Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

2023          6            08                                                        2023/ДШМ/49                       

 

 

 

Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

               Прокурор Д.Дэлгэрсүрэн

               Яллагдагч Г

               Яллагдагч Гын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 504 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот эсэргүүцлийг үндэслэн Год холбогдох эрүүгийн 2334000000143 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 04-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг, Бууралын задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г.Г,

   Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Буурлын задгай гэх газарт байрлах гэртээ хамтран амьдрагч М.Цэрмаатай үл ялих зүйлээс болж маргалдан, зодож гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Төв аймгийн прокурорын газраас Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

   Анхан шатны шүүх: Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон гэж шүүх үзлээ.

Учир нь: Улсын Дээд Шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №448 тогтоолд: “...гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон.          Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг ойлгохоор хуульчилсан.

Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүд болон гэрлэгчид, хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан, ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон ба энэ нөхцөл байдалд 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд хуульчлагдсан 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байхаар хуульчилж өгсөн.

Тодруулбал “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуулийн нэр томьёоных нь хувьд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3 “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

5.1.6 “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;

хэлбэрийнх нь хувьд 6.1.1 бие махбодын хүчирхийлэл; 6.1.2 сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3 эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4 бэлгийн хүчирхийлэл гэсэн байдлаар тус тус ойлгож хэрэглэхээр зааж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийн хэн нэгний эсрэг тухайн гэр бүлийн гишүүн болон гэрлэгч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрүүдийн аль нэг хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан бол гэмт хэрэг гэж үзнэ.

Тухайлбал шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг, Буурлын задгай гэх газарт байрлах гэртээ хамтран амьдрагч М.Цэрмаатай үл ялих зүйлээс болж маргалдан, зодож гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх шинж байгаа эсэхийг, 

Мөн шүүгдэгч Г нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх эсэхийг шийдвэрлэвэл зохино гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Дэлгэрсүрэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичсэн 14 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн би, эрүүгийн 2334000000143 дугаартай Год холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар прокурорт буцаан шийдвэрлэсэн.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Год яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон гэж үзэн, шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг,  Буурлын задгай гэх газарт байрлах гэртээ хамтран амьдрагч М.Цэрмаатай үл ялих зүйлээс болж маргалдан, зодож гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинж байгаа эсэхийг,

Мөн Г нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх эсэхийг шийдвэрлэвэл зохино хэмээн үзэж мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй, хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэх талаар тусгаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч М.Цэрмаагийн “...2023 оны 3 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Г нь найз С.Баатарсүрэнгийнд очиж малын баас арилган гээд явсан. Өдөр 14 цагийн үед архи уучихсан гэртээ ирээд унтаж байгаад 17 цагийн үед сэрээд С.Баатарсүрэнтэй утсаар яриад С.Баатарсүрэнг архи байвал аваад манай гэрт хүрээд ир гэж ярьсан. Удалгүй С.Баатарсүрэн манай гэрт ундааны савны ёроолд спирт хийчихсэн орж ирсэн. Тэгээд тэр спиртийг нь манай нөхөр Г найруулаад С.Баатарсүрэн, Г бид гурав хувааж уугаад байж байх үед Г бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдсан, тэгээд С.Баатарсүрэн гараад явчихсан. Би хэсэг зуур унтаж байгаад сэрэхэд Г газар хэвтэж байсан. Би Гыг чи хүүхэнтэй явалддаг биз дээ гээд хэлсэн. Тэгээд бид хоёр дахиад маргалдсан. Г миний нүүр рүү 4 удаа алгадсан, тэгээд гараад явчихаар нь би гэрийнхээ хаалгыг түгжээд Гын эгч Г.Болормаа руу утсаар залгаад Г намайг зодоод байна гэж хэлээд яриад сууж байтал Г гэрийн хаалгыг хүчтэй татаад гэрт ороод ирсэн. Намайг хэнтэй яриад байгаа юм гээд миний утсыг аваад шидчихээр нь би утсаа авах гээд бостол Г миний зүүн гуяны дотор хэсэг рүү цохих шиг болсон тэгээд миний гуя руу халуу оргих шиг болохоор нь хартал цус гоожиж байсан. Би Гын гар руу хартал хар өнгийн даавуун хуйтай, шаргал өнгийн модон иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Г найз н.Шүрэнцэцэг рүү утсаар залгаад намайг Жаргалант сумын эрүүл мэндийн төв хүргэсэн. ...Миний зүүн гуяны дотор хэсэгт 3 оёдол тавиулсан шархтай, баруун хацар хөхөрсөн байгаа, энэ гэмтлүүдийг Г үүсгэсэн, өөр ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй. ...Г урд өмнө нь цохиж, зодож байгаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Болормаагийн “...би 2023 оны 3 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед М.Цэрмаа миний утас руу согтуу залгаад Г намайг цохичихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би та хоёр хамт архи уучхаад хоорондоо болсон хэрүүл маргаанаа надад хэлээд байхдаа яадаг юм гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд байж байтал н.Шүрэнцэцэг миний утас руу Г эхнэрээ хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Баатарсүрэнгийн “... би 17 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Жаргалант сум, Буурал 1 дүгээр баг, Овоотын 2-2 тоотод гэртээ байж байтал манай найз Г утсаар залгаад намайг ирж хоол ид гэж хэлсэн. Би Гынд хоол идэхээр очихдоо гэртээ байсан 250 грамм орчим ундааны савтай хуурай спиртийг авч очсон. Г тэр спирт дээр ус хийж найруулаад Г, М.Цэрмаа бид гурав найруулсан архиа хувааж уугаад дуусаж байтал манай ангийн хүүхэн миний утас руу залгаад би утсаар ярьж байтал М.Цэрмаа тоглоом, шоглоомоор Г та хоёр хүүхнүүдтэй караокед орох нь уу гээд Гыг үгээр идээд байсан. Тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Буянхишигийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Тухайн өдөр 22 цаг 50 минутын үед эрүүл мэндийн төвийн хүлээн авах дээр зүүн гуяны дотор хэсэгт хутгалуулсан цус алдалттай 46 настай М.Цэрмаа гэх эмэгтэй хүргэгдэн ирсэн. Уг эмэгтэй нь ирэхдээ биеийн байдал нь дунд зэргийн, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд хэвийн, өвдөлттэй, цус их хэмжээний алдалттай байсан. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад нөхөр, найз хоёртойгоо нэг шил архи уусан тэгээд манай нөхөр найзыгаа явсны дараа гэр бүлийн хэрүүлээс болоод намайг зодсон, тэгээд гуя руу хутгалчихлаа гэж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 155 дугаартай ... 1.М.Цэрмаагийн биед зүүн гуянд шарх, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг баримтуудаар Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг, Буурлын задгай гэх газарт байрлах гэртээ хамтран амьдрагч М.Цэрмаатай үл ялих зүйлээс болж маргалдан, зодож, гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байхад шүүгчийн захирамжид “Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн эсэхийг” шалгаж тогтоох талаар тусгасан нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэх шинжийг гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэж, сэжигтэн, яллагдагчид ашигтай байх зарчмыг баримтлан хууль хэрэглээний жишиг тогтсон ба хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Мөн гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэнэ. Шүүх аливаа гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилж байгаа тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл нь тухайн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байгаа эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан бодитой хууль зүйн дүгнэлт хийх нь чухал юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга /зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан/ хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон болно.

“Байнга” гэх гэмт хэргийн шинж нь хэвшмэл, дахин давтагдах шинжтэй бөгөөд гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг зодсон үйлдэл нь гурав түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлээр илэрхийлэгдэх хууль зүйн ойлголт юм. /УДШ 2020.07.20 №445/

Шүүгдэгч Г нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр хамтран амьдрагч М.Цэрмаатай үл ялих зүйлээс болж маргалдаж, хохирогчийн биед анх удаа халдаж зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд бүрэн нийцнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гын үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Год холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Д.Дэлгэрсүрэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Г нь өөрийн хамтран амьдрагч М.Цэрмаагийн зүүн гуяны дотор хэсэгт нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 155 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаас үзвэл хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэж үзэхээр хуульчлагдсан ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилготой батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Уг хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл нь бие, махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэх хэлбэрээр үйлдэгддэг хэмээн тодорхойлж өгсөн ба дээрх дөрвөн хэлбэрийн хүчирхийллийг байнга буюу гурав түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэмт этгээдийн үйлдэл холбогдлыг зүйлчлэн шийдвэрлэх учиртай.  

Харин дээрх дөрвөн төрлийн хүчирхийллийн аль нэгийг, эсхүл бүгдийг нь гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг удаа дараа үйлдэн эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан диспозицийг иш татан хэрэглэн гэм буруутай этгээдийн үйлдэл холбогдлыг мөн хуулийн тусгай ангийн 11.1, 11.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны аль тохирох зүйл хэсгээр зүйлчилж хэргийг нь шийдвэрлэж байхаар хуульчлан тогтоосон байх тул Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчлүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Дэлгэрсүрэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 504 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                         ШҮҮГЧИД                                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                            М.МӨНХДАВАА

Д.