлийг илрүүлсэн албан шаардлагыг хүргүүлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас намайг Авлигатай тэмцэх газар руу 6 айлын газрыг дур мэдэн олгосон гэх үндэслэлээр шалгуулах хүсэлтээ өгсөн байсан. Энэ 6 айлын газрын би өөрөө дур мэдэн олгоогүй, сумын Засаг дарга, орлогч дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа залуу гэр бүлийг дэмжих зорилгын хүрээнд олгосон гэв.
4. Нэхэмжлэгч өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалын үндэслэлд өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийе. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл буюу ажлаас халах сахилгын шийтгэлийн ногдуулсан. Эл шийдвэр нь холбогдох хууль, журамд хэрхэн, яаж нийцэж байгаа нь тодорхойгүй байгаа. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар нөхцөлийг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах талаар заасан. Төрийн албан хаагч нь сахилгын шийтгэлийн зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн байх, зөрчлийн шинж байдал нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд халах сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан байна. Тушаалын үндэслэлд 4 төрлийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ 4 төрлийн зөрчлөөс зөрчил тус бүр дээр ямар арга хэмжээ авсан нь тухайн хяналт шалгалтаар хэрхэн тогтоогдсон, тухайн зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.1.6, 37.1.14 дэх хэсэгт хэрхэн уялдаж байгаа талаар тодорхой үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үйл баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас тушаал, шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Мөн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг үндэслэсэн гэсэн байна. Гэтэл сонсох ажиллагааны мэдэгдлээ хэзээ хүргүүлсэн гэдэг нь ойлгомжгүй. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Г.Э-т хаяглаж явуулсан бичгүүд 4 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа явуулахад сонсох ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй учраас тайлбараа өг гэдэг албан бичгийг явуулсан байдаг. Үүгээрээ тухайн нэхэмжлэгчийг сонсох ажиллагааны оролцоогоор хангасан гэж үзэх боломжгүй байгаа юм. Ийм учраас Г.Э-ын хувьд хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох шаардлага гаргасан. Уг шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Г.Р нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
|
|
Нэхэмжлэгч Г.Э-ын шүүхэд гаргасан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. Тариат сумын газрын даамал асан иргэн Г.Э-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хүртэл авагдсан арга хэмжээг товч дурдвал. Г.Э-ын хууль бус үйлдэл ёс зүйгүй байдлын талаар аймгийн Засаг даргаас болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт анх 2022 оны 03, 04 дүгээр саруудад албан бичгээр болон өргөдлөөр удаа дараа гомдол ирэх болсон. Үүнээс үүдэн тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Б-ын үүрэг даалгавраар мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Д-оор ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын баг томилогдож албан шаардлагад туссан гомдлын дагуу 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдөр Тариат суманд ажиллаж хяналт шалгалт хийж дүгнэлтийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны 03/1441 дугаартай албан бичгээр хяналт шалгалтын дүгнэлт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирсэн. Дүгнэлтэд дурдсан ажлын хэсгийн санал нь (Ажлын хэсгийн дүгнэлтийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгон авсан арга талаар аймгийн Засаг дарга болон албан шаардлага ирүүлсэн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Б-д бичгээр мэдэгдэж ажиллахыг даалгах) гэсэн байсан. Тухайн дүгнэлтэд Г.Э-ын хууль зөрчсөн, ёс зүйгүй байдал гаргасан талаар хэд хэдэн зөрчил тогтоогдсон байсан ч газрын даамалд тухайн үед ямар нэгэн хариуцлага тооцоогүй өмгөөлөх байр суурьтай өнгөрч энэ талаар хариуг албан шаардлага хүргүүлсэн этгээдэд болон засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлж байсан.
Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны “Хүсэлт хүргүүлэх тухай” 32 дугаартай албан бичгээр Г.Э-ын гаргаж байгаа үйлдэл, ажлыг шалгуулах хүсэлт ирсэн тул тус газрын газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.У, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-, мэргэжилтэн А.О, Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.М, мэргэжилтэн Ч.Г гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газрын даргын 127 дугаартай томилолтоор томилогдон 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг цахим системд тулгаж, 2024 оны зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлуулсан байдлыг шалгаж, 2023 оны газар олголтыг сумын Засаг даргын шийдвэр, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэртэй тулган шалгаж 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гарган газрын даргад танилцуулсан. Дүгнэлтэд дурдсан ноцтой зөрчлөөс цухас дурдвал 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/191 дугаартай захирамж, /Зөрчил нь: Тариат сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны газар эзэмшүүлэх тухай /А/191 дугаартай захирамжаар 4 хүнд газар эзэмшүүлсэн ч цахим системд 5 хүнээр холбож гэрээ гэрчилгээ олгосон/ 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/39 дугаартай захирамж /Зөрчил нь: А/39 тоот захирамжаар Б.Б-ээс Н.Э руу газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээ байгуулалгүйгээр захирамж гаргуулж шилжүүлсэн. Захирамжийн хавсралт, тамга тэмдэггүй/ , 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/48 дугаартай захирамж /А/48 тоот захирамжаар Л.О-аас Д.Х-д газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээ байгуулалгүйгээр захирамж гаргаж шилжүүлсэн. Захирамжийн хавсралт сольсон/, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/65 дугаартай захирамж / Зөрчил нь 2023 оны 04 дүгээр 17-ны өдөр Д.Б-с М.Д-д газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээнд 652 м2-аар байгуулсан газрыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 тоот захирамжаар газрын хэмжээг 3274 м2 болгож дур мэдэн нэмэгдүүлэн олгосон. Гэрчилгээ үүсгээгүй. Газар олголт хийсэн зөрчил арилгаагүй/ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/157 дугаартай захирамж /Зөрчил нь: *********** нэгж талбарын хувийн хэргийн материал цахим системд ороогүй/, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/95 дугаартай захирамж /А/95 тоот захирамжаар Ж.М-с Д.Б-руу газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээ байгуулахгүй захирамж гаргуулж газар эзэмших эрхийг шилжүүлсэн./ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/159 дугаартай захирамж /Зөрчил нь: А/159 тоот захирамжаар Б.Б-аас Б.Б-руу газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээ байгуулалгүй захирамж гаргуулж шилжүүлсэн/, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ‘Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/115 дугаартай захирамж /Зөрчил нь: нотариатын гэрээ байхгүй/ 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/08 дугаартай захирамж /Зөрчил нь: Тариат сумын 4 дүгээр баг байшин 1-*** тоот хаяг дахь А хийдээс Д.Э-руу газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээ байгуулаагүй, тамга тэмдэг байхгүй, гарын үсэг зуруулаагүй/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/06 дугаартай захирамж /Зөрчил нь: нотариатын гэрээ байхгүй/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/07 дугаартай захирамж /Зөрчил нь: хавсралт сольсон, тамга тэмдэг байхгүй. А/07 тоот захирамжаар Г.О-с О.Б-руу газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээ байгуулаагүй, мөн тухайн шалгалтаар 5 төрлийн ноцтой зөрчил илрүүлж цаашид арга хэмжээний саналын хамт дүгнэлтийг ГХБХБГ-ын дарга, даргын зөвлөлд ирүүлсэн. Дүгнэлтээр газрын даамал Г.Э- нь ТАТХ-ийн 37.1.11, 37.1.13, 39.1.2-т заасан хориглолтыг зөрчиж ажилласан нь мөн төрийн албан хаагчийн хувьд болохгүй ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн сонсох ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хийж танилцуулан гарын үсэг зуруулж газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/06 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан шийтгэл ногдуулсан. Тухайн шийтгэлд Г.Э-ын зөвхөн 2023 оны газар олголтой холбоотой гаргасан алдаа дутагдлыг үндэслэсэн. Мөн газрын дарга хэлтсийн даргын зүгээс дүгнэлттэй танилцсаны дараа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- нар Тариат суманд ажиллаж Тариат сумын ИТХ-ын дарга Д.Ө, Засаг дарга Б.Б-, Газрын даамал Г.Э- нарыг байлцуулан дараах зөрчлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны дотор арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Г.Э-т өгсөн. Үүнд: Сумын Засаг даргын 2023 оны А/39, А/48, А/159, А/115, А/08, А/06, А/07, дугаартай захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээгүй шилжүүлсэн 9 иргэний зөрчлийг арилгах, мөн бусад дурдсан зөрчлийг арилгах, Сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 дугаартай захирамжаар иргэн Д.Б-с М.Д-д газар эзэмших шилжүүлэхдээ 625 м2 газрыг үндэслэлгүйгээр 3274м2 болгон нэмэгдүүлсэн тул захирамжийг хүчингүй болгох, сунгасан хашааг хуульд нийцүүлэн татуулж, хэвийн байдалд оруулах, Сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/191 дугаартай захирамжаар 4 иргэнд олгосон захирамжийг ашиглан хууль бусаар Ш.Ө-т 5025м2 газар олгосныг газрын удирдлагын цахим системээс арилгаж зөрчлийг арилгах, Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Х багийн д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар барьсан хашааг буулгах, Х уул орчим улсын чанартай замын хамгаалалтын бүс, мөн Чулуут голын хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй бариулсан дүнзэн барилга /8х10/-ыг албадан буулгах хугацаатай үүргийг өгсөн. Газрын даамал Г.Э- дээрх зөрчил дутагдлыг арилгаагүй үүрэг даалгавар биелүүлж ажиллаагүй. Тухайн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал арилаагүйн дээр Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 12 тоот албан бичгээр, Тариат сумын Засаг даргаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/54 дугаартай албан бичгээр даамал Г.Э-тай холбоотой санал гомдол дахин ирсэн тул газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай томилолтоор Газрын удирдлагыг хэлтсийн дарга Г.Р, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- нар Тариат суманд томилолтоор ажилласан итгэх хуудас-аар өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчлийг арилгаагүй талаар илтгэсэн. Г.Э-ын Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчин үйлдэл нь тогтоогдсон түүнийгээ арилгах залруулах арга хэмжээ аваагүй нөхцөл байдал үүссэн тул Г.Э-ыг төрийн албанаас халах нь зүйтэй гэж үзэн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халах талаар шийдвэр гаргах гэж байгаа талаар сонсох ажиллагаа хийхэд Г.Э- шийдвэртэй танилцаад би хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул гарын үсэг зурахаас татгалзаж байна хэмээн сонсох ажиллагааны хуудас дээр өөрөө бичиж өгсөн. Газрын даргын зүгээс сонсох ажиллагаанд ирж танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан тул хариу тайлбараа ирүүлэх хугацаа олгож 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу тайлбар ирүүлэх тухай” 336 дугаартай албан бичгээр дахин хариу тайлбар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр ирүулэх албан бичгийг Г.Э-т байгууллагын албан мэйлээр хүргүүлсэн ч Г.Э- хариу тайлбар ирүүлээгүй. Иймд даргын зөвлөлийн гишүүд тухайн асуудлаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж Г.Э-ын гаргасан зөрчил дутагдал ноцтой мөн тухайн зөрчлөө арилгаагүй түүнчлэн дүгнэлтэд дурдсанаас гадна өөр зөрчил дутагдал ч ихээр гаргаж байгаа тул түүнийг төрийн албанаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Г.Э-ын Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн асуудал баримтаар тогтоогдсон, зөрчлийг арилгаагүй, холбогдох албан тушаалтнууд хуралдаж асуудлыг хэлэлцсэн тул Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн сонсох ажиллагаа хийж газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалаар Г.Э-ыг үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэсэн болно. Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/48 дугаартай тушаал, 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 51 дугаартай томилолтоор Тариат суманд Г.Э-ын ажил хүлээлцүүлэхээр ажилласан ажлын хэсгийн ажил хүлээлцэх явцад ч 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/165, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/132, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/07 дугаартай захирамжид даамлын хууль зөрчсөн ноцтой зөрчлүүд ч шинээр илэрсэн. Дээрх зөрчлүүд ч мөн түүнд авагдсан ажлаас халах арга хэмжээтэй үйл баримтаар холбоотой асуудал юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Ч.О- 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б/46 дугаартай тушаал гаргахдаа Г.Э- миний биед урьдчилан мэдэгдээгүй гэнэт дуудаж тулган шаардсан гэдэг нь худлаа болох нь нийцүүлэн түүнд танилцуулсан сонсох ажиллагааны баримтаар бүрэн нотлогдоно. Тус газрын даргын гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5- заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Х уул орчимд барьсан зөвшөөрөлгүй хашааг намайг ээлжийн амралттай үед Засаг дарга дур мэдэн барьсан гэж тайлбарласан байна. Газрын даамал Г.Э-ын тухайд 2023 оны ээлжийн амралтаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлын 22 хоногоор амарсан бөгөөд тухайн байшин түүнээс өмнө баригдсан. Дээрх зөрчлийг даамал өөрийн ажлын байрны тодорхойлолт, Төрийн албаны тухай хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд арилгах бүрэн боломжтой байсан дээд зүгээс ч нэгэнд гарсан зөрчлийг ажлын эрх, үүргийн хүрээнд арилгахыг шаардаж түүнд хугацаатай үүрэг өгсөн. Г.Э- харин зөрчлийг гаарга хэмжээ аваагүй. Д хороолол 7 иргэнд газрын даамал дур мэдэн газар олгож хашаа бариулсан үйлдлээ сумын ЗД-ын орлогч зааж өгсөн мөн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Гэтэл Г.Э- нь Аймгийн ерөнхий архитекторын зүгээс 6 иргэний газар олголтыг орц, гарц хаасан тул газар олголт хийх боломжгүй гэж систем дээр хааж шийдвэрлэсэн байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан гэсэн шалтгаанаар олголт хийж шийдвэрлэж нэмж ямар ч зөвшөөрөлгүй 1 иргэнд дур мэдэн газар олгосон. Түүний эдгээр бүх зөрчил нь түүнд авсан тушаалд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.6, 37.1.14, 39 дүгээр зүйлийн 39.1.2 гэсэн 4 түүнээс ч илүү үүрэг, хориглолтыг зөрчсөн нь үйл баримт, гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдох тул Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн түүнд ногдуулсан ажлаас халах тушаал 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гарч албан мэйлээр тухайн өдөр мэдэгдэж албан шуудангаар илгээж мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-нд түүнтэй ажил хүлээлцэх үедээ эх хувиар гардуулсан байхад нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн мөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулгын хувьд тухайн захиргааны актыг гаргахдаа надад мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Үүнийг нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний бие өөрөө улсын байцаагч Б.Б, газрын дарга Ч.О, газрын даамал Г.Э гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй таны 1 дүгээр сарын 4-ний өдөр авсан сахилгын арга хэмжээ түүнтэй холбогдуулан өгсөн хугацаатай үүрэг даалгавар биелэгдээгүй байна гэж үзэж ажлаас халах нь зүйтэй учраас сонсох ажиллагаа хийнэ гэж хэлсэн. Тэгээд газрын даргын өрөөнд хийгээд хариу тайлбараа бичиж өгнө үү гэхэд би бичихээс татгалзаж байна гэдэг. Хавтаст хэргийн 149 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Тэр сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайн үедээ биечлэн тойрч сууж байгаад тайлбарыг нь авах гэсэн боловч татгалзсан учраас газрын даамалд танилцуулаад сонсох ажиллагаа явуулах боломжоор хангая гээд өөрийг нь явахаас өмнө албан бичиг үйлдээд 12-ны дотор хариугаа өгөөрэй гэж хэлсэн боловч хариу ирүүлээгүй. Үүнийг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрөө биеэрээ ирсэн байсан учраас 336 дугаартай албан бичгээр үйлдээд сонсох ажиллагааны материалыг хавсаргаад явуулсан. Манай бүртгэлд бүртгэгдээд өөрөө гарын үсгээ зураад явсан байдаг. Хавтаст хэргийн 157, 158, 159 дүгээр хуудсанд байна. Мөн үүнтэй холбоотой даргын зөвлөлийн 5 гишүүн Г.Э- гэх хүний болоод байгаа процесс сонсоод яагаад энэ хүнийг халах нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулах нь зүйтэй гээд 4 дүгээр сарын 15-ны өдөр даргын зөвлөлийг хуралдуулаад, танилцуулаад энэ хүнийг халах нь зүйтэй гэсэн байдлаар гарын үсэг авсан байдаг. Түүнийг үндэслээд сонсох ажиллагааг хийгээгүй гэснийг эсэргүүцэж байгаа. Сонсох ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн. Хоёрдугаарт энэ хүн нэхэмжлэлийнхээ агуулгад зорилгодоо нийцсэн байх, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасныг зөрчсөн, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохироогүй гэж үзээд байдаг. Яагаад энэ хүнд ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авсан бэ гэхээр анх Ж.У, Б.Б, А.О, Ө.М, Ч.Г гэсэн хүний бүрэлдэхүүнтэй газрын даргын 127 дугаартай томилолтоор явсан ажлын хэсэг тухайн суманд очоод тухайн хүний ажлыг шалгасан байдаг. Ямар ажлын хүрээнд шалгасан бэ гэхээр 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг цахим системд тулгаж үзсэн байдаг. Ингэхдээ 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгасан. Гуравдугаарт 2023 оны газар олголтыг сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэртэй суманд байгаа бичигтэй тулгасан байдаг. Ажлын хэсэг шалгаж ирчихээд газрын даргад хяналт хийсэн тухай дүгнэлтээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн байдаг. Тэр дүгнэлтээс харахад хэд хэдэн ноцтой зөрчил үйлдэгдсэн байсныг тогтоосон. Жишээ нь газрын хэмжээг дур мэдэн арилгасан, томруулсан. 622 метрээс 3273 метр болгож өөрөө дур мэдэн нэмэгдүүлсэн. Зөвшөөрөлгүй 7 иргэний газар хашаа бариулсан. Мөн 4 иргэний хавсралтад 5 дахь иргэний нэмж газар олгосон гэх мэт 20-иод төрлийн зөрчил илрүүлсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан 2023 оны зөрчилтэй холбоотой зөрчлийг нь үндэслэж сонсох ажиллагааг хийсэн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулаад 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр сахилгын арга хэмжээг авсан байдаг. Энэ нь 2023 оны газар олголттой холбоотой. Мөн 3 сарын хугацаатай цалингийн арга хэмжээг авсан буцаагаад ажлын хэсэг 1 дүгээр сарын 5-ны өдөр 8 дугаартай албан бичгээр дээрх зөрчлүүдийг арилгах чиглэл өгч тухайн сумын хурлын дарга, Засаг даргад 28 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Ингэж хүргүүлэхдээ хурлын нарийн бичгийн даргад хувийг Засаг даргад гэж хүргүүлсэн байдаг. 3 дугаар сарын 15-ны дотор бүх зөрчлийг арилгаад хугацааны дагуу хариу ирүүлээрэй гэсэн утгатай бичиг өгсөн боловч Г.Э- даамал уг бичигт хариу өгөөгүй. Дээрх ноцтой зөрчлүүдийг арилгаагүй байдаг. Нотариаттай холбоотой зөрчлийг арилгасан байсан. Тэр Д-ын газар, 7 иргэнтэй холбоотой газар, Чулуут голын сав газарт зөвшөөрөлгүй баригдсан хашаа зэрэгтэй холбоотой зөрчлийг арилгаагүй учраас давтан үйлдсэн гэж үзсэн. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 01/54 дугаартай албан бичгээр Засаг даргаас даамалтай холбоотой санал, хүсэлт орж ирсэн. Энэ нь хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан байна. Үүнийг нь үндэслээд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 32 дугаартай томилолтоор газар удирдлагын хэлтсийн дарга Г.Р-, газрын улсын байцаагч Б- явсан байдаг. Энэ хүмүүс томилолтоор очиж ажиллахдаа тухайн албан бичгийг үндэслэж очсон боловч илтгэх хуудсандаа урьдын өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Жишээлбэл Чулуут голын сав газарт зөвшөөрөлгүй барьсан дүнзэн байшингийн зөрчлийг арилгаагүй, зөвшөөрөлгүй барьсан 7 иргэний хашааг буулгуулаагүй байна. Д-д газрын хэмжээг нэмж олгосон захирамжийг цуцлаагүй байна, газрын хэмжээг татуулаагүй байна. Ийм учраас энэ гомдол ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй тул Авлигатай тэмцэх газраас шалгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг газрын даргад ирүүлсэн байдаг. Түүнийг нь үндэслээд газрын дарга Авлигатай тэмцэх газарт тухайн зөрчлийг шалгуулахаар албан бичгээр санал, гомдлыг хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаад хэрэгсэхгүй болгосон гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Үүнийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн нь хавтаст хэргийн материалд авагдсан. Тэгэхээр шалгагдаж дуусаагүй гэж харагдаад байна. Чулуут голын сав газарт зөвшөөрөлгүй 8:10 хэмжээтэй дүнзэн байшингийн талаар ээлжийн амралттай байсан гэдэг тайлбар өгсөн. Тухайн хүний ээлжийн амралтын цалингийн цэсийг нягтлангаар шалгуулаад үзэхээр 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажлын 22 хоногоор амарсан байдаг. Гэвч тухайн зөвшөөрөлгүй баригдсан хашаа нь миний мэдэж байгаагаар Тариат сумын 100 жилийн ойн арга хэмжээнээс өмнө баригдсан байдаг. Тариат сумын 100 жилийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 23, 24, 25-нд болсон санагдаж байна. 6 айлын газарт иргэдийн Төлөөлөгчдийн хурал баталчихаад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бидний явуулсан бичгийг зөвшөөрчихөөд байхад баталсан газар гэж тайлбарлаад байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тухайн жилийн төлөвлөгөөг хянасан тухай хариу бичиг өгөх үед тухайн Х уулын байршил өөр газар байсан. Хоёрдугаарт 7 айлын газар байгаагүй гэсэн тайлбарыг ахлах мэргэжилтэн өгч байсан. Сүүлд нь цахим системд ерөнхий архитектур орц, гарц хаагаад болохгүй байна гэхэд У- гэх мэргэжилтэн цахимд хасалт хийсэн учраас олголт хийх боломжгүй гэсэн тайлбарыг бичээд түүнийг газрын даамал Г.Э- хараад хариу бичсэн ийм зүйл хавтаст хэргийн материалд авагдсан байсан. Тэгэхээр үүнийг нь үндэслэлгүй гэх боломжгүй юм. Дээрээс нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэдэг шалтгаанаар 6 айлын газрыг олгохдоо Засаг даргын захирамж шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн газар зааж өгч, одоо ч захирамж шийдвэргүйгээр хууль зөрчиж олгосон асуудал байгаа. Тухайн газартай холбоотой сахилгын арга хэмжээ авчихаад 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл та энэ зөрчлүүдээ арилга, энэ зөрчлөө арилгачих юм бол халах хүртэл арга хэмжээ авах асуудал үүсэхгүй байсан. Яагаад гэхээр өөрт нь хангалттай хугацаа өгсөн. 1 дүгээр сарын 4-ний өдөр сахилгын арга хэмжээ аваад 3 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 7 айлын хашааг буулгаад хуульд нийцүүлж зөрчлөө арилгах хангалттай хугацаа байсан. Гэвч энэ зөрчлөө арилгаагүй, мөн газрын албанд энэ талаараа хариу ирүүлээгүй байдаг. Үүнийг нь 3 дугаар сарын 27-ны өдөр очсон ажлын хэсэг өмнө нь өгсөн хугацаатай үүрэг даалгавар биелээгүй байна гэснийг илтгэх хуудсандаа дурдсан учраас Г.Э-ыг төрийн албанаас халах нь зүйтэй гэсэн байдлаар сонсох ажиллагаа хийгээд ажлаас чөлөөлсөн. Г.Э- даамал сая тайлбартаа иргэдээс удаа, дараа ирсэн гомдол надад байхгүй гэж хэллээ. Засаг даргаас ийм хариу өгсөн гэж байх шиг байна. Анхны дүгнэлт гаргаж байх үед Б даргын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтаар очиход энэ хүн өөр дээрээ ирсэн өргөдөл, гомдлыг цохуулдаггүй, Өргөдөл, гомдлын тухай хуулийг ноцтой зөрчдөг хүн байсан. Бүх өргөдөл, гомдлыг өөр дээрээ аваад дарсан байсан. Энэ нөхцөл нь хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтэд ерөнхийдөө бичигдсэн байгаа. Суманд яагаад гомдол ирэхгүй байна вэ гэхээр өөрт нь ирсэн гомдлыг өөрөө дарчихдаг юм шиг байсан. Ерөнхий архитектур, газар төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн системд хорьчихоод байхад О- бичгээр зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр олгосон гээд байгаа. Тэрийг өөрөө системд хорьсон гэдгийг мэдээд хариу өгсөн байгаа нь хавтаст хэргийн материалаас харагдана. 7 иргэний 6 нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан гэж яриад байх шиг байна. Өөрийнх нь үндсэн үүрэг зөвшөөрөлгүй хашаа бариулахгүй байх дээрээс нь баригдсан хашааг татуулах, буулгах, газрын хуулийн хэрэгжилтийг сум орон нутагтаа зохион байгуулах үүрэгтэй хүн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хариуцлага тодорхойгүй, зөрчлийн шинж байдал нь тодорхой бус гэж хэллээ. Байгууллагын дарга тушаал, шийдвэрээ гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 4 үндэслэлийг үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Халах арга хэмжээ авахад зөрчлийн шинж байдлыг хараад ажиллуулах боломжгүй гэж үзвэл хална гэх үндэслэл байгаа. Яагаад гэхээр сахилгын зөрчил нь өөрөө маш ноцтой зөрчил байгаа. Тийм учраас Газрын даргын гаргасан тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.
1. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
1.1 Нэхэмжлэгч Г.Э нь 2004 онд Удирдлагын академийн “газрын шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн газрын даамлуудын гүйцэтгэх үүрэг” сургалтад хамрагдсан, 2006 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Эи” байгаль орчны дээд сургуулийг Байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн, 2008 онд Удирдлагын академид “Газрын шинэтгэлийн менежмент” сэдэвт 40 кредитийн сургалтад хамрагдаж төгссөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 69-70, 81, 83 дахь тал)
1.2 Нэхэмжлэгч Г.Э-ыг анх Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар Г.Э-ыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал)
1.3 Үүний дараа Архангай аймгийн Газрын албаны даргын 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар Г.Э-ыг Тариат сумын газрын даамлаар мөн томилж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал)
1.4 Нэхэмжлэгч Г.Э- нь 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2003 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн захиргааны албан тушаалтан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал)
1.5 Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн 03/1441 дүгээр албан бичгээр Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын газрын даамал Г.Э-тай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол ирүүлсний дагуу ажлын хэсэг байгуулан хяналт, шалгалт хийж холбогдох дүгнэлт гарсан талаар мэдэгдэж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ёс зүйн хороог хуралдуулах, хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэнийг 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 92-102 дахь тал)
1.6 Дээрх албан бичигт дурдсан асуудлаар нэхэмжлэгч Г.Э-т холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах, бусад арга хэмжээ авагдаагүй байна.
1.7 Харин 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр сахилгын зөрчил ногдуулах талаар танилцуулах хуудас үйлдэж, “ ... Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөн хориглох зүйлийг зөрчсөн нь тус тус тогтоогдсон тул ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулав. Шалгалтад зөвхөн Тариат сумын 2023 оны газар олголтын асуудал хамрагдсан ...” гэх тайлбар хийж, газрын даамал Г.Э гарын үсэг зурж танилцжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал)
1.8 Ингээд нэхэмжлэгч Г.Э-т Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар 3 сарын хугацаанд албан тушаалын цалинг 10 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал)
1.9.Нэхэмжлэгч Г.Э нь дээрх Б/06 дугаартай тушаалд холбогдуулан өргөдөл гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
1.10 Үүнээс хойш Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас газрын даамал Г.Э-тай холбоотой асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар албан бичгээр хандсаны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хяналт, шалгалт зохион байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга хийсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 106-116 дахь тал)
1.11 Улмаар тус газраас 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 28 дугаар албан бичгээр Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хяналт шалгалт хийсэн тухай хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал)
1.12 Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-14-01/46/01 дүгээр албан шаардлагыг Тариат сумын Засаг дарга, газрын даамал Г.Э- нарт хүргүүлж, газрын даамал Г.Э-аас 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан шаардлагад хариу хүргүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 31-40 дэх тал)
1.13 Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 12 дугаартай албан бичгээр тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн, батлаагүй талаар мэдээлэл хүргүүлжээ. Мөн Тариат сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/54 дүгээр албан бичгээр сумын газрын даамлыг төрийн ажил үйлчилгээг түргэн, шуурхай, хуулийн хүрээнд иргэдийн санал хүсэлт, гомдлыг барагдуулан мэргэжлийн түвшинд ажиллуулах талаар санал гаргажээ.
1.14 Дээрх мэдээлэл, саналын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын даамлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас бичжээ. Тодруулбал, сумын Засаг даргын 2023 оны А/39, А/48, А/95, А/159, А/115, А/08, А/06, А/07, А/157, А/65 дугаартай захирамжийн зөрчлүүдийг цахим систем дээр арилгасан, сумын 2023 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй Х багийн д хороололд 7 иргэний гэр бүлийн зориулалтаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах зөрчлийг арилгаагүй, Х уулын зүүн талд улсын чанартай авто зам, Чулуут голын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй дүнзэн байшин барьсан зөрчлүүдийг арилгаагүй байна. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын харилцаа, дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний дэд хороогоор хэлэлцэн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн хуралдааны хэлэлцэх асуудалд оруулсан байна. Үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар сумын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн боловч батлаагүй байна. Иймд Тариат сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Х багийн Д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зөвшөөрөлгүй газар олгосон үйлдэл мөн Х уулын орчим улсын чанартай зам, Чулуут голын хамгаалалтын бүсэд 8x10 хэмжээтэй дүнзэн барилгыг зохих зөвшөөрөлгүйгээр бариулсан үйлдлүүд нь эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй тул хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэж тэмдэглэжээ.
1.15 Улмаар дээрх асуудлыг шалгуулахаар 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 294 дүгээр албан бичгээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст, хяналт шалгалт хийсэн хариуг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 295 дугаар албан бичгээр Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 296 дугаар албан бичгээр Тариат сумын Засаг даргад тус тус хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 146-148 дахь тал)
1.16 Үүний дараа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн сахилгын зөрчил ногдуулах талаар танилцуулах хуудаст “... Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хориглох зүйлийг зөрчсөн нь тус тус тогтоогдсон тул албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэлийг 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ногдуулсан. Түүнчлэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч тухайн зөрчил арилаагүй тул холбогдох арга хэмжээг авав ...” гэж тэмдэглэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал)
1.17 Мөн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 336 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө бичгээр ирүүлэх талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал)
1.18 Ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Г.Э-ыг үүрэгт ажлаас халжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал)
1.19 Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... зөрчлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны дотор арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Газрын даамал Г.Э-т өгсөн. Үүнд: Сумын Засаг даргын 2023 оны А/39, А/48, А/159, А/115, А/08, А/06, А/07, А/157 дугаартай захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэхдээ нотариатын гэрээгүй шилжүүлсэн 9 иргэний зөрчлийг арилгах, мөн бусад дурдсан зөрчлийг арилгах, Сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 дугаартай захирамжаар иргэн Д.Б-аас М.Д-д газар эзэмших эрх шилжүүлэхдээ 625 м2 газрыг үндэслэлгүйгээр 3274м2 болгон нэмэгдүүлсэн
тул захирамжийг хүчингүй болгох, сунгасан хашааг хуульд нийцүүлэн татуулж
хэвийн байдалд оруулах, Сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/191 дугаартай захирамжаар 4 иргэнд олгосон захирамжийг ашиглан хууль бусаар Ш.Ө-т 5025 м2 газар олгосныг газрын удирдлагын цахим системээс арилгаж зөрчлийг арилгах, Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Х багийн д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар барьсан хашааг буулгах, Х уул орчим улсын чанартай замын хамгаалалтын бүс мөн Чулуут голын хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй бариулсан дүнзэн барилга /8х10/-ыг албадан буулгах хугацаатай үүргийг өгсөн. Газрын даамал Г.Э- дээрх зөрчил дутагдлыг арилгаагүй үүрэг даалгавар биелүүлж ажиллаагүй ...” гэж тайлбарлаж байна.
2. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
2.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.6, 37.1.14, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дахь заалтуудыг тус тус үндэслэн Тариат сумын газрын даамал Г.Э-ыг албан ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, иргэдээс удаа дараа гомдол, санал ирүүлснийг үндэслэн хяналт шалгалтын ажлыг газар дээр нь 3 удаа хийж, ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан ба 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилласан ажлын хэсгийн илтгэх хуудаст дурдагдсан Х багийн Д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зөвшөөрөлгүй газар олгосон үйлдэл, Х уулын орчим улсын чанартай зам дагуу, Чулуут голын онцгой хамгаалалтын бүсэд 8x10 хэмжээтэй дүнзэн барилга зөвшөөрөлгүй бариулсан зэрэг газрын даамлын удаа дараагийн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байх тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, Тариат сумын газрын даамал Г.Э-ыг 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, чөлөөлөгдсөн албан хаагчтай холбогдох хууль журмын дагуу цалин хөлсний тооцоо хийж дуусгахыг ерөнхий нягтлан бодогч (Э.А)-д үүрэг болгожээ.
2.2 Хариуцагчаас 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар дээрх Б/46 дугаар тушаалын чөлөөлсүгэй гэснийг халсугай гэж зассан байна.
2.3 Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1.-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдах эрхтэй.
2.4 Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2.-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.6.-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.14.-т “удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2.-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг нэхэмжлэгчийг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх заалтад зааснаар “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.5 Маргаан бүхий актад үндэслэл болгосон “...хяналт шалгалтын ажлыг газар дээр нь 3 удаа хийж, ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан” гэх үндэслэлийн тухайд
2.6 Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “...дээрх хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийн талаар тухайн үед надад танилцуулж шаардлагатай материалыг үзээгүй. Цахим сангаас мэдээллийг үзээд эдгээр зөрчлийг илрүүлсэн байсан. Миний хувьд эдгээр зөрчлүүдийг цаг хугацаанд нь засаж залруулсан баримт нь ч хэрэгт байгаа гэж тайлбарладаг.” (2 дугаар хавтаст хэргийн 34-40 дэх тал)
2.7 Хэрэгт авагдсан баримтаар дээрх мэдээлэл, саналын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын даамлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас бичжээ. Тодруулбал, сумын Засаг даргын 2023 оны А/39, А/48, А/95, А/159, А/115, А/08, А/06, А/07, А/157, А/65 дугаартай захирамжийн зөрчлүүдийг цахим систем дээр арилгасан гэж тэмдэглэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал)
2.8 Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын нэг үндэслэл болсон дээр зөрчлүүдийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс хугацаанд арилгах арга хэмжээг авсан байна. Ийнхүү дээрх зөрчлийг арилгасан талаар ч тухайн үед ажлын хэсгийн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан байна.
2.9 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.4.-т “төрийн албанаас халах” гэж
2.10 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална, 1.4.2 хууль зүйн үндэслэлтэй байх, 1.5-д ...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна, 6.1.-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан.
2.11 Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.
2.12 Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой”.
2.13 Гэтэл хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болгосон хяналт шалгалтын шалгалтын явцад илэрсэн гэх сумын Засаг даргын 2023 оны А/39, А/48, А/95, А/159, А/115, А/08, А/06, А/07, А/157, А/65 дугаартай захирамжуудтай холбоотой зөрчлийг нэхэмжлэгч маргаан бүхий акт гарахаас өмнө засах арга хэмжээг авсан байхад ажлаас халах сахилгын шийтгэлийг дээрх зөрчлүүдийг мөн хамаатуулан нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халсан гэж үзвэл энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалттай нийцэхгүй, зөрчлийн шинж байдалтай тохирохгүй, бодит нөхцөлтэй тохироогүй, төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлд шууд хамаарахгүй хүндэдсэн хариуцлага ногдуулжээ.
2.14 Хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан: Сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/191 дугаартай захирамжаар 4 хүнд газар эзэмшүүлсэн ч цахим системд 5 хүнээр холбож гэрээ, гэрчилгээ олгосон гэх зөрчлийн тухайд
2.15 Хэрэгт авагдсан баримтаар Сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/191 дугаартай захирамжийн хавсралтаар 4 хүнд газар эзэмшүүлэхээр гарчээ. Улмаар цахим системд дээрх байдлаар мэдээллийг оруулсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал)
2.16 Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зөрчлийн талаар шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Анхнаасаа хавсралт нь 5 иргэнээр гарах ёстой байтал. 4 иргэнээр захирамжийг хавсралтыг буруу гаргасан байсан. Үүнийг хэлж засуулсан.” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дахь тал)
2.17 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийж баримт цуглуулахад Тариат сумын Засаг даргын Тамгын газрын архивт дээрх захирамжийг хавсралт зөвтгөгдөн засагдсан байдлаар буюу 5 иргэнд газар эзэмшүүлэхээр гарсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 221, 2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал)
2.18 Иймд дээрх Засаг даргын захирамжийн хавсралтын алдаатай байдал засагдсан байхад үүнээс үүдэлтэйгээр өмнө дурдсанаар эл зөрчилд газрын даамлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн мөн шууд буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.19 Сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 дугаартай захирамжаар иргэн Д.Б-с М.Д-д газар эзэмших эрх шилжүүлэхдээ 625 м2 газрыг үндэслэлгүйгээр 3274м2 болгон нэмэгдүүлсэн гэх бөгөөд шүүхээс дээрх иргэдтэй холбоотой газрын /цахим/ хувийг хэрэг, холбогдох материалыг цуглуулсан /үзлэгээр Ц.Д нь 2800м2 газар эзэмшиж байсантай холбоотой баримт гараагүй/, нэхэмжлэгчээс иргэн М.Д нь өмнө 2800м2 газрыг эзэмшиж байсан, улмаар Д.Б-аас газар эзэмших эрх шилжүүлж авсан гэх тайлбар гаргасан ба уг газрыг хэмжээ болоод газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж гарсанд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй.
2.20 Өөрөөр хэлбэл, дээрх иргэдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилүүлэх эсэх нь сумын Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал байх тул уг захирамжийг хууль бус, ингэхдээ газрын даамал буруутай гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй байна.
2.21 “...Х багийн Д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зөвшөөрөлгүй газар олгосон...” гэх үндэслэлийн тухайд
2.22 Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;” гэжээ.
2.23 Өөрөөр хэлбэл тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газраас иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар хуульчлан зохицуулжээ.
2.24 Энэ хэргийн тухайд дээрх маргаан бүхий актын үндэслэлд дурдсан байршилд нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг сумын Засаг даргаас гаргаагүй байна. (2 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал)
2.25 Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас дүгнэвэл маргаан бүхий актын үндэслэлд дурдсанчлан тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан нэхэмжлэгч нь “...Х багийн Д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зөвшөөрөлгүй газар олгосон...” байх хууль зүйн хувьд боломжгүй, үндэслэлгүй, эрх бүхий этгээд биш юм.
2.26 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг шууд буруутгах Төрийн албаны тухай хуулийн 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; 37.1.14.удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх; 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
2.27 Хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор баталсан тус сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хавсралтад гэр, орон сууцны хашааны зориулалтаар иргэнд эзэмшүүлэх газарт маргаан бүхий Х багийн Д хороололд хамаарах 6 айлд нь газар эзэмшүүлэхээр тусгажээ. (2 дугаар хавтаст хэргийн 14, 20, 21 дэх тал)
2.28 Хариуцагчийн зүгээс хариу тайлбар татгалзалдаа: “Г.Э нь аймгийн ерөнхий архитекторын зүгээс 6 иргэний газар олголтыг орц, гарц хаасан тул газар олголт хийх боломжгүй гэж систем дээр хааж шийдвэрлэсэн байхад иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан гэсэн шалтгаанаар олголт хийж шийдвэрлэж нэмж ямар ч зөвшөөрөлгүй 1 иргэнд дур мэдэн газар олгосон” гэж тайлбарлан маргадаг.” (1 дүгээр хавтаст хэргийн 113, 2 дугаар хавтаст хэргийн 26 дахь дэх тал)
2.29 Улмаар дээрх үйл баримттай холбоотой асуудлаар шүүхийн үзлэгийн явцад газар зохион байгуулалтын цахим системд, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн ерөнхий архитектораас “***********-************ хүртэлх төлөвлөгдсөн 6 нэгж талбарыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасах саналтай байна. Энэ төлөвлөлт нь эргэн тойрны олгогдсон айлуудын орц гарцыг хааж төлөвлөсөн байна. Мөн ************* нэгж талбартай төлөвлөгдсөн газар нь голын хамгаалалтын бүхэд орсон тул хасах саналтай байна” гэх тайлбар бүхий саналыг гаргасан нь Тариат сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталснаас хойш гарсан болох нь тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 113, 208 дахь тал)
2.30 Эл саналтай холбоотойгоор хариуцагч болон аймгийн архитекторын зүгээс тухайлсан ямар нэгэн шийдвэрийг гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон эрх бүхий этгээдэд хүргүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.
2.31 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж зохицуулжээ.
2.32 Маргаан бүхий актын үндэслэлд дурдаж буй “Х багийн Д хороололд хамаарах 6 айлд нь газар зөвшөөрөлгүй олгосон” гэх газар нь Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор батлагдсан тус сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хавсралтад гэр, орон сууцны хашааны зориулалтаар иргэнд эзэмшүүлэх газарт хамаарч батлагдсан байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу баталсан дээрх тогтоолыг эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, тус тогтоол хүчин төгөлдөр байна.
2.33 Хэдийгээр хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, фото зураг, гэрчүүдийн мэдүүлгээр дээрх газарт байршил, цэгийг газар дээр нь зааж өгсөн хүн нь тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Э байх боловч нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж баталсан газарт байршлыг иргэдэд зааж өгснийг, иргэд тухайн байршил хашааж барьж буусанд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
2.34 Иймд дээрх нөхцөлд сумын газар зохион байгуулалтын тухайн оны төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн баталсан, тус төлөвлөгөөнд туссаны дагуу иргэнд газрын байршлыг зааж өгсөн нь маргаан бүхий актад үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; 37.1.14.удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх; 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй.
2.35 Түүнчлэн хариуцагч талаас хариу тайлбар, татгалзалдаа: “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Х багийн д хороололд 7 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар барьсан хашааг буулгах үүргийг биелүүлээгүй” гэж тайлбарлан маргадаг.
2.36 Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-т “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.”, 57.3.-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж хуульчлан зохицуулжээ.
2.37 Энэ хэргийн маргааны үйл баримтаас үзэхэд “Тариат сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” хүчин төгөлдөр байгаа, нөгөөтээгүүр сумын Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад газар эзэмшиж хашаа барьсан зөрчил нь тухайн иргэдэд шууд хамааралтай зөрчил байх бөгөөд иргэдийн зүгээс гэрчийн мэдүүлэгтээ ч газар эзэмших зөвшөөрөл, сумын Засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдоогүй байгаа талаарх баримтыг үгүйсгэдэггүй бөгөөд зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй газар эзэмшсэн гэж үзвэл албадан чөлөөлөх арга хэмжээ авах эрх хэмжээ нь сумын Засаг даргад хуулиар олгогдсон байна.
2.38 Эл нөхцөлд зөвшөөрөлгүй газар эзэмшсэн гэх иргэдийн дээрх зөрчилд холбогдуулж сумын газрын даамлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг шууд буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.39 “...Х уулын орчим улсын чанартай зам дагуу, Чулуут голын онцгой хамгаалалтын бүсэд 8x10 хэмжээтэй дүнзэн барилга зөвшөөрөлгүй бариулсан” гэх үндэслэлийн тухайд
2.40 Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд, уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 42 дугаарт тус сумын 6 дугаар баг, Х гэх газарт 700м2 газрыг гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар олгохоор тусгажээ. (2 дугаар хавтаст хэргийн 14-21 дэх тал)
2.41 Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд Чулуут голын онцгой хамгаалалтын бүсэд баригдсан 8x10 хэмжээтэй дүнзэн барилга нь анх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлаас зөрүүтэй газар баригдсан бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мараагүй болно.
2.42 Нэхэмжлэгч нь дээрх газрын зөрчилд дурдсан үндэслэлтэй холбоотойгоор “...Мөрөн багийн иргэн М.Б-д өөрөө дур мэдэн байшин барьсан зөрчилд мэдэгдэх хуудас хүргүүлсэн, утсаар ярьж хэлсэн, 2024 онд зогсоон газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллах болно” гэсэн тайлбарыг өгч байжээ. (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал)
2.43 Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-т “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.”, 57.3.-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж хуульчлан зохицуулжээ.
2.44 Энэ хэргийн маргааны үйл баримтаас үзвэл Х уулын орчим улсын чанартай зам дагуу, Чулуут голын онцгой хамгаалалтын бүсэд 8x10 хэмжээтэй дүнзэн барилга зөвшөөрөлгүй бариулсан гэх иргэний гаргасан дээрх зөрчилд холбогдуулж сумын газрын даамлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг шууд буруутгаж ажлаас халах үндэслэл болгож буй нь зөрчлийн шинж байдал, захиргааны актын зорилгодоо нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байх агуулгад мөн нийцэхгүй байна.
2.45 Хариуцагч нь шүүх гаргасан хариу тайлбартаа: “... 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 336 дугаартай албан бичгээр ажлаас халах талаар шийдвэр гаргах гэж байгаа талаар сонсох ажиллагаа хийхэд Г.Э- шийдвэртэй танилцаад би хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул гарын үсэг зурхаас татгалзаж байна хэмээн сонсох ажиллагааны хуудас дээр өөрөө бичиж өгсөн. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 336 дугаартай албан бичгээр хариу тайлбар ирүүлэх талаар дурдаж Г.Э-т байгууллагын мэйлээр хүргүүлсэн” гэжээ.
2.46 Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа Г.Э- миний биед урьдчилан мэдэгдэж албан ёсны тайлбарыг авалгүй, өөрийн хууль бус шийдвэрээ хүчээр тулгасан...” гэж маргадаг.
2.47 Энэ хэргийн тухайд сонсох ажиллагааны мэдэгдлийг хариуцагчаас хүргүүлсэн, нэхэмжлэгч нь мэдэгдлийг аваагүй, санал, тайлбар гаргах боломж олгоогүй захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, нөхцөл зөрчигдсөн гэж тайлбарлан маргадаг.
2.48 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2.-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж зохицуулжээ.
2.49 Хариуцагч захиргааны байгууллага (албан тушаалтан) нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна., 27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.
2.50 Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхийн актын үндэслэл болгосон зөрчлийг нэхэмжлэгчийн зүгээс засаж арилгасан. Энэ талаараа тодорхой тайлбар, баримтыг гаргаж өгсөн байхад эл нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж шийдвэрээ гаргаагүй байна гэж үзэх үндэстэй байна.
2.51 Түүнчлэн маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар 3 сарын хугацаанд албан тушаалын цалинг 10 хувь буруулуулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал)
2.52 Тус сахилгын шийтгэлийн ногдуулах талаарх танилцуулах хуудаст “ ... Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөн хориглох зүйлийг зөрчсөн нь тус тус тогтоогдсон тул ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулав. Шалгалтад зөвхөн Тариат сумын 2023 оны газар олголтын асуудал хамрагдсан ...” гэх тайлбар хийж, газрын даамал Г.Э- гарын үсэг зурж танилцжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал)
2.53 Дээрх нэхэмжлэгчид албан тушаалын цалинг буруулах сахилгын шийтгэлийг хариуцагчаас ногдуулах болсон үндэслэлдээ “Г.Э- нь 2023 оны газар олголтын асуудлыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй хориглох зүйлийг зөрчсөн болох нь ажлын хэсгээр тогтоогдсон тул...” гэжээ.
2.54 Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэл болгосон “ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчил”, сумын 2023 оны газар зохион байгуулалтын асуудал зэрэг нь мөн сүүлд маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалд үндэслэл болгосон “...хяналт шалгалтын ажлыг газар дээр нь 3 удаа хийж, ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан” гэж үндэслэх боловч үндэслэлд дурдсан зөрчил, ногдуулсан сахилгын шийтгэл нь өмнө ногдуулсан зөрчлөөс чухам хэдэн оны дүгнэлтэд хамаарах ямар зөрчил, зөрчлийн аль хэсэг нь шинээр илэрсэн зөрчил болох талаар ялгамжтайгаар авч үзэж тусгаагүйн дээр тухайлсан зарим зөрчилд давхардуулан сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн байна.
2.55 Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.3. сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх, 3.10. Сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.” гэсэн эрх зүйн хэм хэмжээтэй нийцэхгүй байгаа болохыг мөн тэмдэглэх нь зүйтэй байна.
2.66 Иймд дээрх үндэслэлүүдээс дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөлд тохироогүй, хуульд заасан үндэслэл бүрдээгүй, зөрчлийн шинж байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.6, 62 дугаар зүйлийн 62.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА