Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 123

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,                     

           улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Б.А, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Одончимэг  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Харчин овогт Баатархүүгийн Алтанхуяг, Боржигон овогт Бадамын Мягмарлхагва нарт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708015140181 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа кузов засварын газар ажиллуулдаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.А Б.М нар нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо согтуугаар зөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар Ш.Ойдовжамц, Х.Янжинцог нартай маргалдан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчиж, хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчих хэлбэрээр  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрах явцдаа яллагдагч Б.А нь  Ш.Ойдовжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,  яллагдагч Б.М нь Х.Янжинцогийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

- хохирогч нарын өргөдөл...машинтай 4 залуу зодож, гар утсыг дээрэмдсэн, зодоод зугтсан /х-6/,   

            - хохирогч Ш.Ойдовжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би найз Чагнаадоржийнд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны орой найз Янжинцогийн хамт очиж архи ууж байгаад нэлээн согтоод 00 цагийн орчим зам дээрээс такси барих гээд явж байсан чинь шар дэлгүүрийн хажууд манай найз Янжинцогийг зодох гээд байх шиг байхаар нь яваад очсон чинь нөгөө залуу шууд Янжинцогийн нүүр рүү цохиод, нэг залуу нь над уруу ирээд намайг зодож эхэлсэн. Би нэлээн согтуу байсан болохоор учрыг нь сайн ойлгоогүй. Миний дээрээс өшиглөж чирээд миний цаана Янжинцогийг нэг залуу нь зодоод байсан. Бид 2 доошоо хараад алхаж явж байхад Янжинцог тэр залуучуудтай маргалдах шиг болсон. 500.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-10/

- хохирогч Х.Янжинцогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз Ойдовжамцтай түүний найз Чагнаагийн гэрт очиж архи ууж байгаад орой 23 цаг өнгөрөөгөөд Ойдовжамц бид 2 гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн хэлтсийн хойд талын далан дээр алхаад явж байсан чинь хэдэн залуучууд бид 2-ыг зодоод нүүр ам руу цохиод байсан. Би хэсэг ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь нөгөө хүмүүс яваад өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-19/,

- гэрчээр Ш.Ойдовжамцын:...машинаас 4 залуу бууж ирээд найз бид 2-ыг зодсон...зүс царайг нь ажиглаагүй.../х-15/...Тэдгээр залуус машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй хамт явж байсан Янжинцогийн нүүрэнд цохисон. Намайг нэг залуу нь мөн адил цохиод унагаасан. Намайг унангуут шууд дэвсэлж, хөлөөрөө өшиглөж эхэлсэн. Миний уруул сэтэрч хавдсан, баруун нүд хавдаж хөхөрсөн, баруун чих хавдсан, хамар хавдартай, толгойн зүүн хэсэгт хагарч, оёдол тавиулсан, үүдэн хиймэл 3 шүд унасан...гэх мэдүүлэг /хх-16-17/

- гэрчээр Х.Янжинцогийн:...зам дагуу замын цагдаагийн хэлтсийн арын далангаар явж байтал үл таних залуу хүрч ирээд намайг шууд нүүрэнд нэг цохиход би ухаан алдаад унасан. Босоод ирэхэд миний хажууд Ойдовжамц байсан. Миний уруул сэтэрч хавдсан, зовхи сэтэрсэн, баруун нүд хавдсан байдалтай байсан. Би ухаан алдаад унасан учраас тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-18-19/

- гэрч С.Олонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө өөрийн нөхөр Алтанхуяг, найз нар болох Мягмарлхагва түүний эхнэр Отгонтуяа, нартай Кензо баранд орж үйлчлүүлж байгаад Мягмарлхагвын гэрт очихоор явсан...Манай нөхөр таксинаас буугаад 2 согтуу ахтай маргалдаад зогсож байхаар нь би явж очоод яагаад маргалдаад байгаа юм гээд нөхрийгөө салгах гэхэд нөгөө 2 ахын намхан нуруутай ах нь монголын газар нутаг жижигхэн болсон юм уу тойроод гар гээд манай нөхөртэй барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэхэд өндөр нуруутай ах нь намайг боржуур руу түлхэж унагаад араас хөлөөрөө нуруу руу өшиглөсөн чинь манай нөхөр эхнэрийг яаж байна аа гээд намайг өшиглөсөн ахтай зодолдоод эхэлсэн. Алтанхуяг руу намхан нуруутай нь дайрсан чинь Мягмарлхагва машинаас бууж ирээд нөгөө намхан нуруутай ахтай найзыгаа өмөөрөөд зодолдож эхэлсэн. Намайг түлхэж унагааж өшиглөснөөс болж манай нөхөр намайг өмөөрч зодолдсон байх...гэх мэдүүлэг /хх-27/,  

- гэрч Б.Отгонтуяагийн...манай нөхөр хүнтэй зодолдоод зодуулчихлаа гээд байж байсан, яасан гэхэд Олонцэцэгийн нэг хүн өшиглөөд тэрнээс болж зодолдоод зодуулчихлаа гэсэн.../х-24/,

- шинжээчийн 2017.10.19-ний өдрийн дүгнэлт...С.Олонцэцэгийн биед зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон...хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй /х-31/,  

- шинжээчийн 2017.10.19-ний өдрийн дүгнэлт...Б.Мягмарлхагвын биед хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй /х-41/,

- шинжээчийн 2017.10.12-ны өдрийн дүгнэлт...Б.Аийн зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэмтлийн зэрэгт хамаарахгүй.../х-45/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11864 дугаартай шинжээчийн:...Х.Янжинцогийн биед дээд уруулын салстад шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-36/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11864 дугаартай шинжээчийн:...Ойдовжамцын биед зулай, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт цус хуралт, дээд уруул, нуруу, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-49/

- шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз Мягмарлхагва, эхнэр Олонцэцэг нарын хамт 00 цагийн үед Кензо баарнаас таксинд суусан. Таксинаас буухад 2 залуу зам дагаад алхаад ирж байсан. Миний хажуугаар зөрөхдөө нэг нь намайг мөрлөсөн. Би “яаж байна аа гэтэл нөгөө 2 “яасан ч яадаг юм гээд би маргалдсан. Эхнэр таксинаас бууж ирээд “юу болсон бэ” гэтэл нэг залуу нь манай эхнэрийг боржуур руу түлхэж унагаагаад өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод бид 2 зодолдсон. Мягмарлхагва машинаас бууж ирээд намайг цохисон залуутай зодолдсон. Мягмарлхагва бид 2, 2 талд нөгөө 2 залуутай зодолдож байхад манай эхнэр биднийг салгасан...гэх мэдүүлэг /хх-57-58/...

- Б.Аийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2 үл таних залуу явж байснаа нэг нь намайг мөрлөсөн...тэр залуутай эхнэр намайг өмөөрөн маргасан, тэр залуу эхнэрийг шууд мөргөн унагааж, дэвслээд эхэлсэн...би эхнэрээ өмөөрөн тэр залуустай зодолдсон.../х-23/, 

- шүүгдэгч Б.Мягмарлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр найз Алтанхуяг, Олонцэцэг нартай бааранд орж бүжиглэж байгаад 00 цагийн үед баарнаас гарсан. Гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-85 тоот гэрийнхээ гадаа ирсэн. Алтанхуяг түрүүлж машинаас буусан. Алтанхуяг нэг залуутай маргалдсан. Олонцэцэгийг нэг нь газар унагаад өшиглөж байхаар нь “би яаж байгаа юм” гэтэл Алтанхуяг эхнэрээ өмөөрөөд маргалдсан. Тэр 2 залуу бүлэглээд Алтанхуягийг зодох гээд дайрахаар нь би намхан нуруутай залуутай барьцалдаж аваад зодолдсон. Алтанхуяг арай өндөр нуруутай залуутай нь зодолдсон...гэх мэдүүлэг /хх-61-62/...манай найзтай зууралдаад, эхнэрийг нь унагааж дээрээс нь цохиж маргаан үүсгээгүй бол ийм асуудал болохгүй.../х-110/,

- Б.Мягмарлхагвын гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Олонцэцэгийг үл таних хүн зодож байсан, найзыгаа өмөөрөн тэдэнтэй зодолдсон.../х-21/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэн дүгнэхэд:

  Шүүгдэгч Б.А, Б.М нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна. Тухайлбал,            

1. Шүүгдэгч нарын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “нийгмийн хэв журмыг зөрчих” сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин эсрэгээр хохирогч нар анх зүй бус, хууль бус үйлдэл хийж, хэрүүл маргааныг эхлүүлсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.    

 Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.А, Б.М нарын гэрчээр, мөн яллагдагч, шүүгдэгчээр, мөн С.Олонцэцэгийн гэрчээр өгсөн “гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, шалтгааны талаарх” олон тооны мэдүүлгийг бүхэлд нь “худал” гэж үгүйсгэх үндэслэлгүй, хэт нэг талыг барих нь хуульд нийцэхгүйгээс гадна хохирогч нарын зүй бус үйлдэлд хууль зүйн үүднээс дүгнэлт хийгээгүйг зөв гэж үзэхгүй.     

2. Шүүгдэгч нарын бие махбодид гэмтэл учирсан байж болох шинж, баримт байхад энэ талаар шалган тогтоовол зохих ажиллагааг шуурхай хийхгүй орхигдуулсан нь мөрдөх ажиллагааны зөрчилд хамаарна.      

Хэрэгт авагдсан баримтаар Б.М, Б.А нарыг гэрчээр 2017.09.19-ний өдөр байцаасан /х-20, 22/ атлаа хугацаа алдагдуулан 1 сарын дараа Б.М, Б.А, С.Олонцэцэг нарын бие махбодид учирсан гэмтэл, шархад гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилсон, гэтэл хохирогч нарт учирсан гэмтэлд 2017.09.18-ны өдөр шинжээч томилсон нь хэт нэг талыг барьсан, зарим оролцогч нарын эрхийг хязгаарласан зэрэг зөрчил бүхий утга агуулга, шинжийг илэрхийлсэн байна.        

3. Тухайн үед шүүгдэгч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба хохирогч нар маргаан эхлүүлсний улмаас тэд харилцан “хүч зориг”-оо харуулахыг эрмэлзэн маргалдсан, зодолдсон болохыг шууд үгүйсгэх үндэслэл, нотолгоогүй байна.             

Шүүгдэгч, хохирогч нар шөнийн цагаар, согтуурч явахдаа хаана ямар хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолтынх нь зэрэг ямар байсан эсэхэд “ялгамж” гарган тодорхойлсон баримтгүй.  

4. Хохирогч нарын өргөдөл, мэдүүлгийг харьцуулж шалгахад эх сурвалж нь зарим талаар өөрчлөлттэй, зөрүүтэй шинжийг агуулсан ба энэ нь тэдний согтууралтай холбоотойг өөрсдөө үгүйсгээгүй байна.  

5. Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг тийнхүү “ноцтой” зөрүүтэй байх ба тухайн зөрүү болон зөрүү үүсгэсэн шалтгааныг бүрэн, бодитой тогтоож чадаагүй байх тул зөвхөн яллах дүгнэлтэд бичигдсэн буюу яллах талын нотлох баримтаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг “зөв” шийдвэрлэх боломжгүй болжээ.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2, 32.3 дугаар зүйлд  зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй буюу яллах, цагаатгах талын нотлох баримтын аль алиныг нь цуглуулах, шалгах, үнэлэх ёстой ба  мөрдөн шалгах, хянан шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийхгүй байх, зохих үндэслэл заахгүйгээр зарим баримтыг үнэлэхгүй орхигдуулах нь хуульд нийцэхгүй.               

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр Эрүүгийн хуулийг хэрэглэхэд үүсгэсэн зарим эргэлзээ, мөрдөн байцаалтын нөхөн гүйцэтгэхэд ач холбогдлоо алдсан дутуу ажиллагаа бүрийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.   

Харин шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо зөрөхдөө мөрлөсөн, эхнэрийг зодсон гэх шалтгаанаар иргэн Ш.Ойдовжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,   

Шүүгдэгч нь Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Замын цагдаагийн хэлтсийн ард талын үерийн далангийн ойролцоо найз Б.Аийг бүлэглэн зодсон гэх шалтгаанаар иргэн Х.Янжинцогийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- Ш.Ойдовжамц, Х.Янжинцог нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай шинжээчийн дүгнэлтүүд /х-36, 49/,

- хохирогч Ш.Ойдовжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..нөгөө залуу шууд Янжинцогийн нүүр рүү цохиод...нэг залуу нь намайг зодсон...өшиглөөд чирээд байсан...гэх мэдүүлэг /хх-15/,

- хохирогч Х.Янжинцогийн...Ойдовжамц бид 2 гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн хэлтсийн хойд талын далан дээр алхаад явтал хэдэн залуучууд бид 2-ыг зодоод нүүр ам руу цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-19/,

- гэрч С.Олонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай нөхөр таксинаас буугаад 2 согтуу ахтай маргалдаад зогссон...нэг намхан ах нь монголын газар нутаг жижигхэн болсон юм уу тойроод гар гээд манай нөхөртэй барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэхэд өндөр нуруутай ах нь намайг боржуур руу түлхэж унагаад араас хөлөөрөө нуруу руу өшиглөсөн. Нөхөр эхнэрийг яаж байна аа гээд намайг өшиглөсөн ахтай зодолдоод эхэлсэн. Алтанхуяг руу намхан нуруутай нь дайрсан чинь Мягмарлхагва машинаас бууж ирээд нөгөө намхан нуруутай ахтай найзыгаа өмөөрөөд зодолдож эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-27/,

- шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Таксинаас буухад 2 залуу зам дагаад алхаад ирж байсан. Миний хажуугаар зөрөхдөө нэг нь намайг мөрлөсөн... “яаж байна аа” гэтэл нөгөө 2 “яасан ч яадаг юм” гээд би маргалдсан. Эхнэр таксинаас бууж ирээд “юу болсон бэ” гэтэл нэг залуу нь манай эхнэрийг боржуур руу түлхэж унагаагаад өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод бид 2 зодолдсон. Мягмарлхагва машинаас бууж ирээд намайг цохисон залуутай зодолдсон. Мягмарлхагва бид 2, 2 талд нөгөө 2 залуутай зодолдсон...гэх мэдүүлэг /хх-57-58/,

- шүүгдэгч Б.Мягмарлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Алтанхуяг нэг залуутай маргалдсан, Олонцэцэгийг нэг нь газар унагаад өшиглөж байхаар нь “би яаж байгаа юм” гэтэл Алтанхуяг эхнэрээ өмөөрөөд маргалдсан. Тэр 2 залуу бүлэглээд Алтанхуягийг зодох гээд дайрахаар нь би намхан нуруутай залуутай барьцалдаж аваад зодолдсон. Алтанхуяг арай өндөр нуруутай залуутай нь зодолдсон...гэх мэдүүлэг /хх-61-62/ зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.А, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

            Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.А, Б.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлээр “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаав.

Харин шүүгдэгч нарын тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл, нотолгооны хувьд маргаантай асуудал тогтоогдсонгүй. 

            Хохирол төлбөрийн тухайд:

   Хохирогч Ш.Ойдовжамц, Х.Янжинцог нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-101-102/ гэжээ.

Шүүгдэгч нарын хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

Шүүгдэгч нар ял шийтгэлгүй /хх-64, 66/ байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

Бусад асуудал

   Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.    

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгч нарын орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 2  сарын хугацаанд төлүүлэхээр тогтов.        

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:    

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.      

2.  Шүүгдэгч Б.А, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарт тус бүр оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг тус тус 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.А, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР