Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2020/00019

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01092 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох,

2020 оны 01 сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлээр суутгасан 354020 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие нь Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр нийт 13 жил ажилласан. Энэ хугацаанд мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Н.Нанжилмаа нь хууль бус арга хэмжээ авсанд гомдолтой байна. Уг тушаал нь Эрүүл  мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод 9 дүгээр зүйлийн 9.1.2.7 дах заалтыг үндэслэсэн гэжээ. Гэтэл хөдөлмөрийн дотоод журмыг надад танилцуулаагүй, хамт олны хурлаар батлаагүй, өөрийн дураар дотоод журмыг өөрчилсөн байна. Мөн сахилгын арга хэмжээ авч байгаа тухай сонсгож танилцуулаагүй. Иймд 2 сарын цалингийн суутгал нийт 354020 төгрөгийг буцаан олгуулах хүсэлтэй байна. 1 дүгээр сарын цалингийн суутгал 166322, 3 дугаар сарын суутгал 187698 төгрөг байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Төв аймгийн Эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Байгууллагын дарга Н.Намжилмаа нь хөдөлмөрийн дотоод журмыг өөрчилсөн тухай надад танилцуулаагүй. Танилцуулсан гэх боловч энэ тухай нотлох баримтгүй байна. Өөрчилсөн дотоод журмаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн сахилгын зөрчлийг хэзээнээс эхэлж тооцож шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна. Шийтгэл ногдуулахаас өмнө надад мэдэгдэх үүрэгтэй байхад мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сануулаагүй байдаг.

2019 оны 09 сард хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан харин 11 сарын 29-нд дотоод журам баталсан гээд 2020 оны 01 сард арга хэмжээ авсан.

Хариуцагч тал хоцорсон цаг минутаар ярьж байна, ажлын цагаас хоцорсон талаар маргахгүй харин мэдэгдээгүй дотоод журмаар арга хэмжээ авсанд гомдолтой байна. Удирдлагын багийн үүрэг бол дотоод журмаа өөрчилсөн тухай мэдэгдэж, танилцуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

2019 оны 09 сарын хамт олны хуралд суусан, гэхдээ дотоод журам өөрчлөх тухай яригдаагүй. Эх барих эмчийн хувьд сум орон нутгийн иргэдийг байнга хүлээн авч үздэг, ажлын цагаас хоцорсон гэх боловч илүү ажилласан цагийг яагаад тооцохгүй байгаа юм.

2020 оны 01 сарын 07-ны өдөр ханиад хүрээд эмнэлэгт үзүүлсэн байдаг, 15-ны өдрийг санахгүй байна. Иймд танилцуулаагүй дотоод журмаар сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, 2 сарын цалингийн 20 хувь 354020 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020.01.29-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1-2 Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2-7 дахь заалтыг тус тус үндэслэн ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараалан хоцорч, ажил тасалсан тул цалингийн 20%-иар хоёр сарын хугацаагаар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан. *******т сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалыг байгууллагын дарга өөрт нь өгөх гээд өрөөнд нь ороход байхгүй байсан тул нэг өрөөнд цуг суудаг эх баригч бага эмч Ичинхорлоод Нандинцэцэг эмчид өгөөрэй гэж хэлээд орхиж энэ тушаалын биелэлт 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж *******ийн цалингаас суутгал хийгдсэн. *******ийн 1 сарын цалингаас суутгал хийгдсэн байхад  нэхэмжлэгч өөрөө сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг мэдээгүй, танилцаагүй байх үндэслэл байхгүй. Иймд сахилгын арга хэмжээ авч байгаа тухай сонсгож, танилцуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэтэл анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн өргөдөл гаргахдаа дээрх тушаалыг гардсанаас хойш 3-н сар 25 хоногийн дараа гомдол гаргаж байгаа нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ******* нь байгууллагын даргыг үл хүндэтгэн ажилдаа байнга хоцорч ирдэг, мөн ажлаа байнга таслах сумын иргэдийн хурлын ажилд авдаг. Энэ үедээ ажиллаж цалин авч байгаа байгууллагын удирдлагаас чөлөө зөвшөөрөл авдаггүй. Батсүмбэр сумын ИТХ-ын дарга М.Бат-Эрдэнээс нэг тоот ирүүлээд өөрөө 3-н өдөр ирэхгүй алга болдог. Сумын иргэдийн хурал нь жил 2 удаа хуралддаг. Гэтэл сумын ИТХ-нь 2019.12.19-нд нэг л удаа хуралдсан байдаг. ******* нь 2019 оны 11 дүгээр сард хоцорч ирсэн 16 удаа, үдээс хойш цайндаа явж ирэхдээ хурууны хээг бүртгүүлж уншуулаагүй 10 удаа байна. 2020 оны 12 дугаар сард хоцорсон 8, үдээс өмнө хойш явж ирэхдээ хурууны хээг бүртгүүлээгүй 10 удаа байна. 2020 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэл хоцорч ирсэн 10 удаа, үдээс өмнө хойш явж ирэхдээ хурууны хээгээ бүртгүүлж уншуулаагүй 5 удаа. Огт ирээгүй 01 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш 16 цаг 11 минутад ажилдаа ирсэн. 15-ны өдөр бүтэн тасалсан. ******* нь байгууллагаас цалин авч байж дээрх байдлаар ажилдаа ирдэггүй нь байгууллагын цагийн бүртгэл хурууны хээний бүртгэлүүдээс давхар харагдах болно. Байгууллагын дотоод журам нь 2015 оны дотоод журам үйлчилж байгаад 2019.11.29-ний өдрөөс өөрчлөн мөрдөж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр Сахилгын арга хэмжээ авах заалт өөрчлөгдсөн юм шиг бичсэн байна. Гэтэл энэ заалт нь 2015 оны дотоод журамд байгаа өөрчлөгдөөгүй хэвээр орсон байгаа. Эдгээр дотоод журмуудад нэг сард 3 буюу түүнээс дээш удаа ажлаас хоцрох, сард 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 5 минутаас дээш хугацаагаар эзэнгүй орхисон тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авна гэж заасан заалтыг үндэслэн сахилгын арга хэмжээ авсан. Иймд *******ийг гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь 2019 оны 06 сард шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа орж, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулъя, байгууллагын дотоод журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Ингээд 2019 оны 09 сарын 07-нд хамт олны хурал хийж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотоод журмыг өөрчлөх, бусад асуудлын талаар хэлэлцсэн.

*******тэй 09 сарын 09-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Байгууллагын дотоод журам нь 2015 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш нэмэлт өөрчлөлт ороогүй. Дотоод журмаа өөрчилсөн нь ажилтны сахилга хариуцлагыг сайжруулах, иргэдийг чирэгдүүлэхгүй шуурхай үйлчлэх зорилготой бөгөөд 09 сард хамт олны хурлаар хэлэлцсэн дотоод журмыг 11 сар хүртэл ажилтан бүрд танилцуулаад нэмэлт оруулах саналгүй гэснээр 11 сард баталсан юм.

2019 оны 11 сард баталсан дотоод журмыг бүх ажилтан танилцсанаар мөрдөж эхэлсэн. 2015 онд баталсан дотоод журам болон 2019 оны дотоод журмаар ажлын цагаас хоцрох ажил тасалсан тохиолдолд сахилгын арга хэмжээ авахаар заасан байдаг, энэ заалт угаасаа байсан.

Сахилгын арга хэмжээ авсан цаг хугацаа нь 2020 оны 01 сард гаргасан зөрчлийг хамруулсан тэрээр  1 дүгээр сард 10 удаа хоцорсон, 01 сарын 7, 15-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан байдаг. Иймд сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар*******д холбогдох Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 сарын 29-ний өдрийн Б/08 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, 354 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Би Анхан шатны шүүхэд: Хөдөлмөрийн дотоод журмыг надад танилцуулаагүй, хамт олны хурлаар батлаагүй, өөрийн дураар дотоод журмыг өөрчилсөн. Мон сахилгын арга хэмжээ авч байгаа тухай сонсгож, танилцуулаагүй хэмээн нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь хамт олны хурлаар "Дотоод журам" батлагдсан нотлох баримтгүй байхад " Хуульд зааснаар ажил олгогч Батсүмбэр сумын ЭМТ нь 2019 оны 11 сарын 29-ны өдөр А\25 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам баталсан байх бөгөөд ажилтан Б. Нандинцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дах хэсэгт зааснаар ажлын цаг бүртгүүлэхийг мөн журам зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж үзлээ" гэжээ. Өөрөөр хэлбэл дотоод журам баталсан тухай хамт олны хурлын шийдвэр байхгүй, дотоод журамыг танилцуулсан мэдэгдсэн талаар нотлох баримт байхгүй байсан. Нотлох баримт байхгүй тухай "Иймд байгууллагын дотоод журам танилцуулсан эсэх талаар үйл баримтыг тогтоох зүйтэй" гэжээ. Мөн "Хариуцагч тал хэдийгээр журмыг танилцуулсан талаар бичгийн баримт үйлдээгүй боловч ******* нь уг дотоод журмыг мэдсэн байх боломжтой болох нь 2019 оны 09 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам батлах асуудлыг хэлэлцсэк хуралд ******* оролцсон талаарх хурлын тэмдэглэлээр, уг хурлаар хэлэлцсэн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 09 сарын 09-ний өдөр байгуулсан байдлаар тус тус тогтоогдож байна" гэжээ. Гэтэл тухайн хурлаар хөдөлмөрийн дотоод журам заалт бүрээр хэлэлцсэн тухай хурлын протоколд огт байхгүй бөгөөд баталсан тухай хамт олны шийдвэр ч байхгүй байдаг. Мөн сахилгын арга хэмжээг авахдаа, удирдлагын багийн хурлаар хэлэлцээгүй, хамт олны хурлаар, мөн өөрт мэдэгдээгүй, надаас зөрчлийн талаар тайлбар аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтуудыг тайлбарласан дээд шүүхийн тайлбарт сахилгын арга хэмжээ авахдаа 4 баримт бүрдүүлсэн байх бөгөөд эдгээрийн аль нэг байхгүй тохиолдолд хүчингүй гэж заасан байдаг. Гэтэл дээд шүүхийн тайлбар дээр заасан баримтууд бүрдээгүй байхад сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлээр ногдуулсан 2 сарын цалингийн суутгал нийт 354 020 төгрөгийг буцаан олгуулах хүсэлтэй байна. 1 дүгээр цалингийн суутгал 166 322, 3-р сарын суутгал 187 698 төгрөг байна.гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* сахилгын шийтгэл ногдуулах тухай ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2 сарын цалингийн суутгал 354020 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг*******д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзжээ.

Нэхэмжлэгч ******* нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд тодорхойлсон ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан гэх зөрчлүүдийн талаар маргаагүй ба ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж батлаагүй, өөрт нь танилцуулаагүй, байгууллагын дарга өмнөх дотоод журмыг өөрийн дураар өөрчилсөн гэсэн үйл баримтыг гомдлынхоо үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.-д “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ”, 130.2.-т “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана” гэж заасныг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын  2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлан мөрдүүлж  байгаа хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. /хх-ийн 38-41-р тал/

Ажил олгогчоос дээрх дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг  2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хурлаар /14 хүн оролцсон/ хэлэлцсэн хурлын тэмдэглэл хэрэгт авагджээ. Уг тэмдэглэлд ”...байгууллагын даргаас ... хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг нэг бүрчлэн уншиж танилцаад хүлээн зөвшөөрвөл гэрээгээ байгуулж, дотоод журмаа батлах тухай танилцуулж, “эх хувиар нь ажилтнуудад уншуулав” гэж  тусгагдсан, энэ хуралд нэхэмжлэгч оролцож бусад асуудлын талаар саналаа хэлсэн байх боловч дотоод журамтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт хуралд оролцсон хүмүүсээс гаргаагүй байна. /хх-ийн 113-114-р тал/ 

Дээрх хурлаас 2 сарын дараа дотоод журам батлагдсанаас үзвэл энэ хугацаанд ч  ажилчид  тухайн дотоод журамтай холбоотой асуудлаар байгууллагын захиргаанд санал хүсэлтээ гаргах боломжтой байжээ.

Дотоод журмын талаар хэлэлцсэн ажилчдын хурлаас 2 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч, ажил олгогчтой харилцан тохиролцож,  хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 4-5-р тал/

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан сахилгын зөрчил болох удаа дараа ажлаас хоцорсон, 2 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан зөрчлийг 2020 оны 1 дүгээр сард гаргасан болох нь баримтаар тогтоогдсон байх тул сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг бүрэн зөв хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА

           

                          ШҮҮГЧИД                                              Г.БОЛОРМАА

 

                                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР