Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/01205

 

 

                              

 

 

 

2024 оны 03 сарын 07 өдөр                     Дугаар 102/ШШ2024/01205                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б

Хариуцагч Х.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Х.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

  2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.  Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Миний бие Х.Цтой 2011 онд танилцаад гэр бүл болж 10 гаруй жил хамтран амьдарсан.

Хариуцагч удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан. Өмнө нь би гэр бүл зохиож байсан бөгөөд дундаасаа нэг охинтой. Х.Ц бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Намайг хүүхэд гаргадаггүй гэж хэл амаар доромжилдог, Миний охиныг 3 настай байх үед бид хоёр танилцсан.

Хариуцагч хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй гэвэл би авахгүй байж болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2 машинаа нэг, нэгээрээ авч байна, гэжээ.

 

         4.Хариуцагч Х.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         4.1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

          Хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.

 

             

          5.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн мэдээлэл, Баянгол дүүргийн0 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, “Т” сургуулийн захирал Д.Ж-н тодорхойлолт, 0000-УЕО дугаартай тээврийн хэрэгслийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл

 

         6. Хариуцагч иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

         1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Гэр бүлээс гадуурх харилцааг хариуцагч удаа дараа үүсгэж байгаа тул цаашид хамт амьдрахад зан харилцаа, үзэл бодол нийлэхгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахаар ярилцсан” гэж тодорхойлов.

 

         3.Хариуцагч Х.Ц нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

        

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид 2011 онд танилцаж хамтран амьдраад 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ц.О төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, 0 дугаартай гэрлэлтийн лавлагааны хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.   

 

         6.Иймээс талууд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

         

         7.Талууд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

         9.Иймээс хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар нэхэмжлэгч маргахгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргаж байх тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин Ц.О-г эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         10.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

         11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

           

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тарвагачин овогт Х.Ц, Х.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

        

         2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ц.О-г эх Л.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

 

         3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй бодохыг дурдсугай.

 

         4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

     

         5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

         7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.    

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА