Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 44

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Батсайхан 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал

Хохирогч: Г.О

Шүүгдэгч: Э.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э. Д-д холбогдох,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Э. Д 

 

Шүүгдэгч Э.Д нь “Ц” ХХК-ний гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан орхиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Б уг нүхэнд унаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...Манай компани 2014 оны 08 сард Э ХХК-тай бохир шугамын ажлыг хийхээр гэрээ байгуулсан. Тухайн үеийн ажлын гэрэл зураг тэр үеийн техникийн нөхцөл байдал нь шугам татах ажил байсан. Түүнээс ямар нэгэн өргөх станц гэх зүйл байгаагүй. Гэвч явцын дунд 2015 он гараад тухайн газар зааварчилгаа 2 ширхэг өргөх станц барих шаардлагатай боллоо гэдэг үүднээс ажлын зурагт өөрчлөлт орсон. Тухайн өөрчлөлтийн дагуу хоёр өргөх станц барихаар болсон. Анх хийсэн гэрээний үнийн дүн, хийх ажил бүгд өөрчлөгдсөн учраас энэ асуудал хоёр компаний хувьд маргаантай асуудал болж хувирсан. Манай компаний хувьд авсан санхүүжилтийн хүрээнд шугамынхаа ажлыг хийнэ гэдэг зүйлийг хэлсэн. Харин Э ХХК-тай манай компани санхүүжилтын асуудлаар маргаан үүсгэж нэг удаа шүүхдэж байсан. Нүх үүссэн түүх ийм учиртай байгаа юм. Манай компаний зүгээс тухайн үед ийм асуудал болсон тул нүхийг булаад орхино гэж хэлсэн боловч тухайн үеийн барилга хот байгуулалтын газраас наана чинь өргөх станц хийгдэх юм, зурганд өөрчлөлт орсон учраас заавал өргөх станц барих ёстой гэж хэлсэн. Манай компаний зүгээс төсөв санхүү байхгүй байхад яаж өргөх станц барих билээ гэдэг асуудал яригдсаны улмаас тухайн нүх үүссэн байдаг. Дараа нь Э ХХК манайд санхүүжилт дутуу байсан гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөөд 2017 онд санхүүжилтын дутууг гүйцээж өгөөд, өөрсдөө өргөх станцаа барьсан. Гэрээний заалтад санхүүжилтийг бүрэн дүүрэн олгох үүрэгтэй, хэрвээ бүрэн дүүрэн олгоогүй асуудлаар маргаан гарвал санхүүжилт хариуцсан байгууллага үүрэг хүлээнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр гэрээний ганц заалтыг харж энэ асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. Үндсэн захиалагч нь бол Э ХХК-ийн гүйцэтгэж байсан ажил байгаа. Манай компаний хувьд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ямар нэгэн эрх мэдэлтэй гэдэг байдлаар оролцож байгаагүй. Энэ хэрэгт гэм хор учирсан байна, гэхдээ гэм хор нь гэм буруутайгаа шууд шалтгаант ямар холбоо байна вэ гэдэг дээр тал талаас нь нилээн сайн харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Тухайн үеийн мэргэжлийн хяналт тавих тавьсан үүрэг бүхий этгээд нь байсан учраас миний зүгээс тухайн үед хэрэглэж байсан хуучин 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар энэ хэргийг шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Тухайн үед манай компаний зүгээс түр хаалт хийсэн боловч цаг хугацаа алдагдсан, үрэгдсэн асуудал гарсан. Энэ гэмт хэргийг бусдын биед болгоомжгүй гэмтэл учруулсан гэж үзэх боломжтой гэж үзэж байгаа учир хуучин Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Хохирогч Г.О-н шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...Миний хүү Ж.Б нь 2017 оны 03 сарын 09-ний өдөр хичээлээ тараад гэртээ ирэх замдаа тахир дутуу болж тархины хүнд гэмтэл авсан. Тэр өдөр би өвчтэй байсан учраас ажил дээрээ очиж чадаагүй. Эмнэлэг дээр очиход миний хүүхдийн эрүүл мэндийн байдал маш хүнд, нас барах гээд маш хэцүү байсан. Тухайн үед таньж мэддэг хэн байна бүгдээс нь зөвлөгөө авч байсан. Миний хүү эмнэлэгт хоёр өдөр ухаангүй хэвтэж байхад нь хотоос дүүгээ, аавыгаа дуудаж хүүгээ аваад хот руу явсан. Тухайн үед маш их эмчилгээ эм тариа хэрэглэсэн. Одоо ч эм тариа тасралтгүй хэрэглэж байгаа. Эмчилгээний явцад өмнөх үеээ бодвол миний хүүгийн бие гайгүй сайжирсан. Эмч нар хэлэхдээ тархины хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Миний хүү математикийн хичээлдээ сайн, хичээлдээ сайн сонирхолтой хүүхэд байсан. Гайхмаар гэмээр ой тогтоолттой, ангидаа толгой цохидог хүүхэд байсан. Одоо бол миний хүү хоол идэж чаддаггүй, хоол идээд цадаж байна, хоол идээгүй байхдаа өлсөж байна гэдгээ ч мэдэхгүй, өмнөх хичээл номноос санах зүйлгүй болсон. Байнгын памперс өмсдөг, шээе, баая гэдгээ ч хэлж чаддаггүй. Миний гомдож байгаа зүйл гэвэл яах гэж хүүхдийн хичээл сургуулийн замд нүх ухаж үлдээсэн юм бэ, үүнээс чинь болж бид хүүхдээ ирээдүйд ямар хүн болж нийгэмд ямар байр суурь эзлэхээр хүүхэд болж хүмүүжих байсныг мэдэхгүй байна. Э.Д гэх хүн надад 21.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Энэ мөнгөөр тухайн үедээ Солонгос явж эмчилгээ хийлгэх гээд үнэ өртгийг нь судалтал хамгийн багадаа 50-60 долларын үнийн дүн гарахаар байсан. Тэгээд Э.Д гуйтай уулзахад танай хүүхэд эмч нарын ярьж байгаа дүгнэлтээр олон удаа эмчилгээ хийгдэнэ, удаан хугацаагаар эмчилгээтэй байна, эмнэлгээр явна гэж байгаа болохоор удаан жилээр эмнэлгээр явж эм тариа хэрэглэх шаардлагатай болох байх гэж хэлж байсан. Манай гэрийнхэн хүүгээ Солонгос улс руу авч явбал яах бэ гэж хэлсэн чинь  сүмийн шугамаар явуулж өгч болно тэр шугамаар явуулах юм бол үнэ төлбөргүй явуулж болно. Хүүхэд чинь 10 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай бол 8 жилийн эмчилгээний төлбөр гэж бодоод жилд 5.000.000 төгрөг, нийт 43.000.000 төгрөг олгоё гэж ярилцаж тохиролцсон. Тухайн үедээ 20.000.000 төгрөг өгөөд 23.000.000 төгрөг өгөөгүй. Гадагшаа явж эмчилгээ хийлгээгүй шалтгаан нь бол хүүхдэд чинь эмчилгээний мөнгө төгрөг өгнө гэж тохирсон байсан боловч өгөөгүй. Тэр үед бас манай ээжийн бие тэнхээрч тааруу байсан учраас хүүгээ сахиж байх хугацаанд буюу 07 сард ээж маань нас барсан. Манай гэр бүлийнхэн болон миний зүгээс баян тансаг амьдралтай биш учраас өөр өөрсдийн ажлаа хийж амьдралаа залгуулдаг. Ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гээд миний хувьд маш хэцүү байна. Эмч нар хэлэхдээ 10 нас хүрэхээс нь өмнө тархины хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн гэв.   

 

Мөрдөн байцаалтын шатанд 201703000162 дугаартай эрүүгийн хэргээс:      

                        

Хохирогч Г.О-н мэдүүлсэн: ...Миний хүү Б нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед хичээлдээ явсан бөгөөд аавтайгаа хамт явж ангидаа хүргүүлсэн. Өдрийн 12 цаг 40 минутын үед намайг гэртээ байхад Б-г ухсан нүхэнд унаад ухаангүй байдалтай байна, эмнэлэг дээр яаралтай хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол Б ямар ч ухаангүй, толгойн зүүн талаараа цус болсон, цус толгойгоор нь нэг болсон байсан. Б-т Тариат сумын эмнэлгийн эмч, сувилагч нар эмчилгээ хийгээд байсан. Би эмчээс юу болсон талаар асуутал таны хүүхэд тархиндаа маш хүнд гэмтэлтэй байна, хөдөлгөж болохгүй, аймгаас эмч нар дуудсан байгаа гэж хэлсэн. Быг нүхэнд унасан тэр өдөр би ажил дээрээ очоогүй, гэртээ байсан бөгөөд Б нь 12 цагийн үед хичээлээ тарчихаад миний ажил дээр заавал орж ирээд надтай уулзаад гэр рүүгээ явдаг байсан. Тухайн өдөр би өвчтэй, акттай байсан учир ажил дээрээ байгаагүй, гэртээ байсан болохоор миний хүү ганцаараа гэр рүүгээ явж байгаад сургуулиас 100 орчим метр зайд байдаг дулааны шугам ухасан нүхэнд унасан байсан. Би Быг Тариат сумын эмнэлэгт нэг хонуулаад маргааш нь эмчийн хамт Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын төв”-д аваачиж хэвтүүлсэн. Б-ыг эмч нар найдвар муутай гэж хэлж байсан ч эмчилгээ хийлгэсний үр дүнд ухаан орсон боловч өөрийгөө хянах чадваргүй, хяналтгүй шээж, бааж байгаа, мөн идэх уухаараа өлсөж, цадахаа мэдэхгүй, юм ярихаараа дэмийрч яриад байгаа. Б удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх ёстой, хагалгаа хийх боломжгүй гэсэн бөгөөд цаашдаа сэтгэцийн хувьд эрүүл болох магадлал багатай, асаргааны хүнтэй болох байх гэж хэлж байсан. Тухайн нүхийг ухсан “Г” ХХК-ний ажилтан Я гэдэг хүнтэй утсаар холбогдож байж хүү Бын эмчилгээнд 1.000.000 төгрөг авсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олон дахин утсаар ярьж байж 2 сая төгрөг авсан. Өөр мөнгө өгөөгүй байгаа. Цаашид хүү Бын эмчилгээнд гарах зардал мөнгийг нэхэмжлэх болно, гомдолтой байна. Одоо Быг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлээд байлгаж байгаа. Манай суманд дулааны шугам тавих гээд ухсан тэр нүх 3 орчим жил ухагдсан хэвээрээ байж байгаа бөгөөд яагаад битүүлэхгүй байгааг нь ойлгохгүй байна. Хэрэв тэр нүхийг битүүлсэн бол миний хүүхэд биедээ гэмтэл авахгүй байх байсан гэж бодож байна. ...Одоогийн байдлаар Бын эмчилгээнд 8 сая орчим төгрөг зарцуулсан байгаа, би өмгөөлөгчтэйгээ ярьж байгаад мөнгөний нарийн тооцоог гаргаж нэхэмжлэх болно. Манай гэр Тариат сумын сургуультай их ойрхон бөгөөд ойролцоогоор 400 метр орчим зайтай байдаг. Б-н унасан нүх сургууль манай гэр хоёрын хооронд явдаг замд байсан. ...Дулааны шугам тавих гээд Тариат сумын төвд энд тэндгүй ухсан нүхнүүд байдаг. Тэдгээр нүхнүүдэд ямар ч хашаа, хаалт, тор гэх зүйл байхгүй Ж.Б-н унасан нүхэнд ч гэсэн мөн адил хашаа, хаалт байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

 

Хохирогч Г.О-ын дахин мэдүүлсэн: ...Би “Ц” ХХК-ний захирал Д-тэй харилцан тохирч хүү Бынхаа эмчилгээний зардал мөнгөнд 43 сая төгрөг авахаар тохирч гэрээ баталгаа гаргуулж авсан. Одоогоор надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би энэ хэргийн араас дахин, дахин явж чадахгүй учир хэргийг зөв зүйлчилж, хэрэгсэхгүй болгож, хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

 

Гэрч Ж.Б-ын мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагт би Быг сургуульд нь хүргэж өгсөн юм. Эхнэр О тэр өдөр бие нь өвдөөд ажилдаа яваагүй гэртээ байсан. Би гадуур хүнтэй уулзах гээд өдрийн 12 цаг өнгөрсөн явж байхад эхнэр О над руу утсаар яриад Б нүхэнд унасан, ухаангүй эмнэлэг дээр байна гэхээр нь би О-ын хамт эмнэлэг дээр яваад очтол Ж.Б эмнэлгийн сэхээний өрөөнд ухаангүй, толгой нь цустай холилдсон байдалтай байж байсан. Тухайн эмч нар толгойдоо гэмтэл авсан аймгаас эмч дуудсан гэж байсан. Тэгээд эмч нар ирж үзээд, хөдөлгөж болохгүй, толгойдоо хүнд гэмтэлтэй байна гэж байсан. Тэгээд хот газраа бараадаж эмчилгээ хийлгэхээр болоод эхнэр бид хоёр сумын эмчийн хамтаар хувийн машинаар Улаанбаатар хот руу аваачиж, гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Би эхнэрийн хамт Быг ээлжилж сахисан бөгөөд хэд хоногийн дараа ухаан орсон боловч өөрийн ямар ч мэдрэлгүй, шээж, баахаа хүртэл мэдэхгүй, дэмийрч, балайраад байдаг болсон. Одоо Быг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлж байгаа. Би Ж.Б-ын унасан нүхийг олж харсан. Тэр нүх нь 7 метр гүнтэй 5 метр орчим тойрогтой, нилээн урт нүх байсан. Ж.Б хамгийн гүн, ёроолдоо хадтай хэсэгт нь унасан байсан гэсэн, тэр нүх сургуулийн зүүн урд талд 100 орчим метр зайд буюу манай гэр, сургууль хоёрын дундах зам дээр байдаг юм. 2014 оноос хойш манай суманд халуун, хүйтэн ус, цэвэр, бохирын шугам тавих зорилгоор аймгийн төвөөс хүмүүс ирж газар ухаж шугам тавиад байсан. Тэгээд зарим нүхээ битүүлээд, зарим нүхээ битүүлээгүй үлдээсэн бөгөөд сумын төвийн хэмжээнд 7-8 орчим нүх битүүлээгүй байгаа байх. Эдгээр нүхнүүд бүгд хамгаалалтын хашаа, хаалт, тор байхгүй. Бын унасан нүхэнд ч мөн адил хайс, хамгаалалт, орохыг хориглох тэмдэг байгаагүй. Тэр нүхэнд хүүхэд байтугай, том хүн унасан ч гэмтэл авахаар нүх байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Гэрч А.Ш-ийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би 12 цаг өнгөрсөн байхад Тариат сумын Тамгын газар орж ажил амжуулаад гараад явж байтал нүхэн дотор хүүхэд унасан байна гэж хүмүүс яриад байхаар нь хараад байж байтал нэг залуу нүх рүү ороод хүүхэд тэврээд гарч ирж байсан. Би тухайн үед тэр нүхэн дээр очиж чадаагүй бөгөөд нилээн хол зайнаас харсан юм. Нүхэнд унасан хүүхэд Ж.Б байсныг би таниагүй. Тухайн үед хүүхдийн толгой, дух, шанаа хэсгээр цус урссан харагдаж байсан. Би тэр хүүхдийг тэвэрч явсан хүнийг бас таньж чадаагүй юм. Тэгээд би ажилтай байсан болохоор цаашаа яваад өгсөн бөгөөд дараа нь сонсоход Оын хүүхэд Б нь нүхэнд унасан байсныг мэдсэн. Ж.Бын унасан гэх нүх нь сургуулиас 100 гаруй метр зайтай байдаг бөгөөд 2 жил орчим ухсан чигээрээ байж байгаа. Тэр нүхэнд хамгаалалтын хашаа, хайс огт байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

 

Гэрч Н.С-гийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Тариат суманд нүхэнд хүүхэд унаж хүнд гэмтсэн гэсэн мэдээллийг сонсоод би Тариат сумын төвд байрлах ухсан нүхийг газар дээр нь очиж үзсэн. Тэр нүх нь бохир усны өргөлтийн насосны станц барихаар ухсан барилгын суурь ухсан нүх байсан. Уг нүхийг Ц ХХК нь 2014 оноос 2015 онд ухаж бохир усны насос станцын барилга барих гэж эхлүүлээд хаячихсан байсан. Би уг гэрээг мэднэ. Ц ХХК-ний ажлын чиг үүрэг нь цэвэр бохир ус, шугам угсралтын ажлыг хийх эрх бүхий байгууллага болохоор манай компани Ц ХХК-ний үндсэн чиг үүргийнхээ дагуу гэрээ байгуулж дээрх ажлыг хийлгэсэн юм. Тийм болохоор үндсэн чиг үүргээ гүйцэтгэх явцад гарсан эрсдэл, хохирлыг хариуцах ёстой гэж гэрээнд заасан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

 

Гэрч Б.Гийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Тариат суманд бохир усны төв шугамын барилгын угсралтын ажлыг “Ц” ХХК-аар хийлгүүлэхээр болж гэрээ байгуулж байсан бөгөөд би тухайн үед гэрээнд гарын үсэг зурж байсан. “Ц” ХХК нь гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж түлхүүр гардуулна, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг өөрөө хариуцна гэж гэрээнд зааж гарын үсэг зурж байсан. Би гэрээний талаар өөр зүйл сайн мэдэхгүй байна. Би 8 настай хүүхэд Тариат суманд ухсан нүхэнд унаж гэмтсэн талаар сонсож мэдсэн. Би хэргийн газарт очиж үзсэн бөгөөд тухайн газар нь Ц ХХК-ний бохир усны өргөлтийн насос станц барихаар ухсан байсан нүх байсан. “Ц” ХХК яагаад бохир усны өргөлтийн насос станц бариагүй болохыг мэдэхгүй байна. Манай байгууллагын ажилчид уг ослын дараа Тариат сумын төвд байгаа нүхнүүдэд тууз, анхааруулсан тэмдэг байрлуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 55- 56 хуу/

 

Гэрч Б.Чын мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Засаг даргын Тамгын газар ороод 12 цагийн орчим гараад явж байтал нэг танихгүй жаахан хүүхэд гүйж ирээд ахаа нүхэнд хүүхэд уначихлаа гэж хэлсэн. Би тэр хүүхдийг дагаад очтол хүүхдийн цэцэрлэгийн урд байдаг дулааны шугам тавих зорилгоор ухсан байсан, нүх рүү нэг эрэгтэй хүүхэд хажуу талаараа унаад ухаангүй болчихсон байсан. Би нүхэн дотор ороод хүүхдийг тэвэрч үзэхэд ямар нэгэн хариу үзүүлэхгүй, ухаангүй байхаар нь гар дээрээ тэврээд Тариат сумын эмнэлэг рүү оруулж өгсөн юм. Тэр хүүхдийн биед ил харагдах гэмтэл, бэртэл харагдаагүй санагдаж байна. Надад анх ирж дуудлага өгсөн тэр хүүхэд 2-3-р ангийн эрэгтэй хүүхэд байсан, тэр хүүхдийг одоо харвал танихгүй байх. Өөр том хүн байгаагүй. Уг нүх бүрэн дунд сургуулиас нилээн хол зайтай бөгөөд ойролцоогоор 500 метр орчим зайтай байх, Засаг даргын тамгын газраас 200 метр орчим зайтай. Уг хүүхдийн унасан нүх нь дулааны шугам ухаж байгаад бөглөөгүй үлдээсэн 3 орчим метр гүнтэй нүх байсан. Уг нүх дотор талдаа хад чулуутай байсан. Тэр нүхний гадуур хайс, хамгаалалт, тор, хашаа гэх зүйл байгаагүй. Нүхийг ухаад хажуу талд нь шороог овоолж өндөр болгосон байсан. Тэр нүхийг 2016 оны 08 сард ухсан санагдаж байна...гэх мэдүүлэг /57-58 хуу/

 

Гэрч Ч.М-ын мэдүүлсэн: ... 2014 онд Архангай аймгийн Тариат сумын төвийг шинэчилж, цэвэр, бохир, дулаанд шинээр холбох, цахилгаан шугамыг өргөтгөх тендер зарласан байсан. Уг тендерт Архангай аймгийн бүх барилгын компаниуд нэгдэж групп болсон байсан бөгөөд уг группын захирал Д над руу утсаар яриад группт нэгдээч гэхээр нь би байгууллагынхаа холбогдох бичиг баримтыг авчирч өгсөн юм. Удалгүй Д над руу утсаар яриад манай групп тендерт ялсан, та ирж тамга, гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Манай байгууллага дулааны эх үүсвэр, дулааны шугам, цэвэр усны шугамыг дааж авсан. “Ц” ХХК нь бохир усны шугам, ариутгах татуурга түүнтэй холбоотой бүх ажлыг хийхээр тохирсон. Үлдсэн ажлуудыг Архангай аймгийн бусад компаниуд гэрээ байгуулаад ажиллахаар болсон. Уг тендерийн зураг, төсөв болон бусад бичиг баримтыг “Ц” ХХК-аас хийж гүйцэтгэсэн бөгөөд манайх бэлтгэж өгсөн зургынхаа дагуу ажлаа хийсэн. Уг ажлыг хийж байхад тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд Баярсайхан ирж бидний ажлыг үзэж байх үед орон нутгийн дарга удирдлагаас бусад аймагт хэрэгжиж буй төсөл, авто зам, явган хүний зам, гадна тохижилттой байхад манай сум тийм зүйл байхгүй байна гэхэд сайд эдгээр зүйлс байх ёстой гэж хэлсний дагуу бүх ажилд, төсөвт өөрчлөлт орсон юм. Би дахин зураг төсөвт захиалга өгч шинээр зураг төсөв хийлгээд “Ц” ХХК-тай гэрээ байгуулж, ариутгах татуургын шугам, түүнтэй холбоотой бүх ажил буюу насос станц барих, ариутгах татуургын худгуудыг барих, шугам барих зэрэг ажлыг хийж, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, техник аюулгүй ажиллагаа, барилгын норм дүрмийн стандартыг мөрдөж ажиллана гэсэн гэрээ хийсэн. Барилгын тухай хуульд шинээр баригдсан барилга байгууламжийг 3 жилийн турш чанарын болон аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг барилгыг барьсан газар хангаж ажиллана гэсэн байдаг юм. Уг заалтыг гэрээнд тусгаж өгсөн байсан. “Ц” ХХК-нд гэрээнд заасны дагуу санхүүжилтыг хийж явсан бөгөөд хийж буй ажил нь шаардлагад нийцэхгүй байсан тул 7 хоногийн хугацаатай ажлыг зогсоож, зураг төсөвтэйгээ нийлж ажилла гэдэг байдлаар шаардлага хүргүүлтэл ажлаа хаяад явсан. Би болон Тариат сумын удирдлагууд удаа дараа шаардлага хүргүүлж, ажилдаа гараач гэхэд мөнгө дууссан гэж хэлсэн. Би тухай бүрт нь санхүүжилтийг хийгээд явсан болохоор мөнгө байх ёстой, ажлаа хий гэдэг байдлаар хэлсэн. Тариат сумын хэмжээнд “Ц” ХХК нь ухаж үлдээсэн газраа янзлаагүй, шууд хаяад явсан бөгөөд аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд шаардлага хүргүүлж байсан. Бас манай байгууллагын зүгээс болон сумын удирдлагуудаас ч гэсэн шаардлага бичиг хүргүүлж байсан ч ажилдаа ороогүй юм. Би “Ц” ХХК-ийг мөнгө байхгүй гээд байхаар нь 40 орчим сая төгрөгийг шилжүүлж ажилдаа ор гэсэн боловч “Ц” ХХК нь ажлаа хийгээгүй юм. Манай байгууллага өөрсдийн зардлаараа Тариат сумын сургуулийн хашаанд ухсан нүхнээс гарсан том чулуунуудыг зайлуулж өгч байсан юм. “Ц” ХХК ажлаа хийгээгүй болохоор шүүхэд хандсан байгаа. Одоогоор шийдвэр гараагүй байгаа. Би энэ хэргийн талаар сонсож мэдсэн. Нүхэнд унасан хүүхдийн ээж, эгч нар нь над руу утсаар ярьж байсан, бас Тариат сумын газрын албаны ажилтан гэх хүн ирж уулзаад, энэ хэргийн талаар танилцуулж, эмчилгээний зардал мөнгөний талаар тусламж хүсч байсан. Манай байгууллагаас тэдгээр хүмүүст хэлэхдээ уг ухсан нүх нь манай байгууллагын хариуцах ажил биш, “Ц” ХХК-ний хариуцах ажил гэж хэлээд “Ц” ХХК-ний байр руу явуулсан боловч “Ц” ХХК-наас хүлээж аваагүй байсан. Тухайн хүүхдийн ээж, эгч нар надтай ирж уулзаад манай хүсэлтийг “Ц” ХХК хүлээж авахгүй байна гээд байхаар нь тухайн хүүхдийн бие нь муу, амь нас нь эрсдэж магадгүй гэж сонсоод “Ц” ХХК-ний өмнөөс эхний ээлжинд 1 сая төгрөг өгөөд, дараа нь дахин 2 сая төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө би тухайн хүмүүсээс “Ц” ХХК нь мөнгө нэхээд өгөхгүй байгаа, манай хүүхдийн амь насанд аюул учирах гээд байгаа учир цаг алдалгүй мөнгө гаргаж өгөөд дараа нь “Ц” ХХК-аас мөнгөө авна гэсэн утгатай бичиг хийлгэж авч байгаад мөнгө өгч байсан юм. Тухайн хүүхдийг нүхэнд унахаас нь өмнө уг нүхийг харж л байсан. “Ц” ХХК-д шаардлага хүргүүлж байсан. Харин нүхэнд унаж биедээ гэмтэл авснаас хойш би тэр нүхийг үзээгүй. Барилгын тусгай эрх, зөвшөөрөлтэй ХХК нь барилга угсралтын ажлыг техникийн аваар осолгүй, барилгын ноором стандарын дагуу ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн ажиллагааны улмаас эрсдэл гаргахгүй ажиллах ёстой байдаг юм. Гэрээний хамгийн гол заалт бол уг заалт байдаг бөгөөд “Ц” ХХК-ний зүгээс гэрээнд заасныг биелүүлж ажиллаж чадаагүй юм. Архангай аймгийн Тариат сумын төвд ухсан нүх, шуудуунд ямар ч хашаа, хайс, гүүр байгаагүй. Би Ц ХХК-нийг ингэж удаан хугацаагаар ажиллахгүй ажил завсардана гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/

 

Гэрч М.А-ын мэдүүлсэн: ...Би 3 орчим жил “Ц” ХХК-ний менежерийн ажлыг хийж байна. Манай “Ц” ХХК нь барилга угсралт, засал чимэглэл, цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг байгууллага бөгөөд 2014 оны 08 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төвд бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болж Э ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээний талаар би сайн мэдэж байгаа. Манай байгууллага гэрээний дагуу бохир усны төв шугамын угсралтын ажлыг 70 хувьтай хийж гүйцэтгэсэн бөгөөд геологийн дүгнэлт болон хөрсний нөхцөл зөрснөөс шалтгаалж ажил зогссон юм. Одоог хүртэл манай байгууллагын ажил явагдаагүй зогссон бөгөөд Архангай аймгийн шүүхэд гомдол гаргаж анх төлөвлөсөн мөнгө нь хүрэхгүй байгаагаас ажил дуусаагүй байгаа талаар маргалдаж байгаа юм. Тариат суманд газар ухаж, ажил явагдаж байхад би ажилчин, албан хаагч нартайгаа байсан болохоор хаана нүх ухаж, ямар нүх бөглөгдөөгүй үлдсэн гэдгийг мэдэж байгаа. Хүүхэд унаж гэмтсэн нүх нь Тариат сумын тамгын газрын зүүн талд байсан өргөх станц барихаар ухсан байсан нүхэнд хүүхэд унаж биедээ гэмтэл авсан байсан. Тариат сумын хэмжээнд 1000 орчим метр газар ухаж бохир усны шугамын угсралтын ажлыг хийж 700 орчим метр газарт шугам тавьж булалт хийгдсэн, үлдсэн газарт нь өргөх станц барих зардал төсөвт суугдаагүй байсан болохоор манай байгууллага нүхийг ухаад барилгын ажил хийгээгүй үлдээсэн юм. Булагдаагүй үлдээсэн нүхнүүдэд манай байгууллагын зүгээс хашаа, хайс, гүүр зэргийг хийгээгүй, гэхдээ зарим нэг газарт тууз татсан боловч удалгүй алга болсон байсан. Хүүхэд унасан байсан нүхний орчимд 2015 оны 07 сард тууз татсан боловч 2-3 хоноод алга болчихсон. 2014 оны 08 сарын 25-ны өдрийн №01 дугаартай гэрээнд манай “Ц” ХХК хөдөлмөрийн ажиллагаа болон техникийн ажиллагааны улмаас гарсан эрсдэл хохирлыг хариуцахаар заасан. Харин Барилгын тухай хуульд зааснаар ерөнхий гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн ажиллагааг хариуцахаар заасан байдаг гэсэн. Би энэ талаар нарийн сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/

 

Гэрч Р.Т-ын мэдүүлсэн: ...Тариат сумын төвд 2014 оны 07 сард “Э” нэртэй ХХК суманд цэвэр бохир болон дулааны шугам тавихаар ухсан бөгөөд ямар шалтгаанаар буцааж булаагүй өдий хүрснийг бид мэдэхгүй. Анх шугам хоолой тавих ажлыг Архангай аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ хийж , ажлыг эхлүүлсэн учраас сумын Засаг даргын тамгын газар энэ ажлын талар мэдэх зүйл байхгүй. Тариат сумын төвд ухсан нүхэнд хамгаалалтын тор, хашаа, хайс, гүүр огт байгаагүй, хүүхэд унаж бэртсэнээс хойш л ганц нэг самбар нарийн уяа зэргийг хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4351 дугаартай шинжээчийн дүгнэлт:

           Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ж.Б-ын биед баруун талд суурь яснаас дээш чамархай руу, баруун зулайгаас зулайн орой руу үргэлжилсэн цөмөрсөн, заадас дайрсан нийлмэл хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хий хуралт, тархи дарагдал, тархины эдийн олон тооны няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун хацар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 82, 108 хуу/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 758 дугаарт шинжээчийн дүгнэлт:

           Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ж.Б-ын биед баруун талд суурь яснаас дээш чамархай руу, баруун зулайгаас зулайн орой руу үргэлжилсэн цөмөрсөн, заадас дайрсан нийлмэл хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, хий хуралт, тархи дарагдал, тархины эдийн олон тооны няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун хацар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цохих, цохигдох, духны шарх гэмтэл нь цохих, цохигдох, нидрэгдэх, шүргэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дээрх олон тооны гэмтлүүд нь болсон хэргийн нөхцөлд /өндрөөс унах/ үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 109-110 хуу/

 

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Ч.Мын дүгнэлт: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана./ гэж заасны дагуу Э ХХК, Ц” ХХК-ууд нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01 тоот гэрээг байгуулахдаа “Ц” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцахаар уг гэрээний 2.4-т /Тариат сумын төвийн бохир усны төв магистрал шугамын барилга угсралтын ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн аюулгүй ажиллагааны улмаас гарсан эрсдэл хохирлыг гүйцэтгэгч өөрөө бүрэн хариуцна/ заасан байна. Иймд энэхүү гэрээгээр  хүлээсэн үүргийн дагуу “Ц” ХХК нь буюу ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэнд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ үүргээ биелүүлээгүй байна.

2. Ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”  хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасан үүргийн дагуу “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.9-т зааснаар оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ, хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад дараах шаардлагыг хангасан хамгаалалтын хашаа хаалтыг хийх ёстой.

Үүнд: Үйлдвэрлэийн талбайн хайс, хашааны өндөр нь 1.6 метрээс ажлын хэсгийн хайсны ендөр нь 1.2 м-ээс багагүй байна. Мөн нүх, суваг, шуудуу дээгүүр хөндлөн гарах газруудад 0.15 м зузаан үргэлж тавцантай, тавцайгаасаа 0.5 м өндөр нэмэлт хаалттай, хоёр талдаа 1.1 м-аас багагүй өндөр хашлагатай, 1 м-ээс багагүй өргөн гүүрэн гарц байрлуулсан байх гэж заасан байна...гэх дүгнэлт /хх-ийн 95-96 хуу/

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05/092/24 тоот шинжээчийн дүгнэлт: ...1. Улсын Ерөнхий прокурор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 119/187 тоот “Хамтран ажиллах тухай тушаалд” ...тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргах” гэж заасан тул Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Мын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/125 дугаартай шинжээчийн дүгнэлт ”Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 13, 14, 15, 16, 17, 18 дугаар зүйлүүдийг баримтлан гаргасан шинжээчийн дүгнэлт тул үндэслэлтэй байна. 2. “Э” ХХК-ний захирал Ч.М, “Ц” ХХК-ний захирал Э.Д нарын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч “Ц” ХХК-ний хүлээх үүрэгт буюу 2.4 “Тариат сумын төвийн бохир усны төв магистрал шугамын барилга угсралтын ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн аюулгүй ажиллагааны улмаас гарсан эрсдэл, хохирлыг гүйцэтгэгч өөрөө бүрэн хариуцна”. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн байгаль орчин сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.9-д “Оршин суугчид олноор сууршсан нутаг дэвсгэрт буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд /Суурин газар буюу байгууллагын нутаг дэвсгэр дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны буюу байгууллагын нутаг дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байна/ заасан шаардлагатай нийцүүлэн хаалт, хамгаалалт хийж өгвөл зохино” гэсэн заалтуудыг гүйцэтгэгч“Ц” ХХК-ний захирал Э.Д зөрчсөн гэж дүгнэж байна. 3. Хавтаст хэрэгтэй танилцахад осолдогч Ж.Бын унасан сувгийн нүхийг “Ц” ХХК нь ухсан нь нотлогдож байгаа тул Асуулт №2-д хариулсан, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөл хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.9-д заасан хаалт хамгаалалтыг дүрэмт заасны дагуу хийх аюулгүй ажиллагааг хангасан бол тухайн осол гарахгүй байх боломжтой гэж дүгнэж байна. 4. “Ц” ХХК нь тухайн сувгийн нүхийг ухсан тул дээрх дүрэмд заасны дагуу гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалах үүрэгтэй болно...гэх дүгнэлт /2хх-ийн 33-34 хуу/ 

 

Шинжээч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, БНбД 12-03-04-ийг тус тус зөрчсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэгт ухсан нүхэндээ дээрх норм дүрмийн дагуу хүмүүс болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад хайс, хашааг барих ёстой, мөн нүх шуудуу дээгүүр 0.5 метр зузаан үргэлжилсэн тавцантай гүүр барих ёстой байсан. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “Ц” ХХК нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж гүйцэтгээгүйгээс тухайн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байгуулсан Э ХХК, Ц ХХК-уудын гэрээний 2.4-д зааснаар хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны талаар гарсан эрсдэл хохирлыг гүйцэтгэгч байгууллага өөрөө бүрэн хариуцахаар заасан байсан. Иймд Тариат суманд ухагдаж үлдсан нүхнүүдэд хамгаалалтын хашаа, хайс, гүүр зэргийг хийх ажлыг “Ц” ХХК-с хариуцах ёстой гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/

 

Яллагдагч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2014 онд Монгол Улсын хэмжээнд аймаг бүрээс нэг сум сонгож сумын төвийн шинэчлэл гэсэн нэрийн доор Архангай аймгийн Тариат сумын айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажил хийгдэж эхэлсэн. Уг ажлын тендерт Э ХХК, “Г” ХХК-иуд оролцож, ялалт байгуулаад “Г” ХХК нь татгалзаж Э ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Манай “Ц” ХХК нь Э ХХК-д туслан гүйцэтгэгчээр 2014 оны 08 дугаар сард бохир усны төв шугамын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсны дараа ажил эхэлж, гэрээг дагалдаж баталсан байсан зураг төсвийн дагуу ажил явагдаж байтал 2015 оны 06 сард тухайн ажлын зураг төслийг албан ёсны болгож, магадлал хийгдэн зураг ирсэн байсан. Сүүлд баталсан зураг төсөв дээр 2 ширхэг өргөх станц байгуулах, хөрсний нөхцөл өөрчлөгдсөн байсан. Уг 2 ширхэг станцыг хэн барих вэ гээд маргалдаж байтал Э ХХК-наас манай байгууллыг хуучин төсөвтөө багтааж өргөх станцаа барьж байгуул гэж байсан бөгөөд манай байгууллага өргөх станц барих төсөв байгаагүй. Тиймээс хоёр байгууллагын дунд маргаан үүсч ажил зогссон юм. Саяхан шүүхийн маргаанаа шийдвэрлүүлж, Э ХХК нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу өргөх станц барих ажлыг хийлгэхээс татгалзаж, үлдсэн дутуу ажлуудыг “Ц” ХХК-д санхүүжилт өгч хийлгэхээр гэрээ байгуулсан. Э ХХК өөрөө хийж гүйцэтгэхээр болсон юм. Тиймээс Тариат сумын төвд үлдээсэн нүхнүүдийг манай байгууллага ухсан нь үнэн боловч өргөх станц барих ажлыг манай байгууллага хийхгүй, хийх мөнгө төсөв ч байгаагүй юм. Иймд манай байгууллага Э ХХК-тай өмнө нь тохиролцож өргөх станц бариулах ажлыг шийдсэн байсан бол ажил зогсож, ухсан нүхэнд хүүхэд унаж бэртэхгүй байх байсан. Манай байгууллагатай Тариат суманд нүхэнд унасан хүүхдийн ар гэрээс холбогдож эмчилгээний зардал өгөөч гээд байхаар нь 1.150.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Нүхэнд унасан хүүхдийн ар гэрийн хүмүүсээс хэрэг болсны 1 сар орчмын дараа над руу утсаар ярьж байсан. Тэр үед нь би мэдсэн. Манай байгууллага Тариат сумын нутагт 2014 оны 08 сараас хойш шугамын газрыг ухаад тэр дор нь шугамыг тавьж булалтыг хийгээд байсан. 2015 онд төсөв санхүү дутсанаас болж Тариат сумын хэмжээнд 1.5 км орчим газрыг ухаад буцааж булалгүйгээр үлдээсэн юм. Тухайн үед Тариат сумын төвд ухагдаж үлдсэн нүхнүүдэд хамгаалалтын тууз, хориглолтын анхааруулах тэмдэг тавьж байсан. Гэхдээ хашаа, хайс хийгээгүй. Бидний тууз тэмдэг тавьж буй зураг, баримтууд байгаа.  Тариат суманд хүүхэд унасан нүх нь өргөх станц буюу насос станц барих зориулалттай ухагдсан нүх болохоор Э ХХК-ны зүгээс хамгаалалтын хашаа, хайсыг хийх ёстой байсан гэж бодож байна. Хөдөлмөр хамгаалалтын ажил нь давхар төсөвтэйгээ хамт гэрээнд тусгагдаж явах ёстой байсан боловч Э ХХК-тай байгуулсан гэрээнд хөдөлмөр хамгааллын тухай мөнгийг заагаагүй байсан. Манай байгууллага Э ХХК-тай байгуулсан гэрээнд өргөх станц буюу насос станц барих ажил тусгаагүй. Эхний тендер авсан зураг төсөв дээр өргөх станц ч байхгүй байсан. Гэрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн аюулгүй ажиллагааны улмаас гарсан эрсдэл, хохирлыг гүйцэтгэгч байгууллага өөрөө бүрэн хариуцна гэж заасан боловч уг гэрээг байгуулж байхад өргөх станцыг барих ажил огт яригдаагүй байсан. Тийм болохоор гэрээний үйлчлэл нь бохир усны шугамын ажилтай хамааралтай. Өргөх станц барих ажил нь анх гэрээ байгуулахад байгаагүй юм. Мөн манай байгууллага гэрээнийхээ биелэлтийг гүйцэтгэхэд санхүүжилт бүрэн олгогдоогүйгээс хашаа, хайс хийгдээгүй юм. Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан байна. Дахин дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. 2014 оны 08 сард байгуулсан гэрээнд 625.000.000 төгрөгөөр Тариат сумын бохир усны шугамын барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж тохирсон байсан. 2015 оны 05 сард Икспертизээр батлагдсан зурагт төсөвт Тариат сумын бохир усны шугамын барилгын ажлыг хийх төсөв 700 гаруй сая төгрөгөөр хийгдэнэ гэж тусгасан байсан. Тиймээс Э ХХК нь манай байгууллагыг бага мөнгөөр их ажлыг хий гэж шаардлага тавьж төсөвгүй болгосноос манай ажил зогссон. Тухайн үед Э ХХК нь 400 орчим саян төгрөгийн санхүүжилт авсан байсан. Манай байгууллага Э ХХК-тай байгуулсан гэрээний 3.5-д санхүүжилт тасарснаас гарах эрсдэлийг Э ХХК-наас хариуцлага хүлээхээр үүрэгтэй тусгаж өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 124-127 хуу/

 

Яллагдагч Э.Д дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон бүх зүйлийг үнэн зөвөөр нь ярьж мэдүүлсэн. Одоо хэргийн талаар ярихгүй. Хохирогч Бын ээж Г.Отай харилцан ярилцахад О хэлэхдээ миний хүүхдийн эмчилгээнд нийт 43 сая төгрөг орно гэж хэлсэн бөгөөд эхний ээлжинд маш яаралтай Солонгос юм уу Бээжин рүү явж эмчилгээ хийлгэх шаардлагатай зардал нь хорин сая төгрөг болно гэж хэлсэн. О нь 2017 оны 06 дугаар сарын дундуур гадаад улс руу явах гээд байна гэхээр нь би Оын данс руу 20.000.000 /хорин сая/ төгрөг шилжүүлсэн. Дараа нь сураг сонсоод байхад О нь хүүхдээ авч гадаад улс руу ямар нэгэн эмчилгээнд яваагүй байсан. Тийм учраас Бын биед хурдан шуурхай эмчилгээ хийлгэж гадаад улс руу явуулаагүй учраас үлдсэн 23 сая төгрөгийг өгөөгүй байгаа. Би Бын эмчилгээний зардалд Э ХХК-тай нийлээд 25 сая төгрөг өгчихсөн байгаа. Бын эмчилгээнд ээж О нь хэдэн төгрөг гаргаж эмчилгээ хийлгэсэн эсэх бодит зардлыг би мэдэхгүй байна. Миний өгсөн мөнгөөр эмчилгээ хийлгэсэн эсэхийг би бас мэдэхгүй байгаа. Тиймээс цаашид Бын эмчилгээний баримтыг үндэслэж нэмж мөнгө өгөх эсэхээ шийдвэрлэнэ. Бт хийгдэх эмчилгээ намайг мөнгө өгснөөс хойш цаг хугацаандаа бүрэн дүүрэн хийгдээгүйгээс болж үүсэх ямар нэгэн өөрчлөлтийг би хариуцахгүй. Би №05/092/24 дугаартай дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 24, 132 хуу/

Сургуулийн тодорхойлолт /хх-ийн 25 хуу/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 хуу/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 64-65 хуу/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 80 хуу/

Өвчний түүх /хх-ийн 84-91 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 130-131 хуу/

Э.Д хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 134-142 хуу/

“Ц” ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийн товчоо, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148-161 хуу/

            Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой 27 хуудас баримт зэрэг болно.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт Ц ХХК-ний айл өрх, албан байгууллагуудын цэвэр, бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухаж, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Б уг нүхэнд унаж хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

            Дээрх гэмт хэрэгт Ц ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Д нь гэм буруутай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Тариат сумын төвд сувгийн нүхийг гадны хүмүүсийг нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалах үүргээ биелүүлээгүй орхисны улмаас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 8 настай Ж.Б уг нүхэнд унаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “өдрийн 12 цаг 40 минутын үед намайг гэртээ байхад Быг ухсан нүхэнд унаад ухаангүй байдалтай байна, эмнэлэг дээр яаралтай хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол Б ямар ч ухаангүй, толгойн зүүн талаараа цус болсон, цус толгойгоор нь нэг болсон байсан. Тухайн өдөр би өвчтэй, акттай байсан учир ажил дээрээ байгаагүй, гэртээ байсан болохоор миний хүү ганцаараа гэр рүүгээ явж байгаад сургуулиас 100 орчим метр зайд байдаг дулааны шугам ухсан нүхэнд унасан байсан. Дулааны шугам тавих гээд Тариат сумын төвд энд тэндгүй ухсан нүхнүүд байдаг. Тэдгээр нүхнүүдэд ямар ч хашаа, хаалт, тор гэх зүйл байхгүй Ж.Бын унасан нүхэнд ч гэсэн мөн адил хашаа, хаалга байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Оын хамт эмнэлэг дээр яваад очтол Ж.Б эмнэлгийн сэхээний өрөөнд ухаангүй, толгой нь цустай холилдсон байдалтай байж байсан. Тухайн эмч нар толгойдоо гэмтэл авсан аймгаас эмч дуудсан гэж байсан. Би Ж.Бын унасан нүхийг олж харсан. Тэр нүх нь 7 метр гүнтэй 5 метр орчим тойрогтой, нилээн урт нүх байсан. Ж.Б хамгийн гүн, ёроолдоо хадтай хэсэгт нь унасан байсан гэсэн, тэр нүх сургуулийн зүүн урд талд 100 орчим метр зайд буюу манай гэр, сургууль хоёрын дундах зам дээр байдаг юм. Эдгээр нүхнүүд бүгд хамгаалалтын хашаа, хаалт, тор байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч А.Шийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би 12 цаг өнгөрсөн байхад Тариат сумын Тамгын газар орж ажил амжуулаад гараад явж байтал нүхэн дотор хүүхэд унасан байна гэж хүмүүс яриад байхаар нь хараад байж байтал нэг залуу нүх рүү ороод хүүхэд тэврээд гарч ирж байсан. Тухайн үед хүүхдийн толгой, дух, шанаа хэсгээр цус урссан харагдаж байсан. Дараа нь сонсоход Оын хүүхэд Б нь нүхэнд унасан байсныг мэдсэн. Ж.Бын унасан гэх нүх нь сургуулиас 100 гаруй метр зайтай байдаг бөгөөд 2 жил орчим ухсан чигээрээ байж байгаа. Тэр нүхэнд хамгаалалтын хашаа, хайс огт байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Н.Сгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Тариат суманд нүхэнд хүүхэд унаж хүнд гэмтсэн гэсэн мэдээллийг сонсоод би Тариат сумын төвд байрлах ухсан нүхийг газар дээр нь очиж үзсэн. Тэр нүх нь бохир усны өргөлтийн насосны станц барихаар ухсан барилгын суурь ухсан нүх байсан. Уг нүхийг Ц ХХК нь 2014 оноос 2015 онд ухаж бохир усны насос станцын барилга барих гэж эхлүүлээд хаячихсан байсан. Би уг гэрээг мэднэ. Ц ХХК-ний ажлын чиг үүрэг нь цэвэр бохир ус, шугам угсралтын ажлыг хийх эрх бүхий байгууллага болохоор манай компани Ц ХХК-тай үндсэн чиг үүргийнхээ дагуу гэрээ байгуулж дээрх ажлыг хийлгэсэн юм. Тийм болохоор үндсэн чиг үүргээ гүйцэтгэх явцад гарсан эрсдэл, хохирлыг хариуцах ёстой гэж гэрээнд заасан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/, гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би 8 настай хүүхэд Тариат суманд ухсан нүхэнд унаж гэмтсэн талаар сонсож мэдсэн. Би хэргийн газарт очиж үзсэн бөгөөд тухайн газар нь Ц ХХК-ний бохир усны өргөлтийн насос станц барихаар ухсан байсан нүх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, гэрч Б.Чын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Засаг даргын Тамгын газар ороод 12 цагийн орчим гараад явж байтал нэг танихгүй жаахан хүүхэд гүйж ирээд ахаа нүхэнд хүүхэд уначихлаа гэж хэлсэн. Би тэр хүүхдийг дагаад очтол хүүхдийн цэцэрлэгийн урд байдаг дулааны шугам тавих зорилгоор ухсан байсан нүх рүү нэг эрэгтэй хүүхэд хажуу талаараа унаад ухаангүй болчихсон байсан. Би нүхэн дотор ороод хүүхдийг тэвэрч үзэхэд ямар нэгэн хариу үзүүлэхгүй, ухаангүй байхаар нь гар дээрээ тэврээд Тариат сумын эмнэлэг рүү оруулж өгсөн юм. Уг нүх бүрэн дунд сургуулиас нилээн хол зайтай бөгөөд ойролцоогоор 500 метр орчим зайтай байх, Засаг даргын тамгын газраас 200 метр орчим зайтай. Уг хүүхдийн унасан нүх нь дулааны шугам ухаж байгаад бөглөөгүй үлдээсэн 3 орчим метр гүнтэй нүх байсан. Уг нүх дотор талдаа хад чулуутай байсан. Тэр нүхний гадуур хайс, хамгаалалт, тор, хашаа гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /57-58/, гэрч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Архангай аймгийн Тариат сумын төвд ухсан нүх, шуудуунд ямар ч хашаа, хайс, гүүр байгаагүй. Би Ц ХХК-нийг ингэж удаан хугацаагаар ажиллахгүй ажил завсардана гэж бодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/, гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Тариат суманд газар ухаж, ажил явагдаж байхад би ажилчин, албан хаагч нартайгаа байсан болохоор хаана нүх ухаж, ямар нүх бөглөгдөөгүй үлдсэн гэдгийг мэдэж байгаа. Хүүхэд унаж гэмтсэн нүх нь Тариат сумын тамгын газрын зүүн талд байсан өргөх станц барихаар ухсан байсан нүхэнд хүүхэд унаж биедээ гэмтэл авсан байсан. Тариат сумын хэмжээнд 1000 орчим метр газар ухаж бохир усны шугамын угсралтын ажлыг хийж 700 орчим метр газарт шугам тавьж булалт хийгдсэн, үлдсэн газарт нь өргөх станц барих зардал төсөвт суугдаагүй байсан болохоор манай байгууллага нүхийг ухаад барилгын ажил хийгээгүй үлдээсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/, гэрч Р.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Тариат сумын төвд ухсан нүхэнд хамгаалалтын тор, хашаа, хайс, гүүр огт байгаагүй, хүүхэд унаж бэртсэнээс хойш л ганц нэг самбар нарийн уяа зэргийг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 75/, хохирогч Ж.Бын биед хүнд гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4351 дугаартай шинжээчийн “1. Ж.Бын биед баруун талд суурь яснаас дээш чамархай руу, баруун зулайгаас зулайн орой руу үргэлжилсэн цөмөрсөн, заадас дайрсан нийлмэл хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хий хуралт, тархи дарагдал, тархины эдийн олон тооны няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун хацар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт шарх гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 82, 108/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 758 дугаартай шинжээчийн “1. Ж.Бын биед баруун талд суурь яснаас дээш чамархай руу, баруун зулайгаас зулайн орой руу үргэлжилсэн цөмөрсөн, заадас дайрсан нийлмэл хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, хий хуралт, тархи дарагдал, тархины эдийн олон тооны няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун хацар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цохих, цохигдох, духны шарх гэмтэл нь цохих, цохигдох, нидрэгдэх, шүргэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дээрх олон тооны гэмтлүүд нь болсон хэргийн нөхцөлд /өндрөөс унах/ үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 109-110/, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Ч.Мын “2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 01 тоот гэрээг байгуулахдаа “Ц” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцахаар уг гэрээний 2.4-т Тариат сумын төвийн бохир усны төв магистрал шугамын барилга угсралтын ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн аюулгүй ажиллагааны улмаас гарсан эрсдэл хохирлыг гүйцэтгэгч өөрөө бүрэн хариуцахаар заасан байна. Иймд энэхүү гэрээгээр  хүлээсэн үүргийн дагуу “Ц” ХХК нь буюу ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ үүргээ биелүүлээгүй байна. 2. Ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”  хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасан үүргийн дагуу “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.9-т зааснаар оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ, хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад дараах шаардлагыг хангасан хамгаалалтын хашаа хаалтыг хийх ёстой” гэх дүгнэлт /хх-ийн 95-96/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05/092/24 тоот шинжээчийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.9-д “Оршин суугчид олноор сууршсан нутаг дэвсгэрт буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд /Суурин газар буюу байгууллагын нутаг дэвсгэр дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны буюу байгууллагын нутаг дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байна/ заасан шаардлагатай нийцүүлэн хаалт, хамгаалалт хийж өгвөл зохино” гэсэн заалтуудыг гүйцэтгэгч“Ц” ХХК-ний захирал Э.Д зөрчсөн гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /2хх-ийн 33-34/, шинжээч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “2014 оны 08 дугаар сарын 25-ны өдриин байгуулсан Э ХХК, Ц ХХК-уудын гэрээний 2.4-д зааснаар хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны талаар гарсан эрсдэл хохирлыг гүйцэтгэгч байгууллага өөрөө бүрэн хариуцахаар заасан байсан. Иймд Тариат суманд ухагдаж үлдсэн нүхнүүдэд хамгаалалтын хашаа, хайс, гүүр зэргийг хийх ажлыг “Ц” ХХК-с хариуцах ёстой гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/, яллагдагч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Тариат сумын хэмжээнд 1.5 км орчим газрыг ухаад буцааж булалгүйгээр үлдээсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 124-127/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

          Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татаж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх заалтыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Э.Д-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Э нар нь шүүгдэгч Э.Дд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэргийн объектив тал нь уул уурхай, барилга түүнчлэн тэсэрч, дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр, бусад аж ахуй нэгж байгууллага гэж нэрлэж заасан 4 төрлийн байгууллагын аюулгүй ажиллагааг хангах талаар гарсан хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, объект нь нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар дагаж мөрдөх журам, хүний амь нас эрүүл мэнд байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-т заасан гэмт хэргийн объект нь хүний аюулгүй орчинд хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрх, нөгөө талаас хөдөлмөр хамгаалах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам, объектив тал нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байдгаараа ялгаатай ба “Ц” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр Тариат сумын төвийн бохир усны төв магистрал шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааны дүрмийн 6.2.9 дэх заалтыг зөрчсөнөөс тухайн ХХК-ны ажилчин биш 8 настай Ж.Б ухсан нүхэнд унаж, хүнд хохирол учирсан байх тул энэ гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар зүйлчилсэн нь зөв байсан гэж дүгнэсэн болно. 

 

            Шүүгдэгч Э.Д нь хохирогчид хохиролд 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хэмжээний хохирол төлөгдсөн байна гэж үзсэн, мөн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгийн нотлох баримтын бүрдүүлбэр хангагдаагүй, цаашид хохирогчид хаана, ямар эмчилгээ хийлгэж, хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байх тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар шийдвэрлэв.  

 

            Шүүгдэгч Э.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Э.Д нь гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Дашзэгвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Э.Д-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г барилга угсралтын ажил гүйцэтгэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг рентген зургийг хохирогч Г.О-д буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Оын 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Хохирогч Г.О нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрээ хангаж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

             

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Р.АЛТАНЦЭЦЭГ