| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/00085/И |
| Дугаар | 102/ШШ2024/01004 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/01004
2024 оны 02 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2024/01004 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрт 5.785.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчН.Ө
Хариуцагч Г.Э
Хариуцагчийн өмгөөлөгч П.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А, хариуцагч Г.Эт холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 5.785.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Нэхэмжлэгч 2008 онд Г.Э той танилцаад 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуримаа хийж, гэрлэлтээ батлуулсан.
Талуудын дундаас 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүү Э.Т, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Б нар төрсөн.
Ингээд 2013 онд хүү Э.Б ийг тээж байх үедээ буюу 5 сартай жирэмсэн байх хугацаанд гэр бүлийн хүн өөр эмэгтэй болсон гэх шалтгаанаар гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа хөндийрч тусдаа амьдарч эхэлсэн.
Талууд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо бага хүү Э.Б Нийслэлийн ерөнхий боловсролын “О” дунд сургуулийн 0 дүгээр бүлэгт суралцаж байна. Жил бүрийн сургалтын төлбөр зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлбэлзэн, харилцан адилгүй тогтоогддог.
Энэ жилийн буюу 2023-2024 оны хичээлийн жилд нийт сургалтын төлбөр 11.570.000 төгрөгийг төлж суралцахаар болсон. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг, эх асран хамгаалагч төлөх үүргийн дагуу хариуцагчаас сургалтын төлбөрийн 50 хувь буюу 5.785.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас төлбөр төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэж заасан зарчмыг бодолцож үзэх хэрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “эцэг эх, асран хамгаалагч хүүхдийг хөгжүүлэх бүх талаас нь дэмжиж, адил эрх эдэлж, тэгш үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу А.А мөн адил хүүхэд асрах чөлөөтэй, ажилгүй, орлогогүй байгаа гэсэн ч эхийнхээ үүргийг гүйцэтгэж хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө, Монгол улсын нийгэмд сайн иргэн хүмүүжүүлж өсгөхийн төлөө ганцаараа зүтгэхэд хэр шударга бэ? Хариуцагчид хүүхдүүдийн эцгийн хувьд танд хандаж хэлэхэд магадгүй өнөөдөр та боломжгүй гэж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа боловч ирээдүйд таны хүүхэд Монгол улсын иргэн. Сайн сургуульд өсөж, хүмүүжүүлэх нь Монгол улсын хувьд таны оруулж байгаа үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Ирээдүйд амьдрал баялаг үр хүүхэд өсөж том болоод таныг яаж асарч, тэтгэж, хамгаалж явахыг та ч мэдэхгүй. Хувь тавилан яаж эргэхийг хэн ч мэдэхгүй.
Өнөөдөр бусдад өөрийнхөө хүүхдийг даатгаад ээжид нь хариуцуулж байгаа нь хуульд зааснаар эцэг хүний хувьд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлахгүй байна.
Энэ нь зөвхөн сургалтын төлбөрийн асуудал биш, ирээдүйн таны хүүхдийн боловсролын асуудал. Таныг хөгширсөн хойно тэжээн тэтгэж, асрах асуудал байж ч магадгүй.
Нэхэмжлэгч болон миний зүгээс хүүхдүүдийн ээжид үүрэг хариуцлагыг дангаар үүрүүлэх биш та ч мөн адил үүрэг хариуцлагаа хамт үүрээсэй гэж хүсэж байна. Өмнө нь талууд хоорондоо хүүхдүүдээ сайн сургуульд сургаж, хүмүүжүүлбэл хүүхдүүдийн хувьд нийгэмд эзлэх байр суурь тодорхой болно. Хоёуланг чадахгүй бол ядаж нэг хүүхдээ төлбөртэй сургуульд оруулах тухай ярилцаж байсныг нэхэмжлэгч хэлдэг. Та эцэг хүний хувьд тал бүрээс нь бодох хэрэгтэй. Өнөөдөр өвчтэй гэх шалтгаанаар төлбөрөөс татгалзаж байгаа нь харамсалтай. Магадгүй А.А өвдвөл хүүхдүүдийг хэн хариуцах бэ? Талууд гэрлэлтээ цуцлуулсан боловч таныг эцэг байх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг Хүүхдийн эрхийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд тодорхой заасан учраас үүргээ биелүүлэхийг хүсэж байна.
Сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэл болохоос гэрлэлт цуцлуулсан асуудал хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
4.Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Хоёр хүүхдээ өсгөхийн тулд би зүтгэсэн.
Би биш нэхэмжлэгч өөрөө хүүхдүүдийг орхиж, өөр хүнтэй болж, гэрлэлт цуцлуулахад жирэмсэн байсан.
Миний ээж манай хүүхдүүдийг өсгөсний дараа өөрөө авч явсан.
Үүний дараа ийм зүйл ярьж байгаа нь үнэхээр хүнд байна.
Бага хүүг өвөө, эмээ дээр нь золгуулна гэж авч явсан боловч ирэхдээ хордлого болж ирсэн. Ээж бид хоёр арай гэж намдаасан. Бага хүүгээ 9 сартай байх үеэс эхэлж тэжээл, тараг, сүү өгч өсгөсөн. Учир нь:
Бага хүүгээ хөхүүлэх хүн байхгүй хөхнөөс нь гаргасан.
Ингээд хоёр хүү маань овоо гайгүй боллоо гэх үед ээж нь би гэж гарч ирээд хүүхдүүдийг авсан. А.А өөрөө гадаад улс руу хүүхдүүдээ орхиж яваад алга болж ирснээ одоо хүүхдүүдээ авна гээд явсан хүн.
Гэтэл ийм асуудал яриад байгаа нь надад их хүнд байна.
Мөн сургалтын төлбөр төлөхөд миний санхүүгийн боломж хүрэлцэхгүй. Би байнга эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд группт байдаг. Ээж, эгч хоёр сар бүрийн хүүхдийн тэтгэлэгийг төлдөг. Би группийн орж ирдэг мөнгөөр эм тариа, ойр зуурынхаа зүйлсийг аваад дуусдаг. Өөрийнхөө биеийг сайжруулах зорилгоор дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй нийгмийн даатгалаар хэвтэж эмчлүүлдэг.
Хүүхдүүдийг 20 дугаар сургуульд явдаг байхад гаргаж аваад төлбөртэй сургуульд оруулсан байна.
Энэ талаар надтай ярилцсан зүйл байдаггүй. Өөрөө хүүхдүүддээ өсгөн гэж хэлээд өөр хүнээс хүүхэдтэй болоод явсан. Тархиндаа гэмтэл авсан учраас ойр ойрхон унаж татдаг болсон. Сая цагаан сарын шинийн нэгний өглөө хүүхдийнхээ фейсбүүк рүү залгасан боловч аваагүй учраас цагаан сарын баярын мэнд хүргэе миний хүү, эргээд залгаарай гэж бичиж үлдээсэн. Намайг мөрөө гаргаад эргэж ирэхэд залгасан байсан. Ингээд би буцааж залгахад таслаад намайг фейсбүүкээр блок хийсэн. Өмнө нь би хүүхдүүдтэйгээ уулзахаар утас руу нь залгахад болохгүй байсан тул сургууль дээр нь ээжтэй хамт очиж хоёр хүүхэдтэйгээ уулзсан
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна, гэжээ.
5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,Н.Өд олгосон итгэмжлэл, “Угтахуй” өрхийн мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын “Оргил” сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэх, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2020/00 дугаартай Шүүгчийн захирамж
7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/0 дугаартай Шийдвэрийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шаардах эрхийн үндэслэлээ “Хуульд заасны дагуу хариуцагч эцэг хүний хувьд үүргээ биелүүлэх ёстой. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарч ээж нь төлбөртэй сургуульд сургасан учраас дангаараа төлбөрийг төлөх боломжгүй байна. Хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, эрх, ашгийг хамгаалахад эцэг, эх адил эрх, үүргийг хүлээх учраас төлбөрийн талыг төлүүлэхээр нэхэмжилсэн” гэж тайлбарлав.
3.Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Миний бие тархиндаа хүнд гэмтэл аваад группт байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Бидний хүүхдүүдийг миний ээж өсгөж өгсөн. А.А гадагшаа сураггүй хэдэн жил явж ирээд хүүхдээ авна гээд авсан. Гэр бүл салах шалтгаан нэхэмжлэгч өөр хүнтэй болж жирэмсэн болсон. 20 дугаар сургуульд хүүхдүүд сурдаг байсныг төлбөртэй сургуульд оруулж сольсон байна. Энэ талаар надад хэлсэн зүйл байхгүй. Хүүхдүүдтэй уулзахгүй, холбоо барьж чадахгүй болохоор ээжийн хамт сургууль дээр нь очиж уулзсан. Ажил хийх чадваргүй, санхүүгийн боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч А.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох иргэний хэргийг тус шүүх хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцлаж, 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Б нарыг эхийнхэн асрамжид үлдээж, эцэг Г.Э оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
6.Хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэн хуулиар тогтоосон хүүхдүүдэд сар бүр төлөх тэтгэлэгийн мөнгийг төлж байгаа талаар нэхэмжлэгч мэтгэлцээгүй бөгөөд харин хүү Э.Б ий Нийслэлийн ерөнхий боловсролын “О ” сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 11.570.000 төгрөгийн төлбөртэй суралцаж байгаа сургалтын төлбөрийн 50 хувь 5.785.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж маргаж байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх эдгээр үүрэг хэвээр үлдэхээр хуульчилжээ.
8.Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон бол нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан байна.
9.Өөрөөр хэлбэл “онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөл байдал байгаа, халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь тэтгэлэгт заасан хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосны улмаас тэтгэлгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бий болохыг хамааруулан ойлгодог.
10.Гэтэл хүү Э.Бийг төлбөртэй сургуульд суралцсаныг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дугаарт Монгол улсын иргэн “сурч боловсрох эрхтэй”, Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх, хүүхдэд шаардагдах нөхцлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүргийг хүлээнэ, хүүхдийг хамгаалах, тэдний төлөө хариуцлага хүлээж, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, үзэл бодолд нь хүндэтгэлтэй хандах, өөрийнхөө ирээдүйн төлөө амьдарч, амьд явж, сурч боловсрол олохоор тэмүүлэн, зорилгоо биелүүлж хэрэгжүүлэхэд эцэг Г.Э туслах үүрэгтэй байна.
11.Гэвч хариуцагчийн биеийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хурлын шийдвэрээр Хөдөлмөр алдалтын хувь, хугацаа тогтоосон 0 дугаартай актаар иргэн Г.Э өвчний жагсаалтын 0-хз заалтаар үндсэн онош 0, гавал доторх гэмтэл, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон акт, тархины гэмтлийн улмаас удаа дараа хүнд хагалгаанд орсон, группт байдаг гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, хоёр хүүхдэд сар бүр төлөх тэтгэлэгийн мөнгийг хариуцагчийн ээж, эгч нар хамтран төлдөг гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй зэрэг нөхцөл байдал бичгийн баримтаар нотлогдож харин нэхэмжлэгчид зайлшгүй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болсон, тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөл байдал байгаа гэх үйл баримт мөн нэхэмжлэгч 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.
12.Иймээс Монгол улс хүүхдүүдийн ирээдүйн төлөө суурь боловсролыг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд мөн зохигчдын хамтын амьдрал хэдийгээр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч хүүхэддээ төлбөртэй боловсрол олгох талаар эцэгтэй нь ярилцаж тохиролцоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.510 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э т холбогдох хүүхдийн сургалтын төлбөрт 5.785.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.510 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА