Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/542

 

      

     2023          5             23                                       2023/ДШМ/542                          

 

З.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/524 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2200281441 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 З.Б, 

З.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Н олон улсын худалдааны төвд хохирогч Н.Млангуун дээр ирсэн үйлчлүүлэгч дуудаж авсан гэх шалтгааны улмаас маргалдаж хэл амаар доромжилж, толгой руу нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зэвэг овогт Заяхүүгийн З.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бээс 138.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Мд олгож, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийгээгүй хэргийнхээ төлөө бусдын биед гэмтэл учруулсан асуудлаар гэмт хэрэгтэн болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Н.Мын биед огт халдаагүй, харин харилцааны асуудлаас болж хэрэлдэж муудалцсан асуудал бол байгаа. Энэ талаар гэрчүүд бүгд гэрчилдэг. Намайг буруутан болгож байгаа ганц үндэслэл бол шинжээчийн дүгнэлт бөгөөд уг дүгнэлтээр Н.Мын биед хөнгөн зэргийн гэмтлийн ээрэг тогтоогдсон явдал юм. Би уг гэмтлийг эс зөвшөөрч холбогдох бүх шатанд хандсан ба мөн шүүх хуралдаан дээр шүүх эмнэлгийн эмчийг гэрчээр оролцуулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс гадна “Мед Траума” эмнэлгийн хамгийн анх үзсэн үзлэгийн оношилгоо байгаа бөгөөд уг оношоор бол хохирогчид тархины доргилт илрээгүй байдаг. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч хохирогчид илэрсэн гэх гэмтлүүд тусдаа бие даасан гэмтэл биш бүгдээрээ нийлсэн хэлбэрээр хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гаргасан талаар шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Хөнгөн гэмтлийн зэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчид учирсан тархины гэмтэл байх тул ямар учраас тархины доргилт гарсан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хохирогч анх үзүүлсэн “Мед Траума” эмнэлгийн дүрс оношилгооны дүгнэлтээс хохирогчид тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй атал шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт гэж гарсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй байгаа юм. Иймд намайг хийгээгүй хэргийн төлөө яллаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрчүүдийн мэдүүлгээр бусдын биед халдаагүй гэдэг нь тогтоогддог. Давж заалдах гомдол гаргах болсон шалтгаан нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон “Мед траума” эмнэлгийн эмчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо “...хохирогчид үүссэн байгаа гэмтлүүд нь тусдаа бие даасан гэмтлүүд биш, нэг үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна...” гэдэг. Тархины доргилтыг хэрхэн тогтоосон нь эргэлзээтэй Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хувьд бид шат шатанд нь гомдол гаргасан боловч анхан шатны шүүх түүнийг үндэслэж шийдвэрлэсэн. Иймд хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч З.Б гэм буруутай үйлдэлдээ маргаж оролцсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон “Мед траума” эмнэлгийн компьютер томографикийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байна гэх байр суурийг илэрхийлдэг. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч нар “өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн. Ариунзул гэх шинжээч эмч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “...Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд компьютер томографикийн төхөөрөмж байдаг. Бид тусгай зөвшөөрөл авсан хувийн эмнэлгүүдээр томографикийн зураг авахуулж, шинжээч эмч шинжилгээний хариуг үзэхээс гадна тухайн үзүүлэгчийг өөрийн биеэр нь үзэж дүгнэлтээ гаргасан...” гэдэг. Мөн шинжээч эмч “...эмнэлзүйн шинжээр нь тархи доргилтыг тодорхойлно. Түүнээс томографикаар тархи доргилт байна гэж үзэх боломжгүй. Тийм учраас эмнэлзүйн шинж болон биед учирсан гэмтлүүдийг нь үзэж, биед нь илэрч буй зовиур байгаа эсэхийг шалгаж тогтоосон...” гэх үндэслэлийг хэлдэг. Тэгэхээр хувийн эмнэлэгт үзүүлсэн томографик, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Н” олон улсын худалдааны төвд хохирогч Н.Млангуун дээр ирсэн үйлчлүүлэгч дуудаж авсан гэх шалтгааны улмаас хэл амаар доромжилж, толгой руу нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Мын “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр худалдан авагч манай урд талын лангуун дээр ирсэн боловч худалдагч нь байхгүй байсан тул манай лангуунаас хайж байсан зүйлээ олоод худалдаж авахаар болсон, манай хажуу талын лангууны худалдагч З.Б намайг “яасан цадаж ханадаггүй ... вэ, ...” гэх мэтээр доромжлоод орилоод байсан. Би тухайн хоёр хүнтэй наймаагаа хийж дуусаад явуулсны дараа “чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд “хуц, ... минь” гээд намайг элдвээр доромжилж орилж байгаад гэнэт над руу дайрч ирээд үгийн зөрүү байхгүй миний толгой руу гараа атгаж байгаад нүүр нүдгүй цохисон. Тухайн үед би малгайтай байсан учир малгай доошлоод нүд хаагдсан. Би арай гэж лангуунаасаа зай аваад З.Бийг цаашаа түлхэхэд миний хажуу талаас З.Бийн найз М-т ирээд хоёр гарыг минь хойно барихад З.Б нь миний хөл, гуя руу өшиглөж байгаад толгой руу цохиод байсан тул би “болиоч ээ, та хоёр яагаад нэг нь бариад нэг нь зодоод байгаа юм бэ, та хоёр нийлж байгаад намайг зодсон” гэж орилсон. Миний зүүн хацар хавдсан, толгой өвдөлт ихтэй, дотор муухайраад, зүрх дэлсээд салгалаад чичрээд байна. Миний биед учирсан гэмтлүүдийг З.Б нь надад учруулсан. ...” /1хх 20-21, 71-72/,

гэрч Д.М “...н...” /1хх 75-76/,

гэрч Ж.Д “... ...” /1хх 79-82/,

гэрч Г.Тн “.... ...” /1хх 161-162, 199-200/,

гэрч З.Д “.... ...” /1хх 164-165, 201-202/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2301 дүгээр “...Н.Мын биед зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол ...” /1хх 185-186/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 920 дугаар “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2301 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Мын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийн зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн КТГ шинжилгээний хариунд гавал тархинд гэмтлийн өөрчлөлт тогтоогдоогүй байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” /1хх 187-190/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-16/, Н.Мын дүрс оношилгооны шинжилгээний хариу /1хх 191-193/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.Б нь хохирогч Н.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өөрчлөх эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Бийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/524 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ДАРЬСҮРЭН    

                                 ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ    

                                 ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ