Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/01204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/01204                        Улаанбаатар хот

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад     

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Б.Нийн, хариуцагч Г.Бд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

  3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Нэхэмжлэгч Б.Н, Г.Бтай  2007 оны 06 дугаар сарын 24-ний өдөр танилцан хамтран амьдраад 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Г төрсөн.

Нэхэмжлэл гаргах үед охин 11 настай байсан бөгөөд одоо 12 настай болсон. Талууд охин Б.Ггийн хамт Америк улсад амьдарч байгаад Г.Б үргэлжлүүлж амьдрах боломжгүйгээс шалтгаалан охиноо авч Монгол улсад ирсэн.

Охин сүүлийн жилүүдэд аавынхаа асрамжид байсан боловч аав нь өөр хүнтэй гэр бүл болж, дундаасаа хүүхэдтэй болоод охин гэр бүлийн хүчирхийлэлд нилээн эрсдэлтэй байсан талаар Америк улсад аамьдарч байгаа Б.Н мэдэх боломжгүй байсан.

Ээжтэйгээ охин фейсбүүк чатаар видео колл хийж ярихад аав нь байнга охины хажууд сууж байдаг, удаан хугацаанд ярьдаггүй, сайн уу? миний охин, хичээл ном сайн уу? хэрэгтэй зүйл байгаа юу? гэх мэт ярьдаг байсан учраас хүчирхийлэлд байгаа нь мэдэгдэж байгаагүй.

Гэтэл Г.Бгийн хамтран амьдрагч н.Б гэх хүн хорооныхоо хамтарсан баг, нийгмийн ажилтанд өргөдөл бичиж, цагдаагийн байгууллагаар баривчилгаа явагдсанаар мэдсэн.

Охин өнгөрсөн жилүүдэд их хэмжээний бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл дунд амьдарч байсан баримтуудаар тогтоогддог. Б.Нийн зүгээс Г.Бтай хүүхдийн асрамжийн талаар эвлэрэх ярилцах боломжгүй, охиноо өөрийнхөө асрамжид авч, ааваас нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

 

         4.Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

         4.1.Охин Б.Г 2017 оноос хойш буюу Б.Нийг орхиж явсан өдрөөс өдийг хүртэл надтай байнга хамт амьдарч, миний бие охиноо өсгөн хүмүүжүүлж байна.

         Эх болох Б.Н Америкийн  нэгдсэн улсад байхдаа орхиж яваад хүүхдээ асарч хүмүүжүүлж байгаагүй.

            Иймээс охин Б.Гг асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

 

         5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа:   

        5.1 Миний бие Г.Бгийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Учир нь:

         Г.Б, Б.Н нарын хувийн харилцаа, санхүү зэрэг бусад асуудлын талаар нарийн мэдэхгүй.

         Хүүхдийн хувь заяаны асуудлыг шууд шийдэх нь эргэлзээтэй байна.

          Хүүхдийг эцэг эхийн хэнд нь өгөх асуудлыг өөрийн зүгээс шийдвэрлэх боломжгүй ба би тодорхой шийдвэр гаргаж мэдэхгүй. Эрх, үүрэг танилцуулсан гарын үсэг зурахгүй гэжээ.

        

          6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         

  7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмжлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Ст олгосон итгэмжлэл, “М” сургуулийн тодорхойлолт, өмгөөлөгч Ж.Гтой байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

         

          8.Хариуцагчаас иргэний үнэмжлэхний хуулбар, хариу тайлбар, хариуцагчийн хаягийн мэдээлэл, Г.Н-д олгосон итгэмжлэл

 

          9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хариу тайлбар өгчээ.

         

          10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн 0 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлыг тогтоосон үнэлгээчин Б.М-н үнэлгээ,  2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйн сорилоор дүгнэлт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай Шийтгэврээр 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаарын бүртгэлтэй Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Баянгол дүүргийн 0 хороонд ирүүлсэн дуудлага, шуурхай мэдээлэл, хүүхэдтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл,Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлт, насанд хүрээгүй хүүхэд асуусан тэмдэглэл, Э.Б-н өргөдөл, Г.Б-гийн “Хаан” банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргээлэх тухай албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгийг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           

        1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                        

        2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Талууд Америк улсад хамтран амьдарч байгаад хариуцагч тэнд амьдрах боломжгүй болсон тул эх орондоо охинтойгоо ирсэн. Ингээд охин аавтайгаа амьдарч байх үед ээж нь охиноо хүчирхийлэлд өртөж байсныг мэдээгүй. Хариуцагчийн хамтран амьдрагч цагдаад мэдэгдснээр мэдсэн байдаг. Охин эрсдэлтэй нөхцөлд байгаа тул ээж нь асрамждаа авахаар шүүхэд хандсан” гэж тодорхойлов.

 

        3.Хариуцагч Г.Б “ Охинтойгоо 2017 оноос хойш хамт амьдарч, өсгөн хүмүүжүүлсэн. Эх нь орхиж яваад хүүхдээ асарч, хүмүүжүүлж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

        4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н “Миний бие шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж байна. Г.Б, Б.Н нарын хувийн харилцаа, санхүү бусад асуудлаар нарийн мэдэхгүй. Хүүхдийн хувь заяаны асуудлыг итгэлцлийн хүрээнд шууд шийдэх нь зөв. Эцэг, эхийн хэнд хүүхдийг өгөхийг шийдвэрлэх саналыг өөрийн зүгээс гаргаж мэдэхгүй байна. Тодорхой шийдвэр гаргаж мэдэхгүй тул эрх, үүрэг танилцуулсанд гарын үсэг зурахгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Н 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж танилцаад “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан бөгөөд түүний 0 дугаартай гар утас руу шүүгчийн туслах залгахад “би очихгүй, хүний амьдрал надад хамаагүй” гэх хариуг өгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

        7.Зохигчид 2007 онд танилцаж хамтран амьдраад, 2017 оноос эхлэн тусдаа амьдарч, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Г төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Б.С-н “Б.Г эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан”, “Монгени цогцолбор” сургуулийн сургалтын менежер Д.М-н “ Б.Г 0 ангид суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

        9.Талууд охин Б.Ггийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд маргаж байгаа ба энэ талаар гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

      10.Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгч 2017 оноос хойш Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд охин Б.Г эцэг Г.Бтай хамт амьдарч байсан талаар эх Б.Н маргахгүй байна.

 

       11.Талуудын хоорондын маргаан гол зүйл хүүхдийн асрамжийн тухайд охин Б.Г эцгийнхээ асрамжид байсан он жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэлд “...Г.Б эцэг байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...”, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлыг тогтоосон үнэлгээчин Б.Мөнхжаргалын “ Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бусад хүчин зүйл байна. Хүчирхийлэгч хүүхдийг бусдаас тусгаарлах, хорих үйлдлийг гаргаж хүүхдийн ээж, ээжийн талын хамаатнуудаас тусгаарлаж холбоо бариулдаггүй, хүүхэд аавынхаа дэргэд биеэ барьсан байдалтай, чөлөөтэй өөрийнхөөрөө ярилцаж чадахгүй, хичээлийн цагаас эрт очиж тарж ирээд гэрийнхээ гадна дундажаар 30 минут орчим сууж байгаад гэртээ ордог. Дуртай өнгийг асуухад хар гэж хариулсан. Үйлчлүүлэгч хүүхдийг өндөр эрсдэлтэй гэж үзэж асран халамжлах эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн” үнэлгээ, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйн сорилоор “...хүүхдээс 3 хүслийг асуухад ээжтэйгээ хурдан уулзаж хамт байх, дэлхий дээр бүх хүмүүс сайн байх, аз жаргалтай байхыг хүсэж байна, хүүхдийн түгшүүрийн индексийн түвшин өндөр, охин ахдаа 9, ээждээ 10, өөртөө 5.5, эмээдээ 7.9, н.Т дүүдээ 7.5 оноог өгсөн нь эерэг сэтгэгдэл төрүүлдэг хүн байдгийг тодорхойлж мөн аавыгаа зураагүй талаар тайлбарлахдаа аавдаа дургүй болохоор зураагүй гэж хариулсан” гэсэн дүгнэлт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай Шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар Г.Бг гэр бүлийн гишүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн тул 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж,14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан шийдвэр, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаарын бүртгэлтэй Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Баянгол дүүргийн 0 хороонд ирүүлсэн дуудлага, шуурхай мэдээлэл, хүүхэдтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн “охин Б.Ггийн асран хамгаалагчаар эх Б.Нийг тогтоох нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байна” гэх шинжээчийн багийн дүгнэлт, охин Б.Г “ ээжтэйгээ хамт амьдармаар байна. Уулзаагүй 8 жил болж байна” гэх насанд хүрээгүй хүүхэд асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

       12.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн амьд явах, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхтэй, Хүүхдийн эрхийн конвенцийн  3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эцэг, эх, хүүхдэд шаардагдах нөхцлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломж бололцоогоор хангах үндсэн үүргийг хүлээх ба хүүхдийг хамгаалах, тэдний төлөө хариуцлага хүлээж, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээж, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, үзэл бодолд нь хүндэтгэлтэй хандах, өөрийнхөө ирээдүйн төлөө сурч боловсрол олохоор зорилгоо биелүүлэхэд эцэг, эх туслах үүрэгтэй буюу мөн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд амьдарч байгаа нь баримтаар нотлогдож байх тул хүүхдийн орчин, ирээдүй, амьдралынхан хэмнэлийг зөв төлөвшүүлэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд охин Б.Г-г эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

                

       13.Шүүх охин Б.Г-г эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.Б-гаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Г-г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.    

 

        14.Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

        15.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

        16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   

         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Г-г эх Б.Н-ийн асрамжид үлдээсүгэй.

 

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Г-г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Г.Б-гаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-гаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

        5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Н-т даалгасугай

 

6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

       

         8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        

        9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА