Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2020/00013

 

М.Болдбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвд холбогдох,

Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

“М.Болдбаатар миний бие 2002 оны 06 сараас эхлэн Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Миний бие тус суманд сонгуулиар ардчилсан нам ялсан цагаас хойш байнга ажлын байр дээрээ дарамтлуулсаар ирсэн. Би энэ байгууллагад..... дэх жилдээ ажиллаж байна. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед удирдлагаас байнга дарамталдаг, намын харьяалал ярьж ямар нэгэн шалтаг тоочиж ямар ч шийдвэргүйгээр цалин мөнгө хасдаг байсан ч би эр хүн байж хэл ам хийгээд яахав дээ гээд тэвчсээр ирсэн.

Намайг архи уусан гэж ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд ажил тасалсан гэж бичсэн байна. Би тухайн үед ажил таслаагүй, одоо энэ хүмүүс ямар худлаа бичиг баримт бүрдүүлээд намайг гүтгэж байгааг би үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр тэр өдрүүдэд ажил тасалсан гэж үзэж байгаа бол тэр үед нь яагаад тушаал гаргаад надад өгөөгүйд гайхаж байна. Одоо ажлаас халах болохоор ямар ч үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. Миний бие тушаалд бичсэнчлэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би хүмүүст ажлын шаардлагаар зүй ёсны шаардлага тавьснаас ёс зүйгүй авир гаргасан зүйл байхгүй. Тушаалд ямар учраас намайг ингэж үндэслэлгүйгээр гүтгэж, ажлаас халж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Манай байгууллагын эрхлэгчийн гаргасан тушаал үндэслэлгүй тул Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн б/07 дугаарыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны 51 хоногийн цалин 1 592 998 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Болдбаатарын хувьд 2002 оноос Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар тус маргаан бүхий тушаал гартал ажилласан байдаг. 2018 оны сүүлээр тус төвийн эрхлэгчээр Ж.Наранцэцэг ажиллах болсон. Үүнээс хойш нэхэмжлэгч М.Болдбаатарыг үндэслэлгүйгээр дарамтлах болсон юм. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар цалингийн 20 хувиар торгосон байдаг. Уг тушаалыг гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулсан зүйл байдаггүй. Үүнээс хойш янз бүрийн шалтаг, шалтгаан ярьж байгаад 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалыг гаргаж ажлаас халсан. Нэхэмжлэгчийн хувьд тушаалд заасан өдөр ажлын байрандаа байсан. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй. 2002 оноос хойш тус байгууллагад ажиллахдаа олон тооны сургалтуудад хамрагдаж, бүх шатны шагнал, урамшууллыг авч ажиллаж байсан нь баримтаар харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2019-2020 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулаад, эрхлэгчээр гарын үсэг зуруулсан нь хавтаст хэргийн материалд явж байгаа. Мөн шүүхэд гаргаж өгсөн баримтуудад соёлын төвд хэчнээн хүүхдүүдэд сургалт, боловсрол олгож байгаа вэ гэдэг нь нэрсийн дарааллаар, дүрс, зурагтайгаар баримтжуулж авсан ажлууд хийгдсэн байна. Мөн согтуу байсан гэдэг асуудал нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирээгүй. Тэгдэг л гэж ярьдаг. Гэрчийн мэдүүлгээр согтуу ирж байгаагүй, ажилдаа тогтмол ирдэг гэж хэлсэн байдаг. Иймд Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын Б/07 тоот М.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Болдбаатарыг ажилд нь эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны 93 хоногийн цалин 2.576.007 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Намын харьяалал ярьж ямар нэгэн шалтаг тоочиж цалин хасдаг гэх боловч нэг ч удаа улс төр ярьж заргалдсан мэтгэлцсэн зүйл байхгүй хир их намчирхаж янз бүр болдог вэ талаар байгууллагын хамт олон гэрчлэх байх, хөгжмийн багш хүнтэй ямар улс төр ярьж маргалдах хэрэг байх вэ дээ үнэхээр худлаа ярьж ээ гэж бодож байна. Ажлын байранд ийм тухай ор ярьдаггүй цээрлэдэг. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Алтат 4-р багийн өдөрлөг арга хэмжээ болж,хурал эхлэх болсон М.Болдбаатар байгаагүй бүжгийн багш Б.Хишигжаргалд үүрэг өгч тэр арга хэмжээг явуулсан орой дахин сурагласан согтуу тасарсан гэж дуулдсан. Тухайн үед нь номын санч Д.Баасансүрэн, Ганхуяг нарт үүрэг өгч цагийн бүртгэлд тэмдэглэ, өчигдөр ирээгүй өнөөдөр алга ажил дээр орой болтол сууж цагийг бүртгэ гэсэн үүрэг өгч анхааруулсан. Орой бүр мэдээ авсан би өөрөө давхар анхаарлаа хандуулсан дараагийн 2 өдөр дараалан ирээгүй 3 өдөр дараалан ажил тасалсаныг манай хамт олон 4-р багийн засаг, сумын засаг дарга, сумын бүх шатны дарга нар мэднээ тэд гэрчлэх байх.

  • Өмнөх тооцоо байгаа учир тэр бүр алдаа болгон дээр юм яриагүй ер нь ажилдаа дургүй хүнийг байнга ирээч гэх шаардлага байгаагүй. /сүүлийн үед гуйлгаж ажилд ирэх гээд байгаа мэдрэмж төрдөг болсон. Тайлан мэдээ гээд ажил ихтэй байсан.
  • Өмнөх асуудлуудыг нийлүүлж байгаад засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн шатны арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн миний би санал нэг байсан. Засаг даргын зөвлөлийн хурлаар мэдэгдсэн өөрт нь засаг дарга хэлсэн, би хурал дээр хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн байсан. Малын тоонд яваад ирсэн сургуулийн урлагийн үзлэгээр бөөн маргаан дэгдээсэн байсан. Иргэн Б.Нарангэрэл, Н.Мөнхзул багш, бүжгийн багш Б.Хишигжаргал нар мэдээлэл өгсөн өмнөх хурлаас хойш 1 cap болж байсан шууд л халах тушаалаа гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
  • 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 3 сарын хугацаатай цалингийн 20% арга хэмжээ авсан албан хаагчдын хурал хийсэн албан хаагчдын саналыг авсан. Анх ажилд ороход санал бодлыг нь сонсож ажил хийхэд хүндрэлтэй зүйл юу байна гээд судалж ажилласан. Шинэ техник хэрэгсэл иж бүрэн солих хэрэгтэй, депузерийн шингэнүүд байхгүй болсон өөр онц зүйлгүй гэсэн. Хөгжмийн багшийн хүсэлтийг хүлээн авч засаг даргад танилцуулж техник хэрэгсэл комоор нь, компьютер караоке машин проектор, хөгжимчдийн хувцас ком, депузерийн шингэн гээд үгүй дутуу юмгүй хэлсэн бүрийг нь авч өгсөн. Ажлын нөхцөл бололцоогоор хангасан арга хэмжээ авч өгч ажилласан. Ийм арга хэмжээ авч өгөөд байхад улс төрждөг ч гэх шиг, Гэтэл өөрөө ажилдаа ирэхгүй өөр ажилд орно гээд явдаг, ажил хийлгэх гэж нэлээд шахсан эхний хагас жилд жилийн эцсийн тайлан, дугуйлангууд ажиллуулсан байдал арга хэмжээнүүдэд концерт бэлтгэх гээд ажлын шаардлагууд их тавьсан. Түүнийг дарамталсан гэж бодож байгаа юм байх гэх ойлгож байна. Миний бие 40 жил улсад ажил хийж байна. 22 жил багшийн ажил хийсэн муу сурагч байдаг л юм сургаж болдог, ажлаа мэддэггүй хийх дургүй том хүн бол хэцүү өөрийгөө аль түвшинд яваагаа мэддэггүй юм билээ. Надад Наранцэцэгт ажил хийж өгч байгаа мэт араншин гаргах нь үнэхээр гомдолтой. Эхнэр нь олон жил соёлын төвийн эрхлэгч хийж байсан болохоор өөрөө юу ч хийдэггүй байсан юм байна лээ. Ажлын тайлангаа хийж өг гэхээр та чинь одоо тайлангаа хийж чаддаггүй юм уу гэж байх вэ дээ. Миний тэмдэглэлийн дэвтэрт байгаа үе үеийн тэмдэглэлийг хараарай аргаа бараад үе үе тэмдэглэл хөтөлсөн байгаа. Өдөр бүр цаг бүртгээд өдөр бүр түүнийг мөрдөөд байна гэж юу байх вэ. Зөвхөн хааяа болдог арга хэмжээнүүдэд бүртгэхэд л байгаа нь энэ шүү дээ.
  • Одоо шинээр авсан техник хэрэгсэл караоке машин бүгд жигд ажиллаж байгаа яагаа ч үгүй юм билээ албаар жаахан жаахан юмнуудыг нь хөдөлгөөд хаячихсан байсан. Хөгжмийн компани албаар болохгүй зүйлүүдийг нь хөдөлгөчихсөн байна гэсэн ямар санаатай хүн бэ танай багш юу ч мэддэггүй нөхөр байна. Анх хүлээлгэж өгөх гээд очиход би мэднэ надад заах хэрэггүй гээд байсан тэр хөгжмийн ах гэж байна лээ. “Цуурай” ХХК энэ тал дээр гэрч болно байх. Олон удаа техник хэрэгслээ чирээд очсон. Шинэ хүүхэд аваад очсон нэг удаа заалгаад л ирээд шууд угсраад техник хэрэгсэлээ одоо хүртэл ажиллуулсаар байна.

Ямар санаатай энэ техник хэрэгслийг ажиллуулж өгөхгүй хагас жил болов өөрөө ямар санаатай байсан юм бол, өөрөө улс төр яриад байна өөрөө улс төржөөд байсан нөхөр биш байгаа гэх бодол төрж байна. Хөгжмийн багш хүн ямар улс төр яриад байна гайхаж байна. Эндээс хардах сэтгэл төрж байна. Намайг сайн ажиллаж байна гэсэн нэр авчих ви гэж айж байсан юм биш биз надтай түшилдээд байсан нөхөр байна одоо л ойлгож байна. Зан харьцаа маш муутай хэг ёг харьцаатай. Нэг арга хэмжээ болж байхад халамцуу хөгжмөө нэг чанга сул болгоод нөгөө өвчин нь хөдлөөд заналтай гэдэг аргагүй болчихоод болдоггүй Лхагва-Очир цагдааг дуудаад манай хөгжмийн багшийг үлээлгээд өгөөч гэж дуудлага өгч байсан. Цагдаа ирээд уулзаад явсаны дараа сайхан ааштай болчихсон байхыг хараад гайхаж суусан. Үлээлгэв үү гэсэн нэг удаа сануулчихлаа дахиад ааш гаргаад байвал дуудаарай гэсэн тэр орой гайгүй өнгөрч хүртэл байсан удаатай. Дуучин олоод яриад Болдбаатар руу явуулна хөгжмийн өнгө өгч бэлдүүлж чадахгүй буцаагаад явуулчихдаг арга хэмжээ болно дуулах хүн байхгүй болж байсан удаа би дээ. Яасан дуулна гэсэн гээд асуухаар Болдоо ах Пүжээ багшруу оч гэсэн гэдэг Пүжээ багш завгүй гээд л дуусаа манай ажил. Сүүлдээ аргаа бараад хотын дуу бичлэгийн студээр фанаграммаа хийлгэж ажлаа явуулдаг болсон.

Дээд байгууллагаас мэргэжилтэн бэлтгэх сургуульд сургах талаар олон удаа бичиг ирсэн боловч явж шалгалт өгч орохыг бодоогүй яв гэхээр явнаа гэсэн яваагүй очоогүй байсан. Явахгүй яасан бэ гэхээр амжсангүй гэж хэлнэ. Тэр үед тамгын дарга дэргэд байсандаа гэрчлэх байх. Хөгжмийн багшаар 17 жил ажиллаж байгаа гэх боловч сайндаа 3 дуу дарна гэж хамт олон нь хэлдэг дуу дарж чадахгүй шинээр авч өгсөн техник хэрэгсэл ажиллуулж чадахгүй байсан. Проектороо бусад компьютерт тохируулж чадахгүй,чадахгүй нь яах вэ хүнээс асуугаад сураад авах байх гэж бодох ноо дараа сураагүй байна.Тамгын даргын түр хэрэглүүлж байсан компьютерийг өсгөгчид залгахдаа чихэвч хийдэг рүү нь оруулаад шатааж байсан компьютер маань чарлаад намдахгүй болчихсон байсан.

Надад буцааж өгөхдөө болохоо байчихлаа яанаа гэж хэлээгүй таны компьютер ажиллахгүй юм билээ аваарай гэсэн тийм болгосон гэж мэдээгүй. Өрөөндөө ороод асаах гэсэн чарлаад явчихсан юу болов гэсэн Болдбаатар тийм болгосон та мэдээгүй юм уу шар хийлгээд байх чинь билээ гэж бүжгийн багш хэлсэн. Болдбаатарт хэлсэн би яагаа ч үгүй алахын байна гээд байсан юунаас болсныг мэдэхгүй зүгээр ажиллаж байсан. Компьютер, ажлын бүх хийсэн зүйл будаа дахин бүх зүйлийг хийж бөөн ажил удсан. Уучлаарай яанаа гэх мэт юм юу ч байхгүй. Засварт өгөхөд өө чихэвчний юмыг нь шатаасан байна гэж хэлсэн. Өсгөгч залгадагт биш чихэвч залгадагт нь хийсэн байгаа юм. Энэ санаатай юу санамсаргүй тохиолдол уу.

Мэргэжлийн болон ажилдаа сэтгэлтэй хүн бэлтгэх шаардлага олон удаа авсан учир халсан болно. Техник хэрэгслээ ажиллуулж чадахгүй хагас жил болсон нь нотлогдох байх өөрийн ашиглаж байсан суурин компьютер хэмхэлсэн,худгийн цэнхэр мотор үгүй хийсэн, хуучин техник хэрэгслүүдийг бүх зүйлийн тал хэсгүүдийг бүгдийг ажилгүй болгож орхисон байна.Бүгдийг хөгжим засварын газар авч очиж шалгуулсан. Ажлаа дүгнүүл гэхээр дүгнүүлдэггүй хийсэн ажлын тайлан бичиж өгч нэг удаа ч үзээгүй.хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлдэггүй гэхэд бараг болно доо.

Ийм хүнийг яалтай нь билээ, би загнасан хэрэлдсэн аргадсан гуйсан харьцахгүй удаан байж үзсэн урамших болов уу гээд цалинг олон удаа бүтэн бичсэн эхнэртэй нь 3 уул аа тойрч суугаад ярьж үзсэн надад ямар алдаа байгаа болоод энэ хүн дургүй байна вэ гэж ч эрэгцүүлж бодож үзсэн удирдлагын олон арга хэрэглэсэн өөр гарц надад байсангүй.Нэг гэр бүлийн хүмүүс биш хэрэлдэх ч биш хийх ч биш яваад яах вэ Хууль байхад гэж үзэж энэ шийдэлд хүрсэн” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Гол нь М.Болдбаатарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм уу гэдэг дээр анхаарал төвлөрч байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Өмнө нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сахилгын арга хэмжээ авч шийтгэл ногдуулсан тушаал байна. Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар сахилгын зөрчилтэй асуудлыг нь хэлэлцээд бас л анхааруулах, сануулах арга хэмжээ авсан. Түүний дараа 3 дахь зөрчил болгож 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд удаа дараа 3 өдөр ажил тасалсан. Энэ нөхцөлд сахилгын шат дараалсан арга хэмжээ авах нь байтугай шууд халж болохоор хөдөлмөрийн гэрээ хийчихсэн. Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заачихсан байдаг. Энэ байдлуудаас нь харахад ажилд нь эгүүлэн тогтоох хуулийн үндэслэл байхгүй гэсэн байр суурьтай байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна” гэв.

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хангай овогт Маргуузын Болдбаатарыг Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 347 785 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүгээс гаргуулан М.Болдбаатарт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Болдбаатарын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвөөс 52 515 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдолдоо: “...Нэг. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд:

Төв аймгийн Баянцагаан сумын соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын агуулгад ажилтан М.Болдбаатар нь архи ууж, ажил тасалсан гэх үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар гурван сарын хугацаатай цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн атлаа 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд гурван өдөр дараалан ажил тасалж, сахилгын зөрчил давтан гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон урлагийн үзлэгийн үеэр багш, сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж, таагүй нөхцөл үүсгэсэн, архи ууж согтуу байсан ба мэргэжпийн бус бөгөөд ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн" гэж дүгнэж, Б.Болбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, хөгжмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг.

Дээрхи тушаалын хууль зүйн үндэслэлийг хянахад "...М.Болдбаатарыг архи ууж, ажил таслан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр дугаартай тушаалаар гурван сарын хугацаагаар цалинг 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан атлаа 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд гурван өдөр дараалан ажил тасалж сахилгын зөрчил давтан гаргасан ...архи ууж согтуу байсан..." гэж дүгнэж, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсан нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн, ажил олгогчийн шийдвэр үндэслэл бүхий байхад анхан шатны шүүх доорхи үндэслэлүүдээр ажил олгогчийг бүхэлд нь буруутгасан хууль бус дүгнэлт хийж, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...М.Болдбаатар архи ууж, ажил тасалсан гэх шалтгаанаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар гурван сарын хугацаатай цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл хүлээлгэсэн боловч түүнд тухайн шийтгэлийг танилцуулсан эсэх нь тодорхойгүй..." гэж ажил олгогчийг буруутгажээ. Гэтэл "М.Болдбаатар тушаалыг гардаж авахаас татгалзсан, малдаа явж байна гээд хуралдаанд ирээгүй, арга ядаад тушаалыг нь "Мэдээллийн самбар"-т тавьсан, цалингаас суутгаж, шийтгэл зохих ёсоор хэрэгжсэн, М.Болдбаатар энэ талаар шүүхэд гомдол гаргаагүй" гэж хариуцагч тайлбарладаг. Ажилтан М.Болдбаатар тухайн үед тушаалыг гардан авах үүрэгтэй ба сахилгын шийтгэлийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл захиргааны шийдвэрийг үл тоомсорлосон ааш авир тухайн үед гаргасан байдаг.

Тухайн үед хүчин төгөлдөр болж, нэгэнт биелэгдсэн шийдвэрийн хууль ёсны үндэслэл, түүнтэй холбоотой асуудлыг шүүх нэхэн үнэлж, ажил олгогчийг буруутгах үндэслэл болгон авч үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй." гэсэн заалтад нийцэхгүй байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт : "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д "...Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд хайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ. ...Соёлын төвийн багш, ажилчдын ирцийг хурууны хээгээр цахим бүртгэлээр бүртгэдэг бөгөөд М.Болдбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөө 11.09 цагт ирсэн бүртгэлтэй, харин 2019 оны 10 дугаар сарын 23, 25-ны дрүүдэд хурууны хээ дарагдаагүй байна.

...Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д "ажил таслах гэж ...зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар орхисон, ажил тасалсан бол гэж заасныг авч үзвэл ажлын 3 өдрөөс дээш гэдгийг ажлын бүтэн 3 хоног+1 хоног байх тул М.Болдбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргаагүй болох нь тогтоогдож байна "гэж дүгнэсэн нь ажил олгогчийн тушаалын агуулгатай нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн тухайн маргаанд хамаарал бүхий заалтыг үгүйсгэсэн буюу хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх дүгнэлтэд хүргэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг нь:

а/хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан,

б/хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтойзөрчил гаргасан гэж хоёр өөр үндэслэл бүхий заалтыг агуулдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр үндэслэлийн аль нэг бүрдвэл хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах үндэслэл болно. Тушаалын агуулгад М.Болдбаатарыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр бус, харин "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Гэтэл шүүх тушаалд заагаагүй, огт өөр үндэслэлийг сонгон авч ажил олгогчийг буруутгасан нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр, "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тухайн хөдөлмөрийн гэрээн дэх "ноцтой зөрчилд тооцохоор тогтоосон" заалтыг, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалттай хамтад нь ажил олгогчийн шийдвэрт үндэслэх шаардлага үүсэх ба харин  "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан  гаргасан"  гэсэн ундэслэлээр гэрээг цуцалсан тухайн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв сонгосон л бол Хөдөлмөрийн гэрээний заалтыг заавал давхар баримтлах шаардлага үүсэхгүй. Дээрх заалтын агуулгаас үзэхэд сахилгын зөрчил нь :

а/ сахилгын /ердийн/ зөрчил,

б/ сахилгын ноцтой зөрчил гэсэн ангилалд хуваагдах ба М.Болбаатарын 3 /гурав/ хоног ажил тасалсан зөрчил нь хөдөлмөрийн сахилгын /ердийн/ зөрчилд тооцогдоно гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй гэж ойлгож байна.

=3. Шийдвэрийн үндэслэх хэсэг дэх "М.Болдбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөө 11:09 цагт ирсэн бүртгэлтэй, харин 2019 оны 10 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд хурууны хээ дарагдаагүй байна." гэсэн дүгнэлтийн хувьд 10 дугаар сарын 24-ний өглөө 11:09 цагт нэхэмжлэгч Болдбаатарын хурууны хээ дарагдсан нь тогтоогдож буй боловч тухайн өдөр ажил тарахдаа хурууны хээ дарсан гэх баримтгүй, өглөө зөвхөн хурууны хээ дараад, ажлаа хийлгүй явчихсан, архи уусан нь хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, гэрч Т.Ганхуяг нарын мэдүүлэг, Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог. Иймд Болдбаатарыг 3 /гурав/ хоног ажил тасалсан сахилгын /ердийн/ зөрчил гаргасан, ажлын цагаар архи уусан гэж үзэх хуулийн үндэслэлтэй ба үүгээр шийдвэрийн дээрхи дүгнэлт няцаагдаж байна. Тийм ч учраас "сахилгын зөрчил" гэдгийг "энэ нь ажилтан ажил олгогчийнхоо өмнө хүлээсэн хөдөлмөрлөх үүрэгтэйгээ холбоотой гаргасан хууль бус, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ юм" гэж Хөдөлмөрийн эрх зүйн онолын ном зохиолд тэмдэглэсэн байдаг. Тушаалд зөвхөн М.Болдбаатарыг 3 хоног ажил тасалжсахилгын зөрчил гаргасан, ажлын цагаар архи ууусан гэж дүгнэсэн хэдий ч сахилгын арга хэмжээ авагдсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд тэрээр нийт ажлын 146 хоногоор ажил тасалсан нь цахим бүртгэл /хуудас- 50-53, 76-78/ -ээр тогтоогддог. Хариуцагч тал шүүх хуралдаанд уг цахим бүртгэлийг шинжлэн судлуулсан болно. Нөгөөтэйгүүр, М.Болдбаатарын Соёлын төвийн эрхлэгчтэй 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 2.3. "Ажилтны хүлээх үүрэг"-ийн 2.3.12-т "ажилтан ..." ажлын байрандаа түр хугацаагаар байхгүй байх тохиолдолд тухай бүр Соёлын төвийн эрхлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй хуудас-10/ гэжээ. Мөн Баянцагаан сумын соёлын төвийн ажилчдын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар батлагдсан "...Соёлын төвийн отоод журам"-д: Тав. Дотоод журам зөрчсөн, хариуцлага алдсан ажилтанд хүлээлгэх шийтгэл бүлгийн 2-т "ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан бол сахилгын зөрчилд тооцох, ...шийтгэл хүлээлгэх"-ээр ажээ. Мөн ажлын цагийг сард 16-аас дээш цагаар... тасалсан бол сахилгын зөрчилд тооцож, ажлаас халах шийтгэл ногдуулахаар тогтоожээ. Баянцагаан сумын асаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлд: "Ж.Наранцэцэг /Соёлын төвийн эрхлэгч/ -М.Болдбаатар үүрэг даалгавар биелүүлдэггүй, өглөө орж ирж цаг бүртгэлийн системд хуруугаа уншуулчихаад л гараад явдаг. Цаг ашиглалт маш муу. Заримдаа харагддаггүй, үе үе цагийг нь бүртгээд хяналт тавьдаг. Ер нь дуудуулж л ирэх гээд байдаг. Дуудахгүй бол ирэхгүй. Тугал, үхэртээ явж байна, хөдөө явж байна гээд ирдэггүй. "Алтат" 4 дүгээр багийн өдөрлөг арга хэмжээнд байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хишигжаргал бүжгийн багш/-ыг шаардаж байж хөгжим аппаратуураа ажиллуулсан. Түүнээс хойш хоёр өдөр дараалан ажилд ирээгүй, нийт гурван өдөр дараалан ажил тасалсан... Ж.Ганбат /сумын Засаг дарга/ -Болдоо та яагаад архи уугаад байдаг юм бэ, удаа дараа шаардлага тавиад байхад ажлаа таслаад, чухал арга хэмжээнүүдэд хэл ам гаргалгүйгээр ажлаа хийж болдоггүй юм уу гэж асуухад: М.Болдбаатар -Би архи уусан нь үнэн, тэр өдөр ирээгүй." гэжээ. Эдгээр нотлох баримтаас дүгнэлт хийхэд, тухайн өдрүүдэд М.Болдбаатар ажлын цагаар архи уусан, ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан нь нотлогддог. Мөн ажил олгогчийн тушаалын агуулга дахь "...Болдбаатар... архи ууж согтуу байсан" гэх үндэслэл эдгээр нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Гэтэл М.Болдбаатар дээрхи байдлаар үүргээ байнга зөрчсөн төдийгүй, "Байгууллагын дотоод журам"-д заасан "ажил тасалсан" гэх сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан, ажлын цагаар архи уусан нь ийнхүү хөдөлбөргүй тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй." гэж тайлбарласныг анхаарч жишиг болгон авч үзээгүй байна.

Анхан шатны шүүх сахилгын зөрчил давтан гаргасан маргааныг хянан шийдвэрлэхдээ тушаал шийдвэрийн хуулийн үндэслэлийг зөвхөн хянаад зогсохгүй хариуцагчийн гаргаж өгсөн Сумын Засаг даргын Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл, килтнуудын ирцийн цахим бүртгэл, Соёлын төвийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг нотлох баримтуудыг харьцуулан авч үзээгүй, эдгээр нотлох баримт нь тушаалын агуулга дахь "сахилгын зөрчил давтан гаргасан...архи ууж согтуу байсан" гэх үндэслэлийг баталж, үгүйсгэж буй алин болохыг шүүх бүрэн, бодитой үнэлээгүй хэт нэг талыг барьж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэлээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудаар түүнд хариуцуулсан 2019 оны хагас, бүтэн жилийн ажлаа дүгнүүлэх, ажлын тайлангаа бичгээр гаргаж өгөх үүргээ ажилтан М.Болдбаатар хэрэгжүүлээгүй асуудлыг хариуцагч тайлбарласан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх энэ талаархи нотлох баримтуудыг огт үнэлсэнгүй. Энэ нь тухайн маргааныг хянан шийдвэрлэх, М.Болдбаатарын сахилгын зөрчил гаргасан гэм бурууг тооцох, дүгнэхэд ач холбогдолтой нотлох баримтад тооцогдоно.

4.Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...М.Болдбаатарыг ажил тасалсан гэх зөрчлийг тухайн байгууллагын эрхлэгч өөрөө илрүүлж, тухайлбал 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажил тасалсан гэдгийг илрүүлсэн гэж шүүхэд тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, ажлаас халсан тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь хуульд нийцэхгүй байна." гэж ажил олгогч талыг буруутгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөл байдалд хүргэж байна.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т: "Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна." гэсэн нь ажилтан М.Болдбаатарын сахилгын зөрчил автан гаргасан гэм бурууг болон энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд "сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор" гэсэн нь үндсэн /суурь/ хугацаа бөгөөд "илрүүлснээс хойш нэг cap" гэсэн нь "нэмэгдэл" хугацаа юм. Үндсэн /суурь/ буюу зургаан сарын хугацаа өнгөрөөгүй байхад ажилтанд шийтгэл ногдуулсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хуульд заасан энэхүү зургаан сарын үндсэн хугацаа бол ажил олгогчоос зөрчил гаргасан ажилтны засрал байдлыг ажиглах, ажилтан гаргасан зөрчилдөө хэрхэн дүгнэлт хийж буйг үнэлэхэд зориулагдсан ерөнхий хугацаа юм. Ажил олгогч нь ажилтны төлөв байдлыг ажигласны үндсэн дээр эерэг өөрчлөлт гаргаагүй, эсхүл дахин зөрчил гаргасан тохиолдолд тухайн хугацааны дотор багтаж сахилгын шийтгэл ногдуулах, эерэг нааштай өөрчлөлт гарсан нь тогтоогдвол шийтгэл ногдуулахгүй орхиж болно гэсэн утгаар ойлгоно. Харин зургаан сарын үндсэн хугацааг хэтрүүлж шийтгэл ногдуулсан бол хууль бус шийдвэр болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн "...илрүүлснээс хойш нэг сарын дотор шийтгэл ногдуулна" гэсэн заалтын тухайд зарим тохиолдолд сахилгын зөрчил гарсан хэдий ч тухайн үедээ илрээгүй тохиолдол байдаг. Жишээ нь: Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгагдаж байгаад тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүйгээс хэрэгсэхгүй болж, сахилгын зөрчлийн шинжтэй нь тогтоогдсон үед энэ тухай эрх бүхий байгууллагын тогтоол ирүүлсэн үеэс тухайн "зөрчил илэрсэн"-д тооцож, нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн ойлголтоор хэрэглэж болно. Алив хуулийн үг хэллэг, агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэх явдал шүүгч хүнд тавигдах хамгийн чухал шаардлага мөн. Иймд дээрхи агуулгаар Хөдөлмөрийн тухайн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэх ёстой байсан гэж үзнэ. Өөр нэг жишээ дурьдахад тухайн зөрчил гарсанаас хойш 5 cap 20 хоногийн дараа илэрч болно, тэгвэл илэрснээс хойш нэг сарын дотор буюу зөрчил гарснаас хойш 6 cap 20 хоногийн дотор багтаж шийтгэл ногдуулах ёстой гэсэн утгатай ойлголт юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т: "Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр ажил олгогчийг буруутгасан тохиолдол шүүхийн практикт ховор болно.

4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ёс зүйн хэм хэмжээ, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг хуульд заасан үүргээ хариуцагч Соёлын төвийн эрхлэгч биелүүлээгүй" гэж ажил олгогчийг буруутгажээ.

Захиргааны ерөнхий хуулийн дээрхи заалтууд нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаас гаргасан нэг удаагийн шинжтэй, дотогш чиглэсэн захиргааны дээрхи шийдвэрт огт хамаарахгүй бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албан хаагчдаас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргахад хэрэглэх эрх зүйн зохицуулалт гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр, Соёлын төвийн эрхлэгчийн тушаалд "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн чухам ямар заалтыг ажил олгогч зөрчсөнийг шүүх тэмдэглээгүй атлаа энэ үндэслэлээр түүнийг буруутгасан нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Соёлын төвийн эрхлэгчээс ажилтан М.Болдбаатарын 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажил тасалсан, ажилдаа шаардуулж, заримдаа согтуу ирдэг, ажлын бичгийн тайлан өгдөггүй, ажлаа дүгнүүлдэггүй, техник хэрэгслээ ажиллуулж чаддаггүй, мэргэжлийн ажлаа шаардлагын хэмжээнд явуулдаггүй, удирдлагаас өгсөн үүрэг биелүүлэхгүй эсэргүүцдэг зэрэг зөрчлийг Сумын Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаан /хуудас- 39-44/-д танилцуулж зөвшилцөн түүнд өөрт нь анхааруулга, зөвлөмж өгсөний дараа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу тухайн хуралдаанаар хэлэлцүүлснээс хойш нэг сарын дотор багтаж дээрх үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, М.Болдбаатарыг ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийг шүүх сонсох ажиллагаа явуулсанд болон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэнд тооцох боломжтой байсан. Тухайн хуралдааны тэмдэглэлээс М.Болбаатарын ажлын хариуцлага, хандлага, мөн хугацаанд гаргасан зөрчлүүдийн шинж байдал тодорхой харагддаг. Мөн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл /хуудас-47/-д: Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвдорж: "...Бид Соёлын төвийн хөгжмийн багшийн талаар олон удаа ярьж байгаа. Одоо энэ хүн дээр цаашид ярих юм байхгүй. Хөгжмийн багшийн орон тоон дээр ажиллах боловсон хүчин олох, сургах ажлыг хийх нь зайлшгүй, энэ асуудлаар сумын Засаг даргад тодорхой үүрэг чиглэл өгөх саналтай байна." гээд Нийгмийн салбарт чанартай боловсон хүчнийг ажилллуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгажээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар болон тэдгээр хуралдааны тэмдэглэлд ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүй орхиж харин ажил олгогчийг буруутган дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй.

6.Шийдвэрийн үндэслэх хэсгийн "2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон урлагийн үзлэгийн үеэр багш, сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж таагүй нөхцөл үүсгэж, архи уусан" гэх үйл баримтын тухайд ...ажил олгогч М.Болдбаатарыг архи уусан гэсэн холбогдох байгууллагын акт нотлох баримт байхгүй...-гээр 2019 оны 12 дугаар сарын 13-ны тушаалыг гаргасан байна." гэж дүгнэжээ.

Гэтэл тухайн зөрчлийг гаргаснаа нэхэмжлэгч М.Болдбаатар нь үгүйсгээгүй бөгөөд шүүх хуралдаанд ч өөрөө оролцоогүй болно. Хариуцагч соёлын төвийн эрхлэгч Ж.Наранцэцэг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа "Би малын тоонд яваад ирсэн, Болдбаатар сургуулийн урлагийн үзлэгийн үеэр бөөн маргаан дэгдээсэн байсан. Иргэн Б.Нарангэрэл, Н.Мөнхзул, бүжгийн багш Б.Хишигжаргал нар мэдээлэл өгсөн, өмнөх Зөвлөлийн хурлаас хойш нэг cap болж байсан тул шууд л түүнийг халах тушаалаа гаргасан " гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2-т "Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэснийг зөрчиж, шүүх хариуцагчийн тайлбарыг огт үнэлэхгүй, үнэгүйдүүлээд байгаагийн учрыг олохгүй байна. Дээрхи зөрчлийн талаар эдгээр мэдээлэл өгсөн хүмүүсээс гадна тухайн арга хэмжээнд оролцсон сургуулийн багш, сурагчид гэрчлэх боломжтой бөгөөд М.Болбаатарын гаргасан зөрчлийн талаар нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байхад тухайн зөрчлийн талаар гэрч асуулгах, аюулт цар тахал өвчин гарч хөл хорио тогтоосон өнөө үед багш нарыг гэрчээр шүүхэд дуудан ирүүлж хүндрэл үүсгэх шаардлагагүй бөгөөд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдалд бэрхшээл учирна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн болно. Шүүгч энэ нөхцөл байдлыг мэдэрсэнгүй. Болдбаатар ажлын цагаар архи ууж согтуу байсан, зохисгүй авир гаргасан нь иргэд олон түмэнд илэрхий байгаа тухайн нөхцөлд заавал хэсгийн төлөөлөгч ирүүлж тайлбар авахуулах, драгер үлээлгэж согтуурлыг тогтоолгох шаардлагагүй, энэ талаархи шийдвэрийн дүгнэлт бодит амьдралд болон хуульд нийцээгүй байна.

Баянцагаан сумын Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд: С.Наранцэцэг /Засаг даргын тамгын газрын дарга/: Болдбаатар нь ...Соёлын төвд зохион байгуулагдаж байгаа багш, ажилтнуудтай ёс зүйгүй харилцдаг. Сарантуяа багшийг цохиод авч байсан удаа бий. Мөн иргэдтэй харьцаж чаддаггүй, хэл амаар доромжилсноос удаа дараа гомдол ирж байсан. Архи уухаараа янз бүрийн зан ааш гаргадагаа болих хэрэгтэй." гэж зөвлөсөн байдаг. Түүний "ажлын цагаар архи ууж, согтуу байсан" гэх өмнө тэмдэглэгдсэн нөхцөл байдлууд нь Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-д "төрийн албан хаагч... ажлын болон ажлын бус цагаар ...согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх " гэсэн заалтыг үндэслэн соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар баталсан Баянцагаан сумын Соёлын төвийн дотоод журам болон Соёлын төвөөс хөгжмийн багш М.Болдбаатартай 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд "Ажлын байранд ажлын цагаар архи уусан, согтуурсан, танхайрсан бол" сахилгын зөрчилд тооцохоор заасан заалтуудыг анхаарч хэрэгжүүлээгүйтэи холбоотой сахилгын зөрчил мөн гэж үзнэ.

Хоёр. "...шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн" үндэслэлийн тухайд:

Шүүгч хуралдааны оролцогч нартай дөлгөөн, хүндэтгэлтэй бус, нилээд захирангуй, зандрангуй харьцсаны гадна, хариуцагч Захиргааны ерөнхий хууль үндэслэсэн эсэх, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгосон эсэх, Сонсох ажиллагааг явуулсан эсэх, Сахилгын зөвлөл байгуулсан эсэх, М.Болдбаатарын согтуурлыг драгер /тусгай багаж/ үлээлгэн шалгасан эсэх, согтуурсан нөхцөлийг цагдаад мэдэгдсэн, шалгуулсан эсэх г,м-ээр хэт нэг талыг барьсан асуултуудыг дараалуулан тавьснаас ажил олгогч Ж.Наранцэцэг нь багш мэргэжилтэй, ахимаг /58/ насны эх хүн тул ихэд сандарч шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлуулах, хариу тайлбар хэлэх, чөлөөтэй мэтгэлцэх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан "хэргийн оролцогчийн эрх, үүрэг"-ээ хангалттай хэрэгжүүлэх, чөлөөтэй мэтгэлцэх боломж түүнд олгоогүй нь "оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн" гэх нөхцөл байдалд хүргэв.

Шүүгчийн асуултаас үзэхэд Соёлын төвд "Сахилгын зөвлөл" байгуулбал 4 ажилтантай албан газрын хэдийг Сахилгын зөвлөлийн гишүүн болгох вэ гэсэн асуудал үүснэ. Зөвлөлийг гурван гишүүнтэй байгуулахаас өөр боломжгүй тул Сумын Засаг даргын шийдвэрээр сумын төсвийн байгууллагуудын дунд Сахилгын нэгдсэн зөвлөл байгуулах ёстой болов уу гэж төсөөлж байна. Учир нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-д: "тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүй бол Ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно." гэж заасан байдаг.

Гурав. Нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангасан арга журмын тухайд:

Нэхэмжлэгч М.Болдбаатарын гаргасан зөрчилтэй холбогдуулан зарим гэрч асуулгахаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангасан боловч түүнийг хэрэгжүүлсэн арга, журам нь хуульд нийцээгүй гэж үзэж болохоор байна. Маргаанд оролцогч хоёр талыг байлцуулан шүүгчийн туслахаар тэмдэглэл хөтлүүлж, хүсэлт тавьсан хариуцагч тал болон нэхэмжлэгчээр асуулт тавиулав. Энэ журам нь ямар хуульд заасан, хаанаас тогтоосон журам болохыг би ойлгосонгүй. Өмгөөлөгч миний хувьд шүүгчийн туслах ч юм уу, хөндлөнгийн хэн нэгийг байлцуулан шүүгч өөрөө уг үүргийг биечлэн гүйцэтгэх нь зохимжтой гэж ойлгож байсан. Гэтэл гэрчийг шүүгч ч, туслах ч хэн аль нь асуусангүй. Ер нь зохигч талуудыг байлцуулж, зохигчдоор өөрсдөөр нь асуулт тавиулж гэрчийн мэдүүлэг авах нь туйлын зохимжгүй мэт, тухайн тохиолдолд нотлох баримт үнэн зөв, хангалттай бүрдэнэ гэдэг нь ч эргэлзээтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д: "...гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ." гэжээ. Гэтэл тухайн тохиолдолд нотлох баримтыг шүүх, шүүгч бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлсэнгүй, зохигч тал өөрөө л бүрдүүлсэн гэх нөхцөл байдалд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, дээрхи нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн" гэх үндэслэлд хүргэж байна.

Иймд миний гомдолд тэмдэглэсэн эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ202000/576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Болдбаатарын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шүүх хуралдааны тэмдэглэл бэлэн болоогүй, баталгаажаагүй тул хариуцагчийн өмгөөлөгч миний бие танилцаж амжаагүй болно.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: “...1. Дуу хөгжмийн багш М.Болдбаатарыг 2019.12.13-ны Б/07 тоот тушаалаар халсан нь: 1. Дуу хөгжмийн багш М.Болдбаатар нь 2019.03.19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдах үед байнга ажил тасалж, ажилдаа дуудуулж ирдэг. 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “гурав түрүү” багийн өдөрлөгийн үеэр болсон үдэшлэг дээр М.Болдбаатар нь хөгжимөө унтраачихаад согтуугаар иргэдтэй хэрэлдэж, тэдний үгийг сөргөөж байсан бөгөөд намайг шаардлага тавихаар “Чаддаг юм бол өөрөө асаа, харъя” гээд өөдөөс омогдоод байсан. Мөн тэр үед тус багийн иргэдийн Нийтийн хурлын дарга Д.Намжилсүрэнтэй энэ тэндээ хүртэл хэрэлдсэн. Түүний ажил тасалсан, ийнхүү малчидтай хэрүүл шуугиан дэгдээсэн байдлын талаар хэлэлцэнэ, байгууллагын хурал хийнэ гээд урд өдөр нь хэлсэн. Өглөө хурал эхлэх болсон М.Болдбаатар ирээгүй. Түүнийг утсаар дуудаж, чиний талаар хэлэлцэх хурал шүү гэж хэлсэн боловч, “Би хөдөө явж байна гэж өөдөөс том дуугаар хэлсэнийг ажилчид сонссон. Бид хуралдаад түүнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан. 03 дугаар сарын 20, 21, 22 өдрүүдэд ч шийдвэрээ танилцуулах гэсэн ирэхгүй болохоор нь Соёлын төвийн мэдээллийн самбарт тушаалыг тавьчихсан. /Гэтэл шүүхийн шийдвэрт М.Болдбаатарт шийдвэрээ гардуулан өгөөгүй гэж намайг буруутгасан./

Цалин буух үед цалин буруулсан байна гээд гомдол гаргаагүй тул тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Шийтгэл оногдуулаад мөн л ажил тасалсан, архи уусан хэвээр л байсан. Үүний нэг нотолгоо нь цагийн бүртгэлээс харахад ойлгомжтой байна. Шийтгэл оногдуулсанаас хойших Болдбаатарын цагийн бүртгэлүүдийг тооцож үзэхэд 03 дугаар сарын 1, 18, 22, 27, 28, 29-ний өдрүүдэд дараалан ажил тасалсан 6, 7, 15-ны өдрүүдэд зөвхөн өглөө бүртгүүлсэн байдаг. 03 дугаар сард нийт 9 хоног ажил тасалсан, 04 дүгээр сард 1, 2, 5, 8, 11, 12, 15, 17, 23, 25, 26, 29, 30-ны өдрүүдэд бүтэн тасалсан 04, 10, 22, 24-ний өдрүүдэд зөвхөн өглөө бүртгүүлсэн байдаг. Нийт 17 хоног ажил тасалсан. 05 дугаар сарын 2, 3, 9, 13-16-ны өдрүүдэд бүтэн тасалсан 7 өдөр 1, 10, 17, 20 27, 29, 31-ны өдрүүдэд зөвхөн өглөө бүртгүүлсэн ажлын 7 нийт 14 хоног ажилд ирээгүй, 06 дугаар сард 3, 6, 7, 11, 12, 19, 24, 27, 28-ны өдрүүдэд бүтэн 9, 5, 10, 13, 14, 17, 18, 21, 25-ны өдрүүдэд зөвхөн өглөө бүртгүүлсэн нийт 17 хоног ажил тасалсан, 07 дугаар сарын 2, 4, 8, 15, 16, 17, 18, 19, 23, 24-26, 29-31-ний өдрүүдэд тасалсан 15 хоног, 1, 3, 5, 23-ны өдрүүдэд зөвхөн өглөө бүртгүүлсэн нийт 19 хоног ажил тасалсан, 09 дүгээр сард 10, 12, 16, 18, 20, 26, 30-ны өдрүүдэд бүтэн 7хоног, 9, 11, 13, 17, 25, 27-ны өдрүүдэд зөвхөн өглөө цаг бүртгүүлсэн. Нийт 13 хоног ажил тасалсан. 10 дугаар сарын 3, 7, 9, 11, 14, 16-18, 22-23, 25, 28-30-ны өдрүүдэд 13 ажилдаа огт ирээгүй, 7 хоногт нь зөвхөн өглөө цагаа бүртгүүлээд ажиллаагүй, 11 дүгээр сард 4, 5, 7, 11, 13, 15, 19-22, 25, 27, 29-ний өдрүүдэд 13 хоног ажилдаа ирээгүй, 7 өдөр нь өглөө бүртгүүлээд ажиллаагүй, 12 дугаар сард 3, 5, 6, 9, 10, 11, 12-ны өдрүүдэд ажлын 7 өдөр ажилдаа ирээгүй, ажлын 56 цагийн ажил тасалсан байдаг. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд түүний сахилгын зөрчил давтан гаргасан нь тодорхой болдог. Энэхүү цагийн бүртгэлийн төхөөрөмж бол хөдлөшгүй баримт нотолгоо гэж үзэж байна. Энэ нотлох баримтыг шүүх хуралдаан дээр хэлэлцэх, хариу тайлбар хэлэх боломж олгоогүй, шүүгч загнаж зандчаад, шүүгч хүнд байж боломгүй ёс зүйгүй ааш авир гаргасан. Төрийн алба хашиж байгаа хүн мөртлөө тэгш бус, ялгавартай хандаж зөвхөн нэхэмжлэгч талд үйлчилсэн шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Төрийн албан хаагч хүн ажлын цаг баримтлахгүй гэрээр ажил хийнэ гэсэн заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Ажлын 8 цаг ажил дээрээ байх ёстой хүнийг өглөө ирсэн, болоо юм бишүү ядарсан амьтан ажлаа хийгээд л байг, та яах гэж халсан юм гэж намайг загнаж дуулдана лээ. Төрийн эрхэм шүүгчийн хэлсэн энэ үгийг сонсоод хэлэх үг надад олдоогүй.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч хэлэхдээ 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тэр даруйд нь шийтгэл хүлээлгэхгүй, яагаад 12 дугаар сард арга хэмжээ авсан юм бэ гэж буруутгаж байсан. Төрсөн ах минь нас барчихаад ажил явдал гарчихсан үе таарсан. Байгууллагын дотоод журамд сард 16-гаас дээш цаг ажил тасалсан бол сахилгын зөрчилд тооцно гэснийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй тул үүнийг үнэлж, хариуцагчийн мэдүүлэг яагаад нотлох баримт болдоггүй юм бэ учрыг нь тунгааж өгнө үү.

Сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн.

Байгууллагын 5 хүн хурал хийхэд хэцүү байдаг. Арга хэмжээ явуулах бүрд л бид ажлаа ярьж зөвлөлддөг Болдбаатар нэг ч удаа байж үзээгүй. Мэдээгүй гээд мэлзээд л сууж байдаг. Төлөвлөгөө удирдамжуудаа самбарт тавьчихаад байхад л хардаггүй, ажлаар ямар сонинтой байна гэж хайдаггүй. Урьд өдөр нь ажилдаа ирээгүй энэ тэрээ мэддэггүй юм шиг байгаа юм. Эхнэр А.Пүрэвсүрэн нь олон жил Соёлын төвийн даргаар ажиллаж байсан, өөрөө дарга шиг яваад сурчихсан, анх намайг ажилд ороход манай энэ хэдэн ажилчид чинь хүн биш шүү дээ гэж танилцуулж байсан. Бүжгийн багш Б.Хишигжаргалтай харьцаж багаар ажиллаж чадахгүй байнга хэрэлдэж, бүжгийн хөгжмийг нь зогсоож үймүүлж хэрүүл дэгдээнэ. /Ажилд ямар ханддагийг ойлгомжтой болгохын тулд дэлгэрэнгүй нуршлаа./

Миний бие сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн хүн, олон түмний итгэлийг хүлээж, тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө суугаа албан тушаалтны хувьд болсон асуудлууд, иргэдээс ирж байгаа санал гомдлыг уламжлах эрх бүхий хүний хувьд ч сумын ИТХ, Засаг даргын зөвлөлийн хуралдаанд иргэдийн саналыг оруулж хэлэлцүүлдэг юм. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тухай байнга л тэнд яригдаж байдаг. Яагаад гэвэл иргэд багийн Засаг даргадаа, сумын Засаг даргадаа, сумаас гарсан ажлын хэсэгт санал гомдлоо гаргасан байдаг. /Гэтэл сумын Засаг дарга танд ямар ч хамаагүй гэж шүүгч хэлсэн байдаг/.

10 дугаар сарын 24-нд 11:09 ажилдаа ирсэн байна ш дээ та яах гээд байна. 11 цагт бүртгүүлсэн л болоо юм бишүү гээд шүүгч олон дахин хэлж загнаад үг хэлүүлэхгүй байсанд маш их гомдолтой байна.

Даанч дэндүү учраас л түүнийг ажлаас халсан даа. Нөгөө талын эрхийг эдлүүлчихээд миний эрхийг дэндүү хязгаарлаж байна. Тушаалд давтан үйлдсэн гэж тэмдэглэсээр байтал шүүгч энэ талаар хянаж үзсэнгүй, ажил тасалсан үйлдлүүд, сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт өмнөх дутагдлаа давтсан гэж оруулж өгсөөр байтал, энэ нотлох баримтыг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Цагийн бүртгэлийг бүтэн жилээр нь гаргаж өгсөн нь энэ хүн ажилдаа ирдэггүйг бүрэн нотлох баримт болно гэж үзсэн. Гэтэл шүүгч үүнийг уншиж, тооцож үзсэнгүй. Үүний нэг жишээ бол шүүгч энэ бүртгэлийн чинь он cap нь аль нь юм бэ, Алийг нь он, алийг нь cap нь юм гээд цаг нөхцөөж асуугаад байсан нь цахим бүртгэлтэй урьдчилж танилцаагүй нь нотлогдож байна. Цагийн бүртгэлийг дахин хянаж үнэлж өгнө үү.

Байгууллага толгойлж яваа хүний хувьд нэг ажилтан нь жилийн туршид cap бүр ажил тасалж байх явдлыг зөв гэж шүүх дүгнэж байгааг хараад төрийн албыг 40 жил хашихдаа ийм юм үзээгүй, хэт нэг талд үйлчилж байгааг ойлгохгүй байна. Миний бие ахимаг настай, олон жил багшаар ажилласан, удирдах ажил хийж явсан, тэтгэвэрт гарсан ч гэсэн төр, нийгэмдээ зүтгэж алба залгуулж байгаа байдлыг шүүгч яагаад бага ч гэсэн хүндэлж үзэхгүй байна вэ. Маш дээрэнгүй, үг хэлэх эрх чөлөөг хааж боосон үйлдэл тайлбар хэлэх бүрд гаргасан. Миний бие М.Болдбаатарын ажилд хандах хандлага багаар ажиллах чадвар, зан харьцаанд нь дүгнэлт өгч, хөгжмийн багш хүн гэхэд арай ч дээ, гэж цаг тутамд харамсаж явдаг, иргэд ч ийм шаардлага тавьдаг. Хууль дүрэм байхад хэл амаар доромжлуулж, дээрэлхүүлж байхаас хуулийнх нь дагуу шийтгэл хүлээлгэсэн.

Сумын соёлын төвийн эрхлэгчийг Засаг дарга томилж, төлөвлөгөө хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянаж, үйл ажиллагааны удирдамжуудаа ч Засаг даргаар батлуулж ажилладаг, бусад байгууллагаас онцлог байгууллага шүү дээ. Гэвч тэр Хурал, Засаг даргын зөвлөл ямар хамаатай юм бэ гээд аашилж байсан шүүгч Түшинжаргалыг ямар санаатайг ойлгосонгүй сандрал, гутралд ороод сууж байна. Сумын Иргэдийн хурал, түүний тэргүүлэгчдийн хурлаар соёлын талаарх бодлого бусад Засгийн газраас гарсан маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах гээд тайлан тавьж, үнэлүүлж, дүгнүүлж, үүрэг даалгавар чиглэл авч ажилладаг. Гэтэл шүүгч бүхэл бүтэн Соёлын төв гэсэн байгууллага байхад яагаад Иргэдийн хурал, Засаг дарга гээд сонин юм яриад байгаа юм бэ гээд чичлээд дайраад байсан. Энд ямар ч хамааралгүй зүйл гэж тэнд байгаа нотлох баримтуудыг хэрэгсэхгүй хаясан. Иргэдийн хурал, Засаг даргад иргэдээс, албан хаагчдаас гомдол гардаг учраас бидэнд үүрэг өгдөг. Түүний дагуу хөгжмийн багш М.Болдбаатарт ажлын шаардлага тавьж, үүрэг даалгавар өгч ажилласан. Албан тушаалынх нь тодорхойлолтод заасных нь дагуу ажил шаардахаар төрийн алба хашиж байгаа хүний шинжгүй зан авир гаргадаг. Зан харьцаа маш муу. Албаны яриа хөөрөө байхгүй таг чимээгүй алга болчихно. Ажилдаа нэг ч санаа нь зовдоггүй байж цалингаа авмаар байна гэж байгаа нь үнэхээр ичгүүртэй санагдах юм.

Хөгжмийн багш өөрөө ямар нэгэн арга хэмжээнүүдийг санаачлан хийх ажлынхаа удирдамж боловсруулж, оройн цагаар бүжиг цэнгүүн бие дааж зохион байгуулах ажлын чиг үүрэгтэй боловч Болдбаатар нь нэг удаа ч ажил ярьж орж ирж үзээгүй, нэг төгрөгийн ч орлого оруулаагүй, орлогын төлөвлөгөө тасалсан. Жил болох хугацаанд нэг удаа ч хичээл зааж байгааг хараагүй, жил улирал сарын ажлын тайлан, нэгж хичээлийн хөтөлбөр батлуулж түүний дагуу ажил хийгээгүй. Дугуйланд суралцдаг хэдэн хүүхэд байгаа бүртгэл, нэрсээ гаргаж өгөөгүй мөртлөө шүүх дээр суралцагчийн бүртгэлийн жагсаалт, зураг хуурамчаар үйлдээд ирсэн. Аймгийн засаг даргын үзлэг ирээд ажлыг нь шалгахад түүнд үзүүлдэггүй хирнээ шүүхэд болохоор зөндөө баримт аваад ирсэн. Эхнэрийнхээ ажлын юмнуудыг аваад байна. Эхнэр А.Пүрэвсүрэн сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилладаг юм. Эхнэр нь концертон дээр ирж хүмүүсийн дуулах дууны өнгийг өгч хөгжимддөг. Хөшигний ард нуугдаж суучихаад техник хэрэгслээрээ оролдож суудаг. 10-р сарын 24-нд ажилдаа ирсэн юм бол тэр өдөр ямар ажил хийсэн ажлын зураглалыг хармаар байна. Дугуйлангийн нэгж хичээлийн хөтөлбөр надаар хянуулсан баталгаатай тайлангуудыг үзмээр байна. Ажлын тайланг жил, улирлаар төлөвлөж cap бүр хийсэн ажлын тайлан бичиж өгч, улирал бүр ажлаа дүгнүүлж байх байтал нэг удаа ч тайлан өгч байгаагүй.

2. М.Болдбаатар нь хөгжмийн багшийн мэргэжилгүй, мэргэжлийн бус гэсэн нь нотлогдохгүй байна гэсэн шүүхийн дүгнэлтийн тухайд: М.Болдбаатар нь соёл урлагийн чиглэлээр суралцаагүй, ерөнхий боловсролын сургууль л төгссөн.

Сумын соёлын төвийн хөгжмийн багшийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага нь хөгжмийн дээд боловсролтой, баклаврын зэрэгтэй байх ёстой. Гэтэл тэрээр дээд боловсрол, бакалаврын зэрэг, сургууль төгссөн дипломгүй 10-р анги төгссөн хуудастай.

2008 оноос эхлэн Соёлын төвд ажиллаж байгаа хөгжмийн багш нарыг мэргэжилтэй болгох, авъяастай залуучуудыг сургуульд явуулах шаардлага тавигдсаар ирсэн. 2018, 2019 онд Төв аймгийн Боловсрол соёл урлагийн газраас албан бичиг ирүүлсэн. Болдбаатарын материалыг бүрдүүлж Засаг дарга, эрхлэгч, бид гурав гурвалсан гэрээ хийгээд сургалтад явуулах тухай өөрт нь материалаа бүрдүүл даргатай уулз гээд явуулсан. Явах ёстой байсан боловч тэрээр гэрээ хийлгүй хугацаа өнгөрч хоцроосон. Тус газрын соёлын ажил хариуцсан арга зүйч Эрдэнэтогтохоос удаа дараа түүний сургуульд хамрагдаагүй байдлыг анхааруулж, цаашид ажиллуулах боломжгүй болж байгаа талаар сануулж ажлаас халах арга хэмжээ авах талаар мэдэгдэж байсан. Элсэлтийн ерөнхий шалгалт 2019 оны 3 дугаар сарын 20 нд болно гэснийг түүнд мэдэгдсэн боловч явж шалгалт өгөөгүй.

Уран сайханчдын дуулах дууны өнгө аяыг өгөх, бэлтгэх ажлыг эхнэр Пүрэвсүрэн нь хийдэг, өөрөө өнгө өгч, хөгжим тоглож огт чаддаггүй.

З. Тушаалын ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн дүгнэлтийн тухайд:

Техник хэрэгсэл, караоке машин, проектор түүнд шинээр авч өгөөд таван сарын хугацаа болоход тэр ажиллуулж чадаагүй. Ажиллахгүй байна гэсэн тайлбар тавьдаг. 2019 оны 01 дүгээр сард Тамгын газраас өгсөн НӨТБҮҮК-ийн чихэвч залгадаг үүр лүү өсгөгчийн залгуур хийж шатаасан. Тэдгээр техник хэрэгслүүдийг анх худалдан авсан “Цуурай ХХК”-д үзүүлэхэд бүгд ажиллагаатай байсан. Пультний ард гурван жижиг кноп байгаа түүний нэгийг дээш нь болгочихсон байна, өөр асуудалгүй гэсэн. Болдбаатар мэргэжлийн хүмүүсээр гурван удаа заалгаад техник хэрэгслээ ажиллуулж сураагүй. Энэ талаар “Цуурай” компанийн инженер М.Төр-Эрдэнэ, доктор профессор, Монгол улсын зөвлөх инженер багш Цэрэндоржоос зөвлөгөө авсан. Ядаж микрофоноо тохируулж чаддаггүй хүн шүү дээ. Болдбаатар нь соёлын ямар нэг арга хэмжээ болохын өмнө хөгжим, микрофоны тохиргооны бэлтгэл хангадаггүй, эхэлсэн хойно л хожигдож орж ирчихээд хөгжим, аппартураа оролдоод, иргэдийг чилээгээд байдаг. Үүнийг иргэд их шүүмжилдэг. Хурал зөвлөлгөөн янз бүрийн арга хэмжээн дээр энэ талаар би дарга нараас байнга зэм хүртэнэ. Ирээд Болдбаатарт хэлж, шаардлага тавихад өөдөөс хэрүүлийн үг урсгана. Ер нь М.Болдбаатар нь байнгын халамцуу явдаг учир олон юм ярьж шаардахад тун эвгүй цохиод ч авч мэдэх авиртай. Ажил шаардахаар маш ихээр уурлана, Хэзээ мөдгүй гарах гэж байгаа юм байж дуугүй бай гэнэ. Өөрт нь шаардлага тавихаар дургүй хүрч байна, ална шүү, энэ тэр гээд заналхийлдэг байсан. Шийтгэл ногдуулах тушаал гарсны дараа ажил дээр ирээд "Миний хэдэн хүүхдийн хоолноос хаслаа" гэж хэлж босож ирээд намайг чичилж байсан удаатай.

4. "Соёлын төвд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр наймдугаар ангийн сурагчдын урлагийн ноймор явагдаж байх үеэр Болдбаатар нь тус ангийн сурагч А.Бэндэрийг дуулж байхад микрофоныг нь шууд унтраасан. Яаж байнаа гэхэд нь "дуулж чаддаг ч юм шиг" гэж хэлээд хэрүүл үүсгэсэн. Багш нь хүрч ирээд болиочээ дандаа ингэж байдаг гээд хэлэхэд өмхий амалчихаад дуугүй бай, би мэдэж байна гэж доромжилсон" гэсэн мэдээлэлийг тус 8 дугаар ангийн багш Н.Мөнхзул, бүжгийн багш Б.Хишигжаргал нар надад өгсөн. Эхнэр Пүрэвсүрэнгийнхээ ангийн тоглолтыг болоход утасгүй хоёр микрофон нэмж гаргаад дөрвөн микрофонтой дуулуулж, иргэд, сурагчдыг алаг үзэж, үйлчилсэн байна. Хөгжмийн багш М.Болдбаатар багш хүүхдүүдийг уйлуулж орилоон, маргаан үүсгэж, эцэг, эхчүүд багш нарын дунд үймээн шуугиан дэгдээж бөөн хэрүүл болсон байдаг.

Хөдөө орон нутгаар аялан тоглолтоор ирсэн мэргэжлийн байгууллагын тоглолтууд, төвийн болон хөдөөгийн иргэдийн дунд явагддаг концерт уралдаан тэмцээн, бусад арга хэмжээнүүдэд удаа дараа хөгжмийн багшийн ёс зүйгүй харилцааны соёлгүй байдал, хөгжим техник хэрэгслийн дуу, дүрс явагдаж байхад микрофон унтраах, хэт чанга болгох зэрэг алдааг тогтмол гаргаж, хэрүүл маргаан үүсгэдэг гэсэн гомдлууд ихээр ирдэг.

Иймд миний дээр тэмдэглэсэн, учирласан эдгээр нөхцөл байдлуудыг тунгаан үзэж, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, М.Болдбаатарын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн талын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.  

Нэхэмжлэгч М.Болдбаатар нь Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөөгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож,  нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал  хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хавтас хэрэгт М.Болдбаатартай холбогдуулан ажил олгогчоос гаргасан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн б/07, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн б/07 тушаалууд /хх-4, 48/, авагдсан байх бөгөөд  хэргийн оролцогчдын хэн аль нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан  шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаал гэж тайлбарласан, энэ талаар маргаагүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар ажилтныг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй. Захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хууль зүйн актад тавигдах шаардлагыг хэлбэр, бүтэц, агуулгын хувьд хангасан байх учиртай.

Ажил олгогч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч  нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар дуу хөгжмийн багш М.Болдбаатарыг үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж “Дуу хөгжмийн багш М.Болдбаатар нь 2019-3-19 ны өдрийн б/04 тоот тушаалаар архи ууж, ажил таслан 3 сарын хугацаатай 20%-иар сахилгын арга хэмжээ авагдаж байсан боловч 2019-10-23,24, 25 ны өдрүүдэд 3 өдөр дараалан ажил тасалж сахилгын зөрчил давтан гаргасан, мөн 2019-12-11 ний өдөр болсон урлагын үзлэгийн үеэр багш сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж таагүй нөхцөл үүсгэсэн, архи уусан согтуу байсан ба мэргэжлийн бус ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа тул“ гэх үндэслэлийг заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн  сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болдог.

Өмнө нь ажил олгогчоос нэхэмжлэгч М.Болдбаатарт архи ууж, ажил тасалсан зөрчилд 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсны дараа, тэрээр дахин  2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25- ны өдрүүдэд ажил тасалсан  сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх бөгөөд энэхүү зөрчил нь   ажлаас халах шийтгэлийг ногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалын  үндэслэлд хамаарч   хууль зүйн үр дагавар үүсгэжээ.

Ажилтны 2019 оны 10 дугаар сарын 23,24,25-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчлийн хувьд хэрэгт авагдсан Соёлын төвийн багш, ажилчдын ирцийг хурууны хээгээр  бүртгэсэн бүртгэлээр дууны багш  М.Болдбаатар дараалан 3 өдөр биш 2 буюу  10 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажил тасалсан байх бөгөөд энэхүү зөрчлийг ажил олгогчоос тухайн үед нь мэдэж илрүүлсэн байх боловч 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/07 дугаар тушаалаар ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнтэй нийцээгүй, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь тогтоогдсон, энэ талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан 2 хугацааны аль нэг нь бус, хоёулангийнх нь шаардлага хангагдсан тохиолдолд тушаалыг хуульд нийцсэн гэж үзнэ.

Ажил олгогчийн ажлаас халах тушаалд дурьдсан “... 2019-12-11 ний өдөр болсон урлагын үзлэгийн үеэр багш сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж таагүй нөхцөл үүсгэсэн, архи уусан согтуу байсан...“ гэх үндэслэлийн хувьд хариуцагчаас ажилтны хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоодын журмыг зөрчих, ёс зүйн алдаа гаргасан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн зөрчлийн талаархи нотлох баримтаа  гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажилтны гэм буруутай болохыг нотолж мэтгэлцээгүй, ажилтан дээрхи зөрчил гаргасан гэх байдал нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Ажил олгогчийн тушаалд дурьдсан “...мэргэжлийн бус ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа “ гэх үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, ...хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон“ тохиолдолд захиргааны санаачлагаар цуцлах бөгөөд энэхүү үндэслэл нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Дээрх байдлуудаас үзэхэд ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалд тодорхойлсон зөрчлүүд нэг бүрчлэн бодитой тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан байгаа тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хууль бус гэж үзнэ. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, уг гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон үндэслэл хуульд нийцсэн эсэх, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг ажил олгогч хэтрүүлсэн эсэхэд эрх зүйн бүрэн үндэслэлтэй дүгнэлт өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Мөн анхан шатны шүүх хэргийг оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх  гэрчээр Ж.Ганбат, Т.Ганхуяг нарыг /хх-82-85 тал/ дуудан оролцуулж, хэргийн бусад оролцогчдыг байлцуулан хууль сануулан мэдүүлэг авч, нотлох баримтыг бүрдүүлсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1,43.2-т заасныг зөрчөөгүй, мэдүүлэг өгсний дараа шүүгч  гэрчүүдэд  асуулт тавих эсэх нь эрх хэмжээний асуудал тул энэ талаархи хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг  хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний  өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг  дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                  ШҮҮГЧИД                                               Г.БОЛОРМАА

 

                                                                                  Т.ЭНХМАА