| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01149/И |
| Дугаар | 102/ШШ2024/00885 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/00885
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.О
Хариуцагч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.О, хариуцагч Б.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Миний бие нөхөр болох Б.Этой оюутан байх үеэс эхлэж үерхээд 2008 онд гэр бүл болсон.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Э.Т нар төрсөн.
Нөхөр Б.Э архи уусан үедээ байнга орилж хашхирч, хоёр хүүдээ агсан тавьж, намайг зоддог.
Энэ үйлдлээс болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийг тогтоож өгнө үү.
Бид нар харилцан ярилцаж тохиролцоод дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “ Э” хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг надад болон хүүхдүүдэд үлдээх болсон.
Би бага насны хоёр хүүхэдтэй үлдэж байгаа тул хоёр хүүхэддээ мөнгө шаардлагатай үед нь өгч, сар бүр тэтгэмжээ өгдөг байгаасай гэж хүсэж байна, гэжээ.
4.Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна.
Байрны тухайд тохиролцсон. Зээлийн барьцаанд байдаг. Би зээлийг төлдөг.
Одоо А.О зээлийг үргэлжлүүлэн төлөөд дуусахаар би өөрийн өмчлөх эрхээсээ татгалзаж, хүүхдүүд, эхнэртээ өмчлөх гэрчилгээг шилжүүлж өгнө, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны “М” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг дарга Г.Т-ын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын “И” цогцолбор сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл
7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, “Голомт” банк ХК-ийн дансны хуулга, зээлийн гэрээ, орон сууцны гэрээ, зээл төлөлтийн хуваарийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч А.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас цаашдаа хамтран амьдрах боломжгүй бөгөөд эвлэрэх гэсэн боловч эвлэрч чадаагүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн” гэж тайлбарлав.
3.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2006 онд танилцаад улмаар 2009 оноос хамтран амьдарч, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Э.Т төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны “М ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.А-н “Э.Т, Э.Т нар эрүүл бойжиж байгаа, вакцинд хамрагдсан” гэх тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг дарга Г.Т-н тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын “И ” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Б.Э “Э.Т 2023-2024 оны хичээлийн жилд 0 ангид суралцаж байна” гэх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00018 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
6.Талуудын хооронд зан харилцааны хувьд таарамжгүй байдал үүсэж, хариуцагчийн архины хэрэглээ хэтрэн агсам согтуу тавих, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулах, бага насны хүүхдүүд өсөж торних, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болсон учраас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
7.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.
8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
9.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч зөвшөөрч маргаагүй учраас хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу хүү Э.Т, Э.Т нарыг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Б.Э оос сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Э.Т, Э.Т нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
11.Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгээсээ татгалзаж гэр бүлийн гишүүдийн өмчлөлд орон сууцыг үлдээхээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.
12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.
14. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э, А.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Т нарыг эх А.О ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож эцэг Б.Э оос сар бүр гаргуулж,тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Э” хорооллын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг А.О, хүү Э.Т, Э.Т нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч ногдох хэсгээс татгалзаж харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Э оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.О т даалгасугай
7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА