| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0395/З |
| Дугаар | 128/ШШ2024/0862 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Маргааны төрөл: Илүү талбай хашаалсан, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, С.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Д******* ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо /33 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах 15000 м.кв газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмших эрх олгож, 2008 оны , 2018 оны дүгээр захирамжаар зориулалт өөрчлөн “ажилчдын зуслан”-ийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгажээ.
2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр маргаан бүхий тушаалаар “илүү талбайн зөрчилтэй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д******* ХХК нь 2003 оноос ажилчдын зуслангийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртаас хойш 20 км зайд байрлах, Шар хоолойн ам буюу “ ам” хэмээх газарт 1,5 га газрыг эзэмшиж байгаа билээ. 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгуулсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг 50,000,000 төгрөгөөр тогтоосон. Д******* ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу, газар эзэмших гэрээнд нийцүүлэн, газрын төлбөрийг зохих хэмжээгээр төлж барагдуулан ашиглаж байсан.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус шийдвэр болсон. Тодруулбал, тус захирамжаар Д******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо илүү талбайн зөрчилтэй гэж буруутган Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлүүдийг заасан:
Эдгээр үндэслэл нь бодит байдалтай тохирохгүй, захиргааны байгууллагын холбогдох алба, хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлж буй зарим албаны хүн мэргэжлийн бус байдлаар алдаатай мэдээллийг Засаг даргад өгсөнтэй, эсхүл бидний үл мэдэх өөр бусад шалтгаантай холбоотой гэж харагддаг.
Тухайлбал, “Д*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараагийн буюу ноцтой ямар ч зөрчлийг гаргаж байгаагүй байхад биднийг илүү талбайн зөрчилтэй гэж буруутгасан нь туйлын ойлгомжгүй байна. амнаас хууль бусаар мод бэлтгэх, буулгах, газрын зөвшөөрөлгүйгээр ашиглаж түр отог барих, байгаль орчныг бохирдуулах, Тэрэлж голоос эхтэй голын урсацыг бохирдуулах, зэрлэг болон ховордсон амьтад болох хүдэр, буга зэрэгт халдах эрсдэлээс урьдчилан сэргийлж иргэдийн хийсэн байгалийн модон хайсыг манай “Д*******” ХХК хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаа мэтээр Газрын албаны хүмүүс халдаан буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
“Д*******” ХХК, түүний удирдлага нь тухайн үйл ажиллагааны зорилго, санааг Монгол улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд дэмжсэн байр суурийг илэрхийлснийх нь төлөө Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж буруутгаж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байхдаа шууд хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдсан, эрх цуцалсан шийдвэрийг гаргаж, буруутгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг зөрчсөн.
"Илүү талбайн зөрчилтэй" гэх буруутгал нь бодит үнэнтэй нийцэхгүй. Д******* ХХК нь газрын кадастрын эргэлтийн цэг, түүнтэй холбоотой хил хязгаарын талаар газрын алба, бусад өөр хүн, хуулийн этгээдтэй ямар нэгэн давхцал, орц, гарц хаасан, илүү талбайн зөрчлийн талаар ямар ч хэрэг маргаанд татагдан орж байгаагүй, захиргааны болон зөрчлийн хэргийн журмаар илүү талбайн давхцал зөрчил тогтоогдож байгаагүй байхад боломжит бүхий л буруутгалуудыг багцалж бичсэн байдлаар дээрх захирамж гарсан байдаг. Тухайн яригдаж буй газар бол зэлүүд, дэд бүтэц байхгүй, зам тавигдаагүй, цахилгаан холболт ороогүй, айлууд олноор төвлөрсөн газар биш байхад яагаад ийм шалтгаан бичсэн нь тодорхойгүй, мөн энэ нь чухам газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн аль үндэслэл рүү нь оруулж бичсэн нь ойлгомжгүй болсон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх дараагийн буруутгал нь мөн л бодит байдалтай нийцэхгүй, захиргааны байгууллага өөрт хуулиар олгогдсон эрх мэдлийг зөв шударгаар хэрэгжүүлэх бус, дур зоргоороо үзэмжээрээ тайлбарлан хэрэгжүүлсний ээлжит нотолгоо болж байна. Тодруулбал, "Д*******" ХХК газрын төлбөрийг 2003 оноос эхлэн 2023 он хүртэл цаг тухайд нь барагдуулж ирсэн баримттай. Гагцхүү хууль бусаар нэмсэн 2020 оны төлбөрийг л төлөөгүй бөгөөд уг хууль бусаар нэмэгдсэн төлбөр нь 2019 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор батлагдаад 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор хүчингүй болгож, өөрчилсөн ба энэхүү өөрчлөлтийг дагаж мөрдөх, татвар төлөгчдөд мэдэгдэхийг үүрэг болгосугай гэж шийдвэрлэсэн. Мөн өдрөө тогтоолын Хавсралт 6-д баталсан ёсоор 15 бүсэд оруулан м.кв суурь үнийг 35 төгрөгөөр бодогдож 524,580 төгрөг болсон байхад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хүчингүй болсон, хууль бусаар нэмэгдсэн тогтоолын дагуу бодохдоо манай газрыг газрын бүсчлэл, итгэлцүүрээр “худалдаа үйлчилгээний зориулалт”-аар жилийн 4,185,519 төгрөг болтол өсгөж буруу бодсон, энэ талаарх өөрсдийн алдаагаа засахгүй байсан нь манай компанийг төлбөрөө төлдөггүй гэж дур зоргоороо буруутган харлуулах үндэслэл болсон. Газрын үнэлгээний мэргэжилтэнтэй удаа дараа уулзахад засахгүй орхигдуулж, 2020-2021 онд цар тахлын хорио цээртэй таарч байсан бөгөөд Татварын ерөнхий газраас татвар төлөгчидтэй уулзалт зохион байгуулж энэ ковидын хорио цээрийн үе татварыг үе шаттайгаар барагдуулахаар тохиролцсоны дагуу Баянзүрх дүүргийн Татварын албаны нэхэмжлэлийн дагуу үе шаттайгаар барагдуулна гэсэн албан тоот хүсэлтийг хүлээлгэн өгч газрын төлбөрүүдийг барагдуулж дуусгасан. Гэтэл эдгээрийг үнэн зөвөөр тооцон үзэхгүй газрыг маань цуцалж байгаа нь тухайн шийдвэр хуульд нийцээгүйг дахин нотолдог.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэл нь мөн л бодит байдалтай огтхон ч нийцэхгүй буюу уг шийдвэрийг Засаг дарга гаргахдаа ямар нэгэн үндэслэл баримтад түшиглээгүй, газрыг ямар ч хамаагүй аргаар цуцлах гэсэн ганцхан эрмэлзэлд хөтлөгдөж гарсан шийдвэр болохыг бэлхнээ харуулдаг. Учир гэвэл тухайн газрыг зориулалтын дагуу ашигласныг үгүйсгэх ямар ч боломжгүй, тухайн газар дээр 2000-д оны эхэн үеэс хойш зуслангийн байшин барьж ашигласаар ирсэн. Зундаа түр хугацаагаар гэр барьдаг байсан. Тэгээд хураадаг байсан. Хойд, гол хэсгээр гэр бариулдаггүй байсан. Онгон зэлүүд байдлаар нь хадгалах гээд 2 байшинг тойруулаад 3, 4 гэр барьж зусдаг байсан. Тухайн хэсэгт Тэрэлжээс эх авдаг Бугат гол урсаж байгаа, байгалийн ховордсон хүдэр гэж амьтныг байршуулсан нутаг. Бид байгалиа хамгаалдаг, байгальд хайртай хүмүүс. Түүнээс биш илүү хашаалж дотор байшин бариад зарах ч юм уу ямар ч шунал сэдэл байгаагүй. 25 жилийн турш тухайн газрын байгалийг хамгаалж ирсэн.
Иймд Д******* ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр халдсан, эрх зүйн зөрчилтэй, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр нийлсэн актаас харахад 2019 оны эхээр үлдэгдэлтэй гэж гаргасан байдаг. Мөн 2022 оны төлбөрийг 2023 оны төлбөртэй андуурч тавьсан байдаг. Тооцоо нийлсэн актын тухайд дүүргийн Газрын албанаас огт тооцоо нийлээгүй. Төлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор дуудаж ирүүлж байгаагүй. 2020 оны 4,185,000 төгрөгийг 2, 3 жилийн турш хөөцөлдөж өөрчлөгдсөн гэдгийг хэлэхэд төлбөрийн мэргэжилтнээс өөрчлөгдөөгүй энэ дүнгээрээ байна гэдэг. Эдгээр нэхэмжлэхүүд нь бүгд татварын нэхэмжлэхүүдийн дугаартай.
2020 онд үүсгэсэн 4,189,000 төгрөгийн үнийн дүнг 2023 он хүртэл зөвтгөх гээд 3 жил би явсан. Баянзүрх дүүргийн газрын албанаас энэ дүнгээрээ танайх төлнө гэж байсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын төлбөрийн мэргэжилтэнтэй уулзаад манай газрын төлбөрт үнэхээр 4,185,000 төгрөгийг төлөх ёстой юм уу гээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийг баримтжуулж асуухад “худалдаа үйлчилгээний зориулалтаар бодсон байна. 2,353,000 төгрөг төлөх ёстой” гэж засаж өгсөн. Зассан гэдгийг нь дүүргийн газрын албанд хэлэхэд “танайх 4,185,000 төгрөг төлнө” гээд татварын нэхэмжлэхийг ирүүлсэн байсан. 2, 3 жил явсаар манайхыг 2020 оны төлбөр төлөөгүй гэж харуулаад байгаа юм. Тийм учраас энэ буруу төлбөрөө засахгүй хугацаа алдаж явсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлд газрын албанаас хүлээн зөвшөөрч 2,353,000 төгрөг болгосон. 2021 онд үүсгэсэн гэж бичсэн байсан.” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Тухайн захиргааны акт нь Газрын тухай хуульд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй, Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлүүдээр гарсан. Захиргааны шийдвэр гаргах үйл явц нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэт явагдах ёстой гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн эсэх. Тухайн газарт амьдардаг С.Ц нь 2000 оны эхэн үед голын дагуу ховор хүдэр гэх амьтад амьдардаг байсан. Мөн хөл хөдөлгөөн ихтэй, хууль бусаар мод бэлтгэхтэй холбоотойгоор голын ойролцоо хэсгийг түр модон хайсаар хаалт хийсэн байсныг газрын албанаас Д******* ХХК нь удаа дараа Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн. Хариуцагчаас Засаг даргын захирамжийн хувийн хэрэг гэдэг зүйлийг гаргаж өгөөгүй. Үүнд С.Ц гэж иргэний гаргасан зөрчилтэй нь холбоотойгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж холбогдох арга хэмжээг авч болох байсан. Харин одоо иргэн С.Ц Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт албан ёсоор хандсан. Өнөөдөр шийдвэр гарах өдөр нь гэж хэлсэн гэхдээ шийдвэр нь гараагүй байгаа. Өөрийн гаргасан зөрчилдөө хялбаршуулсан журмаар хариуцлагаа хүлээе гэдэг саналаа прокурорт гаргаж прокуророос өнгөрсөн тав дахь өдөр хариу нь гарахаар байсан боловч дарга баталгаажуулаагүй шийтгэл оногдуулах хариуг нэг дэх өдрөөс гаргана гэж хэлсэн. Зөрчлийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашигласан тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авагдах ёстой байдаг. Уг арга хэмжээ авагдсанаар Д******* ХХК-ийн зааварчилгаагаар иргэн С.Ц даалгавар гүйцэтгэсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Хэн нэгний даалгавраар газрыг илүү хашаалж барьсан эсэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас тогтоох шаардлагатай байсан гэж үзэж байгаа. С.Ц гэрчийн мэдүүлэг өгөхдөө хашааг өөрийн санаачилгаар барьсан. Д******* ХХК-иас ямар нэгэн байдлаар надад зааварчилгаа, даалгавар өгсөн эсвэл ажилтан, ажил олгогчийн харилцааны үндсэн дээр хийсэн зүйл байгаагүй гэдгээ илэрхийлсэн.
Зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэл бодит байдалд тохирохгүй, 2001 оноос хойш боломжит хэмжээндээ ашиглаж байсан. Газрын ашигт чанарыг газар эзэмшигч хуульд зааснаар хэрхэн ашиглах нь эзэмшигчийн өөрийнх нь эрхийн асуудал. Жишээлбэл, газрын баруун хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө барьж бусад хэсэгт нь сагсны шийд, талбай, жорлон байгуулж, ямар зохион байгуулалтаар ашиглах нь эрхийн асуудал, түүнээс биш дүүргэлттэйгээр заавал барилга байгууламж барих ёстой гэсэн хуулийн тусгайлсан шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нь байшин барьж, хэдэн жилээр газраа ашигласан байхад ашиглаагүй гэдэг үндэслэлийг зааж байгаа нь Засаг даргаас шийдвэр гаргахдаа ямар үндэслэлийг заасан нь ойлгомжгүй.
Газрын төлбөрийн асуудалд хариуцагчаас үндсэндээ 4,000,000 төгрөгөөр тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Шийдвэрээ анх гаргахдаа 4,000,000 төгрөгөөр тооцож төлөх ёстой байтал хугацаандаа төлөөгүй гэж үзсэн. Түүнээс биш хувийн хэрэгт нь худалдаа үйлчилгээний зориулалтаар бодсон нь буруу ч зуслангийн зориулалтаар тооцоход хэдэн төгрөг төлөөгүй байгаа нь буруу гэсэн ажиллагааг Засаг даргын шийдвэр гаргах ажиллагаанд огт явуулалгүй хийсэн. Хариуцагчаас тооцоо нийлсэн акт гэх 2 удаагийн баримтыг өгсөн. Баримтуудыг харахаар төлсөн онуудад төлбөрийн үлдэгдэлтэйгээр бичиж, маргаантай дүнг ойлгомжгүй байдлаар бичиж гаргаж өгсөн. Д******* ХХК-ийн нэрийг биччихсэн, нэхэмжлэгч түүнийг нь харж байгаагүй, гарын үсэг зурж байгаагүй. Гэтэл түүнийгээ тооцоо нийлсэн акт гэж нэрлэдэг. Тооцоо нийлсэн актыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд талууд өр авлага байгааг харилцан хүлээн зөвшөөрч талууд баталгаажуулснаар тооцоо нийлэх үйлдэл хийгддэг. Анхан шатны баримтыг нотлох баримтаар өгөхдөө илэрхий алдаатай, төлбөр төлөгч тал нь зөвшөөрөөгүй байхад тооцоо нийлсэн акт мэтээр өгч, үүн дээр үндэслэж шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй шийдвэр гаргалт гэж үзэж байгаа.
Маргалдаж байгаа гол асуудал нь иргэн С.Цын дур зоргоороо илүү хашаалсан хэсэг газарт хэн нэгэн этгээдэд газар эзэмшүүлчихсэн тухайн этгээдийнх нь эрх ашиг сонирхлыг хөндсөн эсвэл газрын шинж чанар, байгаль орчны нөхцөл байдал, хөрсний төлөв зэргийг өөрчилсөн зүйл байгаа юм уу гэхээр байхгүй. Д******* ХХК-иас бусдын ашиг сонирхолд сөргөөр ашигласан гэх зүйл огт байхгүй.
Шийдвэрийг гаргахдаа бодит бус зүйлийг бодит юм шигээр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан тусгайлсан зохицуулалтыг хангаагүй гэдэг нь харагдаж байна. Хариуцагчаас төлбөр ногдуулалтын асуудал дээр юу ярьдаг гэхээр төлбөрийн үлдэгдэлтэй байна үлдэгдэлтэй бол буруу гэх зүйлийг ярьдаг. Төлбөрийн үлдэгдэлтэй байгаагийн үр дагавар нь газрын төлбөрийг төлөө гэх үндэслэл болдог. Тиймээс газрын төлбөр зөв эсэх, хэдэн төгрөгийн ногдуулалт хийсэн эсэх талаарх байр сууриа тодорхой илэрхийлэхгүйгээр, мөн ямар нөхцөл байдалтай байсныг харгалзаж үзэхгүйгээр шууд газар эзэмших эрхийг цуцалдаг. Захиргааны байгууллагаас буруу ажиллагаа хийсэн үү, тооцооллыг буруу гаргасан эсэх дээр дүгнэлт хийж нэхэмжлэхийн зөвөөр үүсгэж төлж өгсөн юм уу гэдэг асуудлууд шийдвэр гаргахад бүгд яригдах ёстой байсан гэж үзэж байгаа.
Захиргааны байгууллагаас алдаатай тооцоолол хийсэн тохиолдолд түүнийгээ засаад танай нэхэмжлэхийг шинээр үүсгэсэн гээд тухайн үүсгэсэн нэхэмжлэхээс хойш Д******* ХХК-иас төлбөрөө төлөхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа бол Засаг даргын зөв болно гэж үзэж байна. Хариуцагч байгууллагаас маргаж байгаа асуудлаар тодорхой хариуг өгөхгүй байгаа. Захиргааны байгууллагын аливаа шийдвэр нь бодит нөхцөл байдалд нийцсэн, зорилгодоо нийцсэн, нотлох ажиллагаа нь хангалттай хийгдсэн байх ёстой боловч энэ ажиллагаа хийгдээгүй нь захирамжаас илэрхий харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д******* ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжуудаар зориулалтыг өөрчлүүлж, газар эзэмших хугацааг сунгуулсан байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Төрөөс “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтална гэж заасан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхийг үүрэгтэй, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.
Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.6-д “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх” заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 2019 онд 1,799,523 төгрөг, 2020 онд 2,353,116 төгрөг, 2021 онд 524,580 төгрөг, 2023 онд 119,488 төгрөгийг төлөөгүй зөрчил гаргасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4,557,731 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.
Нэхэмжлэгч нь 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар зориулалт өөрчилж, хугацааг сунгах хүртэл 4 жил, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Засаг даргын дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгах хүртэл 14 жил, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 19 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.
Сонсох ажиллагааны тухайд, нэхэмжлэгч Д******* ХХК-д дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр , 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай албан бичгүүдээр тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд дээрх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч******* шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлахдаа: “2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр Д******* ХХК-д танайх илүү талбайн зөрчилтэй байна. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эргэлтийн цэг, тэмдэгтийн дагуу хашаагаа татах шаардлагатай гэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хэрвээ тухайн хашааг өөр хүн барьсан бол хариу тайлбар өгч болох байсан гэтэл өгөөгүй. Шаардах хуудас хүлээн авч байгаа хүмүүсээс тус хашааг Д******* ХХК-ийн хашаа гэдгийг хэлсэн. 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хашаагаа буулгах тухай албан мэдэгдлийг өгсөн.
Мөн газраа зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй байна гэдгийг мэдэгдсэн. Эхний мэдэгдлийн хүрээнд тухайн компаниас ямар нэгэн хариу тайлбарыг ирүүлээгүй. 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин манайхаас албан мэдэгдлийг явуулсан. Гэвч тухайн байгууллагаас мөн адил тайлбар ирүүлээгүй. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 09-ний ******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн аж ахуйн нэгжээс 2023 оны 04 дүгээр сард компанийн утас руу холбогдож хүн ирж уулзсан. Уг хүнд газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу газраа ашиглаагүй байгаа талаар хэлсэн. Гэтэл энэ талаарх хариу өгөөгүй.
Тооцооны нийлсэн актын тухайд 2022, 2023 оны газрын төлбөрийг төлсөн гэж харагдах боловч ногдуулалт буюу нэхэмжлэхийн дугаар гэдэг нь дахин давтагдашгүй дугаар байдаг. Тухайн аж ахуйн нэгж 2021 оны нэхэмжлэхийн дугаараар 2022 оны газрын төлбөрийг төлсөн учраас нэхэмжлэгч компаниас 2022 онд мөнгө орж ирсэн гэдгийг харуулсан баримт юм. 524,580 төгрөгийг 2022 оны нэхэмжлэхийн дугаараар 2023 онд төлсөн учраас нэхэмжлэгч компаниас 2022, 2023 онд мөнгө орж ирсэн гэж харагдаж байна. Дэлгэрэнгүй байдлаар яагаад ард нь хавсаргаж байгаа гэхээр аль алины жилийн төлбөр төлөөгүй гэдийг харуулж байгаа. Тэгэхээр 2022 болон 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй. Тухайн захирамж нь 2023 оны 10 дугаар сард гарсан. Тухайн аж ахуйн нэгж нь 2023 онд газрын төлбөрийг төлөх ёстой байсан ч төлөөгүй. 2023 оны эхний улирлын төлбөрийг эхний улиралдаа төлөх ёстой. Улирал улиралдаа багтааж төлөх ёстой. 2023 оны 4 дүгээр улирал гарсан байхад хагасыг нь ч төлөөгүй байна.
Тухайн аж ахуйн нэгж нь ажилчдын зуслан зориулалтайгаар газраа эзэмшсэн. Гэтэл тус газарт 1 объектоос өөр юу ч байхгүй. 5, 6, 8, 9 сард очиж үзээд шаардах хуудас өгөхөд манаачаас өөр хүн байгаагүй. Тиймээс ажилчдын зуслангийн хэлбэрээр ашиглаагүй гэж үзсэн.
Илүү хашаалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад хамаарч байгаа.” гэв.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлахдаа: “2023 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамж хууль тогтоомжийн дагуу Засаг даргын газрын нэгдмэл санд тавих хяналтаа хэрэгжүүлэх эрх, үүргийн хүрээнд гарсан.
Нэхэмжлэгчээс газар эзэмшиж байхдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн. Мөн хуулийн 40.1.1 дахь заалтаар олгогдсон хэмжээнээс хэтрүүлж газар эзэмшсэн зөрчил тогтоогдсон байна.
40.1.5 дахь заалтаар газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж байгаа. Газар эзэмшигчийн тухайд төлбөр ногдуулалт, тогтоосон шийдвэрүүд маш олон жил ойлгомжгүйгээр үргэлжилсэн байна. Гэхдээ энэ нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоосон тогтоолоор тогтоодог. Сүүлд төлбөр ногдуулалттай холбоотой тайлбарыг ирүүлсэн. Үүн дээр төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй асуудал үүссэн. Төлбөрийн тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсэг зураагүй учраас биш байх. Нэгэнт программаас QR кодтой гарч байгаа учраас албан ёсных гэсэн үг. Газар эзэмшигч баримтад гарын үсэг зурах үүрэгтэй болохоос программаас гарч байгаа албан ёсны баримтыг үгүйсгэх боломжгүй. Өмнөх шүүх хуралдаанаар төлбөрийн асуудлаар зөрүү гарсан. Үүнийг тодорхой болгох үүднээс татварын албанаас баримт шаардсан. 2020 онд 2 удаагийн нэхэмжлэх 400 мянга гаруй төгрөг, 1,9 сая гаруй төгрөгийн нэхэмжлэх үүссэн ч төлөөгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирамж гарахад 2020 оны 2,353,116 төгрөг төлөөгүй байсан. Гэрчилгээг хүчингүй болгоход төлбөрийн асуудал байсан эсэхийг магадалж байгаа. Тийм учраас газрын төлбөрийг төлөөгүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болсон.
Мөн хуулийн 40.1.6 дахь заалтаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь 2004 оноос хойш эзэмшиж эхлэхдээ амралт сувиллын зориулалтаар ашигласан зүйлгүй. 2018 оны 12 дугаар сарын 31-ний дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг сунгах хүртэлх хугацаанд 14 жил 10 сарын турш ажилчдын зуслангийн зориулалтаар ашиглаагүй. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 781 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгоход 19 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан. Ямар нэг барилга байгууламж барьсан гэж байна. Энэ хүн ийм зориулалтаар ашиглана гэж эзэмшүүлж байгаагаас биш байшин баръя гэх байдлаар эзэмшүүлж байгаа зүйл биш. Ажилчдад газрыг зуслангийн зориулалтаар хувааж эзэмшүүлсэн зүйл байхгүй. Тиймээс зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл бүрдсэн.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт энэ хуульд заасан хугацаа, зориулалт, бозолтойгоор зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэнд эзэмшүүлнэ гэж заасныг зөрчсөн.
Сонсох ажиллагааны хувьд Д******* ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн , 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13/1125 дугаартай албан бичгүүдээр мэдэгдэж байсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаанд хамаарах Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо /хуучнаар 20 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаартай, 15,000 м.кв газрыг нэхэмжлэгч Д******* ХХК анх дүүргийн Засаг даргын 2004 оны дугаар захирамжаар амралт сувиллын зориулалтаар эзэмших эрх авч, 2008 оны , 2018 оны дүгээр захирамжаар зориулалт өөрчлүүлэн ажилчдын зуслангийн зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжаар “илүү талбайн зөрчилтэй”, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нь “илүү талбайн зөрчилгүй, хууль бусаар нэмэгдүүлсэн 2020 оны газрын төлбөрөөс бусад жилийн газрын төлбөрийг бүрэн төлсөн, маргаан бүхий газарт 2000 оны эхэн үеэс хойш зуслангийн 2 байшин барьж, зундаа гэрүүд барьж ашиглаж байгаа” хэмээн маргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай “Д******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Захирамж нь үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын үндэслэл бүрээр дүгнэвэл,
1.1. Хариуцагч нэхэмжлэгчийг “эзэмшлийн 1500 м.кв газраасаа илүү хашаалсан” хэмээн уг үндэслэлийг газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг удаа дараа ноцтой зөрчсөнд тооцон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгосон.
Нэхэмжлэгчийн эзэмшил газар байршлын хувьд Шар хоолойн аманд зүүн талаараа гол, ой мод бүхий ногоон бүстэй бөгөөд ийнхүү хашааг сунгаж барьсан шалтгаанаа “ойн сан, усан сан бүхий газрыг хууль бус ашиглалтаас хамгаалах” зорилгоор хэмээн тайлбарлаж, голын эрэг хүртэлх хэсгийг шургааг модоор түр хашаалсан болох нь хэрэгт авагдсан фото зураг, агаарын зургаас[1] тогтоогдож байна. Энэ хашаалсан хэсэгт бусдын ашиглалт бодитоор үүсээгүй, тус компани илүү хашаалснаас үүдэж бусад этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн үйл баримт захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч баримт гаргаж маргаагүй болно.
Ийнхүү байгаль орчныг иргэдийн зүй бус үйлдлээс хамгаалах тодорхой зорилгоор түр хашаалсан нөхцөл байдлыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, бусад этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн үйл баримт захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тогтоогдоогүй бөгөөд илүү хашаалсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5 дахь заалтаар болон 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх дугаартай гэрээний 4.2, 4.4 дэх хэсгээр хүлээсэн газар эзэмшигчийн “газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжоор тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” үүргийг Д******* ХХК зөрчөөгүй, байгаль орчинд хохирол учруулсан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямарваа үр дагавар үүсгээгүй байна.
Түүнчлэн газрын албаны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 11-ий өдрийн мэдэгдлээр хашааг олгогдсон газрын кадастрын хэмжээнд татаж илүү хашаалсан гэх газрыг чөлөөлсөн нь энэ талаарх хариуцагчаас ирүүлсэн фото зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр[2] тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан “газрыг зохистой ашиглах, хамгаалах байгаль орчныг хамгаалах зорилготой төрийн байгууллагаас тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” газар эзэмшигчийн үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн гэх зөрчилд хамаатуулж үзэхээргүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
1.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлийн тухайд.
Хэрэгт газрын төлбөрийн тооцоо нийлсэн актууд, газрын төлбөр төлсөн баримтууд, кадастрын нэгдсэн системд бүртгэгдсэн газрын төлбөрийн ногдлын мэдээлэл авагдсан бөгөөд тэдгээр баримтуудыг судлахад тус компани нэгж талбарын дугаартай 1500 м.кв газрын төлбөрийн хувьд 2004-2018 оныг дуусталх хугацаанд төлбөрийн үлдэгдэлгүй[3], 2019 оны төлбөрийн ногдол 390,000 төгрөг үүссэнийг 2019 оны 9 дүгээр сарын 25-нд төлсөн[4], 2021 оны 524,580 төгрөгийн төлбөрийг 2022 онд төлсөн[5], 2022 оны 524,580 төгрөгийн төлбөрийг 2023 онд төлсөн[6], 2023 оны 524,580 төгрөгийн төлбөрийг 2024 оны 10 дугаар сард төлсөн[7] байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот албан бичгээр “2020 оны тоот нэхэмжлэхийн дугаартай 941,247 төгрөгийн, тоот нэхэмжлэхийн дугаартай 1,411,869 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй”-г тодорхойлдог бөгөөд 2020 оны газрын төлбөрөөс бусад онуудын хувьд газрын төлбөрийг төлсөн байна.
Газрын кадастрын нэгдсэн системд 2020 оны газрын төлбөр дугаартай нэхэмжлэхээр 1,674,208 төгрөгийн, дугаартай нэхэмжлэхээр 2,511,311 төгрөгийн буюу нийт 4,185,519 төгрөгийн ногдол үүссэн[8], энэ нь газрын “зуслангийн” зориулалтыг “худалдаа үйлчилгээний” гэсэн буруу зориулалтаар төлбөрийн хэмжээг тооцсоноос төлбөрийн илүү ногдол үүсгэсэн болохыг Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газар тогтоож, дугаартай нэхэмжлэхийг 941,247 төгрөгийн, дугаартай нэхэмжлэхийг 1,411,869 төгрөгийн ногдолтой болгож зөвтгөсөн өөрчлөлтийг тус компанийн өргөдлөөр 2024 онд мэдээллийн санд[9] оруулсан байна.
Хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй, шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандахаас өмнөх хугацаанд хамаарах 2021 он, 2022 он, 2023 оны газрын төлбөрийг хугацаа хожимдуулсан ч төлсөн, газрын төлбөрийн үлдэгдэл үүссэн 2020 оны төлбөрийн ногдлын хувьд захиргааны байгууллагын буруутай тооцооллоос үүдэлтэй, үүнийг 2024 онд зөвтгөсөн байх тул газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийн хувьд газар эзэмшигчийг буруутгасан нь үндэслэлгүй.
Түүнчлэн Д******* ХХК 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоотоор[10] цар тахлын үеийн санхүүгийн хүндрэл, газрын төлбөр тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбоотой шүүхийн маргаантай асуудлын улмаас газрын төлбөр, татварын төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж байсныг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзаагүй нь буруу байна.
Иймд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс үндэслэл бүхий гараагүй байна.
1.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын буюу “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд.
Улсын дээд шүүх 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын “ ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хашаалсан, газрын тодорхой хэсэгт зуслангийн зориулалттай 2 байшин, мөн гэр сууцнууд барьж ашиглаж байсан нь шүүхийн үзлэг, агаарын болон фото зургуудаар тогтоогдож байна.
Хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө хээрийн судалгаа хийж газрыг бодит байдалд хашаалсан, зуслангийн 2 байшин, мөн гэр сууц барьж ашиглаж байгааг тогтоосон атал “газрыг бүхэлд нь зуслангийн байшин барилга барьж ашиглаагүй” гэж хуулийн энэ зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “газрыг зориулалтын дагуу ашиглана гэдэгт тухайн газрыг заавал 100 хувь дүүргэлттэй ашигласан байхыг шаардахгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
Нөгөөтээгүүр Газрын тухай хуульд зааснаар үндсэн зориулалтаар үр ашигтай, зохистой, эзэмших, ашиглах хамгаалах зарчимд газар эзэмшигчийн газраа эзэмшиж, ашиглаж байгаа нь нийцэж байна гэж үзлээ.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон дээрх үндэслэлүүд үгүйсгэгдэж байх тул үндэслэл бүхий гараагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцнэ гэж үзлээ.
2. Сонсох ажиллагааны мэдэгдэл буюу дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн , 9 дүгээр сарын 11-ний өдрийн тоотоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “эзэмшил газраа хэтрүүлэн илүү талбай хашаалсан”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан зориулалтын дагуу” гэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу хашаагаа татаж зөрчлөө арилгах, тайлбар баримт ирүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.
3. Газар эзэмших эрхийг сэргээлгэх нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын эрх зүйн үр дагавар, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн “...Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх сэргэж газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгох үүрэг хариуцагчид үүсгэх бөгөөд нэхэмжлэлийн тусдаа шаардлагаар шийдвэрлэгдэх шаардлагагүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА