Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/50

 

 

  2023           6            08                                                    2023/ДШМ/50

 

 

Э.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

               Прокурор Д.Дэлгэрсүрэн

               Шүүгдэгч Э.О

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нарангэрэл

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Э.Од холбогдох эрүүгийн 2334000450072 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 16-нд, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Номаунт” ХХК-ийн уулын мастер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр хороо, “Парк-Таун” хотхоны 48 дугаар байр 41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймгийн шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 1, 287 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Эийн О,

   Э.О нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Агьт” гэх газарт Тоёота приус 30 маркийн 3013 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-т “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж, асфальтан замын хажуу руу тээврийн хэрэгслийг унагаж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй зорчигч О.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, зорчигч П.Отгонгэрэлийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Эийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Од шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн 3 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг болох шүүгдэгч Э.Оийн жолоочийн 278911 дугаар үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...дунджаар 70-80км цагийн хурдтай явж байсан, гэтэл өөдөөс урсгал сөрөөд машин ороод ирсэн, би гэрлээрээ хэд хэдэн удаа дохисон боловч урдаас тулаад ирэхээр нь зүүн тийш дарж замын хажуу руу онхолдсон” гэх мэдүүлэг авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр ийнхүү мэдүүлэг өгсний дараа мөрдөгчийн зүгээс “мэдүүлэгт дурдагдсан урсгал сөрсөн гэх тээврийн хэрэгслийг олж тогтоох боломжгүй тул зүгээр өөрөө явж байгаад онхолдсон” гэх мэдүүлэг авхуулж хэрэгт хавсаргуулж шүүхэд шилжүүлсэн талаар нөхцөл байдал байна.

Мөн зам тээврийн осол болоход 3013 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн яг ард явж байсан, осол болсны дараа жолоочийг тээврийн хэрэгслээс гаргаж авсан жолоочоос мэдүүлэг аваагүй, хэргийн бодит байдлыг дутуу тогтоосон. “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн нотлон тогтоогоогүй байна. Энэ нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзэх ёстой нөхцөл байна.

2. Шүүгдэгчийн зүгээс анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд хэрэг бүртгэлтийн шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж, учирсан хохирлыг барагдуулах талаар санаачилгатай хандсан нөхцөл байдал байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй үйлдэгддэг. Шүүгдэгч Э.Оийн тухайд гэмт хэргийн улмаас өөрийн төрсөн дүү нь амь насаа алдсан маш харамсалтай үйл явдал болсон байдаг. Мөн тэрээр “Номаунт” ХХК-д уулын мастер, жолооч ажилтай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Од оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авсан хугацааг богиносгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолгүй цаашид нэхэмжлэх зүйл байхгүй тул тэнссэн хугацааг нь богиносгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй, миний үйлчлүүлэгч гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байгаа, мөн Э.О нь өндөр настай эхийгээ асардаг зэрэг байдлыг харгалзан үзэж тэнссэн шийдвэрийг нь богиносгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оийн гэм бурууг тогтоон хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэл болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Э.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Э.Од холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Э.О нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 07 цагийн үед 3013 УБЭ улсын дугаар бүхий Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байхдаа Төв аймгийн Борнуур сумын “Нарт” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Агьт” гэх газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-т “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, асфальтан замын хажуу руу тээврийн хэрэгсэлтэйгээ онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй зорчигч О.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, зорчигч П.Отгонгэрэлийн амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн Б.Эийн: “...миний өөрийн хүүхдүүд болох Э.О, талийгаач охин Д.Отгонгэрэл нар намайг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу намайг эмнэлэгт үзүүлэх зорилготойгоор Э.Оийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 3013 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Э.О жолоодоод, би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, хойд суудал дээр талийгаач охин маань өөрийн охин, 1 ой, 6 сартай О.Дөлгөөн нар суугаад 4-лээ гарсан. Тэгээд нэг харахад Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн салдаг уулзвар өнгөрөөд явж байна гэж бодож байсан. ...өөдөөс нэг машин зөрөх нүү дээ гэж бодож байснаа санагдаж байна. Нэг мэдэхэд хамгаалах бүсэндээ татагдаад зүүгдчихсэн байхад хамгаалах бүс огтлоод намайг машинаас гаргаж байсан...”[1] гэх,

Насанд хүрээгүй хохирогч О.Д хууль ёсны төлөөлөгч Н.О-ы “...хүүхдийн ар гэртэй уулзахад гэр бүлээрээ явж байгаад осолд орсон, санал гомдолгүй гэж байсан тул надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...”[2] гэх мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот “...талийгаач П.Отгонгэрэлийн биед дотуур цус алдалт /100мл/, элэг дэлүүний няцралт, үнхэлцэг хальсны ургадал, хоёр талын хавирганы хугарал, биед, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд амьд ахуйд үүссэн байх боломжтой. Талийгаач П.Отгонгэрэл нь цээж, дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ...”[3] гэх,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 154 тоот “...Б.Эийн биед баруун талын олон хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”[4] гэх,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар “...О.Дөлгөөний биед баруун гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”[5] гэх,

Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01/06 дугаар “...3013 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 дүгээр заалт буюу “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Гэрчийн мэдүүлэг нь бүрэн нотлогдсон баримт биш тул техникийн шинжээч нь энэ асуултад хариулт өгөх боломжгүй байна.

3013 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрсийн 11.3 болон 12.1 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...”[6] гэх техникийн шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал[7] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос Э.Оийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Оийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс хийсэн шүүгдэгч Э.Оийн гэм буруугийн талаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан ч хайхрамжгүй хандсаныг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн санал, түүний бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохируулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                 ШҮҮГЧИД                                       З.ТҮВШИНТӨГС

 

                                                                               М.МӨНХДАВАА   

 

 

 

[1] хх-ийн 40-42-р тал

[2] хх-ийн 24-р тал

[3] хх-ийн 50-53-р тал

[4] хх-ийн 66-67 дугаар хуудас

[5] хх-ийн 76-77 дугаар хуудас

[6] хх-ийн 101-102 дугаар хуудас

[7] хх-ийн 4-13-р тал