Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

2023          6            02                                                        2023/ДШМ/39                       

 

 

 

Ш.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Дэлгэрсүрэн

Шүүгдэгч Ш.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Л.Данзанноров, М.Алтанцэцэг

Хохирогч Э.Даваасүрэн

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.Тт холбогдох эрүүгийн 2134000980407 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 08-нд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо “Баруун Ард Аюуш”-ийн 2-15 тоотод оршин суудаг, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т,

 

Ш.Т нь бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дгээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 72.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Ш.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Шын Тыг бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т  зааснаар шүүгдэгч Ш.Тыг 3 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 44.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулан цагаатгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг бичлээ.

Болж өнгөрсөн нөхцөл байдлыг би мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой хэлсэн бөгөөд манай аав Ц.Ш ч мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Миний хувьд Дгээс 3 трактор, 2 хадуурыг нь зээлээр худалдан авсан бөгөөд төлбөрүүдийг нь дараагийн тариалалтуудаасаа өгнө гэж харилцан тохирсон. Үүнийг Д ч өөрийн өгсөн мэдүүлэгтээ үгүйсгээгүй, бид хоёр хамтран ажиллаж олсон ашгаа харилцан тохиролцсон хэмжээгээрээ хувааж авах яриатай байсан бөгөөд энэ нь Дгийн санаачилгаар болсон яриа юм.

Миний хувьд зарим хүмүүсээс тариалалтын ажлын захиалга авсан байсан. Энэ ажлаа Дтэй хамтран гүйцэтгээд уг ажлын төлбөрөөс трактор, хадуурын төлбөрийг барагдуулах бодолтой байсан, үүнийг ч Д сайн ойлгож, анхнаасаа харилцан тохиролцсон. Гэтэл бидний авах ажлыг хийхэд анхлан ажиллах ёстой байсан Д итгэл алдан олон хоногоор архи ууж, тэр ч байтугай архины хордлогод орж ажил цалгардуулснаас болж анх захиалга өгсөн хүмүүс гэрээгээ цуцалж тохирсон хэмжээнд мөнгөө өгөөгүй. Энэ миний урьдчилан тохиролцоогүй эрсдэл байсан бөгөөд түүнийг хариуцлагатай сайн ажиллах болов уу гэж бүрэн итгэснээс болж бидний үл ойлголцол эхэлсэн.

Д нь итгэл алдаж, ажил цалгардуулж, олон хоног үргэлжлэн архи уусан зэргээс болж дараагийн ажлууд цуцлагдаж энэ нь тракторын төлбөрийг төлөхгүй удаах, Ковид-19 хорио цээрийн үе эхэлсэн. Энэ хугацаанд газар тариалангийн гэлтгүй Монгол Улсын бүх бизнесийн үйл ажиллагаа зогсонги хэлбэртэй болсон. Бид нараар тариалалтын ажил хийлгэхээр захилга өгсөн “Завхан АЗЗА” ХХК-ийн захирал н.Болд, Сэлэнгэ аймгийн н.Булган гэх залуу Завхан аймгийн Их уул сумын тухайн үед Засаг дарга байсан н.Гансүх гэх хүн, Архангай аймагт царгас тариалуулсан хүний талаар би байцаалтын явцад хэлсэн боловч тэднээс байцаалт мэдүүлэг аваагүй. Уг н.Болд болон надаар ажил хийлгүүлхээр тохиролцсон байсан бусад хүмүүсээс байцаалт авсан бол болсон байдлыг бодитоор мэдүүлэх нь асуудлын шалтгаан нөхцлийг тодруулж өгөх байсан юм.

Мөрдөгч хэт нэг талыг барьж прокуророос хэрэг үүсгэхээс удаа дараа татгалзсан шийдвэр тогтоол гаргаад байхад дахин дахин хэрэг үүсгүүлэх санал бичиж өөр прокуророор яллагдагчаар татуулах шийдвэр гаргуулсанд туйлын гомдолтой байна. Дг залилах, эд хөрөнгийг нь үнэ төлбөргүй авах санаа зорилго надад байгаагүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр би түүнд 9.000.000 төгрөгийг төлсөн, үүнийг ч Д Э.Хунтогос нар үгүйсгэгдэггүй. Төлбөрөө нэхэж ирэхэд нь би ч, манай аав ч тухайн үед боломжгүй байгаагаа хэлээд үнэхээр яаралтай байгаа бол өвсөөр төлбөрөө ав гэж хэлж байсан. Мөн хэрэглэж байсан трактор, хадуурыг авч дээр нь зөрүү төлөх талаар ч хэлсэн. Үүнийг батлах мэдүүлэг, нууцаар хийсэн бичлэг ч хэрэгт байгаа.

Залилах санаа зорилготой байсан бол түүнд урьдчилгаа өгөхгүй, мөн өвсөөр төлбөрөө төлөх санал тавихгүй байсан. Д, Э.Хунтогос нар нь хэрэгт удаа дараа мэдүүлэг өгсөн ба надаас ямар ч мөнгө аваагүй гэж мэдүүлсэн боловч тэдний дансанд нийт дүнгээр ойролцоогоор 17-18 сая төгрөг шилжсэн нь бидний дансны хуулгаар нотлогдож байна. Дгийн өмгөөлөгч намайг алдангийн 40.000.000 төгрөгийг төлчихвөл энэ хэрэг хаагдана гэж хэлж байсан, ба яаралтай төлөөд хэргээ шийдүүл гэж шахаж байсан бөгөөд эндээс Д болон түүний өмгөөлөгчийн ашиг сонирхол шууд харагдаж байгаа. Тэдэнд энэ асуудал эрүүгийн хэрэг эсэх нь огт сонин биш, харин авах ёстойгоогоос илүү мөнгө цагдаа, хуулийн байгууллагаар дарамт үзүүлж авах нь чухал байсан. Тэр алдангийн мөнгө нь зөвхөн миний авсан 3 трактор, хадуураас үүсээгүй, энэ трактор, хадуураас гадна “Номгон ургац” ХХК-аас авсан бүх техникүүдийн төлбөрийг төлөөгүйгээс шүүхэд хариуцагчаар татагдсан, шүүхийн шийдвэрээр төлөх болсон төлбөр юм.

Иргэний хэргийн шүүх хуралдаанд ч өөрсдөө хариуцагчаар оролцоогүй, мэргэлцээгүй шүүхэд хүрэлцэн очоогүй тул шүүх хуульд зааснаар тэдний эзгүйд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байсан. Үүнд би яагаад буруутгагдаж ял шийтгэгдэх ёстой юм бэ. Яг үнэндээ “Номгон ургац” ХХК-аас Д трактор, хадуур зээлээр авч төлбөрийг төлөөгүй удааж иргэний журмаар шийдвэрлүүлсэн асуудал болон Д бид хоёрын трактор, хадуур зээлээр бие биедээ худалдсан асуудал хоёр юугаараа ялгаатай болоод миний асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэж надад ял өгөөд байгааг ойлгохгүй байна. Би худал хэлээгүй, түүнийг мэхлээгүй, тийм санаа сэдэл ч байгаагүй. Анхан шатны шүүх бид хоёрын асуудлыг шударгаар, хараат бусаар шийдвэрлэж өгнө гэдэгт миний бие маш их найдаж байсан юм. Бидний хоорондын хамтын ажиллагаа зээлээр худалдах, худалдан авах харилцааг эрүүжүүлж иргэний журмаар шийдвэрлэх асуудлыг хууль, цагдаагийн танил талын сүлжээгээ ашиглан яллаж трактор, хадуурын төлбөрөө бүрэн төлсөөр байтал хатуу ял шийтгэсэнд гомдолтой байна. Би төлбөрийг төлнө гэж бодож бас хэлж ч байсан. Давж заалдах шатны шүүх надад холбогдох хэргийг олон талаас нь сайтар хянан үзэж иргэд хоорондын худалдах, худалдан авах харилцаатай асуудал тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Ш.Тыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзнэ. Үйл баримтын хувьд иргэний эрх зүйн харилцаа буюу зээлээр худалдах худалдан авах хэлцлийг хийсэн байна. Хэлцлийн бүх нөхцлийг харилцан тохиролцсон гэж үзнэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.1.1-д “хэлцлийн гол нөхцлийг талууд хэлэлцэн тохиролцсон” гэсэн бөгөөд талууд харилцан тохиролцоод худалдагч тал аваачиж өгсөн зардлыг худалдан авагч гаргасан, 72.000.000 төгрөгөөр тохиролцсон, урьдчилгаа 9.000.000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр талууд гол нөхцлөө тохиролцсон гэж үзнэ.

Мөн хуулийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэснээр тодорхой үйлдлээр аваачиж хүлээлгэн өгсөн нь бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байна. Ийм учраас иргэний эрх зүйн худалдах, худалдан авах харилцаа үүссэн нь гэмт хэргийн шинжгүй үзнэ.

Асуудал нь урьдчилгаа 9.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүйд байна. Гэхдээ үлдэгдэл төлбөрийг төлүүлэх олон механизм байдаг. 2019-2020 онуудад огт уулзаагүй, утсаар ярьж холбогдоогүй. Мэдээж худалдан авагч тал мөнгөний боломжгүй байсан Ковид-19 таарсан гэх мэт шалтгаан хэлнэ. Үлдэгдэл төлбөр төлөөгүй асуудал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж биш иргэний эрх зүйн харилцаа юм. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах Иргэний хуулийн зохицуулалт үйлчилнэ. Эд хөрөнгөө байгаа газрыг мэдэж байгаа учраас өөрийнх гэдгээ нотлон очиж авч болох байсан, нэмэлт гэрээ хийж анз, алдангийн асуудлыг шийдэх боломж байсан.

Залилах гэмт хэргийн шинжгүй талаар:

Нэгт: Анхны тохиролцоо бүгд хийгдсэн, худалдан авагч оргон зугтаагүй, бусдын эзэмшилд авсан зүйлээ шилжүүлээгүй өөртөө хадгалж, ашиглаж, Цээл сумандаа ажиллаж амьдарч байсан. Очоод авах боломжтой, нэмэлт гэрээ хийх боломжтой, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж бүрэн байсан. Худалдагч та энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь худалдан авагч тал эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хоёрт: Зээлээр худалдах худалдан авах хэлцлийн үр дүнд үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй асуудал үүссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолд “гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үйлдэл бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог” гэж тайлбарласан байна.

Тэгэхээр субьектив санаа зорилго байсан уу, санаатай гэмт хэрэг мөн үү гэдэг асуудал яригдана. Бодит байдалд трактор, тармуур шүүгдэгчид хэрэгтэй байсан уу хэрэгтэй байсан, хохирогчид зарах шаардлага байсан уу байсан. Мөн хамтарч ажиллах санал тавьж хамтран ажилласан гэдгээ хохирогч, шүүгдэгч нар нь мэдүүлдэг. Тэгэхээр субьектив санаа зорилго байхгүй, санаатай гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Ш.Тын хувьд трактор, чиргүүл анх хаана авсан тэндээ байсан, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй л асуудал юм. Гэхдээ тайлбарт дурдсан субьектив шинж буюу субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх нь залилан мэхлэх гэмт хэргийн субьектив шинж чанар юм.

Шүүгдэгч Ш.Т нь залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, хохирогч нь хамтран ажиллаж байхдаа тохирсон ажилдаа хайнга хандсан, захиалагч нарын ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй ажлаа орхин явснаас шүүгдэгчид хохирол учирсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэргийг “өөрийн үйлдэл, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тэрээр санаатай гэмт хэрэг үйлдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 634 дугаар тогтоолд “аливаа боломжгүй гэм буруу нь ...эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох ...урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Санаатай гэмт хэргийн тухайд зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг гэсэн. Ш.Т нь хэлцэл хийсэн ковид болон бусад шалтгаанаар төлбөрийг төлөөгүй удаасан үйлдэл нь мэдэх ёстой байсан, хайхрамжгүй хандсан хэлбэрээр илэрсэн гэж үзнэ. Харин санаатай гэмт хэрэг хийгээгүй, буюу хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй болно. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар тогтоолд зааснаар гэрээний харилцаа нь гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн бөгөөд иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн, гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, харилцан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэхгүйгээс эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Иймд Ш.Тыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Гуравт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу аман хэлцэл хийгдсэн, үлдэгдэл төлбөр төлөөгүй үйлдэл нь гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй тул бодит байдалд нийцүүлэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай, нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, ноцтой зөрүүтэй, тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулахаар давж заалдах гомдол гаргалаа.

Нэг: Маргааны үүсэл, шалтгаан нөхцлийн талаар:

Хэргийн нөхцөл байдлын тухайд миний үйлчлүүлэгч Ш.Т нь Дгээс зээлээр 3 трактор, 2 хадуурыг зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийж 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 9.000.000 төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн урьдчилгаанд шилжүүлж үлдэгдэл төлбөрийг дараагийн ажлаас өгөхөөр харилцан тохиролцсон, энэ талаар хохирогчийн болон Ш.Тын мэдүүлэгт тусгагдсан болно. Түүнээс гадна Ш.Т, Д нар нь хамтран тариалангийн ажил явуулхаар харилцан тохиролцож, зарим ажлуудыг бодитойгоор эхлүүлсэн боловч тариалалтын баг ахлан ажиллах үүрэг хүлээсэн Д нь ажлын хариуцлага алдаж, архи байнга хэрэглэж бусдын өмнө хүлээсэн үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй тул захиалагч нар арга буюу хамтран ажиллахаас татгалзаж, анх тохиролцсон хэмжээний хөлс өгөөгүй, мөн Д ч ажлаа орхин буцсан. Д хэрхэн ажлын хариуцлага алдаж, хэд хоногоор архи ууж, ажил цалгардуулж байсан нь Ш.Т /1хх-ийн 93-94 тал/, Ц.Ш нарын мэдүүлэг /1хх-ийн 98-99 тал/-үүд, гэрч Б.Мөнхсайхан /1хх-ийн 109-110 тал/, Дгийн өөрийнх нь мэдүүлэг /1хх-ийн 85-р тал/-ээс тодорхой харагддаг. Гэрч Б.Мөнхсайхан 1-р хавтаст хэргийн 109-110-р талд Д ах бол архи уучихдаг байсан, нэг уухаараа бол нэлээд хэдэн хоног уучих гээд байдаг юм байна лээ. Завхан аймгийн Их уул суманд ажиллаж байгаад эхнэр, бага хүүхэд хоёр нь буцсаны дараа архи уугаад шоконд ороод тариа, дусал хийлгэж байгаад гайгүй болсон. Тэгээд архи, дарс уугаад явчхаараа бол Ч.Пүрэвбаатар бид хоёрыг орхиод явчихдаг байсан. Тэр үед бол өөрөө нэг жижиг суудлын машинтай хамт явдаг байсан. Тэр машинтайгаа гадуур уугаад явчихдаг, хаагуур хэнтэй ууж идэж явсныг нь мэдэхгүй, тэгээд тухайн үед би Ш.Т ахтай утсаар яриад Д ах архи, дарс хэрэглээд байна гэж хэлэхэд Ш.Т ах өөрөө хүрч ирээд Д ахыг Улаанбаатар хот руу явуулаад Ч.Пүрэвбаатар, Ш.Т ах бид 3 үлдсэн ажлаа дуусгаад буцсан гэж мэдүүлсэн.

Хоёр иргэний хоорондын зөрчил, үл ойлголцол ингэж л эхэлсэн. Үндсэн ажлаа хийхгүй, олон хоногоор архи ууж, жолооны эрхээ хасуулж, техник эвдэж, худлаа ярьж, хамгийн гол нь хийх ажлын захилгыг цуцлуулсан үр дагавар гаргасан шалтгаанаар Ш.Т Дгээс хохирол нэхэмжлэх, төлбөр харилцан тооцох эрхтэй гэж ойлгосон, харин Д зээлээр худалдсан трактор, хадуурын төлбөрөө шаардсан ба иргэний эрх зүйн үүргийн гүйцэтгэлээс үүдэлтэй харилцан үл ойлголцол үүссэн. Энэ нь Иргэний эрх зүй дэх зээлээр худалдах, худалдан авах, хамтран ажиллах харилцаанаас үүдэлтэй үүргийн зөрчил болно.

Хоёр: Ш.Тын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжгүй талаар:

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхээс Ш.Тын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнд гэмт санаа зорилго байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй бөгөөд түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Ш.Тт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Ш.Т нь 3 трактор, 2 хадуурыг зээлээр худалдан авч үнийг хожим төлөхөөр, мөн Дтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон нөхцөл байдал баримтаар тогтоогдож байна. Харин дээр дурдсанчлан хохирогчийн хайнга хариуцлагагүй нөхцөл байдлаас үүдэн захиалгын ажлаа дуусгаагүй, бусдаас төлбөрөө авч чадаагүй, дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал, хохирогч төлбөрөө нэхэмжлээгүй, шаардлага гаргалгүй удаан хугацаанд алга болсон, мөн Ш.Т болон түүний аавын зүгээс санал болгосон өвсийг төлбөрт тооцож авахаас татгалзсан, хэрэглэгдэж байсан трактор, хадуурыг багасгасан үнээр тооцож төлбөрт өгөх саналыг хүлээн аваагүй зэрэг Ш.Таас үл хамаарах бодит шалтгаанаар Дд мөнгийг нь тохирсон хугацаандаа төлж чадаагүй ба үүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрээ хэлцлийн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэггүй. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгааалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой тайлбарласан бөгөөд Ш.Т, Д нарын хоорондын төлбөр тооцоо удааширсанд дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний хүчин зүйл, хорио цээрийн дэглэм ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн байдаг.

Зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд Ш.Тын хийсэн гэх үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч хийсэн /хэт яллах талыг баримтлан/ боловч Ш.Т гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй. Зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд Ш.Тын хийсэн гэх үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч хийсэн /хэт яллах талыг баримтлан/ боловч Ш.Т гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Гэтэл шүүх субъектив тал буюу Ш.Тын санаа зорилгын шинжийг бүрэн орхигдуулж зөвхөн тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй удаашруулсан, хохирол учирсан гэх үр дагаврын шинжийг л гол болгон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь буруу юм.

Гурав: Хэргийг хэт нэг талыг баримтлан шалгасан ч Ш.Т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй талаар:

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой байдаг. Гэрээ хэлцэл нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэх явцад эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй талаар Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан. Гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалсан маргаантай асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь хэлцлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нь илэрхий байхад Ш.Тт Эрүүгийн журмаар хэрэг үүсгэн, ялласанд гомдолтой байна. Д нь “Конкретемашин продакшн” ХХК-аар “Номгон Ургац” ХХК-ийн захирал Б.Цогтбаяртай трактор, хадуур зээлээр худалдах, худалдан авах харилцаанд орж, уг зээлийн төлбөрийг төлөхгүй удаашруулсан ба үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлсэн байдаг.

Гэтэл Ш.Т, Д нарын хооронд трактор, хадуур зээлээр худалдах, худалдан авах харилцаа нь дээрхтэй яг ижил байхад хэргийг Эрүүгийн журмаар шалган шийдвэрлэж Ш.Тт ял оногдуулсан нь үндэслэлгүй юм. Нэмж дурдахад ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хянан хэлэлцэхэд Д нь хариуцагчийн хувиар шүүхэд хүрэлцэн очоогүй, мэтгэлцээгүй бөгөөд шүүх хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн. Шүүхээс шийдвэрлэсэн төлбөр алданги бүгд Ш.Тын үйлдэлд хамаатай биш ба хохирогчийн гол ашиг сонирхол нь авах төлбөр дээрээ нэмж, хууль хяналтын байгууллагаар дарамт, шахалт үзүүлж өөрийн хариуцах ёстой алдангийг бүхэлд нь Ш.Таар төлүүлэх л сэдэлтэй байсан. Иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, зээлийн гэрээ, зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн үүрэгтэй холбоотой эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, бүх нийтийн хорио цээрийн дэглэм зэрэг нөлөөлсний улмаас төлбөрийг бүрэн гүйцэд төлж чадаагүй, төлбөр төлөх хугацааг удаашруулсан үйл баримтыг иргэний эрх зүйн маргаан гэж үзэж Ш.Т, Д нарын хооронд үүссэнтэй адил маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэдэг.

Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанаар түүнчлэн Эрүүгийн хуулийн хэрэглээнд тогтож хэвшсэнээр залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч, мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг бөгөөд энэ гэмт санаа нь тухайн хүн үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө төрсөн байхыг шаарддаг. Гэтэл Ш.Т хэнийг ч, ямар ч байдлаар хуурч мэхлээгүй, ямар ч зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгоогүй, төлбөр гэх санаа зорилготой байсан гэх нотлох баримтын үндэслэл байхгүй, харин ч төлбөр төлж барагдуулах хувилбарыг санал болгосон, урьдчилгаа төлбөр төлсөн байдаг. Тэрээр төлбөрийн зарим хэсгийг анхнаасаа дараа төлөхөөр тохиролцсон, үүнийг Д ч өөрөө мэдүүлдэг, тодорхой шалтгаан, эрсдэлт байдлын улмаас төлбөр төлөлт удааширсан, хохирогч ч өөрөө удаан хугацааны туршид төлбөрөө нэхэмжлэхгүй алга болсон. Бүх бодит нөхцөл байдлаа хэлж, захилга авч тариалалт хамтарч хийх талаар тохиролцсон. Энэ нь хохирогч Дгээс шалтгаалж хэрэгжүүлээгүй. Энд онцлон анхаарал хандуулах нэг зүйл байгаа нь Ш.Тын талаас төлбөр төлөх талаар тодорхой хэлж, хуучин тракторыг нь өгч зөрүү төлбөр нэмж өгөх, мөн өвсөөр төлбөр төлөх талаар санал болгож байсан, энэ нь хохирогч нар гэрч Б.Штай уулзахдаа нууцаар хийсэн бичлэгт тусгагдсан ба үүнийг нотлох баримтаар хохирогч тал өөрсдөө гарган өгсөн.

Тодруулбал 1-р хх-ийн 53-64-р талд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д, Э.Хунтогос нар Ц.Ш гуайтай уулзахдаа нууцаар хийсэн бичлэгт “...чи тэгээд чимээгүй алга болсон, би чамайг өнөөтхөнд нь юугаа аваа тэгээд барагдуулаад иймээ, тиймээ гэсэн асуудлыг ярьсан санагдах юм..., ...ингээд өвс гараад ирнэ ээ, өвсөө тээвэрлээд аваад борлуулаад ингээд юугаа хий... би бол өгөхгүй гэж хэлээгүй шдээ, хуулийн байгууллагад чамд ч хэлэх зовлон байгаа, надад ч хэлэх зовлон байгаа, яагаад хэдэн жил алга болчив..., 4 жилийн дотор бол 4 жил хүлээсэн. ...аан чи одоо ямар бололцоо байна гэхийн бол машинаа аваад ир газар дээрээс нь үнээр нь тэрийг аваад яв... ямар ч хэл чимээгүй байж байгаад гэв гэнэтхэн машинтай хүрч ирээд би ачлаа, авлаа, явлаа..., чи болиоч муухай байгаа байхгүй юу худалдах, худалдан авах харьцаа үүссэн байгаа юм аа... ганцхан барагдуулах талын асуудал л наана, цаана байгаа... яагаад өмнө нь хүрээд ирдэггүй юм бэ яагаад хууль шүүхийн байгууллагад хандахаас өмнө хүрээд ирээгүй юм бэ...” гэх яриа бичигдсэн байна. Энэ баримтаас тухайн трактор, хадуурын төлбөрийг төлөхгүй гэсэн санаа зорилго байхгүй, харин ч тухайн үеийн боломжит нөхцөл болох өвсөөр төлөх, техникийг тухайн үеийн байдлаар нь өгч зөрүү тохиролцох санал хэлсэн, мөн удаан хугацааны туршид хохирогч төлбөр авах талаар хандаагүй атлаа гэнэт цагдаагийн байгууллагад хандсан байдал харагдаж байгаа ба тухайн маргаан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэдгийг энэ баримт улам бүр нотолж байгаа юм.

Хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй хохирогч, түүний эхнэрийн мэдүүлгээс өөр Ш.Тыг буруутгах бичмэл нотлох баримт байхгүй, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа, хийгдээгүй гэж үзэхэд хилсдэхгүй бөгөөд шүүгдэгч Ш.Т, хохирогч Д нар хэн аль нь бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн, зарим талаар хохирогч нь Ш.Тын гэм буруугүйг нотолсон мэдүүлгүүдээс өөр нотлох ажиллагааны үр дүнг бататгах зүйлгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг эсрэгээр үнэлэн, миний үйлчлүүлэгч Ш.Тыг буруутгасан хууль зүйн дүгнэлт хийсэн буруу гэж үзэж байна.

Дөрөв: Ш.Т хохирогчийг хуурч, мэхлэх, итгэлийг нь эвдэх үйлдэл хийгээгүй, түүний үйлдэлд гэмт хэргийн объектив талын шинж байхгүй талаар:

Ш.Т нь хохирогч Дг хэрхэн хуурч мэхлэсэн, мөн итгэл эвдэх ямар үйлдэл гаргаж, энэ нь түүнд чиглэсэн ямар идэвхтэй үйлдлээр илэрч байгаа талаар анхан шатны шүүх тодорхой дүгнээгүй, хэрэгт үүнийг нотолсон баримт огт байхгүй. Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй ба энэ нь хууль хэрэглээний практикт ч нэгэнт хэвшиж тогтсон ойлголт юм. Ш.Тын гэм бурууг нотлох баримт хэрэгт хүрэлцээтэй биш, хангалттай ч биш. Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Хэрэгт миний үйлчлүүлэгч Ш.Тыг буруутгах гэж хэт улайрч, зөвхөн яллах талыг барьж шалгасан нь илэрхий харагдах бөгөөд Ш.Т тариалалтын ажил хийлгэхээр “Завхан Азза” ХХК захирал н.Болд, Сэлэнгэ аймгийн н.Булган гэх залуу, Завхан аймаг Их уул суманд н.Гансүх гэх тухайн үед сумын Засаг дарга байсан хүн захиалга өгсөн байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсээр байтал эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Энэ нь тухайн хэргийн шалтгаан нөхцөлд шууд хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан “Нотолбол зохих байдал” болно. Үүнийг шалгах нотлоход чиглэгдсэн ажиллагааг мөрдөгч хийгээгүй, хэрэгжүүлэхийг ч хүсээгүй, харин хяналт тавьж байсан прокурор Э.Уранчимэг удаа дараа яллагдагчаар татах саналыг хуулийн үндэслэлтэйгээр татгалзсан, бүр хэргийг хааж шийдвэрлэсээр байтал хэрэгт ач холбогдол бүхий ганц ч шинэ нотлох баримт нэмж хавсаргаагүй атлаа өмнөх баримтаараа яллагдагчаар татах санал дахин давтан гаргаад байсан нь хэргээс харагдана. Энэ нь хэрэгт мөрдөгч илт хувийн сонирхлоор хандсаныг, мөн хэт нэг талыг барьж шалгасныг нотолж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэррлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан бөгөөд энэ үүргээ мөрдөгч, прокурор ч хэрэгжүүлээгүй цагаатгах хөнгөрүүлэх талын баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар огт санаачлага гараагүй.

Тав: Шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн итгэл, үнэмшил, түүний үндэслэл нотолгоог хэрхэн тусгах шаардлагуудын талаар тодорхой зохицуулсан. Анхан шатны шүүх хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, мөн хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал Ш.Тын үйлдлийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг ямар баримтад үндэслэн хэрхэн дүгнэсэн талаар хянан шийдвэрлэсэн хэрэг, гэм буруутайд тооцогдсон хүний үйлдэлд хамааруулж тухайн тохиолдолд дүн шинжилгээ хийж тусгаагүй, зөвхөн Эрүүгийн хуулийн албан болон албан бус тайлбар ном сурах бичигт залилан мэхлэх гэмт хэргийг хэрхэн тодорхойлж тайлбарладаг талаар л дурдсан, харин тухайн хэрэгт энэ нь хэрхэн нийцэж, хэрхэн нотлогдож байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт өгөөгүйгээс гадна агуулгын болон техникийн шинжтэй алдаа цөөнгүй гаргажээ.

Шүүхийн шийтгэх тогтоолоос харахад Ш.Тыг гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэж дүгнэсэн мэт боловч энэ аргаар үйлдэгдсэн гэж үзэх хамгийн гол шинж болох гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан гэдгийг хэрхэн ямар нотлох баримтад үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй, нотлоогүй байна. Ш.Тын тухайд тариалалт хийх талаар гэрээ хэлцэл, тохиролцоо нь бодитой байсан, зарим ажлыг захиалгын дагуу бодитойгоор хэрэгжүүлж байсан ч хохирогчийн хайнга, хариуцлагагүй байдлаас болж гэрээ цуцлагдсан байдаг. Ш.Тт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авсан гэх шинжийг агуулаагүй, түүний үйлдэлд залилах гэмт хэргийн субъектив болон объектив шинж үгүйсгэгдэж байгаа болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Миний үйлчлүүлэгч бусдыг хуурч мэхлэх ямар ч үйлдэл хийгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Ш.Т болон Д нар нь амаар тохиролцсон хийх ёстой ажлаа хийсэн бол өнөөдрийн нөхцөл байдалд хэн нь ч хүрэхгүй байсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогч Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Тт төлбөрөө төлөх 4-5 жилийн хугацаа байсан ч огт төлөөгүй. Надтай 1-3 жилийн хугацаанд төлбөрөө төлөхөөр тохиролцсон гэж худлаа хэлж байна. Би энэ хүнд гэрээгээ хийе гэхээр тамгаа орхисон байна гээд хийдэггүй байсан. Аргаа ядаад би техникээ авахаар 2-3 удаа очиход өгөөгүй зодчих гээд их муухай залилан хийсэн. Би Ш.Таас болж маш их хохирсондоо гомдолтой байна гэв. 

Хохирогч Дгийн өмгөөлөгч Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ш.Т нь Дг төгс төгөлдөр залилсан. Ш.Тын аав нь сургалт явуулаад, Д техниктэй гэдгийг нь мэдээд худалдан авна, эхний тариалалтаар төлбөрийг нь барагдуулна гэж итгүүлсэн. Мөн архи уусан гэвэл тариалсан царгас нь ургаагүй. Миний үйлчлүүлэгч крантай машин хүртэл түрээслээд техникээ хүргэж өгсөн. Аргаа ядаад трактор, хадуураа авах гэхээр аав нь цагдаа, шүүхээрээ яв наадах чинь  миний хүүгийн өмч гээд өгдөггүй байсан ба өмнө нь нэг ч удаа өвс болон техникийг буцааж өгөөд зөрүү төлбөр төлөх талаар санал тавьж байгаагүй. Хүмүүс хүртэл Ш.Т тариан талбай дээрээ явж байна гэж хэлэхээр нь яваад очихоор зугтаагаад уулздаггүй байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч , хохирогч нар трактор, хадуур худалдах худалдан авах аман хэлцэл хийж хохирогч Д нь Дорнод аймгаас шүүгдэгч Ш.Тт авчирч өгсөн. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ш.Тын өөрийнх нь дансаар 580 гаруй сая төгрөг, эхнэрийнх нь дансаар 163 сая төгрөг, түүний “Хүүлэй Хааны Хишиг” ХХК-ийн дансаар 302 сая төгрөгийн орлого орсон байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Тын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Тт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Л.Данзанноров нарын  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Төв аймгийн прокурорын газраас Ш.Тыг бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дгээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 72.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Дэлгэрмөрөнг томилсон[1], шүүгч Ж.Дэлгэрмөрөн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага үүссэн гэх үндэслэлээр түүнд өмнө нь хянан шийдвэрлэхээр хуваарилагдсан хэргүүдийн шүүх хуралдаан даргалагчийг эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн дагуу санамсаргүй байдлаар дахин шүүгч нарт хуваарилж шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх томилохоор тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолоор[2] шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу Ш.Тт холбогдох хэргийн шүүх хуралдаан даргалагчаар тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ЕШЗ/35 дугаар захирамжаар[3] албажуулан, шүүгч Ю.Энхмаа нь тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

Гэтэл уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн талаарх ямар нэгэн эрх зүйн акт хэрэгт авагдаагүй байхад шүүгч Ж.Дэлгэрмөрөн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж заасантай нийцэхгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэх ноцтой зөрчил ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хууль зүйн боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Ш.Тт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул энэ удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Тт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

                                          ШҮҮГЧИД                         Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 2-р хавтас 227-р тал

[2] хх-ийн 3-р хавтас 19-20-р тал

[3] хх-ийн 3-р хавтас 21-р тал