Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0695

 

2024 09 13 128/ШШ2024/0695

 

МОНГОЛ /УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ашианлийд ХХК /РД:5237696/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Эрдэнэ /РД:СА92092011/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Батдэлгэр, Б.Мөнхбат нарын хоорондын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч : Ашианлийд ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан:

1. Ашианлийд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах 229 тоот шийдвэрээр цуцалж шийдвэрлэхдээ нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,

2. Ашианлийд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор олгох боломжгүй болно гэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10/2585 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож,

3. Ашианлийд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот тусгай

зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг дэвсгэр Олонбулаг-1 нэртэй газарт 4030 гектар талбайд XV-012438 дугаартай тусгай зөвшөөрлийг Эм Эн Ар Жи Ай ХХК-нд 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анх олгон Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар шилжүүлэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргасны дагуу хянаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Ашианлийд ХХК-нд шилжүүлсэн байна.

2.2. Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах 229 тоот шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т "... ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ..." гэж заасны дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж маргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нөхөн олговрыг шийдвэрлэлгүйгээр эс үйлдэхүй гаргаж ашигт малтмалын хайгуулын XВ-012438 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн бол, энэ асуудлаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргахад нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариуг өгсөн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 229 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэлтэй гэж, мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан нь Монгол Улсын Тусгай хэрэгцээний газарт үйл ажиллагаа  явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгааг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн шийдвэртэй холбогдуулан нөхөх олговор шаардах эрхийн тухайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх талаар хуульчлаагүй гэж тус тус маргасан.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах 229 тоот шийдвэрээр цуцалж шийдвэрлэхдээ нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашианлийд ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XВ-012438 тоот Тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Ашианлийд ХХК нь анх 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12438Х дугаартай /шинэчилсэн дугаар нь XВ-012438/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Ховд аймгийн Булган, Үенч сумдыг хамарсан Олонбулаг-1 нэртэй газар орших 4034 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх авсан байна.

5. Нэхэмжлэгч компанийн XВ-012438 дугаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр Ашианлийд ХХК-ийн эзэмших XВ-012438 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчээс дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 70 дугаар шийдвэрийн Ашианлийд ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0353 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 70 дугаар шийдвэрийг тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 228 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ашианлийд ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XВ-012438 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан 70 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

8. Мөн тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 229 дугаар шийдвэрээр тус компанийн дээрх XВ-012438 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 229 дугаар шийдвэрийн 1 дугаарт Ашианлийд ХХК-ийн эзэмшиж байсан Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутаг Олонбулаг-1 нэртэй газрын 4030 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-012438 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйл (Тусгай хэрэгцээний газар), 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна, 16.1.1-д улсын тусгай хамгаалалттай газар, 16.1.2-т улсын хилийн зурвас газар гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2019 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 41 дугаар тогтоолын Говийн дархан цаазат газрын Б хэсгийн хилийн зааг-тай 1222.43 гектар хэсэгчлэн, Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай 81 дугаар тогтоолд авагдсан Монгол Улсын хилийн зурвас бүхэлдээ, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 289 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай 12.5 гектар талбайтай хэсэгчлэн тус тус давхцалтай байх тул Ашианлийд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-012438 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэж дурджээ.

10. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 10/2518 дугаар албан бичгээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, 2022 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0353 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 229 дугаар шийдвэрээр хайгуулын ХВ-012438 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг үүгээр мэдэгдье... гэх агуулгатай мэдэгдлийг нэхэмжлэгч Ашианлийд ХХК-нд хүргүүлжээ.

11. Үүний дагуу нэхэмжлэгч Ашианлийд ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр ... Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг дэвсгэр Олонбулаг-1 нэртэй газарт орших 4030 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-012438 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах 229 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтын дагуу цуцалж шийдвэрлэхдээ нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн нөхөх олговрыг хууль, журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэх агуулга бүхий хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

12. Дээрх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/2585 дугаар албан бичгээр ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 229 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл Засгийн газрын бүрэн эрх, 9.1.13 ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно, 14 дүгээр зүйл Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар, 14.4 Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж тус тус заажээ.

14. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж буй тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна.

15. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 229 дугаар шийдвэрт дурдсаны дагуу Улсын Их Хурлын 2019 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 41 дугаар тогтоолын Говийн дархан цаазат газрын Б хэсгийн хилийн зааг-тай 1222.43 гектар хэсэгчлэн, Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай 81 дугаар тогтоолд авагдсан Монгол Улсын хилийн зурвас бүхэлдээ, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 289 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай 12.5 гектар талбайтай хэсэгчлэн тус тус давхцалтай үндэслэлээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаасаа төрд шилжүүлэн өгсөн хэмжээгээрээ нөхөх олговор авч болохоор байна.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, 11.1 Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11.1.14 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;, 11.1.15.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх гэж тус тус заажээ.

17. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих эрхтэй байх бөгөөд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.

18. Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргуулахаар уламжлах үүрэгтэй байтал Ашианлийд ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр цуцлагдсан тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/2585 тоот албан бичгээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна гэж үзэх үндэслэлтэй.

19. Тухайлбал, нэхэмжлэгч Ашианлийд ХХК-ийн хууль ёсны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 935 дугаар тушаалаар Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутаг дахь Олонбулаг-1 нэртэй 4030 гектар талбай бүхий ХВ-012438 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч зохих ёсоор үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах 224 тоот шийдвэрээр цуцалж шийдвэрлэхдээ нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашианлийд ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот Тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ашианлийд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах 229 тоот шийдвэрээр цуцалж шийдвэрлэхдээ нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10/2585 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, Ашианлийд ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот Тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР