Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 665

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн  Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Гуравдагч этгээд: Нийслэлийн Онцгой байдлын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн Нийслэлийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С*******” ХХК-ийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж оруулахыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад  даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Т 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“С*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар тус дүүргийн 28 дугаар хороо, Хгийн 4 дүгээр хэсэг, тоот 8000 м.кв газрыг эзэмших болсон. Кадастрын зураг нь 1865 тоот нэгж талбар бүхий мэдээллийн нэгдсэн санд орсон боловч хасагдсан байсныг бид 2016 оны 01 дүгээр сарын 08-нд мэдэж, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Мэдээллийн сангийн кадастрын зураггүй бол газар эзэмших гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд газар эзэмших эрх хүчингүй болох эрсдэлтэй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр “С*******” ХХК-ийн  кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж оруулахыг даалгаж, Нийслэлийн Онцгой байдлын газарт тус дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад төв замын урд талд 2 га газрыг гал унтраах 035 дугаар ангид олгосон боловч тус дүүргийн 28 дугаар хорооны замын хойд талд барилгаа барьсан нь манай эзэмшлийн газартай давхцаж байгаа юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч одоо заавал Онцгой байдлын газрын газрыг хүчингүй болгох шаардлага байхгүй болсон тул яг одоо байгаа байдлаар нь манай газрыг кадастрын мэдээллийн санд оруулж болохоор тохиролцсон юм” гэжээ.

Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б******* 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...Тус дүүргийн 28 дугаар хороо, Хд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар иргэн Г.Т*******т 8000 м.кв газрыг эзэмшүүлж, 2014 оны А/162 дугаар захирамжаар “Сод болор Од” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Б*******ийн 24 дүгээр гудамжны ******* тоот хашааны урд талд байршуулан 1.6 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Нийслэлийн Кадастрын хэлтсээс Онцгой байдлын газрын кадастрын зургийг газар дээр бодит ашиглалтаар засч бүртгэх, эсхүл Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон байршлаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/162 дугаар захирамжаар “С*******” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн 8000 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч болох боломжтой байна” гэжээ.

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар иргэн Г.Т*******т 8000 м.кв газрыг эзэмшүүлж, 2014 оны А/162 дугаар захирамжаар “С*******” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн байна. Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төрийн болон төсвийн байгууллагын зайлшгүй  хэрэгцээний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газарт 2010 оны 567 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 1.6 га газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Гэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын яриад байгаа 20 болон 28 дугаар хороонуудын байршлыг газар дээр нь очин үзэж, шийдвэрлэх боломжтой” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээд Нийслэлийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хгийн 4 дүгээр хэсэг, тоот хашааны газарт “С*******” ХХК нь эзэмших эрхийн 0003******* дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 1865 дугаар бүхий 8000 м.кв газар эзэмшиж ирсэн. Нөгөө талаас Нийслэлийн Онцгой байдлын газар нь газар эзэмших эрхийн 0004******* дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртад Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар 16000 м.кв газар эзэмшдэг. Тус газар хийгдсэн үзлэг харилцан зөвшөөрлийн бичиг баримт, газар дээрх бодит байдлыг үндэслэн кадастрын зургаа өөрчлөн хамтран тодорхойлсон цэгүүдээр  кадастрын зураг хийлгэхэд татгалзах зүйлгүй” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн Нийслэлийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С*******” ХХК-ийн газрын кадастрын зургийг мэдээллийн  санд бүртгэж оруулахыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад  даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул маргаан бүхий актын биелэлтийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актын хувьд Нийслэлийн Онцгой байдлын газарт  Аврах гал унтраах ангийн галын автомашины гаражийн барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачууртын  авто замын  хойд талд байршуулан 1.6 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан газар баталгаажилтын хувийн хэрэг, газар ашиглах, эзэмшүүлэх эрх олгосон захирамжууд болон бусад баримтаас үзэхэд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х 4 дүгээр хэсэг, 28 дугаар хорооны 8000 м.кв газрыг 2004 оноос хойш иргэн Г.Т******* “аж ахуйн” зориулалтаар эзэмшиж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрийн  А/162 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ “С*******” ХХК-д  шилжүүлжээ.  

 Маргаанд Нийслэлийн Онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд эзэмшихээр эрх авсан газрын байршил нь газрын кадастрын мэдээллийн санд “С*******” ХХК-д олгосон байршилд буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны газар нутагт буюу олгосон байршлаас өөрчлөгдсөн байдлаар мэдээллийн санд орсон болох нь хэрэгт авагдсан газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан кадастрын зургуудын солбицол, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн газрын мэдээллийн сангийн зургийг нэгж талбарын зургуудтай давхцуулсан агаарын зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба  тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна”, 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана” гээд, 34.6.3-д “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг” гэж тус тус зааснаар аливаа газрыг эзэмшүүлэхдээ холбогдох газрын алба нь газар эзэмшигчид газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхдээ олгогдсон газрын нэгж, талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэн бүртгэх үүрэгтэй байна. 

Үүнд: Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Газрын улсын бүртгэлд дараах үйл ажиллагаа хамаарна” гээд 9.3.1-д “газрын кадастрын зураглал”, 9.3.2-т “газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэл” гэж заасан, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “"газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг”, 3.1.14-д “газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг  бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь олгогдсон газраас өөр байршилд байгааг нь холбогдох газрын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааг буруутгахаас нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд газрын байршил хөдөлсөнд Газрын алба дээрх хуульд заасан үүргийнхээ хүрээнд хянан бүртгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гарсан үр дагавар гэж үзэхээр байна.   Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон газрын байршил өөрчлөгдөн бүртгэгдэж, гуравдагч этгээдэд эзэмшүүлснээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршилтай давхцаж кадастрын зураглалыг мэдээллийн санд оруулах боломжгүй нөхцлийг бий болгосон байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар харилцан тохиролцож газрын мэдээллийн санд зургаа оруулах,  газрын хэмжээний өөрчлөлтийг солих боломжтой гэж үзэж, шүүхэд тайлбараа гаргасан байна. Гэвч  шүүх  хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сар түдгэлзүүлэхээр шийдвэрлэж байна. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь дээрх нөхцөл байдлуудыг дахин судлан үзэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хоорондоо эвлэрэн хэлэлцэж байгаа нөхцлөөр дахин захирганы актыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... үйлдлийг таслан зогсооно” гэж заасан эрхийнхээ дагуу залруулж гаргах боломжтой байна. Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд хоорондоо эвлэрэн хэлэлцэж байгаа боловч маргаан бүхий газрын давхцал, газрын мэдээллийн санд оруулах асуудал нь  Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг дарга нарын хуулиар хүлээсэн эрх, үүргийн дагуу шийдвэрлэгдэх боломжтой ба иргэн, хуулийн этгээд үүнийг шийдвэрлэх эрх, боломж байхгүй юм.

Тиймээс маргаан бүхий газрыг дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль ёсны акт гэж үзэх үндэслэлгүй учир хуулиар олгогдсон эрхийн дагуу хариуцагч нь асуудлыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан харилцааны хүрээнд алдаа зөрчлийг дахин шалгаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.8, 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай тул дахин шинэ захиргааны акт гартал маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн Нийслэлийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ