Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/43

 

 

 

 

      2023          6            02                                                        2023/ДШМ/43                      

 

 

Х.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Энхбат

            Цагаатгагдсан этгээд Х.Э

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Батцэнгэл 

                        Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/124 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг үндэслэн Х.Э-д холбогдох эрүүгийн 1934010830007 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1966 оны 4 дүгээр сарын 02-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл 1, Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг, 2 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, Э,

Х.Э нь Төв аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө олж авах” гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалаар иргэн Б.Галбадрахыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Төв аймгийн Борнуур сум, Өгөөмөр 1 дүгээр баг, 2 дугаар гудамжны 5 тоотод 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг хонь хахуульд авсан,  

Мөн Б.Галбадрахыг “биеийн тамирын багшийн ажилд жинхлэнэ, эхнэрийг чинь ажилд авна” гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 онд 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг, 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд Б.Галбадрахаар автомашины граш барих ажил, үхрийн пин барих ажил, Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашигт сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Х.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт Хын Эг Төв аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1934010830007 дугаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдал үүссэн” гэж үзэж мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Эг цагаатгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, цагаатгагдсан этгээд Х.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ. 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Э нь Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө олж авах” гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалаар иргэн Б.Галбадрахыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр баг, 2 дугаар гудамжны 5 тоотод 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг хонь хахуульд авсан,

Мөн Б.Галбадрахыг “биеийн тамирын багшийн ажилд жинхлэнэ, эхнэрийг чинь ажилд авна” гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 онд 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг, 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд Б.Галбадрахаар автомашины граш барих ажил, үхрийн пин барих ажил, Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашигт сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэгт холбогдсон.

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн тухай шүүхийн цагаатгах тогтоолд:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад хэлцэгдсэн, шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Галбадрах нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллахаас өмнө тус сургуульд дадлагаар ажиллаж байхдаа Х.Эгийн нөхөр С.Пүрвээгийн ногоон дээр ажиллаж байхдаа танилцсан төдийгүй багшаар ажиллаж байх үедээ С.Пүрвээгийн гэрээр орж гардаг, түүний хийж байгаа ажилд тусалдаг, хариуд нь С.Пүрвээ нь тохирсон хөлсийг өгөхийн зэрэгцээ хэрэгцээт зүйлс өгч байсан зэрэг хуурай ах дүүгийн харилцаатай байсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно гэж тус тус хуульчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлэг өгсөн тэмдэглэл болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч нарын мэдүүлгүүд тус тус нотлох баримт юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зааснаар гэрч Б.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд  шүүх хуралдаанд өгсөн гэрч Г.Амгаланзаяа, С.Пүрвээ, Я.Батбаатар, Х.Нарантуяа, Х.Лида, Б.Батмандах нарын мэдүүлгүүдээр өөр өөр нөхцөл байдлыг бий болгож байна.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Галбадрахын удаа дараагийн мэдүүлгүүдийг шүүх хуралдаанд өгсөн түүний мэдүүлэг болон гэрч Г.Амгаланзаяа, С.Пүрвээ, Я.Батбаатар, Х.Нарантуяа, Х.Лида, Б.Батмандах нарын мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судлахын зэрэгцээ мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасны дагуу үнэлж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн нөхцөл байдал үүсэж байна.

Иймд шүүгдэгч Х.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Шүүхийн цагаатгах тогтоол хэт нэг талыг барьж гарсан өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Эгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан хүн болох С.Пүрвээтэй гомдол гаргагч Б.Галбадрахыг хуурай ах дүүгийн харилцаатай байсан гэж шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүгдэгч Х.Эгийн хувийн ашиг сонирхлын үүднээс Б.Галбадрах нь гэрч С.Пүрвээгийн гэрт үнэ хөлсгүйгээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Учир нь: Шүүгдэгч Х.Э нь Б.Галбадрахыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Б.Галбадрахаар автомашины гарааш барих ажил, үхрийн пин барих ажил, Сэлэнгэ аймагт хадлан хийх зэрэг ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулсан талаар Б.Галбадрах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Х.Э нь мэдүүлэхдээ “Б.Галбадрах надад 60.000 төгрөгийн өртэй байсан тэр мөнгөнийхөө оронд надад 1 тооны хонь өгсөн гэх, хонь өгснийг мэдээгүй, манай эгч Х.Нарантуяагийнд үлдээсэн байсан гэх, би хонины мах иддэггүй” гэх зэрэг харилцан зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд гэрч Б.Галбадрах нь шүүгдэгч Х.Эгаас 60.000 төгрөг зээлж авч байсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Гэтэл шүүгдэгч Х.Э, гэрч С.Пүрвээ нар нь Б.Галбадрахад хэзээ, ямар ажил үүрэг гүйцэтгүүлсний хариуд хэдэн төгрөгийн төлбөр тооцоо хийсэн, ямар хэрэгцээт зүйлс өгсөн, цалин хөлс өгсөн эсэх талаарх, нотлох баримт эрүүгийн хэрэгт авагдаагүй байхад С.Пүрвээ нь Б.Галбадрахад тохирсон хөлсийг өгөхийн зэрэгцээ хэрэгцээт зүйл өгсөн байсан болох нь тогтоогдсон гэж шүүхээс дүгнэж, шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг гүтгэж байгаа бөгөөд надад бусдаас хахууль өгөхийг шаардсан, авсан зүйл байхгүй гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Эгийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Х.Эг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн прокуророос яллаж байгаа хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж түүнийг цагаатгасан нь зөв болсон учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Х.Эд холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Энхбатын бичсэн эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Мөн материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Төв аймгийн прокурорын газраас Х.Эг Төв аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б/95 дугаар тушаал гарган иргэн Г.Галбадрахыг тус сургуулийн “Биеийн тамир”-ын багшаар түр томилохдоо нэг ширхэг хонь хахуульд авсан,

Б.Галбадрахыг “биеийн тамирын багшийн ажилд нь жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна” гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч, мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг, 2-5 тоот хашаанд Г.Галбадрахаар автомашины гарааш, үхрийн пин барих, Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүй ажиллуулж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.7-д тус тус заасан хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх анх гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргасан этгээд А.Вандан-Очир нь хахууль өгсөн, үнэ хөлсгүйгээр ажил хийсэн гэх Б.Галбадрахын хадам эцэг бөгөөд Г.Галбадрахын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 23 тоот магадлалаар шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосны дараа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон,

2016 оны 10 дугаар сард нэг хонь өгсөн гэх нь гэрч А.Вандан-Очир, Г.Галбадрах, Х.Нарантуяа, шүүгдэгч Х.Э нарын,

2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг өгсөн гэх А.Вандан-Очир, Б.Галбадрах нар мэдүүлдэг нь гэрч Г.Амгаланзаяагийн мөрдөн шалгах болон шүүх хуралдааны шатанд өгсөн,

Хашаандаа гарааш, үхрийн пин бариулсан гэдэг нь гэрч Ч.Батбаатар, С.Пүрвээ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Галбадрах нь тус сургуульд багшаар ажиллахаас өмнө дадлагаар ажиллаж байх хугацаандаа Х.Эгийн нөхөр С.Пүрэвийн ногоон дээр ажиллаж байхдаа танилцсан, багшаар ажиллаж байхдаа С.Пүрэвийн гэрээр орж гардаг, түүний хийж байгаа ажилд тусалдаг, хариуд нь С.Пүрвээ тохирсон хөлс, хэрэгцээт зүйлс өгч байсан зэрэг хуурай ах дүүгийн харилцаатай байсан нь тогтоогдсон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлгийг нотлох баримт гэж үзнэ, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрч Б.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд гэрч Х.Амгаланзаяа, С.Пүрвээ, Я.Батбаатар, Х.Нарантуяа, Х.Лида, Б.Батмандах нарын мэдүүлгүүдээр өөр, өөр нөхцөл байдлыг бий болгон, эргэлзэх үндэслэлийг үүсгэж байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т зааснаар Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй, тухайн хэрэгт тогтоогдоогүй нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон, буруу тайлбарлан хэрэглэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Гомдол мэдээлэл гаргагч этгээд нь өөртөө болон өөрийнх нь хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд ашиггүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол мэдээлэл гаргасан явдал нь хэн нэгнийг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг нь нотлох баримтын дамжмал төрөлд хамаардаг бөгөөд мэдүүлэг өгөгчийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсоны эцэст хэргийн бодит байдлыг тогтоодог. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гаргахад чиглэгдэн цугларсан нотлох баримтууд нь хоорондоо шууд болон шууд бусаар харилцан холбоотой байж, хэрхэн хэргийн үйл баримтыг тодорхойлон илэрхийлж байгаагаар нь нотлох баримтын цогц байдлыг үүсгэдэг хэмээн үздэг.

Гэтэл уг хэрэгт анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэлийн дагуу гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Амгаланзаяа, С.Пүрвээ, Я.Батбаатар, Х.Нарантуяа, Х.Лида, Б.Батмандах нарын мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлон, хэрэгт авагдсан ямар нотлох баримттай уялдан холбогдож байгаа гэдэгтэй нь харьцуулан үзэлгүйгээр уг мэдүүлгүүдийг зөвхөн гомдол гаргагч А.Вандан-Очир, гэрч Д.Галбадрах нарын өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдийг няцаах үндэслэл болгон Х.Эг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн гэх хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу тайлбарлан хэрэглэж холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”..., “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Эг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Г.Галбадрахын 2017 оны 8 дугаар сарын цалин болох 185.000 төгрөгийн авч захиран зарцуулсан, тус сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч “Баян тариалан” ХХК-аас 500.000 төгрөгийг хувьдаа авсан, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагаас зохион байгуулагдаж буй сургалтад оролцогчдын үдийн цайнд зориулагдан ирсэн 4.060.830 төгрөгийг болон тус сургуулийн БНСУ-ын Шүүхийн харьяа “Хүслийн аян” Олон Улсын сайн дурын байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хамтран ажиллах гэрээ дагуу санхүүжүүлсэн гэх 61.472.800 төгрөгийг сургуулийн нярав Ж.Баярмаагийн хувийн дансаар дамжуулан авч захиран зарцуулсан гэх үйлдлүүдэд нь Авлигатай тэмцэх газраас холбогдох ажиллагаануудыг хийсэн байхад прокуророос уг үйлдэл, холбогдлуудыг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр орхигдуулсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ, мөн хуулийн 32.3 дугаар зүйлээс 32.10 дугаар зүйл хүртэл прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар хуульчилсан.

Прокурорын хяналтын шатанд дээр дурдагдсан үндэслэлүүдийн талаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан үзэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх прокурорын шийдвэрүүд хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.  

Дээрх алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэлүүдэд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, энэ талаар бичсэн хяналтын прокурор Г.Энхбатын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/124 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Энхбатын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

           

                          ШҮҮГЧИД                                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

М.МӨНХДАВАА