Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01171

 

З.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03982 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1215 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч З.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тэлмэн Констракшн” ХХК-д холбогдох,

“Тэлмэн констракшн” ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0199 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 7.1 дэх хэсэгт, “Талууд энэхүү гэрээг байгуулснаас хойш үүссэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа болон бусад аюул, дайны болон онц байдал зарласан, улсын хилийг хааснаас гадаад материал нийлүүлэлт тасарсан, цахилгаан дулааны холболт саатсан гэх мэт/-ийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадахгүйд хүрвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцыг хугацаанд хүлээлгэн өгч чадахгүй тохиолдолд уг нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаанд талууд гэрээнд заасан хугацааг өөрчилж болно”, 7.2 дахь хэсэгт “Байгалийн гамшиг болон Улаанбаатар хотын төвийн эрчим хүч, дулаан зам харилцааны хүндрэл, гэмтлийн улмаас барилгын ажил саатсан тохиолдолд гүйцэтгэгч тал нь захиалагч талын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй...” гэсэн хуульд үл нийцэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алданги 17 603 168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэлмэн констракшн” ХХК-тай 2013.11.27-ны өдөр 0199 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Налайх” хорооллын 10А байрны 43 тоот, 2 өрөө, 37.28 м.кв талбай бүхий орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож, урьдчилгаа 30.05 хувийг төлбөр болох 11 600 000 төгрөгийг мөн өдрөө хариуцагчид төлсөн.Харин төлбөрийн үлдэгдэл 27 003 440 төгрөгийг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн гэрчилгээ гарсан тохиолдолд 1 сарын дотор банкны зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон.Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг 2014 оны 1-ээс 2 дугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагч талд 100 хувь хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн борлуулалтын менежер А.Баянзул 2014.12.26-ны өдөр утсаар холбогдож барилгын гүйцэтгэлийн 80 хувийн гэрчилгээ гарсан талаар мэдэгдсэн. Улмаар Худалдаа хөгжлийн банкны эдийн засагчтай орон сууцны зээлд хамрагдаж болох эсэх талаар асуухад 8 хувийн зээлтэй иргэнд дахин 8 хувийн зээл олгохгүй гэсэн тул сарын дотор төлбөр төлөх үүргээ биелүүлэх зорилгоор гэрээний 2.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах саналыг хариуцагч талд 2015.1.28-ны өдөр тавьсан.Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК гэрээний саналыг хүлээн авч 2015.02.09-ний өдөр 0199 дүгээр нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний 1.3.1, 1.3.2-т заасны дагуу 21 000 000 төгрөгийг 2015.2.10-ны өдөр, 15.5 хувь буюу 6 003 440 төгрөгийг орон сууцны түлхүүрийг гардаж авахдаа төлөх үүрэг хүлээсэн. Захиалагч нь гэрээний 1.3.1-д хуульд заасан үүргээ хугацаандаа биелүүлсэн болно.Харин талууд гэрээ байгуулахдаа гэрээний 1.1 дэх хэсэг 1.2 дахь хэсэгт заасан орон сууцыг гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгнө гэж гол зорилго тодорхойлсон. Гэвч хариуцагч орон сууцыг гэрээний 1.5 дахь хэсэгт заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Иргэний хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйлс гэдэгт гэрээний талууд урьдчилан мэдэх боломжгүй, өөрсдийн болон гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс үл шалтгаалсан байгалийн хүчин зүйлсийн нөлөөг хэлдэг. Энэ нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргаж байгаа шаардлагын нэг нь юм. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадахгүй тохиолдолд уг нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаанд талууд гэрээнд заасан хугацаанд өөрчлөлт оруулж болохоор заасан байгаа.Гэрээний 6.4 дэх хэсэгт “хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг Захиалагч талд төлнө” гэж байгаа ч хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг график гарган дүгнэхээр талууд тохиролцсон зүйл гэрээнд байхгүй. Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК захиалгаар бариулах орон сууцыг гэрээнд заасан хугацаанд 100 хувь ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээх ёстой.Иймд гэрээний 6.4 дахь хэсэгт заасан үүргийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 38 603 440 төгрөгийн 0.1 хувийн алданги 17 603 168 төгрөгийг хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа гэрээг байгуулсан. Гэрээний гол нөхцөл бол захиалагч тал гэрээний дагуу төлөх төлбөрийг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар төлнө, гүйцэтгэгч тал гэрээний 1.2 дахь хэсэгт заасан орон сууцыг 1.5 дахь хэсэгт заасан хугацаа болох 2014 оны 2 дугаар улирал буюу 6 дугаар сарын 30-нд гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг.Ийнхүү тохиролцохдоо гэрээ байгуулж байгаа талуудаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас дээрх гэрээний гол үүрэг гүйцэтгэж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон байгаа энэ нь гэрээний 7.1 дэх хэсэгт тусгагдсан байдаг. Талуудаас шалтгаалахгүй нөхцөл байдал гэж хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон талаар тайлбарлахад захиалагч нь хувийн болон албаны ажлаар орон нутагт, гадаадад явж байгаа буюу өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хариуцлага тооцохгүй байхаар гэрээний 7.1 дэх хэсэгт заасан байдаг. Мөн энэ гүйцэтгэгч тал өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан нөхцлийг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнд тооцохгүй байхаар талууд тохиролцсон.Гэрээний 7.1 дэх хэсэгт заасан нөхцөл буюу 0199 тоот гэрээний гүйцэтгэгч тал гэрээнд заасан Шинэ Налайх орон сууцыг барилга байгууламж барихад дагаж мөрддөг хууль тогтоомжийн дагуу барьж ашиглалтанд оруулж ажилласан. Гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар “Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажпын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх” гэсэн байдаг. Үүний дагуу манай компани Барилгын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлүүдийг авч ажилладаг ба үүний дагуу барилгын цэвэр бохир, дулааны техник нөхцлийг Налайх дүүргийн “Чандмань Налайх” НӨҮГазраас 2013.9.18-ны өдөр техникийн нөхцлийг авч ажлыг гүйцэтгэсэн.Техникийн нөхцөлд “Бохирын шингэнийг зайлуулахдаа “Шинэ Налайх” хорооллын газрын хэвгийн дагуу явуулж Улаанбаатар хотын 21 дүгээр коллекторт холбох гэсэн нөхцлийн дагуу ажлыг хийсэн. Энэ ажил нь 2014.04.20-ны өдөр дууссан ба “Чандмань Налайх” НӨҮГазраас манай компани бохирыг урсгах хүсэлт өгсөн. Гэтэл Тамгын газартай ярь гэсэн хариу өгсөн ба бидний зүгээс тавигдсан техник нөхцлийн дагуу хийсэн бохироо урсгаж барилгаа ашиглалтанд оруулах хүсэлттэй байна гэхэд хариу өгөөгүй. Манай компанийн зүгээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Ус сувгийн ерөнхий газарт хандсан. Энэ талаар эрх бүхий хүмүүстэй уулзахад “21 дүгээр коллекторт зөвшөөрөлгүй дур мэдэн “Ургах наран хороолол” шугам холбосон бөгөөд Улиастай хүртэлх шугамыг бөглөсөн, шугамын засвартай тул танайхыг холбох боломжгүй” гэсэн.Манай компанийн зүгээс техник нөхцлийн дагуу ажлаа хийж гүйцэтгээд 2014.05.05-ны өдөр “Чандмань Налайх” НӨҮГазарт 205/14 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу өгөөгүй тул 2014.06.02-ны өдөр 239/14 тоот албан тоот хүргүүлсэн. Гэтэл “Чандмань Налайх” НӨҮГазарын дарга н.Чулуунбат нь дээрх тайлбарыг өгсөн.Бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд 2014.06.02-нд 240/14 тоот хүргүүлсэн бөгөөд энэ тоотод Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хариу ирсэн. Бид холбогдох байгууллагаас өгсөн зөвшөөрөл, техник нөхцлийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Манай зүгээс дээрх асуудлаар Нийслэлийн болон холбогдох байгууллагуудад хүсэлт, шаардлагаа өгсөн бөгөөд энэ асуудлаас болж “Шинэ Налайх” хорооллын барилгын ажил шууд зогссон ба 2014.05.05-ны өдрөөс 2015.05.20-ны өдөр хүртэл нийт 400 хоног хэтрүүлсэн байдаг.Нэхэмжлэгчийн зүгээс манай гаргаж өгсөн нотлох баримтыг бусад байгууллагад хандсан бичиг гэсэн ба хэрвээ нэхэмжлэгч тал нотлох баримтад эргэлзэж байвал дээрх хандсан албан байгууллагуудаас энэ талаар нотлох баримт гаргуулах боломжтой юм. Хэрэгт нотлох баримтаар өгсөн 2014.06.02-нд 240/14 тоот албан бичгийг холбогдох бүх байгууллагад явуулсан байдаг.Иймд дээрх дурдсан нөхцөл үүссэн нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм. Энэ нөхцөл байдлыг гэрээний 7.1 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Талууд гэрээ байгуулахдаа Иргэний хууль болон Барилгын тухай хуулийг мөрдөхөөр заасан бөгөөд хугацаа хэтрүүлсэнтэй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.Бидний зүгээс Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал буюу гэрээний гүйцэтгэгч талыг гэрээнд хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байгаа тул нэхэмжлэгчийн “гэрээний хугацаа хэтрүүлсэн төлбөрт 17 603 168 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд гэрээг байгуулахдаа гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй талаар нэхэмжлэгч дурдсан. Мөн хуульд нийцээгүй гэх үндэслэл байхгүй гэдэг нь талууд гэрээ байгуулахдаа үүрэг гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн нь нотлогдсон тохиолдолд хариуцлага хүлээх талаар үүргийн эрх зүйд тусгагдсан ба Иргэний хуулийн тусгай ангид заасан нөхцлөөс зөрөхгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03982 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 57 дугаар зүйлийн 57.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Түвшинтөгсийн “Тэлмэн констракшин” ХХК-тай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, алданги 17 603 168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1215 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245 965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний 7.1, 7.2 дахь заалтаас гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой, гуравдагч этгээдийн үйлдэлтэй хамааралтай нөхцөл байдлыг зааж нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарласан тухайн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрээний талуудын чөлөөлт байдал, нэхэмжлэгчийн эрх, ашгийг дордуулсан гэх байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийг тооцохоор байхад хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой, гуравдагч этгээдийн үйлдэлтэй хамааралтай зүйлсийг хамааруулж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлаж, эрх ашгийг дордуулсан нь хуульд нийцэх мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.Орон сууц захиалгаар бариулах гэрээний гол зорилго нь орон сууцыг гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэж өгнө гэж тодорхойлсон ба гэрээнд заасан хугацаа нь 2014 оны 1-ээс 2 дугаар улиралд захиалагч талд бүрэн хүлээлгэн өгөхөөр тохирсон. Энэхүү хугацаанд өөрчлөлт оруулсан зүйл огт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг гэрээний үр дүнг хариуцагч хүлээлгэн өгөх үе гэж талууд гэрээнд оруулсан нэмэлтээр тохиролцсон нь эхний гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна...” гэж талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн.Давж заалдах шатны шүүхийн иш татаад байгаа 0199 тоот гэрээний нэмэлтээр зөвхөн төлбөрийн нөхцөлд л өөрчлөлт оруулснаас бус гэрээний бусад заалтад өөрчлөлт оруулаагүй болохыг тус гэрээний нэмэлтийн 2.2-т “...гэрээний бусад заалтууд хэвээр үлдэнэ...” гэж тов тодорхой заасан байхад нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги шаардах эрхгүй гэж давж заалдах гомдлыг хангахгүй орхисонд гомдолтой байна.Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч З.Түвшинтөгс нь хариуцагч “Тэлмэн Констракшн” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улмаар хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 17 603 168 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай 0199 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх ба шүүх уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Уг гэрээний 7.1., 7.2.-т заасан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан гэрээний талуудын гэрээ байгуулах эрх чөлөө, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадахгүйд хүрвэл хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан гэрээний заалт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэх зохицуулалтад нийцжээ. Түүнчлэн, байгалийн гамшиг болон Улаанбаатар хотын төвийн эрчим хүч, дулаан, зам харилцааны хүндрэл, гэмтлийн улмаас барилгын ажил саатсан тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчийн өмнө хариуцлага хүлээхгүй байх тухай талуудын тохиролцоо Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.

Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, гэрээний биелэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний нөхцөл, талуудын тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу зөв тайлбарласан байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03982 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1215 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН