Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

 

 

 

 

 2023            6            02                                                   2023/ДШМ/40

 

 

Ц.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэрэнтогтох

Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Угийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Уд холбогдох эрүүгийн 2234005100555 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн У, 1995 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдраг 2 дугаар баг Хулхи гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Ц.У нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын  Байдлаг 2 дугаар багийн нутаг “Хулхи” гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газраас 2021 оны 10 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг нойтон мод унаган улмаар тайрч 169 ширхэг шургааг бэлтгэн, Hyundai Porter маркийн 32-07 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 5.782.471 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Ц.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Ц-гийн Уг “зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т овгийн Цгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т овгийн Цгийн Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т овгийн Цгийн Угээс нийт 17.347.413 /арван дөлөөн сая гурван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж ойн санд олгохоор,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Цгийн Угээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер-2” маркийн 32-07 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 11.645.000 /арван нэгэн сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар,

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн 169 /нэг зуун жаран ес/ ширхэг шургааг модыг улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэснийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгөтэй Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн 2234005100555 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Т овгийн Цгийн У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 169 /нэг зуун жаран ес/ ширхэг шургааг модыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т овгийн Цгийн Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.        

Шүүгдэгч Ц.У гаргасан давж заалдах гомдолдоо: Ц.У миний бие нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргйн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 129 тоот шийтгэх тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Миний бие энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлснээс хойш анхан шатны шүүхээр орж хэрэг асуудал шийдэж дуусах хүртэлх хугацаанд өмгөөлөгч аваагүй бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирлыг төлөх ёстой гэсэн ойлголт авснаас өөрөөр хэлбэл хууль зүйн мэдлэггүйн улмаас өөрийн эрх зүйн байдлаа дордуулсан байна. Хэрэв би гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд анхнаасаа хохирлоо нөхөн төлж барагдуулсан бол заавал хорих ял шийтгүүлж биеэр эдлэхгүй байх боломж байсан юм байна. Иймд эрх зүйн байдлаа дээрдүүлэх зорилгоор 129 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий гарсан байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Иймд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

  Шүүгдэгч Ц.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүх хуралдааны дараа гарсан хохирлыг төлнө гэж буруу ойлгож байсан. Одоо учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Нэмж байгальд мод тарина гэж бодож байгаа. Ар гэрийн ахуй амьдралыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уд  холбогдох хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Угийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ц.У нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын  Байдлаг 2 дугаар багийн нутаг “Хулхи” гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газраас 2021 оны 10 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг нойтон мод унаган, улмаар тайрч 169 ширхэг шургааг бэлтгэн, Hyundai Porter маркийн 32-07 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 5,782,471 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь

Иргэний нэхэмжлэгч С.Дашчойдонгийн “...Миний хувьд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх хэрэгт томилолтоор оролцож байна. Хэргийн талаар мэдэхгүй байна. ...гомдол байхгүй, харин үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж хэрэгт оролцоно..." гэх /хх-н 33/,

Иргэний нэхэмжлэгч Т.Алтангэрэлийн “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр байсан байх У над дээр ирээд мод бэлдчихсэн унаа олдохгүй байна гэж гуйхаар нь зөвшөөрөөд хамт яваад Сант гэдэг газарт бэлдээд тавьчихсан байсан модыг нь саравчин дээр нь буулгаж өгсөн. Зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдээгүй, надад хэлээгүй...” гэх /хх-н 38/,

Яллагдагч Ц.Угийн “... Миний хувьд өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо надад нэмж ярих зүйл байхгүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх /хх-ийн 81/ мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 6/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-16/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07/351 дугаартай “...Ш.Туяагийн эзэмшлийн 32-07 УАВ улсын дугаартай porter2 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 11,645,000 /арван нэгэн сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг гарсан...” гэх /хх-н 46-65/,

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “...Нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 12х267707х1.8= 5,782,471 /таван сая долоон зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөг болж байна...” гэх /хх-ийн 68 дугаар хуудас/ дүгнэлтүүд,

 шүүгдэгч Ц.Угийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 94-98, 100, 110-111/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Уд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

Харин прокуророос Ц.Угийн дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь буруу болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн объектив талын шинж нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” байхыг шаарддаг. Шүүгдэгч У.Угийн 2021 оны 10 дугаар сард 40 ширхэг нойтон модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн газар нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа талаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан бичиг ирүүлсэн /хх-н 106-107/.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” зэрэг тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх бүрэн эрхийг Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлдэг.

Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Засгийн газарт уламжлах бүрэн эрхтэй.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аймаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно гэснээс үзэхэд шүүгдэгч Ц.Угийн зөвшөөрөлгүй 40 ширхэг нойтон мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, эд мөрийн баримт, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой болон давж заалдах шатны шүүхийн нэршлийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэнийг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч Ц.Угийн цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон есөн зуун дөчин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 945,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Уд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн заалт шинээр нэмж,

1 дүгээр заалтын “...Шүүгдэгч Т овгийн Цгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Т овгийн Цгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.” гэж,

2 дугаар заалтын “...Шүүгдэгч Т овгийн Цгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Шүүгдэгч Т овгийн Цгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т овгийн Цгийн Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,

5 дугаар заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгөтэй хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгөтэй хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөрөөг орон нутгийн орлогод оруулсугай.” гэж,

7 дугаар заалтын “...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т овгийн Цгийн Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэснийг “...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т овгийн Цгийн Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэж,

9 дүгээр заалтын “..Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.” гэснийг “...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж,

10 дугаар заалтын “...Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Цгийн Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэснийг “...Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Цгийн Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 1-10 хүртэл дугаарлалтыг 1-11 гэж дугаарлан тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Угийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон есөн зуун дөчин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 945,000 төгрөгийг түүнд оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 1,755,000/нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уг сулласугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                 ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ