Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 30

 

Б.Дид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1239 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр магадлалтай, Б.Дид холбогдох 201625014037 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан “Их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар Б.Дийг 3 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Доос 73,187,036 төгрөг гаргуулж хохирогч “Дөрвөн Өлзий” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дид холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Магадлалд дурдагдсан Б.Дийн данснаас Н.Оийн дансанд орсон гэх мөнгө нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бөгөөд гагцхүү Н.Оээр дамжсан биш Б.Доос компанийн дансанд бэлнээр тушаасан орлогод бүртгэгдэж орсон байхад энэ талаар огт тусгаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Голден пейж аудит ХХК, шинжээч С.Оргилын гаргасан дүгнэлт болон 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдэд Б.Дийн харилцах дансны орлого, зарлагын гүйлгээг нэг бүрчлэн шалгаж дүгнэлтдээ тусгасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд огт хэлэлцэгдээгүй нөхцөл байдлыг  тусгасанд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ тогтоогдсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг Б.Дид танилцуулсан бөгөөд хүсэлт, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Хохирогчийн зүгээс прокурорын зөвшөөрснөөс өөр материалыг шинжээчид гаргаж өгсөн зүйл байхгүй бөгөөд нягтлан бодогч Б.Оын хувьд шинжилгээ хийхэд оролцоогүй, зөвхөн тухайн байгууллагын санхүүгийн баримтуудыг ангилан ялгаж, цэгцэлж өгсөн тухайгаа мэдүүлсэн бөгөөд энэ нь шинжилгээ хийхэд оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд нийцсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирлын хэмжээ тогтоогдсон, шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх хангагдсан байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 27.2 дахь зүйлийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв болсон. Шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Энэ талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн хэлсэн саналдаа: “Довчиндорж гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Б.Дид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Дид холбогдох хэрэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдоогүй байна” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Баянзүрх дүүргийн хяналтын прокурор П.Нархажидын “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч нарыг шинжээчээр томилох тухай” 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын сүүлийн хуудсанд /3хх-86/ шүүгдэгч Б.Д нь “Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа тул дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаас харахад прокурор нь энэ хэрэгт дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу яллагдагч, түүний өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрээ танилцуулаагүй, харин томилогдсон шинжээч Ж.Жанилгаан, Ц.Оюунтуул, Б.Цэрэндэжид нарын гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 дугаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байх бөгөөд ийнхүү шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Шинжээч томилсон тогтоолтой танилцах”, мөн хуулийн 27.2 дугаар зүйлд заасанШинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах; шинжээчид нэмэлт асуулт тавих; шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах; мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах;” зэрэг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Хохирогч “Дөрвөн Өлзий” ХХК-ийн нягтлан бодогч Б.Оын “Б.Д нь Нарантуул захын өргөтгөлийн 201 дугаартай павилон ажиллуулдаг Б гэх эмэгтэйд баримтаар 34.353.750 төгрөгийн зээл өгсөн тооцооны акт өгсөн боловч Б 5.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Бусад 28.353.750 төгрөгийг Д өөрөө төлөхөөр хэлцэл хийсэн байсан, …154 лангууны А нэртэй хүнд 1.600.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, …296 лангууны А гэх хүнд 1.000.200 төгрөгийн зээлийн үлдэгдэл, …Захын өргөтгөлийн Чандмань төвийн ундааны лангуу гэсэн баримт дээр 675.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, …Увс аймгийн “Бэрх булаг” ХХК-ний Б гэх хүнд 7.498.700 төгрөгийн зээлийн үлдэгдэл, …Баянхонгор аймгийн Т гэх хүнд 1.661.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, …Эрдэнэд хот А гэх хүнд 1.066.925 төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. …Ингээд манай компанид 47.856.225 төгрөгийн зээл харагдаж байна. Энэ мөнгийг 73.187.036 төгрөгөөс хасахаар 25.330.811 төгрөг баримтгүйгээр борлуулагч Б.Д гарч ирээгүй, манай компанид дутаад байна.” /3хх-118/ гэсэн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Б.Д нь дээр дурдсан мөнгийг завшсан эсэхийг шалгаж хөдөлбөргүй нотолж тогтоох шаардлагатай болно.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ 

                                             ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН