Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

 

 

  2023           6             08                                                   2023/ДШМ/44                   

 

 

 

Б.З, Л.Б, Р.Р

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

   Прокурор Г.Энхбат

   Шүүгдэгч Б.З, Л.Б нарын өмгөөлөгч П.Ганбаатар

   Шүүгдэгч Р.Рийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, Л.Намнансүрэн

   Шүүгдэгч Б.З, Л.Б, Р.Р

   Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, шүүгдэгч Б.З, Л.Б нарын өмгөөлөгч П.Ганбаатар, шүүгдэгч Р.Рийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.З, Л.Б, Р.Р нарт холбогдох эрүүгийн 2234000000466  дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 26-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг, Хонгор овоо гэх газар оршин хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороололд түрээсийн байранд түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Лын Б,

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 16-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багт оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Дарь эхийн хуучин эцэс Сэлбэ 6-142 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Бын З,

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 18-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, ахын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 18-1365 тоотод оршин суух, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Ногооны 1-144 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Рын Р,

Л.Б, Б.З нар 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд мэргэн” гэх газар иргэн И.Ган-Очирын 2 тооны үхэр, иргэн Ш.Лхагвасүрэнгийн 1 тооны үхрийг бэлчээрээс хулгайлсан гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж бусдад 4.400.000 тогрогийн хохирол учруулсан,

Л.Б, Б.З, Р.Р нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ятуутын пойл” гэх газраас иргэн Ц.Батбаярын өмчлөлийн 2 тооны үхрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Р.Р, Б.З, Л.Б нар бүлэглэн Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 3 дугаар сарын 20-ноос 29-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Сэртэн” гэх газраас иргэн С.Дамдиндоогийн эзэмшлийн мах сүүний чиглэлийн Монбилярд үүлдрийн 5 настай, соёолон бухыг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.З, Л.Б нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг дугаар баг “Тал булаг” гэх газарт Ц.Мөнхцэцэгийн өмчлөлийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Р. Р, Л.Б, Б.З нар бүлэглэн, Ниссан Тина маркийн 04-21 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цав хангай” гэх газраас Д.Ганхуягийн 1 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Р.Р, Л.Б, Б.З нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Суул буга 4 дүгээр баг “Бүрд” гэх газар иргэн Н.Мөнхтөрийн 3 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.З, Л.Б бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аадгай” гэх газраас иргэн Т.Сувд-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Б, Б.З нар бүлэглэн, Т.Приус 30 маркийн 03-69 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг “Баруун бууц” гэх газар иргэн Б.Атардээжийн 2 тооны үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Б, Б.З нар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын 2 дугаар багийн нутаг “Талын хайрхан уул”-ын зүүн поолиноос С.Жавзандуламын 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

Б.З, Л.Б нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутгаас С.Төгсзаяагийн эзэмшлийн 2 тооны үхрийг бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.З, Л.Б нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут багийн нутаг дэвсгэрт оршин суух Б.Төмөрбаатарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Б, Р. Р нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нумтын ам” гэх газраас иргэн П.Баяраагийн 1 тооны үхрийг бусдын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.З, Л.Б нар нь бүлэглэж, машин механизм ашиглан, 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Суул буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ц.Цэвээнпүрэвийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Б.З, Л.Б, Р.Р нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Лын Б, А овогт Бын З, Ц овогт Рын Р нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Б, Б.З нарыг 2 жил 5 сар, шүүгдэгч Р.Рийг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч Л.Б, Б.З нарын тус тус цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Б, Б.Згаас 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Атардээжид, 950.000 төгрөгийг хохирогч И.Ган-Очирт, 1.000.000 төгрөгийг хохирогч Ц.Батбаярт, 1.300.000 төгрөгийг хохирогч Б.Төмөрбаатарт, 1.100.000 төгрөгийг хохирогч Ц.Цэвээнпүрэвт, 400.000 төгрөгийг хохирогч Ш.Лхагвасүрэнд тус тус олгож,

Хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Л.Б, Б.З нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 41-10 УАЕ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл, Toyota Probox 05-08 УНУ маркийн тээврийн хэрэгсэл, 68-76 ЗАН улсын дугаатай Toyota corolla маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б, Б.З, Р.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн Toyota prius-20 маркийн мөнгөлөг өнгийн 41-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 10.985.030 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч Л.Б, Б.З, Р.Р нараас 3.661.676 төгрөгийг, мөн Toyota Probox маркийн цагаан өнгийн 05-08 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.436.263 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Л.Б, Б.З, Р.Р нараас 2.145.421 төгрөгийг, 68-76 ЗАН улсын дугаартай Toyota corolla маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.0725.500 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Л.Б, Б.З, Р.Р нараас 690.833 төгрөгийг тус тус үнийг гаргуулж улсын орлого болгож,

Шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн гэм буруу дээрээ маргаагүй. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гүнээ гэмшиж ухамсарлаж хийсэн хэрэг, алдсан алдаандаа маш их харамсаж байна. Миний бие 25 настай, МУБИС-ийн 2 дугаар курсийн оюутан эхнэр, 11 сартай охины хамт амьдардаг. Би энэ өдрөөс хэлэн хүүхэд, аав, ээж, ах, эгч, дүү нарынхаа төлөө зөвийг эрхэмлэн бусдад учруулсан хор уршиг хохирол, алдсан алдаа, гэм буруугаа засаж залруулахын төлөө ариун цагаан хөдөлмөрөөр ажиллаж амьдрах болно. Миний биеэр эдлэх ялыг хуульд заасны дагуу хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэв.

   Шүүгдэгч Б.З, Л.Б нарын өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч нар нь 2022 оны 02 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр бусдын 23 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлж, бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

   Миний үйлчлүүлэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, хувийн байдал, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, анх удаа хэрэг зөрчилд холбогдсон, 0 буюу бага насны хүүхэдтэй, эхнэр нь 9 сартай жирэмсэн зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн байдаг. Хэргийн материалаас үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагдсаар байтал анхан шатны шүүх тогтоолдоо хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг огт харгалзалгүй.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байх ба харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд огт байдаггүй юм. Түүнчлэн шүүгдэгч Л.Б, Б.З нар нь өөр өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, зүйлчлэл, хэргийн бүрдэл дээр анхнаасаа огт маргадаггүй ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад бэрхшээл огт учруулаагүй болох нь хэргээс харагддаг.

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 28 дугаар тал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүх дүгнэхдээ шүүгдэгч Л.Быг өөрт ногдох хохирлоо 100% нөхөн төлсөөр байтал бусдад хохирол гаргуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүйн дээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн шийтгэх тогтоолын 29 дүгээр тал буюу тогтоох хэсгийн 5 дахь заалтыг үзэхэд шүүгдэгч Л.Баас нэр бүхий 6 хохирогчид хохирол төлбөр гаргуулахаар заасныг өмгөөлөгчийн зүгээс огт ойлгохгүй байна. Эдгээр буруу бичигдсэн зүйлсийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж, өөрчилж өгөхийг хүсч байна.

   Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний 2/1-с хэтрэхгүйгээр, ялын доод хэмжээний 2/1-с багагүй ял оногдуулах гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэж болохоор байсан байтал хэрэглээгүйд нь өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

   Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэн өөрчлөлт оруулж шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг ийг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

   Шүүгдэгч Р.Рийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Р.Р нь 2022 оны 02 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн үйлдлээр бусдын 7 үхрийг хулгайлж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь Б.Зд ахынхаа ТҮЦ-ийг худалдаад үнэ нь нэхэгдэхээр нь төлбөрийг нь төлөх зорилгоор хамт явж хулгай хийж төлөлцөхөөр явсан байдаг. Өөрт оногдсон мөнгөнөөс Б.Зд эргүүлэн өгсөн нь мэдүүлгээс харагддаг.

   Мөн бусдад учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу, зүйлчлэл дээр маргадаггүй.

   Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад Р.Рийн нэрийг бичих байтал Л.Б, Б.З нар бусдад төлөх төлбөргүй гэж бичсэнийг зөвтгөж өгнө үү гэв.

   Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээж байна гэв.

   Шүүгдэгч Р.Р тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их харамсаж байна. Анхнаасаа бүх хэргээ үнэн зөвөөр хэлж гэм буруугаа хүлээж хохирогч нартай уулзаж болон утсаар холбогдон хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

   Шүүгдэгч Р.Рийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаан гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн зөв дүгнэлт өгч чадаагүйгээс үүдэн миний үйлчлүүлэгчид хэт өндөр ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн зорилго нь хохирлыг барагдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг гэдгийг харгалзан үзэн Р.Рид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөхөөр мөнгийг төрсөн эцгийнхээ дансанд байршуулсан байгааг анхаарч үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлогдон тогтоогдсон. Хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.З, Л.Б, Р.Р нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.З, шүүгдэгч Б.З, Л.Б нарын өмгөөлөгч П.Ганбаатар, шүүгдэгч Р.Рийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт хэрэг халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог ба гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан үр дагаврыг хохирол тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдаг.

Мөн гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хураан авч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх, шүүх нь хөрөнгө, орлогыг хураан авахдаа нэг бүрчлэн шийдвэртээ зааж байхаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчлан тогтоосон.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтээс үзвэл шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг 4110 УАЕ улсын дугаар бүхий Тоёота Приус-20 маркийн, 0508 улсын дугаартай Тоёота Пробокс маркийн, 6876 ЗАН улсын дугаартай Тоёота Королла маркийн, 0421 УБТ улсын дугаартай Ниссан Тина маркийн, 0369 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн нийт 5 тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн хэмээн тусгагдсан байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Б, Б.З нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө иргэн Б.Атардээжийн 2 тооны үхрийг хулгайлахдаа ашигласан гэх бусдын эзэмшлийн 0369 УБД маркийн Тоёото Приус-30 маркийн, Б.З, Л.Б, Р.Р нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Д.Ганхуягийн 1 тооны үхрийг хулгайлахдаа ашигласан гэх 0421 УБТ Ниссан Тина маркийн автомашинуудыг хураан авч битүүмжлэн үнэлгээ тогтоолгоогүй орхигдуулжээ.

Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд гаргасан дээрх алдаа, зөрчлийг хуулиар өөрт олгогдсон эрхийн дагуу зөвтгүүлэн уг тээврийн хэрэгслийг цаашид хэрхэх, мөн зарим хохирогч нарт учирсан хохирлыг огт шийдвэрлэлгүй орхигдуулж хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

            Дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хууль зүйн боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Б.З, Л.Б, Р.Р нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.З, Л.Б, Р.Р нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС

 

                               ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                    М.МӨНХДАВАА