Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ц.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Батнасан,

Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн/0594/,

Шинжээч Д.Даваахүү,

Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ/0751/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жавсанжав тайж овогт Б-ийн Э-д холбогдох 17160008700033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Говь-Алтай аймгийн .... сумын ..... багт мал маллан оршин суудаг, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ...... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Жавсанжав тайж овогт Б-ийн Э .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э  нь 2017 оны 10 сарын 7-ны орой Говь-Алтай аймгийн .... сумын ....н багийн Бунгийн гол гэх газарт 47-84 ГАА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашин жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “...Жолоочид дор дурдсан зүйлийг хоригдлоно. А/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 2.3 “...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Б-ыг дайрч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан алахаар завдсан гэмт хэрэгт холбогдож, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...10-07-ны өдөр манай ахынх хүүхдийнхээ даахийг авсан. Тэр даахинд эгчтэйгээ машинаараа оччихоод өмнө нь архи ууж байгаагүй болохоор согтчих шиг болохоор нь Шинээ гэх залуугаар машинаа унуулаад байдаг газраа ирсэн. Тэнд бас нэг айл даахь авч байсан. Тэгээд орж хүүхдийнх нь сэвлэгийг үргээчихээд байж байтал архи хийж өгсөн. Тэр архийг уучих гээд байхаар нь уучихаад тэндээс Шинээ гэдэг залуу өөр машинд суугаад гэррүүгээ явчихсан байсан. Тэндээс би өөрөө машинаа бариад гэрийнхээ наана Ц  гэдэг айлд очиход Б.Б тэр айлд байсан. Б.Б-ыг би өмнө нь хамт амьдаръя гэж гуйдаг байсан. Тэгээд хамт амьдарья гээд бас гуйхад намайг чи согтуу байна явж амар гэсэн. Би зөвшөөрчих л дөө гээд сууж байсан чинь Буян-Оргил эгчийгээ дуудах гээд гараад явчихсан. Тэгээд араас нь гараад чи орж амар би одоо явлаа гэхэд Б.Б гэрийнхээ урд талд суучихсан юм. Би машиндаа суугаад машиныхаа гэрлийг асаахад урд сууж харагдсан. Тэгээд машинаар тойроод тоглоодхьё гэж бодоод 3, 4 тойрчихоод буугаад иртэл хаалганы хажууд чи намайг дайрчихлаа гээд уйлаад байж байсан. Тэгээд би бууж ирээд дайрснаа мэдсэн... Би тийм зүйл хийгээгүй. Хөлийнх нь хажууд суугаад боссон... Дайрснаа хараагүй. Бууж ирээд мэдсэн... Манай ахын машин...Өнгөрсөн зунаас эхлэн эзэмшиж байгаа... Толгой нь машины эсрэг хараад өөрөө дээшээ хараад хэвтэж байсан... 3.700.000 төгрөг төлсөн... өнөөдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн... Архи ууснаас болж тоглоё гэж мунхаг бодсоноос болоод дайрчихсан... Б.Б-ыг хоёулаа амьдарья гэж гуйх гэж орсон... Архи уучихаад гуйхдаа тоглоод тэгсэн... Замд явж байхад Шинээ гэдэг залуу тоормосгүй болчихлоо гэсэн... Б.Б-ыг дайрч гэмтээсэндээ маш их харамсаж байгаа. Архи ууснаас болж ийм зүйл боллоо. Чамайг эрүүл болгохын төлөө гарах зардлыг төлнө. Намайг уучлаарай... Би Б.Б-оос уучлалт гуйх эрх байхгүй. Чадвал намайг уучлаарай. Чамайг зөвшөөрвөл хойшдоо тусалж дэмжиж байна. Чамаас уучлалт гуйх гээд танай гэрийн үүдэнд, эмнэлгийн үүдэнд очоод чиний нүүрийг харах эрхгүй гээд буцдаг байсан. Надад үнэхээр хэцүү байна. Шүүгч та бүхэн хорих ял оногдуулахгүй надад торгох ял оногдуулж өгөөч гэж гуйж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, архи дарс уухгүй. Б.Б-ыг зөвшөөрвөл цаашдаа тусалж дэмжиж байхаа баталж байна. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Болсон зүйлийг эхнээс нь нэг бүрчлэн яримаар байна. Тухайн үед гэмтлийн шоконд ороод байцаалтаа бүрэн өгч чадаагүй. Биеийн байдал муудахаар байцаагчийг сувилагч гаргаад явуулчихдаг. Тухайн үед хэлж амжаагүй зүйл үлдсэн байгаа. Эхнээс нь яръя. 2017 оны 10 дугаар сарын 07-ны 22-23 цагийн орчим энэ хэрэг үйл явдал болсон. Хүргэн ахынд амралтаараа амрах гэж очсон. 10 дугаар сарын 07-ны 22-23 цагийн үед эгч, эгчийн хүүхэд бид 3 унтах гээд байж байтал 2, 3 хүн орж ирээд юм ярьж байгаад гараад явсан. Тэр үед би орондоо орчихсон дүү унтаж байсан. Манай эгч утсаар ярих гээд явсан байсан. Яагаад утсаар ярихаар явсан бэ? гэхээр би маргааш өглөө нь Говь-Алтай аймаг руу ирэх гэж байсан унаа руугаа яриулах гэж байсан юм. Тэнд сүлжээ байхгүй учраас айлаас ярих гээд эгч явсан байсан. Тэр явдлыг манай эгч, мөн тэнд байсан хүмүүс л сонссон. Тухайн үед Б.Э  өөр 2 банди байсан. Тэр 3 байхад эгч утсаар ярьчихаад ирье гээд гарахад тэр хүмүүс гараад явсан. Манай эгч дараа нь гараад явсан. Тэгээд би унтах гээд орондоо ороод хэвтсэн. Эгч явсны дараа удалгүй машин дуугарсан. Тэгээд Б.Э  нь шууд орны хөл дээр суугаад хөнжлөөс татаад, гараас бариад байхаар нь би амармаар байна. Гэртээ харь чамтай ярих зүйл байхгүй би найз залуутай гэж хэлсэн. Би өөр янз бүрийн үг яриа хэллэгтэй, хүн доромжилсон үг хэлдэггүй. Тэр үед гэртээ харь би маргааш өглөө явна амармаар байна гэж хэлсэн. Миний хөнжлийг сөхөөд босоод ир гээд гараас татаад тэвэрч аваад үнсэх гээд байхаар нь цааш нь түлхчихээд пүүзээ өмсөөд хөнжил дээр байсан дээлээ нөмөрч гараад гэрийн гадаа хүн байна уу? гээд орилсон. Зөндөө орилоод эгчийгээ дуудаад хүн ямар ч хариу өгөхгүй байхаар нь гадаа уйлаад хүн байна уу? эгч байна уу? хүрээд ирээч ээ гээд зогссон. Тэгээд миний дээлнээс заамдаж барьчихаад хоолой боосон. Тэгэхээр нь битгий хоолой боогоод бай гэтэл гараас бариад тавихгүй байсан. Тэгээд уйлаад бид 2 зууралдаад зогсож байтал мотоцикльтой 2 хүүхэд ирэхээр нь намайг явуулахгүй байна. Эгчийг дуудаад өгөөч гэтэл Б.Э  тэр 2 хүүхдийг та хоёрт хамаагүй яв гээд хөөгөөд явуулчихсан. Тэгээд тэр 2 хүүхэд явчихсан. Би уг нь хамгийн ойрхон урд байдаг айл руу очих гээд явж байсан. Тэгээд нөгөө 2 хүүхэд явсны дараа нөгөө айл руу алхаж байхад хойноос машин ирээд миний замыг хөндөлсөж ээрээд, хаалга нь онгорхой байсан. Би сайн санаж байна. Хаалганаас нь төмөр зүйл зөндөө унасан. Машин их хурдтай хаалга нь саваад тойроод байсан. Тэр үед шоконд ороод хаашаа ч явахаа мэдэхгүй байсан. Тэгээд машины гэрэл гэнэт унтарчихсан. Тэгэхээр нь би явчихлаа гэж бодоод алхах гэтэл араас гэнэт ирж дайраад цээжин дээгүүр машины дугуй гараад явахад амьсгалж чадахгүй ухаан алдаад унасан. Ухаан алдаж унаад юу ч санахгүй байгаа. Тэгээд намайг хүмүүс тойроод зогсчихсон байсан. Тэр үед би ярьж чадахгүй байсан. Эгч яасан бэ? гэхэд нь би амьсгаа ч авч чадахгүй намайг дайрчихлаа гэж эгчдээ хэлсэн. Тэгээд ухаан алдсан хүн байж доошоо харсан байхад хүмүүс өргөх гээд байхаар нь би битгий надад хүрээч гэж зөөлөн дуугаар хэлсэн. Тэгээд эгч ирж намайг өргөх гэхээр нь би битгий намайг тэвэрч өргөөрэй гэж гуйсан. Тэгээд хөнжил дээр намайг дамнуургадаж өргөөд гэрт оруулсан. Тэгэхэд би хөл гараа ч хөдөлгөж чадахгүй, 2 гараа ч хөдөлгөж чадахгүй, аманд шороо амтагдаж байсан. Надаас байцаалт авсан цагдаа надаас байцаалт авахдаа үнэн зөвөөр хэлээрэй л гээд байсан. Миний хэлсэн давтамж болгоныг яагаад сонсож энэ хүнээс асууж болоогүй юм. Би ухаан алдчихсан хүн яаж тэр үед дайрчихлаа гэж хэлэх юм. Чи намайг дайрчихлаа шүү гэж би хэлээгүй. Эгчийг орилох дуугаар л би сэрсэн. Яагаад өдийг хүртэл сар гаран сэхээнд хэвтэхэд уучлалт гуйж болоогүй юм. Хүнд сэтгэл гэж байдаг бол ирээд уучлалт гуйж болно биз дээ. Одоо гайгүй болсон гэж бодсон ч гэсэн улам бие минь муудаж байна. Баруун гаргүй боллоо. Хумс уг угаараа мултарч унах гээд байна. 2 дээд сургууль төгсөж гадагшаа явж сурсан мэдлэг минь талаар боллоо. 2013 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт лаборант бага эмч, сувилагч, том хүний эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байгаад ажлынхаа хажуугаар лаборториор сурч, лаборторын техникчээр 2017 онд төгсөөд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт лаборторын тасагт 9 сар хүртэл ажиллаж байсан. Ажлаасаа чөлөө аваад гэртээ ирээд эгчийндээ хэд хонохын төлөө намайг ийм байдалтай болгочихоод өдийг хүртэл уучлалт гуйгаагүйд нь би гомдож байна. Хүнийг ийм байдалтай болгочихоод ямар хүний мөсгүй юм бэ? 1-2 жилдээ ажил хийх чадваргүй гэж хэлсэн. 2 дал хоёулаа бяцарч, цууралттай, эгэмний яс хүртлээ цуурсан. Баруун тал илүү гэмтэлтэй. Баруун талын уушги дунд хэсгээсээ доошоо бяцралттай, баруун талаасаа 6 хавирга хугаралттай, зүүн талаасаа 3 хавирга хугаралттай, баруун гарны хөдөлгөөн хийдэг хэсэг нь бяцарч хугарсан, 8 ширхэг мэдрэлийн яс бяцраад хажуу талаараа цуурч хугарсан, эмнэлгээр зөндөө явсан ч мөрний сүлжээний гэмтэл гээд хагалгаанд орох боломжгүй өөрөөр нь эдгээнэ гэсэн. Өөрөө хувцсаа ч өмсөж чадахгүй, өөрөө босож ч чадахгүй, аягатай хоолоо ч барьж идэж чадахгүй, харин зүүн гараараа аяганы тал цай даана. Үсээ ч самнаж чадахгүй зүүн гараа хүчээр хөдөлгөсөөр байгаад цууралт нь явж байгаа битгий хөдөлгөөрэй гэсэн. Байнгын дээшээ харж хэвтэх надад хэцүү байна. Хажуу тийшээ ч харж хэвтэж чадахгүй. Сэхээнд байхад надад зовлонтой байсан. Тэр үед үхчихгүй яав даа гэж бодож байсан. Эмчээсээ ч гэсэн гуйсан ингэж байхаар намайг зүгээр үхчихгүй яав даа гэж хэлсэн. Хэрвээ надад сайн эмч, аав, ээж, эгч, ах дүүс байгаагүй бол би өдий хүртэл явахгүй байсан байх. Гуурсаар хоол идэж шүдээ ч угааж чадахгүй. 2 гараа ч хөдөлгөж чадахгүй байхад ямар хэцүү байдаг юм бэ? одоо надад амьдрах итгэл алга. Эрүүл мэндээрээ ингэж хохирно ч гэж бодож байгаагүй. Цаашдаа яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Хэдий хүртэл хүнээр хувцсаа өмсүүлж, үс гэзгээ самнуулж, хоолоо халуунаар нь ч идэж чадахгүй, ажлаа хийж чадахгүй, баруун гараа даахгүй, юм ч барьж чадахгүй, арай гайгүй болж байтал хумснууд унаж эхэлж байна. Уушгинаас болж үхжиж эхэлж байна гэсэн. Уушги нь нөхөн төлждөг л гэсэн тэр болтол яаж ийм байдалтай байх юм бэ? Сайн эмч, аав, ээжийнхээ буянд л өдийг хүртэл эмчилгээгээр явж байна. Байнга өвдөлт намдаах эм хэрэглэж, хоол цайгаа хориглож, нойр хоолондоо муу болж, шөнө байнга цочиж сэрж, сэтгэцэд нөлөөлөх эм байнга ууж байгаа. Юмыг амархан мартдаг болсон. Шөнө 4, 5 цаг хүртэл энэ хэргийг бодож унтаж чаддаггүй. Ядахдаа над дээр ирээд уучлалт гуйж болоогүй л юм байх даа гэж боддог. Хүнд чинь сэтгэл гэж байдаг биз дээ. Яагаад ирж уучлалт гуйж болдоггүй юм. Тухайн үед боломжтой байсан бол Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн бол баруун гартай ч болох байсан юм бил үү? алхаж явмаар байсан ч гэсэн цээжин дэх юмаа даахгүй, хавиргууд бүгд хөдөлдөг. Эмч нар бүгд мэдэж байгаа. Доод тал нь жил болж байж яснууд бэхжинэ гэсэн. Хавиргууд чинь хөдлөөд явж л байг битгий тоо л гэх юм. Надад мэдрэгдээд өдөр бүхэн хэцүү байдаг. Хугарал нь нуугаад надад хэлэхгүй байсан ч би хотод байхдаа эмчээсээ асууж мэдсэн. Ар талын хавирганы хугарлууд талын хавиргыг яаж хугалдаг. Түүн шиг мултраад гарчихсан. Хадах боломжгүй гэсэн. Хавиргууд зөрөөтэй хамаагүй хүнд юм өргөж, хөдөлж болохгүй, байнга хэвтрийн дэглэм сахидаг. Хүмүүс гэдрэгээ хараад хэвтдэг бол би тэгж хэвтэж чаддаггүй. Байнга суугаа байдалтай хэвтэж, унтдаг. Хүнээр хамаг зүйлээ хийлгэнэ гэдэг үнэхээр хэцүү байна. Ингэж байхаар тэр үед үхчихгүй яасан юм гэж боддог. Баруун гартай л болмоор байна. Гартай л болчихвол болох гээд байна. Та бүхнээс гуйя миний цаашдын амьдралыг шийдэхэд туслаач. Буцаад хэвийн байдалтай л болмоор байна. Өөр ярих зүйл байхгүй. Баярлалаа... Гомдолтой байна... Энэ хохирлоос болж манай гэр хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авсан. Үүнээс үүдээд би хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Би яаж амьдрах юм бэ? насан туршдаа тэргэнцэр дээр явах юм уу? сэтгэл санааны хохирол амсаж, хөдөлмөрийн чадвараа алдаж, өвдөлт зовлон мэдрээгүй хүмүүс мэдэхгүй байх. Гаднаасаа зүгээр юм шиг байгаа ч хэцүү байна. та бүхэн зөв шийдвэр гаргаж намайг хохиролгүй болгож өгөөч гэж гуйж байна. намайг тахир дутуу тэргэнцэр дээр суулгасанд, эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны хохирол учруулсанд гомдолтой байна. Хорин наймхан насандаа нөхөр хүүхэдгүй үлдсэнд би гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчид үнэхээр их гомдож байна. өөрийн охин дүү нь ингэж гэмтсэн бол яах байсан. Болсон үйлдэл нь тодорхой байхад би ямар зам дээр явж байгаад дайруулсан биш. Яагаад үүнийг бодож болдоггүй юм...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...машинд мөргүүлж осол болсон гэх газрыг 1 тоогоор тэмдэглэв. 1-р цэгээс ертөнцийн зүгээр баруун талд 3 метр зайд машины мөр байх ба 1-р цэгийг тойрог үүсгэсэн машины мөрнүүд байх ба 1-р цэгээс зүүн тийш 15 метрт машины мөр байв... 1-р цэгийг тойрсон машины мөрийг тоолж үзвэл 8 ширхэг дугуйны мөр байх ба машин 4 удаа тойрсон гэж гэрчүүд мэдэгдэв. Уг 1-р цэгт ямар нэгэн биологийн мөр байхгүй байх бөгөөд малын мөрөөр бүхэлдээ дарагдсан байдалтай байв... Тээврийн хэрэгслийн тоормосны мөр гэх зүйл байхгүй байх ба тээврийн хэрэгслийн эд ангиас эвдэрч үлдсэн гэх зүйлгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-7-рт/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Э  машинаа унаад намайг тойроод байхаар нь би айгаад хөдөлж чадаагүй, тэгээд чимээгүй болчихоор нь явчихлаа гэж бодоод айл руу алхаж байсан чинь араас гэнэт гарч ирээд мөргөсөн. Ямар ч байсан машины дугуй миний дээгүүр гарсан, тэгээд ухаан алдсан байсан, нэг мэдсэн эгч орилж байсан...” гэх мэдүүлэг /хх 53-54-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Э-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц  ахын гэрийн урд талд машин тойроод байсан. Тэгээд бид хоёр Ц ахын гадаа ирэхэд тойроод байсан машин зогссон байсан, хүн орилоод байхаар нь гүйгээд очсон чинь машинд мөргүүлцэн хамарнаас нь цус гарсан уйлаад байж байсан...Ямар гэмтэл  авсныг  нь  мэдэхгүй  байна,  баруун  гартаа хүргүүлэхгүй байсан...”  гэх мэдүүлэг/хх 62-63-рт/,

Автомашинд үзлэг хийсэн “...Уг машиныг асааж тоормосыг шалгаж үзэхэд гар тоормос ажиллахгүй, хөл тоормосыг гишгэхэд тоормос ажиллахгүй байх бөгөөд баруун урд талын тоормосны трүп тавьсан байв...” гэх тэмдэглэл /хх 9-11-рт/,

Хохирогч Б.Б-ын 4706 дугаартай өвчтөний түүх/хх 24-48-рт/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Санаатайгаар дайрсан, би Э-д гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх 56-рт/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 10 сарын 07 өдөр манай хүүгийн үсний найр болох байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 08-ны өглөө Э  машинаар хүн мөргөөд унагаачлаа гэж сонсоод очсон. Намайг очиход Э Алтай сумын төврүү явсан байсан. Машинд мөргүүлсэн хүний гэрт нь байж байтал манай аав ирж байгаа гэрээс гар гэхээр нь гараад байж байтал машид мөргүүлсэн хүний аав, ээж нь эмнэлгийн хүмүүстэй ирсэн...Манайд найр болж байсан учир бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар хэмжээгээр уусныг нь мэдэхгүй байна. Харахад их архи уусан юм мэдэгдэхгүй байсан. Э  ер нь архи уудаггүй юм би Э-ыг согтуу байхыг өмнө нь харж байгаагүй... Энхболд манай гэрт хүмүүст үйлчилж байгаад нэг мэдсэн явсан байсан. Хэн машин барьж явсаныг нь мэдэхгүй байна. Дараа нь сонсоход Ш гэх залуу машиныг нь бариад манай гэрийн гаднаас явсан гэсэн...одоо уг машин миний эзэмшилд байгаа...Манай гэрээс гараад гэрлүүгээ явах замд нь машиных нь тоормос эвдэрсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх 139-140-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Д-гийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 304 дугаартай “...1.Иргэн Б-ын биед цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун уушигны дунд дэлбэнгийн няцрал, олон хавирганы хугарал, зүүн дал, баруун шууны хугарал, дух, хамар, баруун хацар, цээж, хүзүү, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт/хх 74-75-рт/,

Шинжээч Б.М-гийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн “...Нэг. Жолооч Б  овогтой Э /............/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний   дүрмийн   2.7.Жолоочид   дор   дурдсан   зүйлийг   хориглоно:   а/ “согтууруулах ундаа,   мансууруулах  бодис,  сэтгэцэд  нөлөөлөх  эм,  бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2.”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий   болохыг   мэдсэн   үед   тээврийн   хэрэгслийн   хурдыг   хасаж,   зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “хөдөлгөөнд   оролцохын   өмнө   буюу  замд  явахдаа   энэ  дүрмийн   2  дугаар хавсралтад заасан  зөрчилгүй  байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” зэрэг заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр. Дээрх үйлдлүүдийн улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна.

Гурав. Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэх дүгнэлт/хх 80-рт/,

Шинжээч эмч а/д Д.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 10 сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч а/д О.Б-гаас 2017.10.10-ны өдөр ирүүлсэн тогтоолоор Б  овогтой Б-ын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр иргэн Б-ын биед цээжний хөндийн хий шингэн хуралдалт, уушигны дунд дэлбэнгийн няцрал, олон хавирганы хугарал, зүүн дал, баруун шууны хугарал, дух, хамар, баруун хацар, цээж хүзүү эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...дээрх гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой...цээжний хэсгээр дайрсан байх боломжтой...” гэх мэдүүлэг/хх 84-рт/,

Гэрч Д.Ш-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Э  ах намайг “чи машин бариад явах уу” гэхээр нь тэгье гээд би машин бариад Б  ахын гэрийн гаднаас би машин унаад хөдөлсөн. Бун гэх газар луу явж байх замд машин тоормосгүй болсон, буугаад үзэхэд машины баруун урд дугуйны тоормосны тэлэгч эвдэрсэн байх шиг байсан, ойрхон газар үлдсэн болохоор аргалаад Эрдэнэчулуун гэх айлд очсон... Машин унаад явж байхад нэг гүн жалга тулахаар нь огцом тоормос гишгэсэн  чинь  тоормосгүй  болсон. Өмнө нь гэрийн гаднаас машин унаад хөдлөхөд тоормос хэвийн ажиллаж байсан...Энхболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх 141-142-рт/,

Хохирлын баримтууд/ хх 171-186-рт/,

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэм буруугаа ухаарч гэмшиж байна. Дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг/хх 96-98-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.Б-ын 4706 дугаартай өвчний түүх /хх 24-38-рт/ Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57-59-рт/, гэрч Б-ын мэдүүлэг /хх 139-140-рт/, шүүгдэгч Б.Э-ын төрсөн ах нь Э-ын унаж явсан машин хэний эзэмшлийн машин бэ гэхэд миний эзэмшлийн машин энэ жил Энхболд засварлаад унаж байгаа. Шинжээч Д.Д-гийн мэдүүлэг /хх 74-75-рт/, мөн /хх 83-86-рт/, Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 95-98-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Өвчтөний түүх /хх 24-48-рт/, Өвчний түүх бичигдсэн он сар өдөр Б.Б-ын мэдүүлэг /хх 57-59-рт/, Б  гэдэг хүний мэдүүлэг/хх 139-140-рт/ Хохирогчийн эм тарианы баримтууд байгаа /хх 171-рт/ 114.620 төгрөгийн эм авсан баримт, монос эмийн сан болон Бамбайн үндэс эмийн сангаас авсан баримтууд байгаа эмийн сангууд эмийг нэр төрлөөр нь биш шууд үнийг дүнг нь биччихдэг юм байна лээ зарим газар нийт дүнгээр нь бичдэг юм байна лээ, 171-р хуудасны ар талд эгч нь 5.000.000 төгрөгийн зээл аваад шилжүүлсэн баримт байгаа. Мөн компьютер томмограф зураг/хх172-рт/ шатахууны зардал /хх110-рт/ байдаг. Говь-Алтайгаас-Ховд, Ховдоос-Улаанбаатар хот руу явсан байдаг. Түргэний машины шатахууныг өөрсдөө төлсөн. Онгоцны тизний баримт байгаа нийт 15.221.370 төгрөгийн хохирол байгаа. Хамгийн чухал нь группд орсон. Хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан. Сарын 140.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа юм байна. Өөрийнхөө хийж гүйцэтгэж байсан ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болсон. Өөрийнх нь сарын цалингийн тодорхойлолт байгаа. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 680.000 төгрөгийн цалинтай лаборантын ажил хийж байсан. Өмгөөлөгч Л.Д-ийн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 1.000.000 төгрөг авсан. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, оршин суугаа газрын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 11-р хороо ургах наран, 5-р байр 19 тоотод оршин суудаг гэсэн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөр магадлах комиссын шийдвэр хохирлын 7.400.000 төгрөг нэхэмжилсэн баримт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай /хх1-рт/ 2017 оны 10 сарын 13-ны өдөр тогтоох хэсгийн 1-р заалт,  Хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан атлаа гэрчүүд мэдэгдэв гэсэн байгаа. Хэргийн газрын үзлэгт гэрч оролцсон үгүй нь тодорхойгүй. Уг 1-р цэгт ямар нэгэн биологийн мөр байхгүй бөгөөд малын хөлийн мөрөөр бүхэлдээ дарагдсан байв, хэргийн газрын зураг /хх5-7-рт/ бэхжигдсэн байдаг. Мөн осол, хэргийн газарт хийгдсэн бүдүүвч зураг/хх 8-рт/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг/хх 19-рт/ 600.000 төгрөг Оргил цээжний хамгаалалтын бүсний мөнгө гээд шилжүүлсэн, Хаан банкны орлогын мэдүүлэг Ба гэдэг хүний данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн, депозит дансны хуулга/хх20-рт/ Ба  гэдэг хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн мөн. 1.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, өвчний түүхийн нүүр хэсэг /хх 25-рт/, хохирогч Б-ын мэдүүлэг /хх 53-54-рт/ Насанд хүрээгүй гэрч Б-ийн мэдүүлэг/хх 62-63-рт/ энэ 2 хүүхдийн мэдүүлэгт өмнө нь ирээгүй дайрагдсаны дараа хүн орилоод байхаар нь ирсэн талаар хоёулаа яг ижилхэн тусгаж өгсөн байдаг/хх 64-66-рт/, насанд хүрээгүй гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх 68-69-рт/, гэрч Б-гийн мэдүүлаг, Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 64-65-рт/, гэрч Б-гийн мэдүүлэг хх68-69-рт/ Хаан банкны орлогын мэдүүлэг/хх 136-рт/, гэрч Ш-ын мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх 151-рт/ , яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай /хх 154-рт/ Б.Э-ыг анх яллагдагчаар татахдаа эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг зааснаар яллагдагчаар татаж явж байгаад хэргийн материалтай танилцаад хохирогч гомдол санал гаргангуут ялыг өөрчилсөн байгаа. Мөн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх 159-рт/, хохирлын баримтууд /хх 171-с/ эхлээд хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэрэг гарсан байдлыг тодруулбал: 2017 оны 10 сарын 7-ны орой Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Бунгийн гол гэх газарт шүүгдэгч Б.Э  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 47-84 ГАА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашин жолоодож хохирогч Б.Б-ыг дайрч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...араас гэнэт гарч ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг/хх 53-54-рт/, насанд хүрээгүй гэрч Б.Э-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц  ахын гэрийн урд талд машин тойроод байсан. Тэгээд бид хоёр Ц  ахын гадаа ирэхэд тойроод байсан машин зогссон байсан...” гэх мэдүүлэг/хх 62-63-рт/, хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Санаатайгаар дайрсан, би Э-д гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх 56-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Д-гийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 304 дугаартай “...4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт/хх 74-75-рт/, Шинжээч Б.М-гийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн дүгнэлт/хх 80-рт/, Шинжээч эмч а/д Д.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...дээрх гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг/хх 84-рт/, гэрч Д.Ш-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Машин унаад явж байхад нэг гүн жалга тулахаар нь огцом тоормос гишгэсэн  чинь  тоормосгүй  болсон.   Өмнө  нь  гэрийн гаднаас  машин  унаад хөдлөхөд тоормос хэвийн ажиллаж байсан...Э  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх 141-142-рт/, гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайд найр болж байсан учир бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар хэмжээгээр уусныг нь мэдэхгүй байна. Харахад их архи уусан юм мэдэгдэхгүй байсан...Манай гэрээс гараад гэрлүүгээ явах замд нь машиных нь тоормос эвдэрсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх 139-140-рт/, шинжээч эмч Д.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Араас мөргөхөд хүн шидэгддэг. Шидэгдээд унадаг. Би сүүлдээ ингэж бодож байна. Энэ хүн мөргөчхөөд унасных нь дараа дээшээ хараад хэвтэж байхад нь цээжин дээгүүр нь дайрсан юм болов уу? гэсэн бодол төрж байна. Би эхлээд ярихад нь сууж байхад дайрчихлаа гэж бодсон. Сууж байхад дайрвал энэ гэмтэл хугарал үүсэж болно. Яагаад гэхээр сууж байхад дайрахаар мөргөгдөхгүй уг тээврийн хэрэгслийн өндөр хэд бил ээ. Сууж байхад нь мөргөсөн бол дугуйнд очиж мөргөгдөж байж тэр хүн унах боломжтой. Зүгээр арагшаа харчихсан байхад араас нь очиж мөргөх юм бол хохирогчийн өндөр ямар бил ээ машины гуперын өндөр ямар билээ энэ талаасаа эхлээд шидэгдэх боломжтой байдаг. Тэгэхээр би үүн дээр гайхаад байна. Тухайн үед Б шоконд орчихсон байсан болохоор сайн санахгүй байгаа юм болов уу? гэж бодож байна. Энэ гэмтлүүд яах аргагүй дайрагдсан байхад үүсэх боломжтой гэмтлүүд байдаг. хэрвээ мөргөгдсөн бол маш хол шидэгдэж биед маш олон шарх, үрэгдэлт, үрэлтийн хүчээр үүсдэг зулгаралтууд үүсдэг. Б.Буян-Оргилын биед тухайн үед өөрөө очиж үзэхэд жижиг зулгаралтууд байсан. Түүнээс шууд гулгаж унасан зулгаралтууд байгаагүй...” зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь хохирогч Б.Б-ыг автомашинаар дайрч алахаар завдсан гэх үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э  нь хохирогчийг алах гэсэн санаа зорилго болон уг үйлдлийг санаатайгаар хийсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллах дүгнэлт нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж бусдад хүнд хохирол учруулсан байдлаар бичигдсэн бөгөөд хохирогчийг алахаар завдсан гэх үйлдэл нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхой бус, хохирогчийг алах гэсэн санаа, зорилго, сэдэлт бусад  байдал болон тухайн шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах ямар нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй зэргийг нотолсон зүйл байхгүй, энэ талаар яллах дүгнэлтэд бичээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э-ын хохирогч Б.Б-ыг “алахаар завдсан” гэх үйлдэл нь нотлогдохгүй харин хохирогч Б.Б-ын биед хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатай хийсэн үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

  • үүхээс шүүгдэгч Б.Э-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны хэмээн үнэлж, шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн оролцогчдоос

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Э  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ял шалгах хуудас хх 104-рт/, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг гарсан байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хохирогчийн хохирол мөнгийг төлөх боломжийг олгож, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Э-ын нэр дээр ямар нэгэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байх бөгөөд торгуулийн ялыг оногдуулсан нөхцөлд төлөх санхүүгийн боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал буюу 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн  байх тул зүйлчлэлийг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн тайлбарт: Энэ хуульд заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэсэн байх тул шүүгдэгч Б.Э-ын унаж явсан автомашинийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл уг автомашинийг хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 15.221.370 төгрөгийг, шүүх хуралдаанд шинээр  7.480.000 төгрөгийг, нийт 22.701.370 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс гаргуулахаар тус тус нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн баримтуудаас 1 ширхэг баримт/хх-ийн 174-р хуудсанд байгаа Шунхлай трейдинг ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 30.000 төгрөгөөр дизель түлш авсан баримт/ нь уг гэмт хэрэг гарахаас өмнөх баримт байх тул уг 30.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 3.700.000 төгрөгийг, шүүхийн шатанд 1.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нь Б.С-ийн Хаан банкны 5323011432 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд хохирогч Б.Б-д 1.510.000 төгрөгийг төлж, нийт 6.210.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн нийт 22.701.370 төгрөгнөөс шүүгдэгч Б.Э-ын төлсөн 6.210.000 төгрөг, хэрэгсэхгүй болгосон 30.000 төгрөгийг тус тус хасаж үлдэгдэл 16.461.370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь хавтаст хэргийн материалын 183-184 дүгээр хуудсанд бизнесийн зориулалттай 5.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б  овогтой Б  нь авсан байх бөгөөд зээл авсны маргааш буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн эгч гэх Б нь аав Б  овогтой Б-гийн Хаан банкны 5315425444 тоот дансанд шилжүүлсэн/хх 171-р хуудасны ар талд/ байдаг. Гэтэл уг мөнгийг юунд зарцуулсан нь тодорхой бус зарцуулсан баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд цалингийн зөрүүгээ гэмт буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182 тоот тодорхойлолтоор хохирогч Б.Б-ын сарын цалинг тодорхойлсон боловч  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хохирогч гаргаж өгөөгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн цалингийн зөрүүг нарийвчлан тооцох боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 22.701.370 төгрөгнөөс шүүгдэгч Б.Э-ын төлсөн 6.210.000 төгрөг, хэрэгсэхгүй болгосон 30.000 төгрөгийг тус тус хасаж үлдэгдэл 16.461.370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон дээрх хэлэлцэхгүй орхисон хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э  нь хохирогчид 6.210.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УАЗ-31512 маркийн 47-84 ГАА улсын дугаартай автомашинийг эзэмшигч Б.Б-д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 6.210.000 төгрөгийн хохирлыг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний №578117 дугаартай жолоочийн үнэмлэх, иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн, хохирогч нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Жавсанжав тайж овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УАЗ-31512 маркийн 47-84 ГАА улсын дугаартай автомашинийг эзэмшигч Б.Б-д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Б.Э-ыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Хохирогчийн нэхэмжилсэн нийт 22.701.370 төгрөгнөөс шүүгдэгч Б.Э-ын төлсөн 6.210.000 төгрөгийг хасч, 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 16.461.370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-ын №578117 дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.Э-д буцаан олгож, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.САРАНТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                              Г.МӨНХТУЛГА

 

                                                                                   Ч.МӨНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэргийн материалд авагдсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаар хохирогч Б.Буян-Оргил нь нийт 22.701.370 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Шүүхээс дээрх баримтуудад дүгнэлт хийхэд 6.207.872 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б. Энхболд нь учруулсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 4.700.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул үлдэгдэл 1.507.872 төгрөгийг шүүгдэгч Б.Энхболдоос гаргуулж, хохирогч Б.Буян-Оргилд олгох нь зүйтэй байна.  Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 16.493.498 төгрөгийг хохирогч Б.Буян-Оргил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.