Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2020/00017

 

“******* ХХК”-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 151/ШШ2020/00860 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цээлийн хур” ХХК-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний 37.844.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 119 онд байгуулагдсан бөгөөд Хөдөө аж ахуйн био бэлдмэлийн үйлдвэрлэл, ургамал хамгааллын бодисын худалдааны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Хариуцагч “Цээлийн хур” ХХК нь “*******” ХХК-тай ургамал хамгааллын бодис худалдаж авахаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 20 тоот, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 20б тоот гэрээг тус тус байгуулж, ургамал хамгааллын бодис фенизан 170 литр 9.350.000 төгрөг, зингер 17 литр 4.930.000, овсюген экспресс бодис 20 литр 1.240.000 төгрөг, лорнет 120 литр 10.830.000, форвард 100 литр 5.700.000, зингер 10 литр 5.700.000 төгрөгийн үнэтэй барааг гэрээний 4 дэх хэсгийн А, Б-д зааснаар төлж барагдуулахаар тохиролцсон юм. Худалдагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч худалдан авагч тал урьдчилгаанд 8.256.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд ургамал хамгааллын бодис худалдаж авсан үлдэгдэл төлбөр 25.244.000 төгрөг, гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 12.622.000 төгрөг нийт 37.844.000 төгрөгийг “Цээлийн хур” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан “Цээлийн хур” ХХК-иас 37.844.000 /гучин долоон сая найман зуун дөчин дөрвөн мянган/ төгрөг гаргуулан, “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Цээлийн хур” ХХК-иас 347.170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Цээлийн хур” ХХК-ийн захирал Ш.Гантөмөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: "нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул "хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ" хэмээн хэргийг хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийг /мэргэшсэн хуульчийг/ оролцуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд өөрийн сонгосон өмгөөлөгч Р.Булганыг оролцуулах, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь шийдвэрт тодорхойгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн талд мэргэжлийн хуульч өмгөөлөгч оролцож байгаа тул хариуцагчийн зүгээс мөн адил өмгөөлөгч оролцуулан өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах хүсэлтийг гаргасан байхад шүүгч энэхүү Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хэргийг нэхэмжлэгчийн  талд  шийдвэр  гаргаж хариуцагчид  ямар  нэгэн  мэтгэлцэх боломж олгохгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

Хариуцагчийн хувьд Төв аймагт газар тариалан эрхэлдэг бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болох үед цаг агаарын гэнэтийн аюул буюу их хэмжээний хүчтэй бороо хур орж ургац алдах аюул нүүрлэж байсан тул энэ учир шалтгааныг харгалзан үзэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хариуцагчийн хувьд хэргийн материалтай танилцаагүй, өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцож. мэтгэлзэх зарчмыг хязргаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хзсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Шүүгч нэг талд шийдвэр гаргасан болох нь хариуцагч талын үндэслэл бүхий хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрийн 2 эх хувийг нэхэмжлэгч талд гардуулж, хариуцагчид шүүгчийн туслахын хуулбар үнэн гэж дарсан хуулбар хувийг гардуулсан зэргээр тодорхой харагдаж байна гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заэсэн хэрзг хянзн шийдвэрлэх зжиллзгззны журмыг ноцтой зөрчсөн гэж үззж байгаа тул Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2020/00860 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 37.844.000 төгрөгийг хариуцагч “Цээлийн хур” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Цээлийн хур” ХХК-ийн захирал Ж.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “*******” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргажээ.

Уг гэрээнд:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 12.844.000 төгрөгийн

нэхэмжлэлээс татгалзаж хариуцагч “Цээлийн хур” ХХК-тай 25.000.000 /хорих таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад эвлэрч,

  1. Уг 25.000.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж

барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Талууд эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж, нэхэмжлэгч болон хариуцагч хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн эрхтэйгээр итгэмжлэлээр  төлөөлөн оролцох этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ба хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлсэн болохоо эвлэрлийн гэрээнд тусгаж, шүүх хуралдаанд мөн тайлбарласан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.” гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Цээлийн хур” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2, 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 151/ШШ2020/00860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Цээлийн хур” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                    ШҮҮГЧИД                                             Г.БОЛОРМАА

 

                                                                                  Т.ЭНХМАА