| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/05062/И |
| Дугаар | 102/ШШ2024/00889 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/00889
2024 оны 02 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2024/00889 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Шинэ” хотхоны 2 дугаар байрны 0 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Э, Э.Б нарыг тогтоолгож, Г.Б, Э.Э, Э.Б нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Э.Б-гын олгогдоогүй тэтгэлэгт 1.807.800 төгрөг, түрээсийн төлбөр 10.080.000 төгрөгийг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 15.085.496 төгрөгийг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.Б-ийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б, Э.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б, Э.Э, Э.Б нар, хариуцагч Д.Э-д холбогдуулан Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Ш ” хотхоны 0 дугаар байрны 0 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Э, Э.Б нарыг тогтоолгож, Г.Б, Э.Э, Э.Б нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Э.Б гын олгогдоогүй тэтгэлэгт 1.807.800 төгрөг, түрээсийн төлбөр 10.080.000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн 15.085.496 төгрөгийг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.Б ийг хасуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна.
Тус байрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Д.Э бид хоёр тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/0 дугаартай Шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
Гэр бүл цуцлуулах үед тус байр “Хаан” банк ХХК-ийн лизингийн түрээсийн зээлтэй байсан учраас тухайн шүүхийн шийдвэрээр банкны зээлийг дууссан үед байрны асуудлаа шийдээрэй гэж дүгнээд шийдвэрлээгүй орхисон.
Ингээд байрны зээл 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссанаар миний бие 2023 оны 10 дугаар сарын 09-ний нэхэмжлэлээ гаргасан.
Гэр бүлээ цуцлуулсан шалтгаан гэр бүлийн хүчирхийлэл байсан.
Тухайн үед хоёр хүүхэд насанд хүрсэн боловч бага охин насанд хүрээгүй байсан учраас тэтгэмж тогтоосон.
Гэхдээ бид нар хамт амьдарч байсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
3.Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Миний зүгээс Баянгол дүүрэг, 0 дугаар хороонд байрлах байрыг 5 ам бүлдээ хувааж, Д.Э буюу аавдаа өөрт нь ногдох хувийг ногдуулан, эрх тэгш байдлаар хуваарилахыг хүсэж байна.
Бага дүү Э.Бг ын үлдэгдэл тэтгэмж мөнгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн бидний амьдардаг түрээсийн байрны түрээсийн төлбөрийГ нэхэмжилж байгааг дэмжиж байна, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Э, Н.Б нарыг маргаан бүхий орон сууцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
Э.Э, Э.Б нар нас биед хүрсэн, тусдаа гарсан хүмүүс тул шаардах эрхгүй гэж үзэж байна.
Д.Э ийг тухайн орон сууцын эзэмшигчээс чөлөөлүүлэх шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Д.Э тухайн маргаан бүхий орон сууцын урьдчилгаа 11.000.000 төгрөгийг 2011 онд төлж, тасралтгүй 12 жилийн хугацаанд төлсөөр өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэгч ямар үндэслэлээр Д.Э ийн эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх ойлгомжгүй, тодорхой бус байна. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Иймд Э.Б гын төлөгдөөгүй тэтгэлгийг гаргуулах нь нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоолгох ойлголт байхгүй.
Тэтгэлэг төлөх хуулийн хугацаа дараа жил дуусна. Бага охин Э.Б гын сар бүрийн төлөлтийг Д.Э өөрийн группийн орлогоороо тогтмол төлдөг. Түрээсийн төлбөрийн 50 хувь буюу 10.080.000 төгрөгийг гаргуулъя, түрээсийн байранд бид зургаа долуулаа амьдарч байна гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байна. Гэтэл энэ тайлбар боломжгүй тайлбар.
Түрээсийн гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол заавал улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хуулийн шаардлага бий.
Түрээслэгч гэх хоёр хүний хамтран өмчлөлийн нэр дээр байсан боловч нөгөө хүний зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан нь өөрөө үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
5.1.Хариуцагчаас 15.085.496 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.Б, Д.Э тэй гэр бүлийн харилцаа хамааралтай байх үедээ мөнгөн хуримтлалыг бий болгосон.
Нэхэмжлэгч өөрөө энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ярьсан бөгөөд 25.000.000 төгрөгийн мөнгөн хуримтлалтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бид өмнө нь мэдэж байсан.
Нэхэмжлэгч ипотекийн зээлийн буцаан олголтын мөнгийг ямар ч төлөлт хийгээгүй боловч өөрөө авсан.
Мөн сургалтын төлбөрийн буцаан олголт 5.170.000 төгрөг дээр 25.000.000 төгрөгийг нэмээд 30.170.982 төгрөг 82 мөнгийн мөнгөн хадгаламж бүрдүүлэн одоо түрээслэн амьдарч байгаа байраа худалдаж авсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд бидний сүүлд татварын албанаас авсан баримтаар энэ данс руу орсон нь тогтоогдож байгаа.
Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүл болсноос хойш олсон орлого хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээд 15.085.496 төгрөгийг шаардсан.
Хоёр дахь шаардлага маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс Г.Б ийг хасуулах шаардлага бөгөөд хариуцагч зээлийн төлөлтийг 2011 оноос хойш 12 жил тасралтгүй төлж, анх урьдчилгаа 11.500.000 төгрөгийг төлж нийт 71.600.067 төгрөгийг ганцаараа төлсөн байдаг ба нэхэмжлэгчийн оролцоо байгаагүй.
Нэхэмжлэгч эсрэгээрээ мөнгөн хуримтлал үүсгэж, байр авч, хамтын амьдралтай гэр бүлийн гишүүн байх үедээ эмч хүн инсулин тариа авсан зохисгүй үйлдэл гаргасан байдаг. Иймд хамтран өмчлөгчөөс хасуулах шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэгч өөрөө би 25.000.000 төгрөгийн хуримтлалтай байсан гэж хэлдэг. Мөн хариу тайлбартаа хувь хувьсгалын ажил хийж цуглуулдаг гэх хариу тайлбар байсан.
Таны хувийн хөрөнгө биш гэр бүлийн харилцаатай холбоотой тохиолдолд хамтран өмчлөх дундын хөрөнгө. Нэхэмжлэгч ойлгомжгүй тайлбар гаргаж байна. Хариуцагч байрны төлөлтийг 100 хувь төлсөн.
Танд төлөлт хийсэн гэх үйл баримт байна уу? Хуульд хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болоход оруулсан хүний хөдөлмөрийн хугацаа, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах эсвэл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэж заасны дагуу шаардлагыг гаргаж байна, гэжээ.
6.Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
6.1.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Тухайн байрыг ипотекийн зээлээр авахад 2012 онд татварын баримтаас харахад 3 хувааж 3.000.000 төгрөгийг авсан.
Тэр үед би төрийн албанд ажиллаж байсан учраас буцаан олголт миний данс руу орж ирсэн. Буцаан олголтын мөнгө бидний амьдралд хэрэглэгдээд дууссан мөнгө. Э.Э ШУТИС-ийг төгсөхдөө 1.500.000 төгрөгийн төлбөр тушаадаг байсан бөгөөд буцаан олголтын мөнгөөр төлсөн.
Надад хэдэн сая төгрөгөөр авсан зүйлгүй. Ямар шалтгаанаар миний нэрийг байрны эзэмшигчээс хасах болсон гэдгийг би ойлгогүй байгаа учраас зөвшөөрөхгүй. Байрны зээлийг Д.Э ийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч би улсад тасралтгүй ажиллаж байсан.
Д.Э 2014 онд хорт хавдар тусч, 2019 онд группээс хасагдсан. Үүнээс хойш 2022 онд сахараар групп тогтоолгосон байсан. Тэр үед сахартай байсан боловч би өөрөө эмч учраас эмнэлэгийн хяналтанд байлгаж, Д.Эийн эрүүл мэндийг бараг л авч явсаны эцэст сүүлд нь шүүхэд дуудагдсан.
Иймд Д.Э зээлийг төлсөн гэх үндэслэлээр намайг өмчлөгчөөс хасах үндэслэл биш гэж бодож байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.
7..Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0961 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулга
9.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт, Чингэлтэй дүүргийн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, дансны хуулгууд, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/0 дугаартай Шийдвэр, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн чанар аюулгүй байдлын алба, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтай хорооны Хариу хүргүүлэх тухай, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай “Батламж”, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.Б нар нэхэмжлэлийн үндэслэлийн шаардах эрхээ “Гэрлэлт цуцлуулах үед орон сууц зээлийн барьцаанд байсан учраас шүүх зээлээ төлж дуусаад шийдвэрлүүлээрэй гээд шийдээгүй. Орон сууц дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө учраас гэр бүлийн 5 ам бүлд ижил тэнцүү хуваарилагдах ёстой. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдүүдийн хамт өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Зээл 2023 оны 08 дугаар сард төлөгдөж дуусаад шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тодорхойлов.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З татгалзлаа “Хариуцагч зээлийг ганцаараа төлж дууссан тул охин Э.Б ад ногдох хэсгийг өгөөд, Г.Б ийн нэрийг хасуулж өөрөө байраа авна” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч нарын Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Ш” хотхоны 0 дугаар байрны 0 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Э, Э.Б нарыг тогтоолгож, Г.Б, Э.Э, Э.Б нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Э.Бгын олгогдоогүй тэтгэлэгт 1.807.800 төгрөг, түрээсийн төлбөр 10.080.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.Зохигчид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/0 дугаартай Шиййдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Б гыг эхийнхэн асрамжид үлдээж, эцэг Д.Эээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд гэрлэлтийг цуцалсан үндэслэлийг хариуцагч Д.Э архи ууж агсам тавьж, эхнэр Г.Бт хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хохирол учруулдаг, дарамтлах, доромжлох, орон гэрээс хөөх зэргээр бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг мөн хүүхдүүдийг сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан, хүчирхийлэлийн улмаас эхнэр, хүүхдүүд орон гэрээсээ явж, хариуцагч гэрийнхээ хаалганы цоожийг сольж гэр бүлийн гишүүдийг гэртээ амьдруулах боломжгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнээд гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
5.1.2.Нэхэмжлэгч нарын орон сууцны өмчлөгчөөр Э.Э, Э.Б нарыг тогтоолгож, Г.Б, Э.Э, Э.Б нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:
5.1.3.Шүүх талуудын гэрлэлтийг цуцлах үед маргаан бүхий орон сууц “Хаан” банк ХХК-ийн зээл болон барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгдэж, зээлийн хугацаа 2023 онд дуусгавар болох учраас гэрлэлт цуцлах хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүйг буюу зээл, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсны дараа шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэн тухайн шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5.1.4.Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Д.Э нар эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Ш” хотхоны 0 дугаар байрны 0 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар маргаагүй бөгөөд хариуцагч зээлийн урьдчилгаа 11.500.000 төгрөг болон зээлийн 96.5 хувь нийт 71.601.067 төгрөгийг дангаараа төлж дуусгасан учраас Э.Б ад ногдох хэсгийг өгөөд, Г.Б ийн нэрийг хасуулж байраа авна, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6 дахь хэсэгт зааснаар орон сууцны ногдох хэсгийг тэнцүү хувааж авах ёстой гэж маргаж байна.
5.1.5.Хэрэгт авагдсан бичгийн баримт, зрхигчдын тайлбараар 2019 онд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах цаг хугацаанд 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Э.Э 25 настай, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Б 19 настай, 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Б а 12 настай байсан бөгөөд тухайн үед хэдийгээр дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;”, 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.3 дахь хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;” гэж зааснаар Д.Э, Г.Б, Э.Э, Э.Б, Э.Бга нар гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдож байна.
5.1.6.Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж заасны дагуу охин Э.Бгыг түүний хууль ёсны төлөөлөгч эх Г.Б төлөөлөх эрхтэй.
5.1.7.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;” гэж зааснаар зохигчид 1994 онд хамтран амьдарч, 2000 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хаан” банк ХХК-ийн орон сууцны зээлд хамрагдан авсан үйл баримт нотлогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэлээ.
5.1.8.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхлыг харгалзах ба гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Мөн шүүх өөрөөр тогтоож болно” гэж зааснаар зохигчид зээлийн төлбөрт 71.601.067 төгрөгийг төлснөөр зээл хаагдсан, орон сууны зах зээлийн үнийн талаар хэн аль нь хүсэлт гаргаж маргаагүй тул орон сууцны үнийг зээл төлж хаасан үнийн дүн 71.601.067 төгрөгөөр тооцож, гэр бүлийн таван гишүүнд ногдох хэсгийг хуваарилах нь зүйтэй.
5.1.9.Орон сууцны үнэлгээ 71.601.067 төгрөг : 5 /гэр бүлийн гишүүн/ = 14.320.213 төгрөг /нэг гишүүнд ногдох хэсэг/ үүнээс нэхэмжлэгч нарт ногдох хэсэг 14.320.213 төгрөг х 4 /гэр бүлийн гишүүн/=57.280.852 төгрөг харин хариуцагчид ногдох хэсэг 14.320.213 төгрөг бөгөөд шүүх өмчлөгч нарын хувийн байдал гэрлэлт цуцлахад үед болон хэргийг хянан хэлэлцэх явцад ямар ахуйн орчин нөхцөлд хүүхэд амьдарч байгаа, зээл төлөлт, гэр бүлийн гишүүд хүчирхийлэлд өртөж байсан, хариуцагчийн биеийн эрүүл мэнд зэргийг харгалзан үзээд охин Э.Эий ногдох хэсгийг 7.160.107 төгрөгөөр, хариуцагч Д.Э ийн ногдох хэсгийг 21.480.320 төгрөгөөр тооцож, орон сууцны өмчлөгчөөр Э.Э, Э.Б нарыг тогтоож, Г.Б, Э.Э, Э.Б нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6.Охин Э.Б гын олгогдоогүй тэтгэлэгт 1.807.800 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
6.1.Хариуцагч Д.Э шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу охин Э.Б д хүүхдийн тэтгэлэг төлж байгаа талаар маргаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй ба шүүхээс эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар нотлож чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 10.080.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1.Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулсаны дараа хүүхдүүдийн хамт орон сууцнаас нүүж, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, “Өргөө” хотхоны 72 дугаар байрны 1 өрөө орон сууцыг сарын 420.000 төгрөгөөр өнөөг хүртэл түрээслэн охин, хүү, ач, зээ нарын 7 ам бүл хамт амьдарч байгаа тул хариуцагч 4 жилийн түрээсийн төлбөр 20.160.000 төгрөгийн тал хувь 10.080.000 төгрөгийг төлөх ёстой гэж, хариуцагч байрыг түрээслээгүй худалдан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
7.1.2.Нэхэмжлэгч орон сууцанд сар бүр түрээсийн төлбөр төлж байгаа болохыг нотлох баримтаар нотлож чадаагүй мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх үндэслэлээ баримтаар няцааж чадаагүй тул түрээсийн төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Хариуцагч Д.Э ийн 15.085.496 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн шаардах эрхээ “Хариуцагчид мэдэгдэхгүйгээр нэхэмжлэгч хүүхдийн сургалтын төлбөрийн буцаан олголт 5.170.992.82 төгрөг мөн 25.000.000 төгрөгийн мөнгөн хуримтлал үүсгэж нийт 30.170.992.82 төгрөгийн хадгаламжаар амьдарч байгаа байраа худалдан авсан тул ногдох хэсгийг авах эрхтэй” гэж тайлбарлав.
8.2.Нэхэмжлэгч Г.Б татгалзлаа “Би төр болон хувийн хэвшлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсан бөгөөд миний хуваарьт мөнгө байсан тул хүү Э.Б г БНСУ-д суралцуулах төлбөрт төлсөн. Зээлийн байрны буцаан олголт төрд ажилладаг учраас миний дансанд шилжиж ирснийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэсэн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
8.3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөнгөн хуримтлалыг үүсгэсэн талаар маргаагүй учраас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж шүүх дүгнэлээ.
8.5.Харин мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй хэдий ч хариуцагч ямар байдлаар эрх нь зөрчигдсөн талаар нотлох баримтаар нотлоогүй мөн нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Хариуцагч Б.Э н орон сууцны өмчлөгчөөс Г.Б ийг хасуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9.1.1.Зохигчид маргаан бүхий байрны өмчлөгч нар гэдэгт маргаагүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шаардах эрхтэй.
9.1.4.Гэтэл хариуцагчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч яаж саад учруулсан үйлдэл гаргасныг баримтаар нотлогдоогүй, гэрлэгчид орон сууцыг зээлээр авсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч тухайн байранд амьдарсан үйл баримтад маргаагүй, нэхэмжлэгч байрны зээлийн төлбөрт төлөлт хийснийг хариуцагч үгүйсгээгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
10. Хавтаст хэрэгт авагдсан 8-11, 13, 21-22,24 хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.430 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 678.827 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Э.Э, Э.Б нараас Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Ш” хотхоны 0 дугаар байрны 0 тоот орон сууцнаас ногдох хэсэг 21.480.320 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Э эд олгож, орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Э, Э.Б нарыг тогтоож, Г.Б, Э.Э, Э.Б нарын өмчлөлд орон сууцыг шилжүүлж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн охин Э.Бгын олгогдоогүй тэтгэлэгт 1.807.800 төгрөг, түрээсийн төлбөр 10.080.000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн 15.085.496 төгрөгийг гаргуулж, орон сууцны өмчлөгчөөс Г.Б ийг хасуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 332.673 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262.473 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарт олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА