Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0858

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* Ж*******  /*******/,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Маргааны төрөл: Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Д.Ж*******д 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот хариуг хууль бус болохыг тогтоолгох, 1 удаагийн тэтгэмжийн зөрүү 73,668,346 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах.

Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.

2.1 Нэхэмжлэгч Д.Ж******* нь ******* аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр 12 жил, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 6 жил, ерөнхий шүүгчээр 10 жил ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөж,

2.2. Түүнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжид ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар 181,668,436 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 108,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгожээ.

2.3. Нэхэмжлэгч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан байх ба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн.

Гурав. Маргаж буй үндэслэл буюу талуудын тайлбар.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие ******* аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр 12 жил, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 6 жил, ерөнхий шүүгчээр 10 жил ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр 5 дугаар сард тогтоолгосон. Нэг удаагийн тэтгэмжид ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар 181,668,436 төгрөгийг олгохоор тогтоосон болно. Гэтэл  2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр миний ХААН банк дахь дансанд 108,000,000 төгрөг орж ирсэн.

Надад олгогдоогүй 73,668,436 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... сарын дундаж цалин.." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

Албан тушаалын цалин нь: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь заалтаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл, тэтгэмж: Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. 

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолоор докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ж******* нь 73,684,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэргийн материалд авагдсан 36 сарын цалингийн түүврээс харвал 180,668,436 төгрөгийн үнийн дүнтэй байсан. Үүнээс ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны ******* дугаартай тушаалаар 180,668,436 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, төлбөрийн хүсэлтийн баримтаар 108,000,000 төгрөгийг  Г.Ж*******д 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс харахад 36 сарын цалингийн түүврээс Г.Ж*******гийн нэхэмжилсэн үнийн дүн, олгосон үнийн дүнг хасахаар зөрүүтэй харагдаж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүү хөрөнгө оруулалтын газраас хамгийн эцсийн байдлаар 73,668,436 төгрөгийг олгох боломжтой гэсэн тооцооллыг гаргаж өгсөн байгаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Сангийн сайдад удаа дараа төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах албан бичгүүдийг хүргүүлдэг. Төсвийн хуваарьт Сангийн яамнаас өөрчлөлт оруулж өгдөггүй. Тухайн шүүгч нарын тэтгэмжийн зөрүүг албан тушаалын цалин дээр төрийн алба хаасан хугацаа, онцгой нөхцөл, докторын зэргийн нэмэгдэл тооцсон дүнгээс тэтгэмжийг олгоё гэхээр төсвийн хуваарьт өөрчлөлт ороогүй болохоор төсөв байхгүй, олгох ямар ч боломжгүй байдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж******* нь ******* аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр 12 жил, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 6 жил, ерөнхий шүүгчээр 10 жил, нийт 28 жил шүүгчээр ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар Д.Ж*******г шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөхөд 1 удаагийн тэтгэмжид 181,668,436 төгрөг олгохоор шийдвэрлэсэн ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 108,000,000 төгрөгийг олгосон ба “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар сарын дундаж цалинг шүүгчийн албан тушаалын цалингаас тооцно” гэж, мөн “төсөвт тусгагдаагүй тул олгох боломжгүй” гэж хариуцагч тайлбарладаг.

Нэхэмжлэгч Д.Ж******* нь 1 удаагийн тэтгэмжийг дутуу олгосон хэмээн зөрүүг олгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, тус зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр татгалзсаныг хууль бус хэмээн эс зөвшөөрч, “1 удаагийн тэтгэмжийн зөрүү 73,668,346 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг[1] шүүх нэхэмжлэгч хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн гэж үзээд шүүхээс гарах шийдвэрийн төрөлтэй уялдуулан, хэрэгт авагдаж шүүх хуралдаанд үнэлэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгогдох 1 удаагийн тэтгэмжийг 181,668,436 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг хэрэглэхдээ “түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ”-нд шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаас гадна хуулиар тогтоосон нэмэгдлүүдийг тооцсон дүн байна. Харин  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 108,000,000 төгрөгийг 1 удаагийн тэтгэмжид олгосон нь түүний албан тушаалын цалин 3,000,000 төгрөгийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцсон дүн байна.  

2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан бөгөөд энэ маргааны гол эрх зүйн асуудал нь уг зүйл, хэсгийн “түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” гэснийг хэрхэн ойлгох талаарх асуудал байна.

3. Нэхэмжлэгч Д.Ж******* Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, тэтгэмжийг түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох бөгөөд энэ хугацаанд шүүгчийн цалингийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуусталх 36 сарын цалингийн дунджийг тооцох нь бодит байдалд илүү нийцэхээр байна.

4. Шүүгчийн эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой харилцааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна.   

4.1. Тэгвэл энэ хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хууль тогтоомжоор шүүгчийн цалинг хэрхэн тогтоосныг үзвэл, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна.” гэсэн хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” гэсэн хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйлчилсэн, өөрөөр хэлбэл 2019 оны 05 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуусталх энэ хугацаанд шүүгчийн цалин “албан тушаалын цалин, шүүгчийн нэмэгдэл / онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэхээр байна.

4.2. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоох Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлд төрийн албан хаагчийн цалин хөлсийг тодорхойлсон, тухайлбал 57.2.3-т шүүгчийн буюу төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлүүдээс бүрдэнэ гэж заагаад, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т иш татсан. 

4.3. Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоох Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж цалин хөлсний бүрдэл хэсгийг тодорхойлсон байна.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.4-т “Цалин хөлсний бүрэлдэхүүн “үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал” хамаарах”-аар, 2.1.1-д “Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тодорхойлох”-оор журамлажээ.

5. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасныг системчилсэн аргаар тайлбарлавал,

5.1 Энэ зүйл нь уг хуулийн “шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа” бүлэгт багтах бөгөөд шүүгчийн эдийн засгийн болоод нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг 46, 47 дугаар зүйлээр хуульчилсан, тодруулбал, шүүгчийн эдийн засгийн баталгаа болох цалин хөлсийг 46 дугаар зүйлийн 46.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.”, 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” гэж, нийгмийн баталгаа болох өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас, шүүгчээр ажилласан жил, өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг хэрхэн тооцож олгох зохицуулалтыг 47 дугаар зүйлийн 47.6, 47.9-д томьёолжээ.

Тодруулбал, шүүгчийн цалин нь албан тушаалын цалин болон шүүгчийн нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байх төдийгүй эдгээр нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байх зарчмын шаардлага энэ хуулиар тавигджээ.

5.2. Хөдөлмөрийн хөлс буюу цалинг тодорхойлсон хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг үзвэл Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээ ...” гэх тодорхойлолтод шүүгчийн албан тушаалын цалингаас гадна авч байсан цалингийн бүрдэл болох хуулиар тогтоосон нэмэгдлийг багтааж ойлгох нь уг бүлэг, зүйл, хэсгийн зорилгод болон энэ хуулийн зарчимд нийцэхээр, шүүгчийн эдийн засгийн болоод нийгмийн баталгааг хангахаар байна гэж шүүх үзлээ.

6. Энэ зохицуулалт нь дэлхий нийтэд түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой, Шүүгчийн хараат бус байдал ба түүнийг огцруулахгүй байх стандартад Европын зөвлөлийн сайд нарын хорооны анхаарлыг хандуулах тухай Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 2001 оны 1 дүгээр зөвлөмжийн Дүгнэлтийн 8-д Шүүгч ... тэтгэвэрт гарсан тохиолдолд хангалттай хэмжээний тэтгэмж, хөлс авах ёстой гэсэнд нийцжээ.

7. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” гэснийг үг зүйн талаас тайлбарлавал тухайн шүүгчийн авч байсан цалингийн хэмжээнээс тооцохоор байх бөгөөд тэрээр 2021 оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал шүүгчийн албан тушаалын цалин, шүүгчийн нэмэгдэл, 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал шүүгчийн албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг авч байсан нь шүүхийн захиргааны байгууллагаас гаргасан түүний цалингийн түүврээр тогтоогдоно, энэ дүнгийн хувьд талууд маргаагүй.

Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалинд шүүгчийн нэмэгдэл буюу цалин хөлсний бүрэлдэхүүнийг оруулсан хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нь үндэслэлтэй байна.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “сарын дундаж цалин” гэж ойлголтыг “албан тушаалын цалин буюу үндсэн цалин” хэмээн явцуу тайлбарлаж, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг зөвхөн үндсэн цалингаас  нь “дутуу” тооцож, “шүүгчийн нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл”-ийг оруулан тооцоогүй нь “түүний авч байсан сарын дундаж цалин” гэх ойлголтод нийцэхгүй, шүүгчийн эдийн засгийн болоод нийгмийн баталгаа зөрчигдөхөд хүрсэн байна.

Учир нь энэ заалт нь шүүгчийн нийгмийн баталгааны нэг төрөл бөгөөд шүүгчийг олон жил тогтвор суурьшилтай ажиллах эдийн засгийн үндсэн баталгаа болж, шүүн таслах ажиллагааг хариуцлагатай, үнэнч шударгаар хэрэгжүүлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор албан үүргээс чөлөөлөгдөх үед дэмжих зорилготой нэг удаагийн арга хэмжээ юм.

8. Хариуцагчийн тайлбарын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “үндсэн цалингаас тооцож нэг удаагийн тусламж олгох” зохицуулалт нь төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөхөд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ерөнхий заалт бөгөөд уг заалтыг шүүгчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан, шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөхөд түүнд олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцох нарийвчилсан зохицуулалтаас дээр эрэмбэлж шүүх хэрэглэхгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн буюу шүүгчийн эрх зүйн байдал, цалин, эдийн засгийн болоод нийгмийн баталгааг хангах, тэр дундаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөх үед нэг удаагийн тэтгэмж олгох, түүний хэмжээг тогтоох талаар нарийвчлан зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг энэ тохиолдолд шүүх хэрэглэнэ.

Иймээс шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөн Д.Ж*******д Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 1 удаагийн тэтгэмжийн дутуу олгосон зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот хариуг хууль бус гэж үзлээ.  

9. Дээр дүгнэсэнчлэн сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож тэтгэмжийн дүнг тодорхойлохдоо сүүлийн 36 сарын хугацаанд түүний авч байсан цалингийн дунджаар бодогдсон шүүгчийн нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулсан дүнгээс тооцох нь зүйтэй.

Тодруулбал, түүний Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар авч байсан шүүгчийн нэмэгдлийг 2021 оны 5 дугаар сараас 12 дугаар сар, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар авч байсан онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сараар тооцсон цалингийн түүврээрх 181,668,436 төгрөгөөс олгогдоогүй үлдсэн 73,668,436 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1 удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 1 удаагийн тэтгэмжийн зөрүү 73,668,346 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Ж*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА